​Библид Есүсийг Мелхизедекийн хэргэмийн дагуу Тэргүүн тахилч гэдэг. Энэ нь ямар утгатай вэ?

50,694 үзэлт

Хэргэм гэдгийн утга

“Мелхизедекийн хэргэм” гэдгээс хэргэм гэх үг нь тахилчийн үүрэг гүйцэтгэх хэргэм юм.

Газрын ариун газарт олон тахилч ээлжээр ижил тахилчийн алба үүрэг гүйцэтгэж байжээ.

“Захариа бүлгийнхээ ээлж ёсоор Бурханы өмнө тахилчийн албыг гүйцэтгэж байх зуур ийм явдал тохиожээ.” Лук 1:8

Аароны хэргэм ба Мелхизедекийн хэргэм

Библид Аароны хэргэм ба Мелхизедекийн хэргэм гэсэн хоёр тахилчийн хэргэм байсан юм. Хуучин гэрээний үед Мосегийн хууль тогтсоны дараа Мосегийн ах Аарон анхны тэргүүн тахилч болсон юм. Аароны хэргэм нь хуучин гэрээний үед хонь, үхэр зэрэг амьтдын цусаар тахил өргөдөг тахилчийн үүргийг бэлгэддэг байна.

Мелхизедек нь Мосегийн хууль гарахаас нэлээн өмнө Абрахамыг талх, дарсаар ерөөсөн Бурханы тахилч байсан төдийгүй шинэ гэрээний үед Алгасал баярын талх, дарсаар нүглийн уучлалын ерөөл өгөх Христийг бэлгэддэг. Тиймээс Мелхизедекийн хэргэм нь шинэ гэрээний үеийн тахилчийн үүргийг бэлгэддэг гэсэн үг.

Библид хуучин гэрээний үеийн Аароны хэргэмийн дагуух тахилчийн үүрэг төгс биш байсан тул шинэ гэрээний үеийн Мелхизедекийн хэргэмийн дагуух тахилчийн үүрэг гарч ирсэн гэж тэмдэглэсэн байдаг.

“Төгс төгөлдөр байдал нь Левийнхний тахилчийн үүргээр ирдэг байсан юм бол (Учир нь үүн дээр үндэслэн хүмүүст хууль өгдөг байв) юунд Аароны хэргэмийн дагуу нэрлэгдэлгүй, Мелхизедекийн хэргэмийн дагуу гарч ирэх өөр тахилч цаашид хэрэгтэй болов?” Евр 7:11

Мелхизедекийн хэргэмийн дагуух тахилчийн үүрэг нь төгс төгөлдөр төдийгүй мөнхийн, хэзээ ч өөрчлөгдөшгүй.

“Мелхизедекийн хэргэмийн дагуу үүрд Тэргүүн тахилч болж, бидний төлөө урд маань гүйгч адил Есүс тийшээ орсон билээ.” Евр 6:20

“Нэг талаас, урьдын тахилч нар үй олноороо байсан ч тэднийг ажилаа үргэлжлүүлэхэд нь үхэл саад болж байв. Гэтэл нөгөө талаас Тэр мөнхөд байдаг тул үл өөрчлөгдөх тахилчийн үүрэгтэй.” Евр 7:23-24

Мелхизедекийн хэргэмийн дагуу Тэргүүн тахилч болж ирсэн Есүс

Мелхизедекийн хэргэмийн дагуух Тэргүүн тахилчийн үүрэг яг юуг заадаг юм бол?

Үүнийг мэдэхийн тулд эхлээд бид Мелхизедек хэн гэдгийг мэдэх хэрэгтэй.

“Хедорлаомерыг хамсаатан хаадтай нь бут цохиод Абрамыг буцаж ирэхэд нь Содомын хаан Шавегийн хөндийд (тэр нь Хааны хөндий) түүнийг угтахаар хүрч ирэв. Салемын хаан Мелхизедек талх, дарс аваад гарч иржээ. Тэрээр Хамгийн Дээд Бурханы тахилч байв. Абрамыг ерөөж хэлэхдээ Тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан, Абрахамыг ерөөх болтугай! Та нарын дайсныг гарт чинь тушаасан Хамгийн Дээд Бурхан магтагдах болтугай! гэв. Абрам түүнд бүх юмнаас аравны нэгийг өгчээ.” Эхл 14:17-20

Мелхизедек гарч ирэх тухайн үед Абелын тахилаас хойш ерөнхийдөө амьтны цус урсган тахил өргөдөг аргатай байсан (Эхл 8:20, Эхл 15:9-10). Гэтэл Мелхизедекийн тухайд гайхалтай нь тэрээр Абрахамыг талх, дарсаар ерөөж, харин Мелхизедекээр ерөөгдсөнийхөө дараа Абрахам түүнд аравны нэгийг өгсөн нь юм.

Энэ нь зүгээр нэг өнгөрсөн түүх биш хожим биелэх зөгнөл юм. Давид хожим Мелхизедекийн хэргэмийн дагуу тахилч гарч ирэхийг зөгнөсөн байдаг.

