Авралын түүхийг гүйцэлдүүлэх хүчний эх ундарга

11,605 үзэлт

Сионы маань ах эгч дүүс итгэл дотор сэтгэлээ нэгтгэн, хүчин зүтгэсээр байна. Ингэснийх нь үр дүнд дэлхий дахинд 7,000 гаруй Сион байгуулагдсан. Авралын энэхүү гайхалтай түүхийг хараад зарим хүмүүс Ерөнхий чуулганы хэлтэс төлөвлөгөө сайн боловсруулсан байна гэж, зарим хүмүүс нь төрөлхийн удирдах ур чадвартай зөнч миссионерууд байгаа учраас ийм үр дүнд хүрсэн гэж бодож байж мэднэ.

Гэвч Библийн дагуу үзвэл Бурхан хэнийг ч босгож томилсон бай хамаагүй тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ нэгд нэггүй тунхаглагдаж, авралын түүх Бурхан тусалснаар л биелдэг гэдгийг бид ойлгож болно. Бид тэнгэр элчийн ертөнцөд нүгэл үйлдээд энэ газарт ирсэн нүгэлтэн тэнгэр элч төдий. Хэрхэвч бардамнан сайрхаж болохгүй. “Эзэн, нүгэлт намайг өршөөгөөч” гэсэн татвар хураагч шиг итгэлтэй байж, илүү их гэмшин, Бурханд талархах учиртай. Тийм итгэлээр авралын түүхийг гүйцэлдүүлдэг хүчний эх үндэс хаанаас ирдгийг цаг үргэлж бодоод, мөнхийн тэнгэрийн хаанчлал руу хүчтэйгээр гүйхийг л Сионы гэр бүлүүдээсээ хүсэж байна.

Мосе гараа өргөхөд Израиль ялав

Израильчууд цөлд 40 жил амьдрахдаа амалекчуудтай дайтах болдог. Иошуа израиль цэргийг удирдан дайтахаар явав. Гэвч энэ дайны ялалт өмнө нь удирдах Иошуа болон араас нь дагах цэргийн хүчинд байсангүй.

“Дараа нь Амалек ирж, Рефидимд Израилийн эсрэг байлдав. Тиймээс Мосе, Иошуад —Эрчүүдээ сонго, Амалекийн эсрэг байлдахаар яв. Маргааш би Бурханы таягийг гартаа бариад, толгодын орой дээр зогсоно гэв. Мосегийн хэлсэн ёсоор Иошуа үйлдэж, Амалекийн эсрэг байлдав. Мосе, Аарон, Хур нар толгодын орой дээр гарлаа. Мосе гараа өргөхөд Израиль ялж, буулгахад Амалек ялж байв. Гэвч Мосегийн гар цуцжээ. Тэгэхэд тэд чулуу авч түүнд тавьж өгөхөд тэрээр чулуун дээр суув. Аарон Хур нар түүний гарыг нэг нь нэг талаас, нөгөө нь нөгөө талаас нь түшив. Тийнхүү нар жаргах хүртэл түүний гар тогтвортой байв. Ингээд Амалек болон ард түмнийг нь Иошуа илдний ирээр ялав.” Гэт 17:8-13

Нэг нэгнийхээ эсрэг байлдаж, дайн ид өрнөх үед Мосе уулан дээр байлаа. Түүнийг гараа өргөхөд Израиль ялж, гараа буулгахад Амалек ялж байв. Мосе гараа өргөх, буулгахаас шалтгаалж л уг дайнд ялах ялагдах нь шийдэгдэж байсан тул Мосе эцсээ хүртэл гараа өргөснөөр Израиль ялалт байгуулсан юм.

