Матай 18-р бүлгийн сургаалт зүйрлэлд гардаг арван мянган талант ба зуун денарыг өнөөгийн ханшаар тооцож үзвэл хэр их ялгаа гарах бол?
“Денар” болон “талант” нь шинэ гэрээний үеийн мөнгөний нэгж юм. Нэг денар нь дөрвөн грамм орчим жинтэй Ромын мөнгөн зоос бөгөөд цэргүүд болон хөлсний ажилчдын нэг өдрийн ажлын хөлстэй дүйх юм (Мат 20:1-2). Нэг талантны үнэ цэнэ газар байршлаас хамаарч бага зэрэг ялгаатай боловч ерөнхийдөө 20-40кг орчим жинтэй алтыг хэлдэг.
Зуун денар болон арван мянган талантны үнэ цэнийг хооронд нь харьцуулж үзвэл бидний Бурханаас авсан ивээл хичнээн агууг мэдэж, тэрний дэргэд ах дүү, эгч дүүгийн маань алдаа дутагдал хичнээн өчүүхэн болохыг ухаарна. Тэгвэл одоо Матай 18-р бүлэгт гардаг сургаалт зүйрлэлийг судалж үзэцгээе.
“Дараа нь Петр ирж, Түүнд —Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа уучлах вэ? Долоон удаа юу? гэхэд нь Есүс айлдсан нь —Би чамд долоон удаа бус, харин дал дахин долоон удаа гэж хэлье. Иймээс тэнгэрийн хаанчлал нь зарц нартайгаа тооцоо хийхийг хүссэн нэгэн хаан лугаа адил юм. Тэр тооцоо хийж эхлэх үед арван мянган талантын өртэй нэгнийг түүнд аваачив. Харин түүнд төлөх юм байхгүй тул эзэн нь түүнийг эхнэр, хүүхдүүдийнх нь хамт хамаг юмтай нь худалдаад өрийг нь барагдуулахыг тушаажээ. Зарц сөхрөн унаж түүнд мөргөөд “Эзэн, намайг тэвчиж хүлцэнэ үү. Би танд бүгдийг төлнө” гэж гуйхад тэрхүү зарцын эзэн ихэд өрөвдөн түүнийг суллаж, өрийг нь хэлтрүүлжээ.” Матай 18:21-27
Нэг талант нь 6000 денар бөгөөд 6000 өдрийн, өөрөөр хэлбэл 16 жилийн ажлын хөлстэй дүйцэх мөнгөн дүн юм. Солонгос мөнгөнд хөрвүүлж үзье л дээ. Нэг өдрийн ажлын хөлсийг 70,000 вон гэж авч үзэхэд 420 сая орчим вон болох нь. Зөвхөн нэг талант ийм байхад 60 сая денартай тэнцэх 10000 талантны үнэ цэнэ хэр их байх бол? Арван мянган талант нь 160 мянган жилийн турш өдөр бүр олсон орлогоноосоо ганц ч мөнгө үрэлгүйгээр цуглуулж байж төлж дийлэхүйц асар их хэмжээний мөнгө юм.
Энэхүү сургаалт зүйрлэлээс бидний мэдэж авах ёстой зүйл бол өөрийн хүчээр яасан ч төлж дийлэхээргүй арван мянган талантны өр тавьсан зарц шиг Бурханы өмнө асар хүнд нүгэл үйлдсэн нүгэлтнүүд бол бид. Тийм их өртэй биднийг Бурхан өрөвдөн үзэж, үлэмж их гэмийг маань ямар ч болзолгүйгээр уучилж өгсөн билээ.
Бурхан бидэнд хэрхэн хандсан лугаа биднээс ч мөн ах дүүcийнхээ алдаа дутагдлыг хайраар уучлахыг хүссэн. Учир нь арван мянган таланттай дүйх бидний гэм нүглийн дэргэд ах дүүгийн маань алдаа дутагдал юу ч биш. Библид ах дүүгийнхээ алдаа дутагдлыг уучилж чаддаггүй хүнийг арван мянган талантны өрийг нь цайруулчихаад байхад өөрт нь зуухан денарын өртэй хүнийг зовоож буй муу зарцтай зүйрлэсэн байдаг.
“Харин өнөөх зарц гадагш гараад, өөрт нь зуун денарын өртэй байсан анд болох нэгэн зарцыг олж хараад барьж авч хоолойг нь боон, “Өрөө төл” гэв. Харин анд нь болох тэр зарц сөхрөн унаж, түүнээс гуйн “Намайг тэвчиж хүлцээч. Чамд бүгдийг төлнө” гэжээ. Харин тэр үл хүсэн, явж түүнийг өр ширээ төлтөл нь шоронд хаяв.” Матай 18:28-30
160 мянган жилийн турш нэг ч мөнгө үрэхгүй, цуглуулж байж төлж дийлэх арван мянган талантыг нь хэлтрүүлчихээд байхад өөрт нь ердөө 100 өдөр ажиллаад л төлчих 100-хан денарын өртэй хүнийг уучилж чадахгүй бол энэ хичнээн ичгэвтэр хэрэг билээ дээ!
“Анд зарц нар нь болсон явдлыг хараад ихэд гутарч, эзэндээ очиж, болсон бүгдийг мэдэгджээ. Тэгтэл эзэн нь түүнийг дуудаад түүнд “Ёрын муу зарц, чи надаас гуйсан тул би бүх өрийг чинь хэлтрүүлсэн. Би чамайг өршөөсний адил чи бас анд чинь болох тэр зарцыг өршөөх ёстой байсан бус уу?” гээд ихэд хилэгнэн уурлаж, өр ширээ бүгдийг төлөх хүртэл нь түүнийг зандалчинд тушаажээ.” Матай 18:31-34
Эцэст нь тэрээр өөрт нь 100 денарын өртэй байсан зарцыг уучилж чадаагүйгээсээ болж шоронд хаягдав. Энэхүү сургаалт зүйрлэл нь Бурханаас үлэмж агуу ивээл хүртсэн бидэнд ах эгч дүүдээ хэрхэн хандах ёстойг зааж сургасан сургамж юм.
“Түүнчлэн та нарын нэг бүр чинь ах дүүгээ зүрхнээсээ эс уучлах аваас тэнгэрлэг Эцэг минь ч та нарт мөн тэгж хандах болно гэлээ.” Матай 18:35
Бид дутуу дулимаг нүгэлтэн болохынхоо хувьд хамтдаа төгс бүтээл болж бүтээгдэх явцдаа байна. Явцын дунд тэнгэрт үйлдсэн нүглийн хир толбо болон ертөнцөөс олж авсан хир толбоноосоо болж ах эгч дүүстэйгээ муудалцах үе бий. Нэгэндээ атаархаж жөтөөрхөх үе ч бий. Гэвч бид Бурханаас авсан өршөөлөө бодохоор ах дүү, эгч дүүгийн маань алдаа дутагдал үнэндээ юу ч биш. Шинэ гэрээгээр Бурханы амлалт олж авсан ах дүү, эгч дүүгийн маань алдаа дутагдал бол бүгд л уучлагдах нүгэл. Бид өгөөмөр уужим сэтгэлээр ах эгч дүүсийнхээ алдааг уучлан өнгөрөөх юм бол өөрсдөө ч мөн Бурханаас өршөөл уучлал гуйх эрхтэй болно.
“Тиймд ийнхүү залбир. … Бид өртөнгүүдээ уучилсан адил өөрсдийн минь өрийг уучлаач. …” Мат 6:9-13
Диавол хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн яваа өнөө үед (1Пет 5:8) Сионд байгаа ах дүү, эгч дүүстэйгээ бид үзэсгэлэнтэйгээр нэгдэх ёстой. Маргаж муудалцсан газар диавол шургалан ордог ч нэгдмэл байдал оршин байгаа газарт бол түүнд нэвтрэн орох зай завсар үгүй.
Сэтгэлд тань гомдол дургүйцэл хургах аваас бидний сүнсийг тэнхрүүлдэг Эхийнхээ сургаалыг санаарай. Далай шиг уужим сэтгэлээр ах дүү, эгч дүүгийнхээ алдаа дутагдлыг уучлан өнгөрөөхөд Бурхан баярлаж, жинхэнэ нэгдмэл байдал бий болно.
“Далай бүхий л бохир зүйлийг цэвэршүүлдэг шиг ах эгч дүү нарынхаа бүхий л алдааг тэвчиж чадах далай шиг уужим сэтгэл бол жинхэнэ сайхан сэтгэл юм.” Эхийн сургаалаас