Бурхан бидэнд аливаа юмыг даалгах үед үүгээрээ эцэст нь бидэнд ерөөл өгөхийн төлөөх Бурханы хүсэл зайлшгүй байдгийг ойлгох ёстой. Бурханаас сайн мэдээ тараах үүрэг даалгавар авсан бид энэ нь зөвхөн бусад сүнсний төлөө биш, юун түрүүнд бидний сүнсний авралын төлөөх Бурханы ерөөл гэдгийг ухаарч итгэлийн замыг туулах хэрэгтэй.
Эрт Мосегийн үед израиль ард түмэн боолын амьдралаар амьдарч байсан Египетээс Бурханы хөтлөлөөр чөлөөлөгдөн, Канаан нутгийг зорин алхжээ. Цөлийн амьдралаар амьдрах хугацаандаа тэд Мосег Арван тушаал авахаар Синаи ууланд гарах хооронд махан биеийн бодолд автан, эцэстээ шүтээн шүтэх болсон юм. Түүний үр дүнд Бурханы уур хилэн тэдний эсрэг буцалж, цөлд гурван мянга орчим хүн алагджээ.
“Мосег уулнаас бууж ирэлгүй саатсаныг ард түмэн хараад Аарон дээр цугларч, түүнд —Бос. Бидний өмнө явах бурхдыг бидэнд бүтээж өг. Учир нь биднийг Египет нутгаас гаргасан хүн болох энэ Мосед юу тохиолдсоныг бид мэдэхгүй байна гэж хэлэв. Аарон тэдэнд —Эхнэр, хөвгүүд, охидынхоо чихэнд байгаа алтан ээмгүүдийг мулталж, надад авчир гэв. … Аарон алтыг тэдний гараас авч хайлуулж цутгаад, багажаар цутгамал тугал болгов. Тэд —Израильчууд аа, та нарыг Египет нутгаас гаргасан бурхан чинь энэ юм гэцгээв. … Тэр тэдний хийсэн тугалыг авч, галд шатаан нунтаглаж бутлаад, усны мандалд цацан тарааж, тэр усыг Израилийн хөвгүүдэд уулгав. … Левийн хөвгүүд Мосегийн үгээр үйлдсэнд тэр өдөр ард түмнээс гурван мянга орчим хүн алагджээ.”Гэт 32:1-28
Харин эсрэгээрээ сайн мэдээний үе болоход арван хоёр элч болон Бурханы цөөхөн ард түмэн нэг сэтгэлээр залбиралд өөрсдийгөө зориулсны үр дүнд Пентэкостын өдөр эхний бороо Ариун Сүнс авч, нэг өдөр гурван мянган хүн аврагдсан гайхамшигт түүхийг биелүүлж чадсан байдаг.
“Пентэкостын өдөр болоход тэд цөмөөрөө нэг газар цугласан байлаа. Хүчит хуй салхи мэт чимээ тэнгэрээс гэнэт гарч, тэдний сууж байсан байр бүхэлдээ үүнд автжээ. Тэгтэл галынх мэт хуваагдсан хэлүүд бий болон хүн нэгбүр дээр буув. Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, мөнөөх Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв. … Харин Петр арван нэгийн хамт босоод, дуугаа өндөрсгөн, тэдэнд тунхаглаж —Иудейн эрчүүд ээ, Иерусалимын бүх оршин суугчид аа! Үүнийг та нар мэдтүгэй, үгийг минь сонордтугай. … Тэр өөр олон үгээр гэрчлэн —Энэхүү гажууд үеийнхнээс аврагдагтун гэж тэднийг сэнхрүүлж байлаа. Ийнхүү түүний үгийг хүлээн авагсад баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ.” Үйл 2:1-41
Ийм эсрэг тэсрэг үр дүн гарсан хоёр түүхийг харьцуулбал итгэлийн амьдралд авралын зар тараах гэдэг хичнээн чухал болохыг сайтар ойлгох юм.