Цөлийн амьдралын түүх нь өнөөдөр итгэлийн цөлийн амьдралаар алхаж байгаа бидэнд ялалтын гол хөдөлгөгч хүч юунд байдгийг зааж өгч байна. Мосе бол Есүсийг, нэг ёсондоо Бурханыг бэлгэдсэн хүн. Мосе гараа өргөхөд Израиль ялсан шиг сүүлчийн Ариун Сүнсний үеийн сайн мэдээний түүх ч гэсэн Бурхан тусалснаар биелэх юм. Бурхан ариун өргөө байгуулах ажлын талаар “Хүч чадлаар ч бус, эрх мэдлээр ч бус, харин Миний Сүнсээр” гэж айлдсан (Зех 4:6). Бурханы тусламжгүйгээр хичнээн ухаалаг, мэдлэгтэй удирдагч байлаа гээд, хичнээн олон сүм, олон итгэгчтэй байлаа гээд ч ертөнцийг аврах ажлыг гүйцэтгэж чадахгүй юм. Иошуа овсгоо самбаатай, гарамгай удирдах чадвартай, мохошгүй зоригт жанжин байлаа ч, олон эрэлхэг зоригт цэрэг, хүчирхэг зэр зэвсэгтэй байлаа ч Мосе гараа өргөөгүй л бол Израилийн цэргүүд ялж чадахгүйтэй адил юм.

Бидэнд Бурханы дэмжлэг туслалцаа туйлын хэрэгтэй. Нүднээс маань далд гараа өргөн бидний ялалтыг туйлаас хүсэн залбирдаг ариун гэгээн тэнгэр Эх байгаа болохоор л өнөө үед авралын гайхалтай түүх гарч байгааг бид мартах ёсгүй. Бүх хүч чадал хаанаас ирдгийг бодоод, сайн мэдээнд оролцоцгооё. Мэдээж Мосег гараа өргөх хооронд Иошуа болон израилийн цэргүүд дайтах ёстой л доо. Иошуа шиг бид сүнслэгээр итгэлийн сайн тэмцлээр тэмцэж байгаа ч тэрхүү дайны ялалт нь бидний төлөө гуйн залбирч, сүнслэг хүч чадал өгдөг тэнгэр Эхэд байдгийг мартаж болохгүй.

Саад тотгор болж байсан Улаан тэнгис авралын хэрэгсэл болсон нь

Бурханыг мартчихаад зөвхөн өөрийнхөө хүч чадлаар сайн мэдээний ажил хийж огт чадахгүй гэдгийг Улаан тэнгисийн түүх харуулдаг. Израильчууд Египетээс гараад сүү зөгийн бал урссан Канаан нутаг руу явах үед хамгийн түрүүнд тулгарсан саад тотгор бол Улаан тэнгис байлаа. Ихэнх хүмүүс Улаан тэнгисийг гүехэн гэж боддог ч үнэндээ хавьгүй гүн тэнгис юм. Израилийн овгийн тэргүүнүүд, захирагчид гээд барагцаагаар 3 сая гаруй хүн Улаан тэнгисийг хэрхэн мал сүрэгтэйгээ цуг гатлах талаар санаа нь зовж байсан байх. Харин Бурхан тусалсан болохоор гүн гүнзгий, өргөн уудам далай хүртэл хуваагдаж, хормын төдийд зам нээгдэж байсан юм.

“Фараоныг ойртон ирэх үед египетчүүд хойноос нь хөөн ирж явааг Израилийн хөвгүүд харлаа. Израилийн хөвгүүд ихэд айж, ЭЗЭНд хандан хашхирцгаав. … Мосе ард түмэнд —Бүү ай! Бат зогсож, ЭЗЭНий чөлөөлөхийг харцгаа. Тэр өнөөдөр та нарын төлөө үүнийг гүйцээх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа египетчүүдийг та нар дахин хэзээ ч харахгүй. ЭЗЭН та нарын төлөө байлдана. Та нар зөвхөн чимээгүй бай! гэж хэлэв. ЭЗЭН, Мосед —Чи юунд Над уруу хашхирна вэ? Урагшаа яв гэж Израилийн хөвгүүдэд хэл. Чи таягаа өргөж, гараа далай дээгүүр сунган түүнийг хуваа. Израилийн хөвгүүд далайн дундуур хуурай газраар нэвтэрнэ. … Мосе гараа далай дээгүүр сунгав. ЭЗЭН шөнийн турш дорнын хүчит салхиар далайн усыг ухраасанд ус хуваагдаж, хуурай газар гарав.” Гэт 14:10-21