“ЭЗЭН тангарагласан бөгөөд санаагаа өөрчлөхгүй. “Мелхизедекийн хэргэмийн дагуу Чи мөнхийн тахилч юм” гэв.” Дуу 110:4

Мелхизедекийн хэргэмийн дагуух тахилч нь Мелхизедек шиг талх, дарсаар ерөөл өгөх ёстой. Есүс Алгасал баярын талх, дарсаар нүглийн уучлал, мөнх амийн ерөөл өгснөөрөө Дуулал 110-р бүлгийн зөгнөлийг биелүүлсэн байна.

“Исгээгүй талхны баярын эхний өдөр шавь нар Есүс дээр ирж —Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна? гэж асуухад Тэр —Хотод нэгэн хүн дээр оч. Түүнд “Багш «Миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа Алгасал баярыг тэмдэглэнэ» гэсэн” хэмээн дуулга гэв. Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. … Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.” Мат 26:17-19, 26-28

“Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай…” Иох 6:53-54

Шинэ гэрээний зууч

Мелхизедекийн хэргэмийн дагуу талх, дарсаар нүглийн уучлал, мөнх амийн ерөөл соёрхсон Есүс Алгасал баярыг шинэ гэрээ болгон тогтоосон билээ.

“Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ. … Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав. Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.” Лук 22:15, 19-20

Мелхизедекийн хэргэмийн дагуух тэргүүн тахилч шинэ гэрээний Алгасал баяраар ерөөл өгөх үүрэгтэй. Тиймээс Мелхизедекийн хэргэмийн дагуух Тэргүүн тахилч болох Есүсийг “Шинэ гэрээний зууч” гэж илэрхийлсэн юм. Тэргүүн тахилчийн үүрэг нь ариун Бурхан болон нүгэлтэн болох Бурханы ард түмний хооронд зуучлах юм. Тиймээс тэргүүн тахилчийг зууч хэмээн илэрхийлж, ялангуяа шинэ гэрээний зууч гэж онцлон заасан хэрэг.

“Ярианы маань гол нь тэнгэр дэх Сүр Жавхлантын сэнтийн баруун гарт заларсан тийм Тэргүүн тахилч бидэнд байгаа явдал юм. … Харин эдүгээ Тэр гойд сайн үйлчлэлийг хүлээн авсан бөгөөд тийнхүү илүү сайн амлалтууд дээр тогтоосон илүү сайн гэрээний зууч мөн. Хэрэв тэрхүү анхных нь дутагдалгүй байсансан бол хоёр дахийг нь хайх хэрэггүй байх байсан. Гэвч Тэр тэднээс дутагдал олоод “«Харагтун, Израилийн гэр ба Иудагийн гэртэй Би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна» гэж Эзэн айлдаж байна.” Евр 8:1, 6-8

“Тийм учраас Тэрээр шинэ гэрээний зууч мөн. Энэ нь анхны гэрээн дор үйлдсэн зөрчлийг золихын төлөө үхэж, дуудагдсан хүмүүст мөнх өвийн амлалтыг хүлээн авахуулахын тулд болой.” Евр 9:15

Шинэ гэрээний Алгасал баяр сахидаг Бурханы сүм

Өнөө үед ихэнх сүмүүд Мелхизедекийн хэргэмийн дагуух Тэргүүн тахилч болж ирсэн Есүсийн шинэ гэрээ болгон тогтоосон Алгасал баярыг сахидаггүй. Дор бүрнээ дур зоргоороо тогтоосон өдрөө ариун зоогийн ёслол хийдэг.

Алгасал баяр тэмдэглэнэ хэмээн айлдаж, Алгасал баярын зоогийг барихыг ихэд хүссэн гэж хэлсэн нь Есүс. Тиймээс Есүсээр заалгасан элч нар Алгасал баярыг нандигнан сахидаг байжээ (1Кор 5:7-8). Алгасал баяр сахихгүй байх нь Мелхизедекийн хэргэмийн дагуух Тэргүүн тахилч Христийг үл тоож байгаагаас өөрцгүй.

“Тэрээр Хүү нь байсан хэр нь зовсон зүйлсээсээ дуулгаварт суралцсан. Тэр төгс болгогдсоноороо Өөрт нь дуулгавартай байдаг бүхэнд мөнх авралын эх үндэс нь болсон бөгөөд Бурханаар Мелхизедекийн хэргэмийн дагуу Тэргүүн тахилчаар өргөмжлөгдөв.” Евр 5:8-10

Абрахамын үед олон тахилч байсан боловч талх, дарсаар ерөөл өгсөн нь зөвхөн Мелхизедек байв. Есүсийн өдрүүдэд ч бас амьтдаар тахил өргөдөг олон тахилч байсан ч зөвхөн Есүс л Алгасал баярын талх, дарсаар мөнх амийн ерөөл соёрхсон билээ. Өнөө үед ч мөн Есүст итгэдэг гэдэг үй олон сүм байдаг хэдий ч шинэ гэрээний Алгасал баяраар мөнх амийн ерөөл авах цорын ганц сүм бол энэ дэлхийд Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурханы байгуулсан Бурханы сүм юм.

Есүсийг Мелхизедекийн хэргэмийн дагуух Тэргүүн тахилч гэдэгт үнэхээр итгэдэг л бол Түүний үзүүлсэн жишээ, дуурайл ёсоор шинэ гэрээний Алгасал баяр сахих учиртай (Иох 13:15).