WATV.org is provided in English. Would you like to change to English?

Харамсахад хүргэдэг адилхан алдаагаа давтахгүй байх арга

115 Үзсэн тоо

2019 оны 9 сард Сөүл хотын төвд нэг автобус гэнэт зогссон байна. Автобусаа зогсоосон жолооч зорчигчдоос уучлал хүсчихээд, ум хумгүй гараад гүйчихэж гэнэ. Жар эргэм насны нэг эмэгтэй гудманд ухаан алдаж унахад нь аврах гэсэндээ тэгсэн аж.

Хажуугаар нь өнгөрч явсан хүмүүс түүнд туслахыг оролдсон ч эмэгтэй ухаан орсонгүй. Харин автобусны жолооч түүнд шууд хиймэл амьсгал (CPR) хийв. Хэдэн хормын дараа тэрээр ухаан орж, амьсгалж эхэлжээ. Тэгээд автобусны жолооч нэг явган зорчигчоос түргэн тусламж иртэл эмэгтэйн хажууд байхыг гуйгаад, автобусандаа эргэн ирлээ. Хурдан сэтгэж, эмэгтэйн амийг аварсан жолоочийн үйлдэлд зорчигчид ихэд сэтгэл нь хөдөлсөн байгаа юм.

Ухаан алдаж унасан явган зорчигчийг харангуутаа нөхцөл байдалд тохирсон хариу арга хэмжээ авсны учрыг уг хэрэг гарсны дараахан жолоочоос ярилцлага авч тодруулжээ.

“Би гуравдугаар сард эхнэрээ цус харвалтаас болж алдсан хүн. Тэр үед эхнэрийнхээ хажууд байсан бол түүнийг амьдруулж чадах байсан болов уу гэж бодохоос одоо ч хоолой зангирдаг юм.”

Эхнэрээ хамгаалж чадаагүйдээ харамсаж байснаас нь уг үйлдэл гарчээ. Жолооч хэрэв ухаан алдаж унасан эмэгтэйг аврах боломжоос татгалзаж, тэр боломжийг алдсан бол дахиад л харамсах байсан биз ээ. Харин тэрээр шууд л тусламж хэрэгтэй эмэгтэйг зүглэн, яаралтай арга хэмжээ авч, амийг нь аварсан байна.

Хүн болгонд харамсах цаг гэж бий. “Хэрвээ би шантраагүй байсан бол”, “Хэрвээ би эртхэн арга хэмжээ авсан бол” гээд л. Зөвхөн ингээд л юу ч хийхгүй зогсох юм бол харамсалд хүргэх яг тэр үйлдлээ, яг тэр шийдвэрээ давтаж байгаагаас ялгаагүй шүү дээ.

Есүсийг 30 мөнгөн зоосоор зарж, Түүнээс урвасан харамслаа дааж дийлж чадаагүйдээ Искариотын Иудас өөрөө өөрийгөө авралын замаас холдуулсан юм. Тэгтэл нөгөөтэйгүүр Есүсийг гурвын гурван удаа үгүйсгэсэн Петр итгэл султай байсандаа гэмшиж, үлдсэн амьдралаа зөвхөн Христийн төлөө, сайн мэдээний төлөө өнгөрүүлсэн шүү дээ.

Дахин харамсах уу, харамслаасаа суралцан илүү сайн сайхан ирээдүйг бий болгох уу гэдэг маань бидний шийдвэр үйлс хоёроос л шалтгаалдаг юм шүү.