Улаан тэнгис израильчуудын давж туулшгүй саад тотгор байв. Харин Бурхан тусалсан болохоор уг саад амлалтын газар болох Канаан руу очих дөт зам болж, дайсныг нь устгаж, Израиль ард түмнийг хамгаалах авралын хэрэгсэл болсон байна. Яг үүн шиг Бурхан хамт байвал саад тотгор ч цаашид саад байхаа больж, харин ч биднийг хамгаалах, туслах хэрэгсэл болох юм.

Улаан тэнгисийг хуваасан нь Мосе ч биш, Мосегийн таяг ч биш. Нүдэнд харагдах юмандаа л итгэдэг хүмүүс Улаан тэнгисийг хуваасан хүч чадал Мосегийн таягнаас гарсан гэж бодож мэдэх юм. Гэвч тэр таяганд ямар нэг далдын хүч чадал байгаагүй. Таяганд хүч оруулсан нь хэн билээ? Мосе бол “Таягаа өргөж, гараа далай дээгүүр сунга” гэсэн Бурханы үгийн дагуу таягаа сунгасан төдий. Тэгэхэд нь Бурхан бусад бүх зүйлийг нь хийсэн.

Бид өөрсдөө хийсэн гэж бодвол сайн мэдээ удаашрахаас өөр аргагүй. Бурханыг төгс хүч чадалтай гэдгийг ухаараад, Бурханаас тусламж гуйх үед л сайн мэдээ урагшилна. Өнгөрсөн жилийг хүртэл дэлхий дахинд 7000 гаруй Сион байгуулагдсан нь ч итгэгчид маань үүнийг ухааран, итгэж байсан болохоор Улаан тэнгис хуваахтай адил гайхамшигт түүхийг Бурхан гүйцэлдүүлсэн гэж итгэж байна. Энэ жил ч гэсэн энэхүү ухаарлаа зүрх сэтгэлдээ сийлцгээе. Сайн мэдээ нь хүний хүч чадлаар болдог зүйл биш. Бурхан хамт байвал хоньчны ялихгүй ташуур байсан ч Улаан тэнгис хуваах дайны агуу хүч чадал өгнө гэдэгт итгээд үйлдэцгээе. Бүх хүч чадлын эх үндэс нь Бурхан тул бид зөвхөн Бурханаас хүлээн авсан үүргийнхээ дагуу явж, Бурханы үгийг тунхаглах зарлагаа л хийвэл болно. Бусдыг нь Бурхан хийнэ.

Хүрэл могойн түүхэн дэх аврал Бурханаас хамаарч байв

Бурхан туслахгүй л бол ямар ч авралын түүхэнд ямар ч ахиц гарахгүй. Энэ нь өнгөрсөн түүхээр ч, энэ үеийн бидэнд тохиолдож байгаа түүхээр ч батлагддаг. Ямар ч нөхцөл байдалд байсан Бурханыг марталгүй, авралын хүч чадал хаанаас гарч байдгийг үргэлж бодоцгооё. Ямар нэгэн аргаар ч биш, хүний хүч чадлаас гардаг зүйл ч биш. Зөвхөн зөв шударга Бурхан л хүч чадал өгсөн учраас бид Бурханы хүч чадлыг аваад, ертөнцийн үндэстнүүдийг аврал руу хөтөлж чадах юм.

