Зураг зурах дуртай, мөн хорхой шавьж ажиглахаараа л баяр хөөр болдог нэгэн ганцаардмал охин байжээ. Тэрээр модны мөчир дээрээс чулуу юм уу үр гэмээр нэгэн хатуувтар зүйл олж харжээ. Тэрээр улирлын турш тухайн зүйлийн өөрчлөлтийг ажиглаж, зуржээ. Хавар болтол өнөөх зүйл нь гэрэлт далавч дэлгэн, тэнгэр рүү нисэн одов гэнэ. Энэ бол хальсаа гуужуулчихаад эрвээхий болсон авгалдай байлаа. Ид шидийн мэт энэ өөрчлөлтийг анх удаа ажиглаж байсан охин бол Германы зураач, 17-р зууны анхны эмэгтэй шавьж судлаач Мериан юм.

Өндөгнөөс гарч ирдэг бие арзайм энэ авгалдай хормын төдийд гоёмсог эрвээхий болон өөрчлөгддөгийг одоо бол хэн хүнгүй мэддэг ч харин хэдэн зуун жилийн өмнө хүмүүс мэддэггүй байсан юм. Хүмүүс авгалдайг бохир заваан хогон дундаас гарч ирсэн “диаволын жимс” гэж үзэн, харин бяцхан шувуу мэт эрвээхийг нь хавар тэнгэрээс унаж, намар алга болдог гэж үздэг байлаа. Өндөг, авгалдай, эрвээхий гээд аль алиныг нь хүмүүс бүгд тусдаа, нэг нэгнээсээ өөр гэж үздэг байжээ. Тэр үед хэдхэн хормын өмнө газраар мөлхөж байсан авгалдай эрвээхий болж өөрчлөгдөөд, тэнгэрээр ниснэ гэдгийг төсөөлөх ч боломжгүй байсан байна.
Аяндаа үүсэх онолын эхлэл
Аяндаа үүсэх онол гэдэг нь амьд амьтад эцэг эхгүйгээр өөрөө бий болно гэсэн таамаглал юм. Энэ таамаглалыг эртний Грекийн гүн ухаантан Аристотель тухайн үеийн философийн сургаал, эртний домог дээр үндэслэн бий болгосон байна. Тэрээр тоосноос гарч буй бөөс, ялзарсан махны эргэн тойронд үүссэн шавьжнаас нотлох баримтаа авсан байгаа юм. Цаашилбал тэрээр зөвхөн сээр нуруугүй амьтад төдийгүй зарим нэг сээр нуруутан амьтад ч байгалиасаа үүсдэг гэж хүртэл баталсан байдаг. Нэг жишээ нь могой загас юм. Могой загаснаас нөхөн үржихүйн эрхтэн олдоогүй, мөн зулзаган могой загас олдоогүй тул тэд шаварнаас аяндаа үүсдэг гэж таамаглаж байв.
Могой загас цэвэр тунгалаг усанд амьдардаг ч үржлийн улирлаа болохоор төрсөн нутаг далай руугаа явдаг байна. Энэ тохиолдолдоо тэдний хоол боловсруулах эрхтнийх нь өсөлт хөгжил зогсож, харин нөхөн үржихүйн эрхтэн нь хөгждөг байна. Могой загасыг далайн гүнд түрсээ гаргадгаар нь хүн бүхэн мэднэ. Могойн өндөг нь лептоцефалус (leptocephalus) нэртэй авгалдайн үе шатаа дамжиж, элвер (elver) болон хувирсныхаа дараа гол руугаа буцдаг. Аристотель могой загасны ер бусын амьдралын мөчлөгийг мэддэггүй байсан учраас тэрээр зөвхөн насанд хүрсэн могой загасыг л ажиглаж, улмаар могой загас аяндаа үүссэн гэх буруу дүгнэлтэнд хүрсэн юм.
