
Урт удаан цөлийн амьдрал дуусгасны эцэст Канаан нутагт орсон израиль ард түмэн. Бурханы тушаал ёсоор овог овгоороо шавга хаяж нутгаа хуваарилж байв. Тэгэхэд Иорданы чанадад баруунтайд орших нутгийг хуваарилах ээлж болмогц Калеб Иошуа руу ирлээ.
“Эдүгээ би наян таван нас хүрлээ. Гэсэн ч Канаан нутгийг тагнасан дөчин настай байх үеийнх шигээ эрүүл чийрэг, хүч тэнхээтэй байна. Тэгэхээр өмнө нь Бурханы айлдсаны дагуу миний тагнаж байсан Хеброны уулархаг нутгийг надад өгөөч. Тэнд Анакийн үр удам болох аварга биетэй үндэстэн амьдардаг бөгөөд хот нь чанд бэхлэгдсэн гэдгийг мэднэ. Гэхдээ Бурхан надтай хамт байвал тэднийг зайлшгүй хөөн гаргаж чадах буй заа.”
Калеб дөчин таван жилийн өмнө Хеброныг өв болгон авах талаар Бурханаас амлалт авч байжээ. Тэрээр тэр үеийн амлалтыг мартаагүй байсан юм.
Түүний хүсэл зоригийг үзээд Иошуа Калебыг ерөөж, түүний хүссэн нутгийг түүнд өв болгон өгөв.
Канаан орох нь орсон ч Хеброн шиг хүчирхэг нутгуудыг хараахан эзэлж авч чадаагүй байх үед Калебын авахыг хүссэн газар нь дайн тулаан хийж байж л эзэлж авах боломжтой нутаг байлаа. Гэсэн хэдий ч нас ахисан Калеб үүнд сэтгэлээ огтхон ч чилээсэнгүй. Бурхан хамт байхад ямар ч газрыг эзэлж чадна гэдэгт баттай итгэж байсан юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нөхцөл байдал ч их өөрчлөгдсөн. Гэвч Бурханы амлалт зайлшгүй биелнэ гэдэгт итгэсэн Калебын сэтгэл хувирч өөрчлөгдөөгүй юм.
“… би өөрийн Бурхан ЭЗЭНийг байгаа бүхнээрээ дагасан.” Иош 14:8
Цаг хугацаа өнгөрч, орчин нөхцөл солигдсон ч Бурханы амлалт өөрчлөгдөнө гэж ер үгүй. Хувирч өөрчлөгдөж байдаг нь Бурханы амлалтанд итгэж найдах бидний сэтгэл л аж. Бүгдээрээ гагцхүү Бурханыг л дагацгаая. Яг л ямар ч эргэлзээ, айдас тээлгүй өөрт амлагдсанаа өвлөн авсан Калеб шиг!