Дэлхийн агаар мандал ба соронзон орон

19,309 үзэлт

Хэрэв дэлхий дээр агаар мандал, соронзон орон байхгүй байсан бол ямар байх байсан бол? Дэлхийн гадарга солирын мөргөлдөөнөөс болж сарны гадаргуутай адил олон тооны хонхор, хотгор үүсэх бөгөөд юу юунаас илүү дэлхий дээр амьд организм оршин тогтнох боломжгүй байх байсан. Энэ чинээгээрээ дэлхийн агаар мандал болон соронзон орон хичнээн чухал үүрэг гүйцэтгэдэг нь илт. Дэлхийн агаар мандал, соронзон орон нь амьд организмд зайлшгүй шаардлагатай хамгаалах бүрхүүл, бамбайны үүрэг гүйцэтгэдэг байна.

Амьд организм оршин тогтноход нэн тохиромжтой дэлхийн агаар мандал

Одоогийн байдлаар мэдэж байгаачлан нарны аймгууд дундаа амьд организм оршдог цорын ганц гараг нь дэлхий юм. Дэлхийн нэг онцлог шинж нь амьд организм амьдрахад дэндүү тохиромжтой агаар мандал бүрхэж байдаг. Дэлхийн таталцлын хүч амьд организм амьдрахад зайлшгүй шаардлагатай хийг хамгийн тохиромжтой хэмжээнд барьж байдагтаа л энэ нь боломжтой аж.

Дэлхийн агаар мандалд азот, хүчилтөрөгч, нүүрстөрөгчийн давхар исэл зэрэг нь зохих нягтшилтайгаар байдаг бөгөөд агаарын даралт амьд организм оршин тогтноход хамгийн тохиромжтой нэг нэгж хэмжээтэй байдаг. Түүнчлэн агаар мандал нь дулаан тусгаарлагч болон дулаан тогтоогчийн үүргийг зохих ёсоор гүйцэтгэдэг тул дэлхийн дундаж температурыг төдийлөн өөрчлөлгүйгээр хадгалж байдаг байна.

Агаар мандлыг бүрдүүлж буй хийн дундаас хүчилтөрөгч ихэнх амьд организмын энерги бий болоход шаардагддаг хий юм. Үүнээс гадна амьд организмд хор хөнөөлтэй хэт ягаан туяаг хааж байдаг озоны (O₃) давхарга үүсгэдэг.

Дэлхийн соронзон орон сансраас ирэх өндөр энерги бүхий цэнэглэгдсэн тоосонцрыг хаах үед үүсдэг үзэгдлийг туйлын туяа гэдэг.

Нүүрстөрөгчийн давхар исэл бол ургамлын фотосинтез явагдахад зайлшгүй шаардлагатай хий юм. Ялангуяа дэлхийн температурыг зохих түвшинд барьж байдаг хүлэмжийн хийний үүрэг гүйцэтгэдэг. Хэрвээ агаар мандалд нүүрстөрөгчийн давхар исэл байхгүй бол дэлхийн дундаж температур одоогийнхоос 20-30 хэмээр буурах бөгөөд энэ нь амьд организмын өсөлтийг ихээхэн хязгаарлах болно. Гэсэн хэдий ч агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ өнөөгийнх шиг хэт их болбол дэлхийн дундаж температур нэмэгдэхэд нөлөөлөхүйц хүлэмжийн нөлөө гарч, дэлхийн дулаарлын асуудал үүсгэдэг.

Агаар мандлын ихэнх хэсгийг эзэлж байдаг азот ч бас чухал үүрэгтэй. Хийн дундаа азот хамгийн бага урвалд ордог бодис төдийгүй өөр бусад бодисуудтай тийм ч амархан урвалд ороод байдаггүй шинж чанартай. Хэрэв азотын оронд урвалд сайн ордог өөр ямар нэг хийгээр агаар мандал бүрддэг байсан бол дэлхийн агаар мандал химийн урвалын улмаас болж аюулгүй байдлаа тогтвортойгоор сахин хамгаалж чадахгүй байх байсан.

Энэхүү агаар мандал нь дэлхийн гаднаас ирэх янз бүрийн аюултай биет, жишээлбэл солир мэтийн эрхэс дэлхийн гадаргуутай мөргөлдөхөөс хамгаалж байдаг бамбайны үүргийг гүйцэтгэдэг. Дэлхийн таталцлын улмаас том солир дэлхийд нэвтрэх үед агаар мандалтай үүсгэх үрэлтийн улмаас ихэнх нь шатаж үгүй болдог. Тиймээс солир дэлхийн гадаргуутай юу юугүй ирээд мөргөлдөөд байдаггүй аж. Нөгөө талаар агаар мандалгүй Буд гараг, сар, мөн агаар мандал маш сийрэг байдаг Ангараг гараг нь солиртой мөргөлдөж асар том тогоо үүсгэж байдаг байна. Энэ нь агаар мандал хичнээн чухал үүрэгтэйг харуулж байгаа хэрэг.