“Дараа нь тэд Едомын нутгийг тойрон явахаар Хор уулаас хөдлөн Улаан тэнгисийн замаар явав. Аяны улмаас ард түмэн сэтгэл мятрав. Ард түмэн Бурханы болон Мосегийн эсрэг ярьж —Энэ цөл газарт үхүүлэхээр юунд чи биднийг Египетээс гарган авчрав? Учир нь энд талх ч алга, ус ч алга. Энэ заваан хүнснээс ой гутаж байна гэцгээлээ. ЭЗЭН ард түмний дунд хорт галт могойнуудыг илгээхэд тэдгээр нь ард олныг хатгаж, Израилийн олон хүн үхэв. … Мосе ард олны төлөө зуучлан залбирав. Мосед ЭЗЭН —Галт могой хийж, түүнийг шураг дээр байрлуулагтун. Тэгвэл хатгуулсан аливаа хүн түүнийг харах аваас амьдрах болно гэв. Мосе хүрэл могой хийж, түүнийг шураг дээр байрлуулав. Хэн нэгэн хүнийг могой хатгасан байвал тэр хүн хүрэл могойг хараад амьд үлдэж байлаа.” Тоо 21:4-9

Цөлд амьдарч байх үед галт могойд хатгуулсан ард түмэн хүрэл могойг хараад амьдрах болсон. Энэ нь Бурханы хүч чадлаар бий болсон гайхамшиг л даа. Харин мунхаг ард түмэн Хезекиа хааны үе хүртэл 800 орчим жилийн турш хүрэл могойд мөргөж ирсэн. Бурханыг мартан, нүдэнд үзэгдэх дүрсийг л харж, хүрэл могой өөрсдийг нь амьдруулсан мэтээр буруу ойлголтонд автаж, эцэст нь шүтээн шүтэх болсон.

Эндээс харвал хүч чадлын эх үндэс бол хүрэл могой юм уу Бурханы үгийг дамжуулсан Мосегийн хүч чадалд байгаагүй. Гагцхүү “Хүрэл могойг харвал амьдрах болно” гэсэн Бурханы үгэнд л байсан. Тэрхүү үгэнд дуулгавартай байсан хүмүүс итгэлээрээ амьдрах болсон юм. Амалектай хийсэн дайнд ялсан Иошуагийн цэргүүд, Улаан тэнгисийг таягаараа хуваасан Мосегийн түүх, хүрэл могойн түүх гээд эдгээр бүх зүйлийг харвал авралын ажлын цаад талд нь үргэлж Бурханы хүч чадал нөлөөлж байсныг мэдэж чадна.

Тийм байхад бид авралын найдвараа хэнд тавих ёстой вэ? Сайн мэдээний орчинд янз бүрийн зүйлс тохиолдоно. Заримдаа бид олон талаар дутуу дулимаг, зарим үед саад тотгор ч их гардаг. Тэр болгонд хэн нэг хүнийг болон эргэн тойрныхоо орчин нөхцөлийг харахаас зайлсхийх хэрэгтэй. Эс тэгвэл бид Израиль ард түмэнтэй адил тасралтгүй гомдоллож байгаад итгэлийн цөлийн замыг дуусгахаас өөр аргагүй.

Нүдэнд харагдах махан биеийн аргаар асуудлыг шийдвэрлэх гэхийн оронд бид Бурханыг л үргэлж боддог байх хэрэгтэй. Авралын түүхийг гүйцэлдүүлдэг бүх хүч чадлын эх үндэс нь Бурхан. Тийм итгэлээр дуулгавартай байх үед саад тотгор харин ч бидэнд туслах хэрэгсэл болж өөрчлөгддөг юм.

Бурханыг сана

Бурханы сайн мэдээний улсыг байгуулах ажилд Сатан тийм ч амархан бууж өгөхгүй, харин ч саад хийсээр л байх юм. Бурхан үргэлж бидэнтэй хамт байсандаа л өдий төдий бэрхшээл дунд ч манай сүм дэлхийн өнцөг булан бүрд байгуулагдсаар л байна. Бурхан гараа өргөхөд л авралын ажил боломжтой болж байсныг үргэлж бодоод Бурханд яруу алдар өргөхөө, талархахаа мартаж болохгүй.

