Амийн амилалт ба ялын амилалт

32,558 үзэлт

Элч нартаа зааж өгсөн Есүсийн үнэний сургаалаас амийн амилалт ба ялын амилалтын талаар судлан үзэцгээе. Түүнчлэн өнөө үед бид хэрхэн тэрхүү амийн амилалтанд оролцох арга замыг олж мэдэцгээе.

“Үүнд бүү гайхагтун. Учир нь булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон гарч ирэх цаг ирж байна. Сайныг үйлдсэн нь амийн амилалд, муу муухайг үйлдсэн нь ялын амилалд байх болно.” Иох 5:28-29

Есүсийн сургаалаас харахад амийн амилалт ба ялын амилалт гэж байдаг нь тодорхой байна. Паул ч бас хоёр янзын амилалт байдаг талаар гэрчилсэн юм.

“Тэдний найддагийн адилаар зөвт ба зөвт бус хэн хэн нь амилна гэдэгт би ч Бурханд найддаг.” Үйл 24:15

Тэгвэл амийн ба ялын амилалт нь тус тус хэзээ биелэх юм бол?

Библийн зөгнөлөөр авч үзэхэд Бурханы 6000 жилийн авралын үйл хэрэг дуусах тэр өдөр амийн амилалт болох юм. Үүнээс 1000 жилийн дараа ялын амилалт болох аж.

“… Мөн Есүсийн гэрчлэл болон Бурханы үгээс болж цаазлуулагсдын сүнснүүдийг би харав. Тэд араатанд ба түүний хөрөгт мөргөөгүй, дух хийгээд гар дээрээ араатны тэмдгийг хүлээн аваагүй агаад тэд амилж, Христтэй хамт мянган жилийн турш хаанчилжээ. Үхэгсдээс үлдсэн нь мянган жилийг дуустал амилсангүй. Энэ бол анхны амилал юм. Анхны амилалд багтсан хүн ерөөлтэй агаад ариун юм. Хоёр дахь үхэл тэднийг захирах ямар ч хүчгүй аж. Харин тэд Бурханы ба Христийн тахилч нар болцгоож, Түүнтэй хамт мянган жил хаанчлах болно.” Илч 20:4-6

Амийн амилалтанд оролцох итгэгчдийн дотор махан биеэр үхсэн ч сүүлчийн шүүлтийн өдөр амилах итгэгчид бий. Мөн сүүлчийн үед үхэл үзэлгүй амьдаараа өөрчлөгдөх амьд итгэгчид ч бий (1Кор 15:51-52, 1Тес 4:16-17). Тэд амийн амилалтанд оролцон Христтэй хамт мянган жил хаанчлах юм. Мөн “Үхэгсдээс үлдсэн нь мянган жилийг дуустал амилсангүй” гэж хэлсний “үхэгсдээс үлдсэн” буюу анхны амилалд багтаагүй хүмүүс нь нөгөө хоёр дахь амилалт болох ялын амилалд оролцох юм. Тэд амийн амилалт болсноос мянган жилийн хойно буюу Адамын үеэс 7000 жилийн дараа шүүгдэхээр амилцгаах болно.

Диавол оёоргүй гүнд хоригдоно

Авралын 6000 жилийн үйл хэрэг дуусгавар болох сүүлчийн шүүлтийн өдөр амийн амилалт болно. Тэр үед диавол баригдан хүлүүлээд мянган жилийн турш оёоргүй гүнд хоригдох аж.

“Гартаа оёоргүй гүний түлхүүр, асар том гинжтэй тэнгэрэлч тэнгэрээс бууж ирэхийг би харав. Тэрээр Диавол буюу Сатан болох хуучны могой буюу лууг барьж хүлээд, мянган жилийн турш оёоргүй гүнд хаяжээ. Тэгээд мянган жил дуустал үндэстнүүдийг цаашид мэхлүүлэхгүйн тулд түүнийг түгжээд лацдав. Үүний дараа тэр ахархан хугацаанд суллагдах ёстой аж.” Илч 20:1-3

Авралын 6000 жилийн үйл хэрэг дуусах тэр өдөр диавол баригдан оёоргүй гүнд хоригдох юм. Үүний учрыг ойлгож мэдье гэвэл хуучин гэрээний Эвлэрүүлгийн өдрийн хуулинд гардаг Азазел ухны талаар судалж үзэх хэрэгтэй. Хуучин гэрээний үед Эвлэрүүлгийн өдрийн тахилд бух болон ухна зориулдаг байв. Хоёр ухнад зориулан шавга хаяж нэг ухныг нь нүглийн тахилд зориулах ба нөгөөг нь зэлүүд газар руу хөөж явуулах Азазел ухна болгодог.

Бухыг тэргүүн тахилч болон түүний нүглийн уучлалын төлөө зориулна. Харин ухныг ард түмний нүглийн уучлалын төлөөх тахилд зориулдаг байв. Эвлэрүүлгийн өдрийн энэхүү ёслол нь хожмын үйл хэргийн сүүдэр юм. Үүгээр тэнгэрийн ариун газрын Тэргүүн тахилч болсон Есүс Христ газар дээрх ариун газарт нүглийн тахилд зориулдаг бух, ухны цусны оронд Өөрийн цусыг урсган эвлэрүүлэл хийж, тэнгэрийн ариунаас ариун газарт орохыг харуулжээ.

“Харин ирэх сайн юмсын Тэргүүн тахилчаар Христ ирэхдээ (тэнгэр дэх) илүү агуу бөгөөд илүү төгс асраар нэвтрэв. Энэ асар гараар хийгдээгүй, өөрөөр хэлбэл энэхүү бүтээлийнх биш ажээ. Тэр (газар дээрх ариун газрын нүглийн тахил болох) ямааны болоод тугалын цусаар бус, харин мөнхийн золилтыг агуулан, Өөрийнхөө цусаар (тэнгэрийн ариунаас) ариун газарт нэгмөсөн бүгдийн төлөө орсон. … Учир нь жинхэнэ юмны хуулбар болох гараар хийгдсэн ариун газарт Христ ороогүй. …” Евр 9:11-24

Мөн Эвлэрүүлгийн өдрийн тахил болох хоёр ухны дээр шавга хаяхад нэг нь Азазел ухна болж сонгогдоно. Тахилч уг ухныг амьд байлгана. Тэгээд цус урсгах тахил дууссаны дараа тахилч амьд ухны толгой дээр хоёр гараа тавьж залбираад, Израилийн хөвгүүдийн бүх хилэнц, гэмт үйлдэл, бүх нүглийг түүн дээр улайж, тэдгээрийг ухнын толгой дээр шилжүүлээд, сонгогдсон хүний гараар ухныг хөтлүүлэн зэлүүд тал уруу явуулдаг байв (Лев 16:20-22).

Эвлэрүүлгийн өдрийн тахилын бух ба ухна нь Христийг бэлгэдсэн золиосын тахил байсан юм. Харин хүн төрөлхтний нүглийг эцэслэн үүрэх диаволыг Азазел ухна гэж илэрхийлдэг. Амралтын өдөр ба баяраар ард түмний нүгэл ариун газар гэж зүйрлэгдсэн Христэд шилжинэ. Тэгээд Эвлэрүүлгийн өдөр Азазел ухна гэж илэрхийлсэн диаволд шилждэг аж. Азазел ухна израиль ард түмний бүхий л нүглийг үүрсэн чигтээ зэлүүд газар руу хөөгдөж байсан шиг нүглийн эх үндэс болсон диавол ч мөн сүүлчийн үед хүн төрөлхтний бүх нүглийг үүрээд мянган жилийн турш оёоргүй гүнд хоригдох болно.

Диавол мянган жилийн турш хоригдоно

Диавол яагаад мянган жилийн турш оёоргүй гүнд хоригдох юм бол? Үүний хариултыг ч мөн хуучин гэрээний хуулиас мэдэж болно. Хуучин гэрээний хуулинд зургаан өдөр ажиллаад долоо дахь өдөр амардаг Амралтын өдрийн тогтолцоо гэж байсан. Мөн газар дээр зургаан жил тариалаад долоо дахь жилд нь тариалалгүй өнжөөдөг амралтын жилийн тогтолцоо гэж байв.

“Зургаан жил чи талбайдаа тариалж, зургаан жил усан үзмийн модоо танан, газрын ургацыг нь цуглуул. Харин долоо дахь жилд газар бүрэн Амралт эдэлж, ЭЗЭНий Амралт болог. … Газар Амралтын жилийг эдлэг.” Лев 25:3-5

Эрт цагт Иуда улсын ард түмэн Вавилонд олзлогдоход газар далан жилийн турш амралтын жилээ эдэлж байгаа мэт амарсан түүх байдаг. Учир нь Иуда орон Израилийн анхны хаан асан Саулын үеэс Вавилонд олзлогдох хүртлээ амралтын жилийг ер сахиагүй юм. Иймд Бурхан амралтын жилийг нэг дор сахиулсан хэрэг. Үүн шиг энэ газар дэлхий Адамын үеэс 6000 жилийн турш бүрэн амралт эдлээгүй байгаа. Тиймээс авралын 6000 жилийн үйл хэрэг дуусвал энэ газар мянган жилийн турш нэгмөсөн амрах юм. Хүн төрөлхтний авралын 6000 жилийн үйл хэрэг дуусахад газар дэлхий амралтын мянган жилтэйгээ золгохыг зургаан өдрийн бүтээл ба долоо дахь өдөр амарсан зүй тогтлоор Бурхан харуулсан аж.