Гурван мянган хүн сүйрсэн хуучин гэрээний түүх нь бидэнд өөрийнхөө аюулгүй байдалд л зөвхөн санаа тавиад байж болохгүй гэсэн сургамж өгч байна. Мосе Синаи ууланд гараад бууж ирэлгүй удсанд израильчууд удирдагчгүй цөлд үхэх нь гэхээс сэтгэл нь түгшин, айдаст автах болж. Ийм эгзэгтэй агшин тулж ирэхэд тэд “Би яаж амьд гарах вэ?” гэсэн аминчхан бодлоороо зөвхөн өөртөө санаа зовж, улмаар Бурханд итгэх итгэлээ орхин, алтан тугал гэх шүтээн босгох мунхаг шийдвэр гаргажээ.
Харин анхны сүмийн элч нар өөрсдийгөө гэхээсээ илүү бусдын л аюулгүй байдалд санаа зовж, “Хүмүүсийг яаж аваръя даа?” гэсэн бодлоор ямар ч аюул заналхийллээс айгаагүйдээ нэг өдөр гурван мянган хүнийг авралд хөтөлсөн юм. Тухайн үе нь Есүс загалмайд цовдлуулж, элч нар алхам тутамдаа аюулд өртөж мэдэхээр эрсдэлтэй нөхцөл байдалд байсан ч элч нар өөрсдийн аюул эрсдлийг үл тоон, харин ч сайн мэдээний үүргээ бүрэн гүйцээхэд амь биеэ зориулсан юм. Тиймдээ ч үй олон сүнсийг аварсан түүх гарч байжээ.
Мөн талантны сургаалт зүйрлэлд ч авснаасаа илүү талант нэмж олсон хүн магтаал, ерөөл авч, харин авсан нэг талантаа эцсээ хүртэл газарт булсан хүнээс байсан талантыг нь ч хүртэл буцаагаад авчихдаг.
Цөлд байсан израиль ард түмэн нэг талантаа л эцсээ хүртэл хав дарсан хүнээс ямар ч ялгаагүй юм. Итгэлийн ямар замаар явахаас хамаарч, гурван мянган хүн сүйрсэн эсвэл гурван мянган хүн аврагдсан тэс өөр үр дүн гарсныг үзвэл өөрийнхөө авралын төлөө болон бусдын авралын төлөө сайн мэдээ тараана гэдэг хичнээн чухал болохыг бид ухаарах юм.
Христ Өөрийн биеэ золиослон хүн төрөлхтнийг аварсан болохоороо хүмүүсээс магтаал, хүндэтгэл авч ирсэн. Одоо энэ агшинд ч хүртэл Христийн хайр хүмүүсийн сэтгэлийг дулаацуулж, магтаалын төвд байсаар байна.
Энэ түүхийг харахад “загалмайн зам мөр” дотор “Бусдыг аварч байж л өөрсдийнхөө сүнсийг аварна” гэсэн далд санаа нуугдаж байсныг ухаарахад хүрч байна. Тийм учраас л Есүс “Бүх ертөнцөөр явж, сайнмэдээг хамаг бүтээлд тунхаглагтун” хэмээн айлджээ (Мар 16:15).
Бид тунхаглаагүйгээс болж хэн нэгэн аврал авч чадахгүй бол үнэнийг эхэлж хүлээн авсан бидэнтэй хариуцлага тооцно гэдгээ Бурхан ийн анхааруулсан.
“… Би чамайг Израилийн гэрт харуулаар өглөө. Чи амнаас минь гарах үгийг сонсоод, Миний өмнөөс тэднийг сэрэмжлүүл. … Гэвч түүний цусыг Би гараас чинь нэхнэ. …”Езе 3:17-21
Өнөө үед Бурхан биднийг үнэний төлөөх харуулаар томилсон. Харуулын үүрэг нь Бурханы хэлэх үгийг сонсоод Бурханы өмнөөс энэ ертөнцийг сэрэмжлүүлэх явдал юм. Харуул дайсан ирэхийг харвал хүмүүст энэ талаар мэдэгдэж, аюулыг сануулах ёстой. Тэгтэл харуул ийн сануулах үүргээ биелүүлэхгүй бол юу болох вэ?