“Өнөөдөр миний чамд тушааж буй тушаал, зарлиг, шийдвэрүүдийг нь сахилгүй өөрийн Бурхан ЭЗЭНийг умартахаас болгоомжил. Чи идэж цадаад, сайхан байшин барьж, тэндээ амьдран мал сүрэг чинь үржин олширч, алт мөнгө чинь арвижиж, чамд байгаа бүхэн чинь арвижих үед чиний зүрх бардам болж, өөрийн Бурхан ЭЗЭНийг мартуузай. Тэр Египет нутгаас, боолчлолын гэрээс чамайг гаргаж аваад, өргөн уудам, аймшигт цөл дундуур, хорт галт могой, хилэнцэт хорхойтой, усгүй улайдмал газраар удирдан дагуулж, чамд цахиур чулуунаас ус гаргаж өгсөн билээ. Чамайг номхтгон, чамайг сорьж шалгаад, эцэст нь чамайг сайн сайхан амьдруулахын тулд Тэрээр чиний эцэг өвгөд ч мэддэггүй байсан маннагаар цөлд чамайг хооллож байсан билээ. “Миний чадал, миний гарын хүч тэнхээ энэ хөрөнгө чинээг надад бий болгосон юм” гэж чи зүрхэндээ хэлүүзэй. … Тэр чамд хөрөнгө чинээ олох хүч чадал өгдөг учраас чи өөрийн Бурхан ЭЗЭНийг санагтун.” Дэд.Хуу 8:11-18

Израильчуудын өнгөрсөн цөлийн амьдралаар өгч буй сургамжийн гол түлхүүр нь Бурханыг мартаж болохгүйд байгаа. Бидний хэн маань ч авралыг гүйцэлдүүлэх хүч чадлын эх үндэс болсон Бурханыг мартах ёсгүй. Бүх хүч чадал Бурханаас ирдэг гэдгийг санаж, үргэлж Бурханаас тусламж гуйн, үйлдвэл сайн мэдээний ажил сайн болно. Харин “Би өөрөө хийсэн” эсвэл “Би бусдаас илүү хийж чадна” гэсэн буруу бодол тээвэл өнөөг хүртэл хийж ирсэн ажил чинь ч хүртэл элсэн байшин шиг нурах болно. Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн болохоороо биднийг дэндүү сайн мэднэ. Тиймдээ ч алт мөнгө чинь арвижиж, нөхцөл бололцоо сайжрах үед ч Бурханыг мартаж болохгүй гэсэн.

Бурханыг мартах л юм бол бидний итгэлийн амьдрал ямар ч утга учиргүй болно. Бурхан хамгаалж, саадтай газрыг ч аюулгүй гатлуулсан байтал өөрийгөө хийсэн гэж бардамнавал тэр мөчид Бурханы тусламж зогсож, энд тэндгүй асуудал үүснэ.

“Өнөөдөр миний та нарт тушааж буй бүх тушаалыг та нар ёсчлон дага. Тэгвэл та нар амьд явж, олширч, эцэг өвгөдөд чинь ЭЗЭНий тангарагласан тэр газарт орж, түүнийг эзэмших юм. ЭЗЭН Бурхан чинь чамайг энэ дөчин жилийн турш цөлд удирдсан бүх л зам мөрийг дурсан сана. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг, тухайлбал тушаалыг нь дагах эсэхийг чинь мэдэхийн тулд мөн чамайг номхтгож, шалгаж сорихын тулд байсан юм. Хүн зөвхөн талхаар бус, харин ЭЗЭНий амнаас гарах үг бүрээр амьдардаг гэдгийг чамд ойлгуулахын тулд Тэрээр чамайг номхтгон, чамайг өлсгөж, чиний мэддэггүй, чиний эцэг өвгөд ч мэддэггүй байсан маннагаар чамайг хооллож байсан.” Дэд.Хуу 8:1-3