Хаанчлах ариун хүмүүс

Диавол оёоргүй гүнд хоригдох тэр үед амийн амилалт болно. Тэгээд диаволыг оёоргүй гүнд хоригдох хойгуур амийн амилалтанд оролцсон итгэгчид Христтэй хамт мянган жил хаанчлах юм.

“… Мөн Есүсийн гэрчлэл болон Бурханы үгээс болж цаазлуулагсдын сүнснүүдийг би харав. Тэд араатанд ба түүний хөрөгт мөргөөгүй, дух хийгээд гар дээрээ араатны тэмдгийг хүлээн аваагүй агаад тэд амилж, Христтэй хамт мянган жилийн турш хаанчилжээ. … Харин тэд Бурханы ба Христийн тахилч нар болцгоож, Түүнтэй хамт мянган жил хаанчлах болно.” Илч 20:4-6

Шинэ гэрээ сахин итгэлийн амьдралаар амьдарч байгаад махан биеэ тайлсан ариун хүмүүс болон сүүлчийн үед шинэ гэрээ сахин итгэлийн амьдралаар амьдарч байгаа итгэгчид амийн амилалтанд оролцох аж. Шинэ гэрээний Алгасал баяр сахин Христийн цусаар аврал авсан итгэгчид гэм нүглийн уучлал аваад, үхэшгүй мөнх амийн биетэй болох юм.

“Үхлийн хатгуур нь нүгэл. Нүглийн хүч нь хууль юм.” 1Кор 15:56

Мөнх амьдарна гэдэг нь үхэл байхгүй, нүгэлгүй болсон байдлыг хэлж байна. Түүнчлэн үхлийн хууль тэднийг захирч чадахгүй, төгс бүтээл болно гэсэн утгатай.

Тиймээс шинэ гэрээ буюу Христийн цусаар аврал авсан итгэгчид цаашид үхлийн хуулинд захирагдахгүй. Мөн тэд нүгэл үйлдэж чадахаа ч болино.

Энэ мэт амийн амилалтанд оролцсон итгэгчид тэнгэрийн орны хаан тахилч нар болно. Мөн тэд тэнгэрийн ард түмэн болох тэнгэр элч нарыг шүүнэ.

“… Эсвэл ертөнцийг ариун хүмүүс шүүнэ гэдгийг та нар мэддэггүй юм уу? … Бид тэнгэрэлч нарыг шүүнэ гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгвэл энэ амьдралын аар саар хэрэг тэрнээс чинь бэрх гэж үү?” 1Кор 6:1-3

Аврал авах ариун хүмүүс тэнгэр элчийг шүүнэ гэсэн нь хааны байр сууринаас шүүхийг хэлж байна. Хуучин гэрээний үед хаан ард түмнийг шүүдэг байсан түүх лүгээ адил төгс болсон ариун хүмүүс төгс бус тэнгэр элч нарыг шүүнэ гэсэн үг. Тиймээс бидэнд даатгагдсан сайн мэдээний ажлыг тэнгэрийн тэнгэр элч нар ч харахыг хүсдэг гэсэн байдаг.

“Тэнгэрээс илгээгдсэн Ариун Сүнсээр та нарт сайнмэдээг номлосон хүмүүсээр дамжуулан эдүгээ та нарт тунхаглагдсан эдгээр зүйлийн тухайд эш үзүүлэгчид өөрсдөдөө бус, харин та нарт үйлчилж байсан болох нь өөрсдөд нь илчлэгдсэн юм. Тэнгэрэлчүүд ч үүнийг харахыг хүсдэг.” 1Пет 1:12

Ялын амилалт

Диаволын оёоргүй гүнд хоригдох хугацаа, нөгөөтэйгүүр амийн амилалтанд оролцсон ариун хүмүүсийн хаанчлах хугацаа болох мянган жил дуусахад ямар үйл хэрэг өрнөх бол? Хоёр дахь амилалт буюу ялын амилалт болох юм. Тэгээд диавол шоронгоос суллагдан ёрын муу үндэстнүүдийг мэхлэх ажилдаа орно.

