Оюутан сайн дурынхны ASEZ байгууллага НҮБ-ын Иргэний нийгмийн 68 дугаар бага хуралд оролцов
Тогтвортой хот, тогтвортой нийгмийг бүрдүүлэхэд залуучуудын үүргийн талаар хэлэлцэв
АНУ
Эрүүл дэлхий, аз жаргалтай нийгмийг цогцлоохын төлөө оюутны хотхоны хүрээнд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж ирсэн Бурханы сүмийн оюутан сайн дурынхны ASEZ байгууллага 8 сарын 26-аас 3 хоногийн хугацаатай зохиогдсон НҮБ-ын Иргэний нийгмийн 68 дугаар бага хуралд НҮБ-ын урилгаар оролцжээ. Энэхүү хурал нь (НҮБ-ын DPI‧NGO бага хурал) НҮБ-ын зүгээс зохион явуулдаг, иргэдийн төлөөлөл олноороо оролцдог томоохон хурал чуулган юм. Жил бүр 100-гаад улс орны 700 орчим иргэд, мөн иргэдийн байгууллагын төлөөлөгчид оролцдог байна. Уг хурлаар форум, семинар, үзэсгэлэн зэрэг олон хөтөлбөр явуулж, цаг уурын өөрчлөлт, хүний эрх, сайн дурын ажил гэсэн томоохон сэдвүүдээр хэлэлцүүлэг явуулдаг ажээ.
АНУ-ын Юта мужийн Солт Лейк Сити хотын Солт Палас Конвейншн төвд зохиогдсон энэ оны бага хурал “Хүртээмжтэй, тогтвортой хот, тогтвортой нийгмийг бүтээн босгох” гэсэн сэдвийн хүрээнд явагджээ. Өнөөгийн байдлаар дэлхийн хүн амын тэн хагас нь амьдардаг, түүнчлэн 2050 он гэхэд хүн амын 68% нь оршин суух магадлалтай томоохон хотуудын элдэв асуудлыг шийдвэрлэх, орчин тойрныг нь засаж сайжруулах ажил бол хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа чухал асуудлын нэг. 28-ны өдөр ASEZ “Залуучуудын шинэчлэл ба сайн дурын ажил” гэсэн сэдвээр асуудал дэвшүүлэн, тогтвортой хот бий болгоход залуучуудын үүрэг юу болохыг тодорхойллоо.
НҮБ-тай хамтран ажилладаг орон орны иргэдийн байгууллага, их дээд сургуулийн багш профессор, оюутан залуус нийлсэн 250 орчим хүн уг арга хэмжээнд оролцжээ. ASEZ-н үйл ажиллагаанд ямагт анхаарлаа хандуулан хамтран ажиллаж ирсэн НҮБ-ын Юта муж дахь салбарын тэргүүн Кэтрин Сент Жон болон Ютагийн их сургуулийн Бенион Коммюнити төвийн захирал Дин Мак Говерн нар илтгэл тавив. Уг хоёр илтгэгч хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолж байв. Шинэлэг залуу үе, туршлагатай ахмад үеийнхэн хамтран ажиллахад сайн дурын ажил үйлчилгээ хамгийн үр өгөөжтэй болдог гэсэн үг. Мак Говерн захирал “Олон хүн зүрх сэтгэл оюун ухаанаа зориулж, гар бие оролцох хэрэгтэй энэ үед ASEZ-нхан олныг нэг дор цуглуулахад асар чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Цаашдаа ч та бүхнээс тогтвортой үйл ажиллагаа явуулахыг хүсье” хэмээв. Дараа нь залуучуудыг төлөөлж Солт Лейк Сити дэх ASEZ-н оюутан Сидней Рожерс илтгэл тавив. Тэрээр “Залуу хүнд эрх чөлөө, боломж бололцоо хангалттай бий. Иймд залуучууд маань өөрсдөд байгаа давуу талаа ашиглан, дэлхий ертөнцийг өөрчлөхийн төлөө хичээх юм бол хүн төрөлхтөнд тулгараад байгаа элдэв асуудлыг шийдвэрлэх шинэлэг арга зам олж болох юм” хэмээн илтгэлдээ дурдсан нь оролцогчдын дэмжлэгийг хүртэв.
Түүнчлэн ASEZ бага хурлын үеэр НҮБ-ын Юта муж дахь салбар гэх мэт олон байгууллагатай MOU гэрээ байгуулав. Арга хэмжээний дараа ч ASEZ 9 сарын 8-ны өдөр АНУ-ын Денвер хотын “Doubletree Grand Ballroom”-д цаг уурын өөрчлөлттэй тэмцэх сэдвийн хүрээнд форум зохион байгууллаа. ASEZ энэ мэтчилэн тогтвортой хот, тогтвортой нийгмийн сүлжээг бий болгож, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна.