Бурханы Хүү

33,331 үзэлт

Анхны сүмийнхэн Христийн талаар ямар үзэл ойлголттой байсан бэ? Анхан үеийн христчүүдийн мэдэж байсан үнэн хийгээд үзэл ойлголтын талаар авч үзье. Шинэ хуучин гэрээний бүхий л зөгнөлийг цогц байдлаар нь судлаад үзэхэд, үнэн хэрэгтээ Есүс Христ бол махан бие өмсөн энэ газарт ирсэн Бурхан юм. Харин тэрхүү төгс хүчит Бурхан энэ газарт ирэхдээ яагаад Өөрийгөө Хүү, Бурханыг Эцэг гэсэн юм бол?

“Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж Хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно. Тэр Хүү аугаа Нэгэн болох ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана. …” Лук 1:31-32

Энэ газарт махан бие өмсөн ирсэн Бурхан буюу Есүс нь Бурханы хувиар биш, харин Бурханы Хүүгийн хувиар амьдарч байв. Учир нь Тэрээр биднийг Бурханы хүү буюу хүүхдүүд болгохыг хүссэндээ тэр. Үнэн хэрэгтээ яавал Бурханы хүү болох талаар хэн ч мэдэхгүй. Тиймээс Бурхан Өөрөө Хүүгийн хувиар ирж, Бурханы Хүүгийн байр сууринаас жишээ үзүүлсэн юм.

“Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайл өгөв.” Иох 13:15

Есүс биднийг ч мөн үйлд гэсэндээ дуурайл үзүүлсэн нь, бас Есүсийн бүхий л үйлс нь үнэндээ Бурханы хүү болсон хүний хувьд хийх ёстой үйлс байсан юм. Христийн жишээг дагахгүй бол Бурханы хүү болж чадахгүй, тэнгэрийн оронд ч орохгүй.

Бурханыг Эцэг гэж дуудсан нь

Бид Бурханыг Эцэг гэж дуудах боломжтой болсон нь ч Есүс ингэж дуурайл үзүүлсэн болохоор тэр юм.

“Тиймд ийнхүү залбир. “Тэнгэр дэх, бидний Аав аа, Таны алдар ариунаар дуурстугай.” Мат 6:9

Есүс ирээд Бурханыг Аав, Эцэг гэж дуудан жишээ үзүүлсэн тул итгэгчид ч мөн Бурханыг “Эцэг минь” гэж дууддаг болсон.

Бурханы хүүхдүүдэд ирдэг сорилт

Есүс баптисм хүртээд диаволд соригддог. Бурханы хүүхдүүдэд ирдэг сорилтыг ямар итгэлээр ялж болох жишээг Тэрээр Өөрийн биеэр үзүүлсэн аж (Мат 4:1-11).

Махан биеийн хоол хүнсээр сорих үед нь Есүс “Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэсэн үгээр ялдаг. Сүмийн орой дээрээс доош үсэр гэсэн сорилтонд Тэр “Бурхан Эзэнээ бүү сорь” гэж бас бичигдсэн байдаг гэсэн үгээр ялсан юм. Мөн ертөнцийн бүх хаанчлал болон сүр хүчийг нь үзүүлээд өөрт нь сөхрөн мөргөвөл энэ бүхнийг өгнө гэсэн сорилтонд Есүс “Зайл, Сатан аа! Бурхан Эзэндээ чи мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” гэсэн үгээр Сатаныг няцаан хөөсөн байдаг. Бид ч бас баптисм хүртэн итгэлийн цөлийн амьдралаар замнах хугацаанд янз бүрийн сорилттой нүүр тулгарах нь бий. Энэ нь Бурханы хүүхэд болохын тулд бидэнд зайлшгүй тулгарах л ёстой явц байдал юм.

Биднийг ямар итгэлээр сорилтыг ялж Бурханы хүү болох вэ гэдэг жишээг Есүс бидэнд биечлэн үзүүлсэн.

Бурханы тушаал сахисан нь

Бурханы хүү мөн л бол бид Бурханы тушаалыг дагах учиртай.

“Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь.” Иох 14:15

Бурханы хүүхдүүд Бурханыг хайрладаг учир Бурханы тушаалыг дагахдаа баярлана. Харин Бурханы хүү биш бол Бурханы тушаалыг чухалд үзэхгүй, хүний тушаалыг эрхэмлэнэ.

Тиймээс Есүс заншсан ёсоороо Амралтын өдрийг сахисан ба (Лук 4:16) Түүний үзүүлсэн жишээг хүлээн авсан элч нар ч Амралтын өдрийг заншил ёсоор сахидаг байв (Үйл 17:2).