Сугар, бархасбадь, санчир, тэнгэрийн ван, далайн ван зэрэг гаргууд ч мөн зузаан агаарын давхаргатай. Гэсэн хэдий ч сугар, бархасбадь, санчир гаргуудын агаар мандлын даралт дэлхийгээс хэдэн арав дахин, бүр түүнээс ч их байдаг. Сугар гаргийн агаар мандал ихэнхдээ нүүрстөрөгчийн давхар ислээс бүрддэг ба бархасбадь, санчир, тэнгэрийн ван, далайн ван зэрэг гаргуудынх нь ихэнхдээ устөрөгч, гели зэргээс бүрддэг тул амьд организм оршин тогтноход тохиромжгүй байдаг байна.

Энэ мэтээр дэлхийн агаар мандал нь амьд организм оршин тогтнох хамгийн тохиромжтой бүтэц бүрэлдэхүүнтэй байдаг төдийгүй дэлхийг нэн түрүүнд хамгаалах бүрхүүлийн үүрэг гүйцэтгэдэг.

Өндөр энергиэр цэнэглэгдсэн сансрын тоосонцроос халхлах бамбай, дэлхийн соронзон орон

Дэлхийн соронзон орон нь гадна сансраас нисэн ирэх элдэв хортой өндөр энерги бүхий тоосонцруудыг хааж халхалж байдаг. Нарны өндөр температураас болж атомууд электрон болон протон болж хуваагддаг нь нарны салхинд өндөр энергиэр цэнэглэгдсэн тоосонцор буюу плазмыг байлгадаг байна. Эдгээр өндөр энергиэр цэнэглэгдсэн тоосонцор нь секундэд хэдэн зуун км хурдтай явж байдаг ба амьд организмд ихээхэн хор хөнөөлтэй юм. Энерги ихтэй тоосонцорт амьд организм өртвөл хохирол төдий чинээгээр их байдаг. Яг л удаан ирж буй чулуунд цохиулснаас хурдтай ирж буй чулуунд цохиулах нь бэртэл ихтэй байдаг шиг юм.

Тиймээс өндөр энергиэр цэнэглэгдсэн тоосонцор амьд организмын биед нэвтрэн орвол эсийн доторх хромсомын гажиг, хорт хавдар зэргийг үүсгэх магадлал өндөр байдаг. Хэрвээ дэлхий цэнэглэгдсэн тоосонцорт өртвөл дэлхий дээрх бүх цахилгаан тоног төхөөрөмж, цахилгаан бараа зэрэг нь ажиллахаа болино. Нээрээ л нарны үйл ажиллагаа идэвхжсэн 1989 онд хүчтэй нарны салхины улмаас Канадын Квебек хотод трансформатор шатаж, эрчим хүчний систем доголдон, хоёр долоо хоногийн турш харилцаа холбоо тасарчээ.

Дэлхий дээрх амьд биет дэлхийн соронзон орны ачаар л өндөр энергиэр цэнэглэгдсэн тоосонцруудаас хамгаалагдаж байдаг. Дэлхийн соронзон орон өндөр энергиэр цэнэглэгдсэн тоосонцрыг хаах үед үүсдэг үзэгдлийг туйлын туяа гэдэг. Туйлын туяа гэдэг нь өндөр энергиэр цэнэглэгдсэн тоосонцор дэлхийн соронзон оронтой таарахдаа цахилгаан соронзон хүчний улмаас туйлын бүс рүү шилжих явцдаа дээд давхаргын агаар мандалтай мөргөлдөж, улмаар гэрэл цацруулдаг үзэгдэл юм.

Хүмүүс өдөр тутмынхаа зав зайгүй амьдралаасаа болоод агаар мандал, соронзон орны оршин тогтнол ба чухал ач холбогдлыг мэдэхгүй амьдарч байна. Гэвч яг энэ мөчид ч агаар мандал болон соронзон орон нь дэлхий рүү нисэн ирж буй солирууд, мөн өндөр энерги бүхий тоосонцрыг халхлан хаах бамбайны үүрэг гүйцэтгэж байгаа юм. Дэлхий дээр амьд биет амьдарч, оршин тогтнож байгаа нь энэ мэт дэлхийг хамгаалж байдаг үл үзэгдэх хүч байдагтай холбоотой.

“Тэнгэрсийг бүтээсэн ЭЗЭН ингэж айлдаж байна. (Тэрээр газрыг бий болгон, гүйцэлдүүлсэн Бурхан юм. Тэр үүнийг дэмий хоосноор тогтоож бүтээгээгүй. Харин оршин суугчидтай болгохоор үүнийг бий болгов.) “Би ЭЗЭН. Өөр байхгүй.” Иса 45:18