Хүмүүс ч сүйрнэ, Бурхан ч сүйрсэн хүмүүсийн цусыг харуулын гараас нэхэж, хариуцлага тооцно. Бурханы энэ тушаал юутай хатуу чанга тушаал вэ! Бурхан биднийг сайн мэдээний харуулаар томилон өгч, энэхүү хатуу чанд тушаалаа бидэнд өгсөн нь бидний авралын төлөө гэдгийг ухаарах хэрэгтэй.
Үнэндээ авралын зар тараагаад үзэхээр жирийн үед өнгөцхөн, мэдлэг төдийгөөр мэдэрч байсан Бурханы хайрыг биеэрээ мэдэрдэг. Нэг сүнс аврахын төлөө бүхий л хүчээ дайчлан Бурханы хайрыг түүний сэтгэлд суулгах явцдаа л бид Бурханы тушаалын чухлыг ухаарч, энэ үеийн Аврагч Сүнс болон Сүйт бүсгүйд бүр ч гүн гүнзгий итгэдэг. Түүнээс гадна бидний сэтгэл Бурханы хайраар дүүрэхийг мэдэрдэг.
Харин бид итгэлийн амьдралдаа сайн мэдээ тараахгүй бол Бурханы хайр, ивээлийг биеэрээ мэдэрч чадахгүй төдийгүй аажмаар итгэл мохож, Бурханаас холдон, эцэстээ Бурханыг мартана. Израиль ард түмэн цөлд Бурханы ивээлийг мартаад гомдол дургүйцлээс өөр зүйл хийхээ больж сүйрсэнтэй адил харуулын үүргээ биелүүлэхгүй бол бид ч тийм мунхаг хэрэг үйлдэх юм. “Түүний цусыг Би гараас чинь нэхнэ” хэмээсэн үгнээс үргэлж Өөрийг нь түшээсэй гэсэн бидний төлөөх Бурханы хүслийг олж ухаараад, Бурхандаа талархал өргөн, харуулын үүргээ бүрэн биелүүлцгээе.
Бурхан сайн мэдээг хүн төрөлхтөнд ганцаараа сонордуулж чадах хүчирхэг Оршихуй. Гэвч сул дорой бидэнд авралын ерөөл өгье гэсэндээ л тэр агуу үүргийг бидэнд даалгасан юм.
“… Би чамд айлдах үедээ амыг чинь нээж, чи тэдэнд “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна” гэж өгүүлэх болно. Сонсогч нь сонсог, татгалзагч нь татгалзаг. …” Езе 3:27
Бурхан биднийг Өөрийнхөө үгийг тунхагла хэмээсэн. Тиймээс бид Бурханы тушаалыг мэдэхгүй хүнд Бурханы тушаалыг, тэнгэрийн хаанчлал болон там байдгийг мэдэхгүй хүнд тэнгэрийн хаанчлал болон тамыг, зөгнөл мэддэггүй хүнд зөгнөлийг тунхаглах учиртай.
Хүн гэдэг өөрийн хийж байгаа ажилдаа л анхаарч, сонирхдог. Жишээ нь: Хөл бөмбөгийн тамирчин яаж олон гоол оруулах талаар сонирхож, загасчин яаж олон загас барих талаар судалж сонирхоно. Үүн шиг авралын зар тараагч нар “Үнэнийг яаж дамжуулбал нэг сүнс илүү аврах вэ?” гэдгийг л дандаа боддог. Тиймээс авралын зар тараадаг хүн ба тараадаггүй хүний итгэл хоорондоо их ялгаатай. Энэ хоёр хүнийг харьцуулахад хэн нь тэнгэрийн найдвар илүү авч, хэн нь Бурханы бодол болон үнэнд илүү ойр байгаа бол?
Сайн мэдээ тараана гэдэг нь тэнгэрт найдвараа тавьсан хүний хамгийн чухал ажил гэж Библид гардаг.
“Учир нь надад энэ алба тохоогдсон тул би сайнмэдээг тунхагласнаараа сайрхах юм алга. Учир нь би сайнмэдээг эс тунхаглаваас золгүй еэ!” 1Кор 9:16
Дээрх ишлэлээс харахад авралын зар тараах нь л бидний үндсэн үүрэг гэсэн үг байгаа биз дээ? Харуул үндсэн үүргээ биелүүлж чадахгүй бол дайсанд эзлэгдэж алуулах юм уу эсвэл дайны хуулиар шийтгэл хүлээнэ. Яг үүн шиг хэрвээ бид сайн мэдээ тараах үндсэн үүргээ биелүүлэхгүй бол авралд хүрч чадахгүй гэсэн үг.