“Есүстэй хамт Галилаас ирсэн эмэгтэйчүүд нь дагаж, булш болон Түүний цогцсыг тэнд хэрхэн тавихыг харав. Тэд буцаж ирээд, анхилуун үнэртэн ба үнэрт тос бэлджээ. Амралтын өдөр тэд тушаалын дагуу амрав.” Лук 23:55-56

Есүс мөн Алгасал баяр сахих жишээ үзүүлсэн тул анхны сүмийн итгэгчид Алгасал баярыг ариунаар сахидаг байжээ.

Есүст Өөрт нь Амралтын өдөр, Алгасал баяр зэрэг тушаал хэрэгтэй учраас сахисан юм биш. Хайртай ард түмнээ Бурханы хүү болгохын төлөө л Тэрээр Бурханы хүү болох хүний хувьд сахивал зохилтой тушаалуудыг биечлэн сахидаг байлаа.

Хүүхдүүддээ үзүүлсэн дуулгавартай байдлын жишээ

Бурханд туйлын дуулгавартай байсан жишээнүүдийг Есүсийн үйлсээс харж болно.

“Харин бэлэг бол алдаа зөрчилтэй адилгүй. Хэрэв ганц хүний алдаа зөрчлөөс болж олон хүн үхсэн бол, тэгэх тусмаа Бурханы нигүүлсэл болон Есүс Христ гэгч ганц Хүний нигүүлслээр ирсэн бэлэг нь олон хүнд бялхсан юм. … Учир нь ганц хүний дуулгаваргүйгээс болж олон нь нүгэлтэн болсны адил Ганцын (Христ) дуулгавраас болж олон нь зөвт болгуулна.” Ром 5:15-19

Бурхан энэ газарт махан биеэр ирээд Бурханд дуулгавартай байх үед Тэрээр Бурханы бус Хүүгийн байр сууринд байлаа. Бурханд туйлын дуулгавартай байж гэмээнэ Бурханы хүү болох учир Есүс Өөрөө Хүүгийн байр сууринд байж дуулгаврын жишээ үзүүлсэн юм.

“Тэрээр Хүү нь байсан хэр нь зовсон зүйлсээсээ дуулгаварт суралцсан. Тэр төгс болгогдсоноороо Өөрт нь дуулгавартай байдаг бүхэнд мөнх авралын эх үндэс нь болсон бөгөөд…” Евр 5:8-9

Хаан тахилчийн хувьд үзүүлсэн жишээ

Бурхан Израиль улсад тахилчийн албан үүргийг хариуцан гүйцэтгэхийг леви овгийнхонд тушаасан байдаг. Мөн иуда овгийнхон хаан ширээ залгамжилдаг уламжлалтай байв. Тиймээс нэг хүнд эсвэл нэг овгийнхонд хааны болон тахилчийн үүргийг давхар гүйцэтгэх боломж өгөгддөггүй байв.

Харин Есүс энэ газарт ирэхдээ иудейчүүдийн Хаан болж (Мат 2:1-2, Иох 18:33-37), Мелхизедекийн хэргэмийн дагуу Тэргүүн тахилчийн албан үүрэгтэй ирсэн байдаг (Евр 5:6-10). Есүс яг л Өөр шиг нь үйлдсэн хүн Бурханы хүү, мөн тэнгэрийн хаан тахилч болно гэдгийг харуулж өгчээ.

“Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм.” 1Пет 2:9

“… Харин тэд Бурханы ба Христийн тахилч нар болцгоож, Түүнтэй хамт мянган жил хаанчлах болно.” Илч 20:6

Аврал авах ард түмэн тэнгэрийн хаан тахилч болох үед Христ Өөрөө хаадын Хаан, эздийн Эзэн болох юм.

“Тэд Хурганы эсрэг дайн хийх бөгөөд Хурга тэднийг ялах болно. Учир нь Тэр бол эздийн Эзэн, хаадын Хаан билээ. Түүнтэй хамт байгчид нь дуудагдсан, сонгогдсон, итгэмжит хүмүүс юм гэв.” Илч 17:14

Өв залгамжлах хүү

Энэ дэлхийд ч хүү нь эцгийнхээ өвийг залгамжлах эрхтэй байдаг. Үүн шиг Бурханы хүү болбол бид Бурханаас тэнгэрийн өвийг авна.

Есүс бидэнд тэнгэрийн өв залгамжлан авах Бурханы хүү болох аргыг зааж өгөхийн тулд Өөрөө Бурханы Хүүгийн хувиар энэ газарт ирсэн.

