March 15, 2021

Монгол нэгдсэн чуулган онлайн Библийн семинар зохион байгуулав

“Алгасал баярын далд нууц”, “Тэнгэрийн хаанчлал ба Алгасал баяр” гэсэн сэдэвт семинарыг шил дараалан явуулж 2000 хүн оролцжээ

Монгол

756 Үзсэн тоо

“Ковид-19”-н тархалт Монгол улсад эрчимтэй байгаатай холбогдуулан өнгөрсөн оны хоёрдугаар сараас улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоожээ. Монгол дахь Бурханы сүмийн итгэгчид өнгөрсөн нэг жилийн турш засгийн газраас гаргасан халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээрийн дүрмийг ягштал мөрдөн, мөргөл болон сургалтыг онлайнаар явуулж байсан аж. Итгэгчид энэ хугацаанд “Ковид-19” халдварт өвчний улмаас өдөр хоногийг хүндхэн өнгөрүүлж байгаа иргэдэд маск болон хүнсний бүтээгдэхүүн хандивлах, амттан хүргэх зэргээр тусламжийн гар харамгүй сунгасаар иржээ.

Хүйтний эрч суларч хавар хаяанд тулж ирсэн 2 сарын 28-ны өдөр. Монгол нэгдсэн чуулганаас Алгасал баярыг тохиолдуулан онлайн Библийн семинар явуулсан нь улсын хэмжээнд зохион байгуулсан анх удаагийн онлайн Библийн семинар байсан юм. Гэсэн хэдий ч элдэв гамшиг ар араасаа ирж байгаа өнөө үед авралын үнэнийг олон хүнд мэдүүлэхийн төлөө итгэгчид нэг зүрх сэтгэлээр залбирч семинартаа бэлдсэн байна.

Арга хэмжээний өдөр семинар явуулсан Улаанбаатар Зайсан сүмд хөтлөгч, илтгэгч болон зураг авалтын багийн цөөн хэдэн итгэгч цуглав. “Алгасал баярын далд нууц” гэсэн сэдвийн дор үдийн 12 цаг 30 минутаас эхэлж нэг цагийн турш үргэлжилсэн уг семинарыг видео хурлын програм ашиглан шууд явуулж, нийгмийн бүхий л салбарынхны таашаалыг хүлээсэн байна. Итгэгчид онлайн урилгыг ар гэрийнхэн болон танилууддаа илгээж, тэдний урилгыг хүлээн авсан 500 орчим хүн семинарт нэгджээ. Ойролцоогоор 1000 хүн уг семинарыг үзэж сонирхсон байна.

Семинарын үеэр илтгэл тавьсан итгэгчид гамшиг дээгүүр өнгөрүүлэх авралын амлалттай Алгасал баярын талаар Библиэр зааж мэдүүлсэн юм. Египетээс гарах үед Алгасал баярыг сахиж гамшгаас аврагдсан израиль ард түмний түүхэн жишээнүүдээс эш татсан нь оролцогсдод ойлгоход дөхөж байв.

Тэд онлайн илтгэлийг анхааран сонсож Алгасал баярын чухлыг ухааран, энэ жилийн Алгасал баярыг хамт тэмдэглэхийг хүсэж байгаагаа дуу нэгтэй ярьж байсан аж. Уг семинарт танилынхаа урилгаар суусан Эрдэнэчимэг (нягтлан) “Өнгөрсөн түүхэнд Алгасал баярыг тэмдэглээд гамшгаас аврагдаж байсан нь сэтгэлд хоногшиж үлдлээ. Энэ үед Алгасал баярыг хэрхэн сахих ёстой талаар Библиэс илүү их мэдмээр байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцана.

Мөн 3 сарын 15-ны өдөр “Тэнгэрийн хаанчлал ба Алгасал баяр” гэсэн сэдвээр 2 дахь онлайн Библийн семинарыг зохион байгуулжээ. Библи дэх Алгасал баярын үнэнийг мэдүүлж, Бурханы сүмийн талаар зөв ойлголт бий болгоход чиглэсэн уг арга хэмжээнд 930 орчим хүн оролцсон байна. Улс эх орныхоо аюулгүй байдлыг сахин хадгалж, Бурханы хамгаалалтыг авахын тулд Хезекиа хаан “Алгасал баярыг сахиарай” гэж Израиль даяар зарлага элчээ илгээж байсан түүхтэй. Үүн шиг итгэгчид ч мөн авралын үнэн Алгасал баярыг Монгол орон даяар, цаашлаад бүр дэлхий дахинд илүү эрчимтэй тунхаглана гэсэн шийдвэр өвөрлөсөн ажээ.