“Мянган жил төгсөх үед Сатан шоронгоосоо суллагдан, дэлхийн дөрвөн өнцөгт буй үндэстнүүдийг, Гог болон Магогийг мэхлэн, тэднийг дайнд цуглуулахын тулд гарч ирнэ. …” Илч 20:7-8

Мянган жилийн дараа Сатан шоронгоос гарч ёрын муу үндэстнүүдийн амилахыг нь хараад, тэднийг мэхлэн Бурханы эсрэг дайтахыг дээр дурдсан байна. Дэлхийн зүй тогтлоор авч үзвэл энэ нь аливаа гэмт үйлдлийг хэргийн газар дээр нь шалгаж тогтоохтой адил. Гэмт хэрэгтэн шүүхийн ял сонсохоос өмнө өөрийн хийсэн гэмт үйлдлээ газар дээр нь биечлэн үзүүлдэг шиг, Сатан төдийг хүртэл ёрын муу үндэстнүүдийг хэрхэн мэхэлж Бурханд дайсагнуулж ирснээ бүрэн тайлагнан, биетээр үзүүлэх болно. Үүний дараа Бурханы гал бууж ирээд тэднийг сүйрүүлнэ.

“… Тэнгэрээс гал бууж тэднийг залгив. Тэднийг мэхэлсэн диавол хүхэр бүхий галт нуурт хаягдлаа. …” Илч 20:9-10

Ийнхүү шүүгдэхээр ёрын муугийн үндэстнүүд хоёр дахь амилалтаар гарч ирцгээнэ.

Үеийн үед хаанчилна

Эхний амилалт нь амийн амилалт бөгөөд энэ нь авралын 6000 жилийн үйл хэрэг дуусгавар болох сүүлчийн өдөр биелэх болно. Харин хоёр дахь амилалт нь ялын амилалт бөгөөд энэ нь амийн амилалтаас хойш мянган жилийн дараа болох аж. Тиймээс авралын үйл хэрэг эхэлснээс эхэлж тооцон 7000 жил болоход диавол болон ёрын муугийн үндэстнүүд галт нууранд хаягдсанаар бүх зүйл дуусгавар болно.

Амийн амилалтанд оролцсон итгэгчид мянган жил хаанчлаад дараа нь яах бол? Библид аврал авах ариун хүмүүсийг үеийн үед хаанчилна хэмээн зөгнөсөн байдаг.

“… Тэгээд тэд үеийн үед хаанчилна.” Илч 22:5

Үеийн үед хаанчилна гэсэн атал Илчлэл 20-р бүлэгт мянган жилийн турш хаанчилна гэж илэрхийлсний учир нь диавол ба ёрын муугийн үндэстнүүд галт нууранд орох хүртэл мянган жил шаардагдах аж.

Эхлэл 1-р бүлгийн зургаан өдрийн бүтээлийн түүхийг судлаад үзэхэд долоо дахь өдөр нь эхний зургаан өдрөөсөө өөр байдаг. “Үдэш болоод, өглөө болжээ. Тэр нь долоо дахь өдөр” гэсэн үг байдаггүй. Учир нь зөгнөлийн хувьд долоо дахь өдрөөр хамгийн сүүлд биелэх хэзээ ч дуусашгүй мөнхийн амралтыг бэлгэдсэн юм. Аврал авах ариун хүмүүс мянган жилийн амралт эдэлсний дараа мөнхийн амралтанд орцгооно.

Сая анхны сүмийн ариун хүмүүс амийн амилалт ба ялын амилалтын тал дээр ямар үзэл ойлголттой байсныг судалж үзлээ. Амийн амилалтанд оролцсон итгэгчид Христтэй хамт мянган жилийн турш хаанчилсны дараа хоёр дахь амилалтаар гарч ирэгсэд шүүгдэн галт нуурт хаягдана. Харин ариун хүмүүс үеийн үед хаанчлан яруу алдар эдлэх болно.

Тэгвэл бид амийн амилалтанд хэрхэн оролцох вэ? Христтэй хамт хаанчилъя л гэвэл Христийн сургаалыг дагах нь нэн чухал. Ялангуяа эцсийн өдөр амилах итгэгчид “Есүсийн махыг идэж, Есүсийн цусыг уугаарай” гэсэн амлалтыг нь зайлшгүй сахих ёстой (Иох 6:53-54, Мат 26:17-28). Мөн Христийн үзүүлсэнчлэн Бурханд итгэх, дуулгавартай байх, тунхаглах, Христийн биечлэн сахисан тушаалыг нь сахих, өөрийгөө дорд болгон үйлчлэх, бусдыг өөрөөсөө дээр гэж үзэх гэх мэт сургаалыг нь дагах хэрэгтэй. Тийнхүү Христийн ул мөрийг дагаад амийн амилалтанд оролцоцгооё.