“Гэхдээ хэдийгээр өв залгамжлагч нь бүгдийн эзэн мөн боловч хүүхэд байхдаа зарцаас ялгагдах юмгүй байдаг. … Харин цаг нь болоход эмэгтэй хүнээс хуулийн дор төрөх Хүүг Бурхан илгээсэн юм. Энэ нь хуулийн дор байгсдыг золихын тулд юм. Ингэснээр бид үрчлэлийг хүлээн авах юм. Та нар бол хөвгүүд нь мөн тул, Бурхан Өөрийн Хүүгийн Сүнсийг бидний зүрхэнд илгээсэн байна. Тэр Сүнс “Ааба, Аав аа” гэж дууддаг. Тиймээс чи цаашид зарц биш, харин хүү нь юм. Хэрэв хүү нь юм бол Бурханаар дамжин өв залгамжлагч нь ч бас мөн.” Гал 4:1-7

Бид Бурханы өвийг залгамжлах Бурханы хүү болъё л гэвэл Есүс Христ шиг байх хэрэгтэй. Есүс Христ Бурхан атлаа биднийг Бурханы хүү болгохын тулд хүүгийн хувьд туулах ёстой амьдралыг Өөрийн биеэр туулсан юм.

Есүсийн алхсан зам бол Бурханы хүү болох бидний туулах ёстой зам мөр. Бурханд хандан “Эцэг минь!” гээд залбирч байсан нь, бас Бурханаас нулимс дуслуулан гуйж байсан нь, Бурханы тушаалыг сахихдаа баярлаж, зовлонгийн бэрх замд ч Бурханд дуулгавартай байхыг эрхэмлэсэн нь гээд Есүсийн бүхий л амьдрал бидний дагаж алхах ёстой зам мөр юм. Мөн Бурханы хүүгийн хувьд бидний туулах л ёстой амьдрал юм.

Христ бол Бурхан

Есүс хэдий махан биен хувцас өмссөн ч Бурхан мөн. Мөн сүүлчийн үед илчлэгдэх нь зөгнөөтэй байгаа Сүнс болон Сүйт бүсгүй ч мөн биднийг Бурханы хүү болгохоор энэ газарт ирсэн Бурхад юм. Тиймээс Христийг ухаарсан хүмүүс Есүсийг “Бурхан” гэж илэрхийлсэн байдаг.

“Эцгүүд ч тэднийх, Христ ч мах биеэрээ тэднээс гаралтай юм. Тэр бол бүгдийн дээр оршигч, үүрд мөнхөд магтагдах Бурхан мөн. Амен.” Ром 9:5

“… Бид тэрхүү үнэн Нэгэн болох Түүний Хүү Есүс Христийн дотор байна. Тэр бол үнэн Бурхан бөгөөд мөнх амь билээ.” 1Иох 5:20

Бидний туулах ёстой зам

Тэнгэрт гэм нүгэл үйлдсэн өрөвдөлтэй хүүхдүүдээ дахин хүүгээ болгохоор Бурханы хүү хэрхэн болох аргыг биечлэн зааж жишээ үзүүлсэн Бурхан. Хүүхдүүдтэйгээ адилхан нүгэлтний хувцас өмсөөд, хүүхдүүдтэйгээ адилхан байр байдалд байж, Бурханы хүүгийн хувьд алхах ёстой жимээр алхсан бидний Бурхан.

Бурханы яруу алдар, хүч чадлыг бүрэн эзэмшсэн чигтээ хүүгийн хувьд туулах ёстой замаар Есүс алхсан бол бид зүгээр л харахаас хэтрэхгүй байх байсан. Түүнчлэн хүү нь болъё гэхээсээ ч няцахад хүрнэ. Харин бидэнтэй адилхан төрхөөр хувирч, бидэнтэй адилхан мөхөс хүчийг аван байж Бурханд дуулгавартай байхын жишээг, Бурханы хүү болох жишээг үзүүлсэн болохоор бид хэрхэн энэ замаа орхиж болох билээ?

Анхны сүмийн итгэгчид ийм л ухамсар, ийм л үнэнийг уламжилж, махан бие өмсөөд энэ газарт ирсэн Христийг Бурхан хэмээн итгэж Христийг тунхаглаж байв. Анхны сүмийн итгэгчдэд байсан ухамсар, үнэн л биднийг мөнхийн тэнгэрийн хаанчлалд аваачих юм. Үүн шиг сүүлчийн үед амьдарч байгаа бид ч энэ үеийнхнийг аврахаар ирсэн Христ болох Сүнс болон Сүйт бүсгүйг Бурхан гэдэгт итгээд Бурханыхаа яруу алдрыг гаргацгаая.