Амьд амьтад байгаль ертөнц дээр оршиж байдаг амьгүй зүйлээс үүссэн гэх Аристотелийн үзлийг өнөө үеийг хүртэл тогтсон онол мэтээр хүлээн зөвшөөрч байсан төдийгүй ихэнх хүн амьтдыг уснаас болон газар шорооноос үүссэн гэж боддог байжээ. Өнөө үед энэ нь утгагүй сонсогдож байгаа ч тэр үед нэр хүндтэй эрдэмтэд ч хүртэл амьдрал аяндаа үүсдэг гэдэгт итгэж байсан юм. Олон тод жишээнүүдийн нэг энэ байна. Жишээ нь 17-р зууны үед Бельгийн химич Хельмонт туршилтынхаа тэмдэглэлийг амьдрал аяндаа үүсдгийн нотолгоо болгон үлдээж, нэгэн хөлстэй цамцыг улаан буудайн үртэй цуг тавихад 21 хоногийн дараа хулганууд төрсөн гэжээ.
Амьдрал аяндаа үүсдэг онолыг дэмжих Хельмонтын туршлага

Аяндаа үүсэх онол VS биогенез
17-р зууны үед Италийн эмч Реди анх удаа аяндаа үүсэх онолыг үгүйсгэсэн туршилт явуулав. Тэрээр олонд танигдсан эмч Уильяам Харвигийн “Exercitationes de Generatione Animalium” номондоо бичсэн “Хорхой шавьж, газрын өт, мэлхий зэрэг нь аяндаа үүсдэг биш, харин хэт жижиг өндөгнөөс үүсдэг” хэмээх таамаглалд үндэслэн аяндаа үүсэх онолыг няцаав. Реди хоёр вааранд бүхэл мах тавиад нэгийг нь даавуугаар таглаж, нөгөөг нь онгорхой орхисон байна. Тэгтэл таглаагүй вааранд авгалдай, ялаа гэх мэт олджээ. Үүндээ үндэслэн Реди амьд биетүүд зөвхөн амьд амьтдаас үүсдэг гэх биогенезийн онолыг дэвшүүлэн, аяндаа үүсэх онолыг халсан юм.
Биогенезийн онолыг дэвшүүлсэн Редигийн туршлага

Тэгтэл анх удаа микроскоп ашиглан микро организм болох бичил биетнүүдийг нээж илрүүлсэн Левенгукийн нөлөөгөөр аяндаа үүсэх онол буцаад хүчээ авав. Учир нь тэрээр хэрчим мах хийсэн таглаатай вааран дотроос бичил биетэн олсон байгаа юм. Аяндаа үүсэх онол 18-р зууныг хүртэл устаж алга болоогүй юм. Английн биологич Нидем чанасан махтай шөлийг колбо саванд хийж таглаад, халуун үнсэн дээр дахин тавьж ариутгасан туршилт хийжээ. Тэрээр “Бичил биет мэтийн энгийн амьд биет аяндаа үүсэж болно” гэж зүтгэв. Түүний энэ үзэл дахин маргаан дэгдээв.
Италийн биологич Спалланзани хожим нь Нидемийн үзлийг эсэргүүцэв. Нидемийн туршлагаар ариутгал яг зүй ёсоор хийгдэж чадаагүй эсвэл уг саваа битүүмжилж таглах хооронд нь халдвар орсон байх магадлалтай гэсэн санал дэвшүүлж, улмаар битүү тагласан махтай шөлөө буцалгах үед бичил биет үүсдэггүй болохыг олон удаагийн туршилтаараа нотлов. Харин Нидем түүний үзлийг няцаан, “Хэт халаасан зүйл бичил организмыг төдийгүй өсөлтийн энергийг ч устгана”, “Агаарыг нь тасалчихаар амь өсөж чадахгүй болох нь мэдээжийн хэрэг” гэх зэргээр тайлбарлаж, хоёр талын маргаан хурцдав.
