
Саяхан нэг шинэ эгч дүү маань охин дүүгээ Бурхан руу хөтлөх ерөөл авсан юм. Тэрээр Бурханы үгэнд их дуртай. Цаг зав гарах л юм бол ажлаасаа тараад ядарсан байсан ч хамаагүй Библи сурах гээд Сион руу ирж, гэртээ очоод гэрийнхэндээ Бурханы үг дамжуулдаг байлаа. Тэгээд ээжийгээ хөтлөв. Харин корона вирусын улмаас хорио цээрийн дэглэм хэрэгжиж, тэрээр Сиондоо ирж Библи сурч, мөргөл сахиж чадахаа болив. Эгч дүү их харамсаж, урамгүй байлаа. Хамгийн муу нь тэрээр санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, хүндхэн үе тохиов. Тэгсэн ч тэрээр хүнд цагт нь Бурхан тусалсаар байгаад байнга талархан, итгэлээ алдсангүй. Ийм хүнд үедээ тэрээр Бурханд бүр ч итгэмжтэй байсан тул Бурхан түүнд дүүг нь сайн мэдээний үр жимс болгон өгсөн юм.
Үнэндээ дүү нь эхэндээ эгчийгээ гэрийнхээ ойрхон сүмд явахын оронд яагаад заавал тийм хол сүмд яваад байгаа юм гээд Бурханы үгэнд чих тавихгүй байсан л даа. Дүү нь ойрхон байдаг протестант сүмд баптисм хүртэх гэж байсан юм байна лээ. Харин тэр сүм нь баптисмыг хойшлуулж, эхлээд Библийн сургалтанд хамруулах гэсэн гэнэ. Хожим нь хорио цээрийн дэглэм хэрэгжиж, дахиж тэр сүм рүүгээ явж чадаагүй аж. Тэр хоорондоо Амралтын өдөр, Хоёрдугаар Христ, тэнгэр Эхийн талаар үнэнийг эгчээрээ дамжуулан сонсож, яваандаа Бурханы үгэнд сонирхолтой болжээ.
Үүнээс гадна дүүгийнх нь сэтгэл нээгдэхэд түлхэц болсон бас нэг хүчин зүйл байлаа. Энэ бол эгчийнх нь өөрчлөлт. Эгч нь түрэмгийдүү үг яриа, түргэн авиртай, ээжтэйгээ таарамж муутай байсан аж. Харин үнэнийг хүлээн авснаасаа хойш Эхийн сургаалыг амьдрал дээр хэрэгжүүлж, бусдаас хэрхэн уучлал гуйхыг сурч, үйлс нь илт дөлгөөн болсон аж. Эгчийнх нь ээжтэйгээ харилцах харилцаа сайжирч, тэр бүү хэл сүм рүүгээ хүртэл дагуулж явахыг хараад дүү нь бас эгчийгээ дагаж сүм явахаар шийдсэн байна.
Одоо тэр эгч дүү гэрийнхэнтэйгээ бүгд цуг Сионд мөргөл тэмдэглэнэ гэхээс хорио цээрийн дэглэм дуусаж, хөл хорио хурдан тавигдахыг тэсэн ядан хүлээж байгаа. Мөн түүнд бас нэг хүсэл байгаа гэнэ лээ. Зөрүүд, бардам байсан тэрээр гэрийнхнээ хайрлаж, тэднийхээ төлөө уйгагүй залбирч чадсан нь тэнгэр Эхийн хайр, сургаалын ач гэж ярьж байна. Эгч дүү одоо тэнгэр Эхээс авсан хайраа зөвхөн гэрийнхэнтэйгээ ч биш, мөн эргэн тойрны бүх хүмүүстэй ч бас хуваалцахыг хүсэж байгаа. Тэр эгч дүү Бурханы тааллыг олж, зүрх сэтгэлийнх нь хүслийг Бурхан гарцаагүй биелүүлж өгөх нь лавтай.