Эгч маань Протестант сүмд явж байх үеэр энэ явдал болсон юм. Нэг өдөр эгчийн бүх бие шарх болчихсон орж ирэв. Би бүр гайхаж юу болсныг нь асуулаа. Тэрээр сүм дээр нь болсон шашны зан үйлээс болоод ингэж хөхөрч няцарсан гэнэ.
“Сүм итгэгчдээ ингэж өвтгөх нь яалаа гэж зөв байдаг юм бэ? Тийм газар Бурхан байхгүй нь лавтай!”
Би тэр сүмийг нь сэжиглэн, Бурхан тэнд байхгүй гэдэг дүгнэлтэнд хүрлээ. Эгч маань ч тэгсхийгээд тэр сүмд явахаа болив.
Цаг хугацаа өнгөрч, эгч маань Бурханы сүм гэдэг нэртэй өөр сүмд явах болсон байв. Тийм аймаар юм болж, хаширсан хэр нь яагаад дахиад сүмд яваад байгааг нь би огт ойлгосонгүй. Тиймдээ ч Бурханы сүмдээ урихад нь би эрс татгалзсан юм.
Манай эгч итгэлийн амьдралдаа их хичээнгүй байлаа. Өнгөрсөн хугацаанд олж авсан муухай дурсамжаас нь болоод би эгчийгээ нүд салгалгүй ажиглаж байсан ч эгч хөгжилтэй цоглог, баяр хөөртэй харагдана. Хавьгүй санаа нь амар байх болж, бусад хүнд ч хүндэтгэлтэй хандана. Яагаад ч юм тэр Бурханы сүм бусад сүмээс нэг л өөр юм шиг надад санагдаж байлаа. Би эгчийгээ ийм жаргалтай байгаад нь бараг атаархана. Тэгээд би зөрүүд зангаа хаяж Бурханы хүүхэд боллоо.
Харин эгч шигээ байж чадахгүй л байлаа. Үнэн дотор 10 жил болсон хэр нь миний итгэл нэг л хэвэндээ. Бусад гэр бүл “Сургаал ёстой ивээлтэй байлаа” гэж ярьж байхад би юу ч мэдрээгүй байх жишээний. Үнэн нь үнэн зөв ч гэлээ, сүмийн гэр бүлүүд шударга зөв ч гэлээ надад нэг л юм үгүйлэгдээд байлаа.
Нөхөр маань Энэтхэгт ажиллах болж нүүхэд миний итгэл бүр эргэлтийн цэгтээ хүрэв. Гэрээсээ сүм хүртэл 2 цаг гаруй зарцуулна. Хэлний саад бэрхшээлээс болоод нутгийн гэр бүлүүдтэй харилцах ч боломжгүй. Бүх юм хэцүү байлаа. Дасаж сураагүй нөхцөл байдалд би Бурханаас тусламж гуйн залбирч, нулимс аяндаа л урсана. Энэ мэдрэмж бол миний урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй зүйл л дээ. Урьд өмнө би Бурханыг хэзээ ч тэгтлээ түшиж байгаагүйгээ ойлгосон юм.
Хожим нь би зав л гарвал сургаал сонсох болсон юм. Солонгост байхдаа би сургаалыг мэдлэгээрээ л хүлээн авч байж. Гэтэл Бурханы үг аажим аажмаар миний сэтгэлд шингэж байлаа. “Эцэг минь одоо болтол ажилласаар байна. Би ч ажиллаж байна” (Иох 5:17), “Эх чинь ч гэмт үйлдлээс чинь болж хөөгдсөн” (Иса 50:1) гэх зэрэг Библийн ишлэлүүд сэтгэлийн минь гүнд хүрч байлаа. Миний нүглээс болж энэ дэлхий рүү ирж, одоо болтол ажилласаар байгаа тэнгэр Эцэг Эхээсээ уучлал эрмээр санагдана. Сэтгэл маань яагаад хоосон оргиод байсны учрыг олж мэдлээ. Учир нь миний дотор Бурханы хайр байгаагүй юм билээ.
Солонгост буцаж ирснийхээ дараа би үлдсэн итгэлийн амьдралдаа Бурхантай хамт алхаж, Бурханыг хамгийн их баярлуулдаг авралын зар тараах ажлыг хийхээр сэтгэл шулуудсан юм даа. Сайн мэдээ тунхагласан чинь үнэнийг мэдэхгүйгээс үхлийн зам дээр байгаа хүн төрөлхтнийг аврах гэсэн Бурханы хайрыг би гүнээ мэдэрч авлаа. Тэр бүхнээс гадна Бурханы хайрыг нөхөртөө дамжуулахыг хүсэх болов.
Нөхөр маань Энэтхэгт байхдаа их зүдэрч байсан л даа. Хагас бүтэн сайнгүй ажиллаж, цаг үргэлж туйлдталаа ядарч байсан. Нэг өдөр нөхөр маань ядарсандаа болоод бүр унасан гээч. Нөхрийгөө Бурханы хайран дотор тайвшрал олно гэж найдаж байсан ч тэрээр сэтгэлээ тийм ч хурдан нээсэнгүй. Яг л урьдын над шиг Бурханы оршихуйг тууштай үгүйсгэж байлаа. Тэглээ гээд би шантарсангүй. Миний хатуу сэтгэл Бурханы хайраар зөөлөрсөн шиг нөхрийн маань сэтгэл бас нээгдэнэ гэдэгт бат итгэж байлаа. Эцэст нь нөхөр маань Бурханы энгэрт ирэхэд миний зүрх догдолж, “Эцэг Эх минь, баярлалаа” гэж хэдэнтээ хашхирч билээ.
Өнгөрснөө эргэн харахаар Бурханы хайрыг чин сэтгэлээсээ ухаарсан цагаас хойш Бурхан надад маш их ерөөл хайрлажээ. Бурхан намайг үр жимсээр тасралтгүй ерөөж, ариун дууны үйлчлэлд бас оруулсан. Тэсвэр тэвчээр, чинхүү хайранд нь Елохим Бурхандаа чин сэтгэлээсээ талархаж байна. Хүлээн авсан хайраа би цаашид хайр хэрэгтэй сүнснүүдэд дамжуулах болно оо.