Анхны цалин

Ким Сон Ү, Солонгос Соннам

8,220 үзэлт

Утас чичирч, мессежээ шалгалаа. Цалин орсон байв. Амьдралын маань анхны цалин байсан тул бөөн баяр болж билээ.

“Нээрээ энэ миний мөнгө гэж үү? Үүнийгээ яаж зарцуулах уу?” гээд л.

Банк явах замдаа догдлоод юм юм л бодлоо.

“Анхны цалин юм чинь өөртөө зарахын оронд өдий хүртэл миний төлөө золиос амссан ээждээ өгнө өө.”

Бэлэн мөнгө болгож аваад ээждээ өглөө. Ээжийгээ маш их баярлана гэж бодтол ээж зүгээр л хэсэг зуур дугтуйтай мөнгө рүү харав.

“Ээжийгээ уучлаарай. Хүүдээ олигтой юм хийгээгүйд үнэхээр уучлаарай.”

Төсөөлж байснаас тэс өөр энэ хариуд нь би ээжийгээ гайхав. Яагаад уучлал гуйж байгааг нь ойлгосонгүй.

“Хүүгээрээ бахархаж байна. Миний хүү одоо том хүнийхээ хувьд хариуцлагатай амьдрах хэрэгтэй. Ээжийгээ гэсэн сэтгэлд нь л би их баярлаж байна. Анхныхаа цалинг өөртөө зарцуул” гэснээ дугтуйтай мөнгийг эргүүлж өгөв. Гэхдээ би дугтуйтай нь хүчээр ээждээ атгуулав.

Хэд хоногийн дараа ажлаа тараад ядарсан хүн гэртээ орж ирэв. Гэтэл өрөөнд нэг хослол өлгөөтэй байв. Ээж надад авсан гэнэ. Ээждээ өгсөн анхны цалин маань над руу буцаад ирэх нь тэр.

Тэгэхэд нь л би ээжийнхээ уучлаарай гэсэн тэр үгний утгыг ойлгох шиг болсон. Өгөөд л байсан хэрнээ ахиу бүр илүүг өгөөгүйдээ л уучлал эрж байж дээ. Ганцхан удаа ойр зуур хэрэглэх мөнгө өгсөн болчихоод өөрөөрөө бахархах сэтгэл төрж байсандаа ичих шиг. Ээжээсээ хүлцэл эрмээр санагдаж билээ.

Намайг төрүүлж өсгөөд, хязгааргүй хайраар асарч тойлсон ээж минь. Ядарлаа зүдэрлээ, хүнд байна, хэцүү байна гээд л өөрийнхөө үүрэх ёстой үүрэг хариуцлагаа хүртэл ээждээ үүрүүлж байж дээ, би. Ээжийнхээ тэр их хайрынх нь өрийг төлж дийлэх аргагүй юм даа.