Маргаан эцэслэв
19-р зуунд уг ширүүн маргааныг эцэслэж, аяндаа үүсэх онолыг устгасан хүн бол Пастер. Тэрээр агаар дахь тоосонцорт агуулагдах нян микробууд хоол хүнс болон үр төлд ордог гэж таамаглан, маш энгийн хэрнээ тодорхой туршилт дэвшүүлэв. “Хунгийн хүзүүт колбоны туршлага” гэж нэртэй туршлагадаа тэрээр колбо саванд эсгэгч болон сахарын уусмал хийн халааж, хүзүүг нь урт, нарийхан, S хэлбэртэй болгожээ. Тэгээд уусмалаа буцалган ариутгаж, савны хүзүүгээр агаар чөлөөтэй орж байхаар орхижээ.
Пастерийн хунгийн хүзүүт колбоны туршилт

Үр дүн нь гайхамшигтай байлаа. Энгийн колбоноос ялгаатай нь хунгийн хүзүүт колбоноос бичил биетэн, бактери олдсонгүй. Энэ нь хунгийн хүзүүт колбо нь агаар чөлөөтэй хөдөлж байгаа хэр нь ус зогсонги байсны улмаас тоос шороо орохоос сэргийлдэг өвөрмөц хэлбэртэй байсантай нь холбоотой. Тэрбээр хунгийн хүзүүт колбоны хүзүүг хугалахад хэдхэн хоногийн дараа мөөгөнцөрт уусмалд бичил биетүүд үржсэн болохыг баталж чадсан байна. Пастер энэхүү туршилтаар бичил биетүүд агаар орж гарч байгаа ч тэр бүр үрждэггүй гэдгийг харуулж, улмаар аяндаа үүсэх онолыг няцаан, өөр бичил биетэн байгаа үед л бичил биетүүд үүсч болдгийг баталсан байна.
Пастерийн уг таамаг нийтлэгдсэнээр аяндаа үүсэх онол бүрмөсөн устаж, амьд биет үүсэхийн тулд амийг нь өгөх аав ээж байх ёстой гэсэн утга бүхий биогенезийг баталсан байна.
Энэ нь саяхан шинжлэх ухааны хөгжлөөр батлагдсан ба амьд биет огтхон ч аяндаа бий болдоггүй нь өөрчлөгдөшгүй зүй тогтол юм. Амьдрал аминаас л эхтэй. Төрж байдаг амьд биет эцэг эхийнхээ зан чанар, онцлог шинжийг дуурайдаг. Эцэг эхээс хүүхдэд өгдөг амьдралын замнал мөр өнөөгийн энэ үеийг хүртэл үргэлжилсээр л байгаа. Ингэхэд амьдралын замналыг эргэн харах юм бол эхэнд ямар оршихуй байдаг юм бол?
Есүс гучаад настайдаа үйлчлэлээ эхэлсэн бөгөөд хүмүүсийн боддогоор Тэр бол Иосефын хүү, Иосеф нь Елигийн, Ели нь Маттатын, … Давидын, … Иудагийн, Иуда нь Иаковын, Иаков нь Исаакийн, Исаак нь Абрахамын, Абрахам нь … Шемийн, Шем нь Ноагийн, Ноа нь Ламехын, Ламех нь Метуселагийн, Метусела нь Енохын, … Еношийн, Енош нь Сетийн, Сет нь Адамын, Адам нь Бурханы хүү болой. Лук 3:23-38
- Эх сурвалж
- Lee Jong-ho, Geniuses Who Beat Geniuses 1 (in Korean, 천재를 이긴 천재들 1), Geulhangari, 2007
- Kim Du-sik and Lee Hee-bong, Modern Understanding of Life Science (in Korean, 생명과학의 현대적 이해), Yonsei Univ. Press, 1990
- Gu Ja-hyeon, Pasteur’s Swan Neck Flask Experiment (in Korean, 파스퇴르의 백조목 플라스크 실험), Science Donga, August, 2005