Тиймээс элч Паул харуулын үүргээ гүйцэтгэхийн тулд бартаатай, өргөстэй, хэцүү байсан ч сайн мэдээний замаар шантралгүй тууштай алхсан юм.
“… Би бүр ч илүү. Зүдэл зүтгэлээрээ ч илүү, хоригдсоноороо ч илүү бөгөөд тоо томшгүй жанчуулж, үргэлж үхлийн аюулд байлаа. Иудейчүүд намайг таван удаа гучин ес ташуурдсан. Намайг саваагаар гурвантаа жанчиж, нэг удаа над уруу чулуу шидэцгээж байв. Гурван удаа би усан онгоцны сүйрэлд өртөж, гүн тэнгист өдөр шөнийг өнгөрөөж байлаа. Ахин дахин аялахдаа, гол усны аюул, … өлдөл цангал, үргэлжийн мацаг, ноорол нүцгэрэл, даарал хөрөлд байлаа.”2Кор 11:21-27
Ийнхүү элч Паулын туулсан сайн мэдээний замд цаг үргэлж зовлон зүдгүүр, саад хавчлага, шаналал, бэрхшээл дагалдаж байв. Гэвч Паул энэ бүхнийг үл ажран, хэзээ ч, хаана ч сайн мэдээ тараах алхаагаа огтхон ч сааруулалгүй байж, үргэлж зоригтой тунхаглаж байжээ. Түүний өдөр бүхэн нь сайн мэдээ тараах ажлаар эхэлж, сайн мэдээ тараах ажлаар дуусдаг байв. Тэрээр ийм л итгэмжит харуул байсан тул Бурхан цаг ямагт түүнтэй хамт байсан юм.
Одоо бид Майхан баярын үед амьдарч байгаа бөгөөд Бурханы ерөөл дотор сүүлийн бороо Ариун Сүнсийг хүсэн хүлээж байгаа билээ. Харин зорилгогүйгээр Ариун Сүнс гуйгаад ямар ашиг байх билээ? Энэ нь хүүхэд юунд хэрэглэх гэж байгаагаа мэдэхгүй байж аав ээжээсээ мөнгө гуйхтай адил юм. Тиймээс бид Ариун Сүнс авсны дараа, авсан Ариун Сүнсээ сайн мэдээ тараахад хэрэглэх зорилгогүй байвал Бурханаас Ариун Сүнс гуйсны хэрэг юун?
Анхны сүмийн үед Пентэкостын өдөр шавь нар эхний бороо Ариун Сүнс аваад, гал мэт дүрэлзсэн сэтгэлээр сайн мэдээ тарааж, өдөрт гурван мянгаас дээш хүн гэмшиж аврал авсантай адил, энэ үеийн бид ч авралын зар тараахын төлөө сүүлийн бороо Ариун Сүнс чухалчлан гуйж, хичээнгүйлэн авралын зар тараах үед Бурхан бидний дээр Ариун Сүнсний хүч чадлыг илүү ихээр цутгах юм.
Одоо бид өөрсдөө аврал авсан болохоор бусдыг аврахын төлөө сайн мэдээ тараах хэрэгтэй тунхаглалын цаг үед амьдарч байна. Христ Өөрийгөө золиослон байж олон хүнийг аварсан шиг бид хэдий чинээ золиос гаргана төдий чинээ олон сүнс аврах юм. Сионы ах эгч дүүс ээ! Христийн үйлчлэгчийн хувьд Паул элч шиг харуулын үүргээ бүрэн биелүүлж, Бурханыхаа өгсөн талантаар нэг сүнс ч болов илүү аврахын төлөө хичээгээрэй. Тэгж гэмээнэ бид үзэсгэлэнтэй үр жимс олныг гарган, авралд хүрэх билээ. Бурханаас ерөөл дүүрэн аваарай!