Бурхан Израиль ард түмнийг цөлийн 40 жилийн турш Өөрийнх нь үгийг дагах эсэхийг мэдэхийн тулд шалгаж сорьсон. Тэднийг л бүрэн төгс итгэлтэй болгож, эцэст нь ерөөл өгөх гэсэндээ Бурхан чин хүслээр тэгсэн хэрэг. Тав тухтай сайхан орчинд байвал хүмүүс Бурханыг амархан мартана гэдгийг мэддэг учраас Бурхан тэднийг ширүүн цөлөөр хөтөлж, зарим үед өлсгөж, Египетийн цэргүүдээр хөөлгүүлэх зэргээр элдэв янзын нөхцөл байдалд тэднийг оруулсан юм. Хэрвээ Бурхан Улаан тэнгисийг эртхэн нээчихсэн байсан бол Израиль ард түмний хувьд айн түгшиж зугтах шаардлага гарахгүй байх байсан юм. Улаан тэнгисийн өмнө л итгэлгүй байсан хүмүүс нь тасралтгүй гомдоллон дургүйцэж, улмаар шалгуур сорилтонд бүдэрсэн хэрэг. Цөлийн 40 жилийн турш Бурхан энэ мэтээр тэдний итгэлийг шалгаж байжээ.

Бид шалгуур сорилтонд бүдрэх ёсгүй. Сионд Бурхан оршдог. Эцэг Бурхан төдийгүй Эх Бурхан ч хамт байж, биднийг хөтөлж, урам зориг, хүч чадал өгсөн учраас л бид сайн мэдээг тунхаглах үүрэг гүйцэтгэж байгаа юм. Миний хүч чадлаар бус, Бурханы хүч чадлаар биелдэг сайн мэдээ болохоор үргэлж Бурханыг түшиж, залбирлаараа гуйж, сайн мэдээний ажлыг гүйцэтгэцгээе. “Би өөрийнхөө чадвараар үүнийг хийсэн” гэж эрдэж сайрхах хүнд Бурхан ингэж айлдсан.

“Үнэндээ хэн чамайг илүү гээв? Чи байгаагаа хүлээж аваагүй гэж үү? Үнэхээр хүлээж авсан юм бол аваагүй юм шиг чи юунд сайрхана вэ?” 1Кор 4:7

Байгаа бүгдийг маань Бурхан л өгсөн. Цөлийн 40 жилийн турш хийж чадахгүй үед нь хийж чаддаг болгон тусалж, зам ч бий болгож, аливаа саад тотгорыг ч хүртэл ард түмэндээ туслах хэрэгсэл болгон өөрчилж, хэцүү үйл явцыг аюулгүй туулуулсан юм. Өнгөрсөн түүхээс бүгд сургамж аваад, Бурханыг л мартаж болохгүй юм шүү.

Ариунаас ариун газраас урсан гарах амийн ус дэлхий рүү илүү хол, илүү гүн урсаг гэсэндээ Бурхан одоо сайн мэдээний үүд хаалгыг нээж өгч байна. Сайн мэдээ нь цэвдэг хүйтэн газар Аляск, Амазоны ширэнгэн ой, Гималайн нуруу, Андын нурууны уулархаг бүс нутагт хүртэл тунхаглагдаж байна. Өнгөрсөн жил Бурханы ерөөлөөр олон сүм байгуулагдсан шиг энэ жил ч бас авралын зам руу илүү олон сүнс хөтөлье гэвэл энэ ажлыг хэн хийж байгааг мартаж болохгүй.

Авралын түүхийг гүйцэлдүүлдэг хүч чадлын эх үндэс болсон Бурхан бидэнтэй хамт байж, биднийг хөтөлж байна шүү дээ. Бурхан гараа өргөх үед ялалт байгуулж чадна гэдгийг санаад Эцэг Эхээс тусламж гуйн, Самари ба дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээ тунхаглацгаая. Тэгж гэмээнэ авралын түүх биелэхдээ л биелнэ. Тэнгэр Эцэг Эхийн хөтлөлийг баяр хөөртэйгөөр, дуулгавартайгаар дагаж, Иерусалимын яруу алдрыг дэлхий дахинд тунхаглан, мөнхийн тэнгэрийн Канаан болох тэнгэрийн хаанчлал хүртэл урагш тэмүүлэхийг та бүхнээсээ хүсэж байна.