Өнгөрсөн хугацаанд хийсэн сайн мэдээний ажил үйлсээ эргэн нэг харахад сайн үр дүнд хүрсэн салбар сүм бүрд нэг нийтлэг тал байлаа. Нөхцөл байдлын хувьд туйлын хүнд байлаа ч Бурханы ерөөлийг дагуулахаас өөр аргагүй сэтгэл хийгээд үйлс тэдэнд байсан юм. Үүгээрээ Бурханы сэтгэлийг хөдөлгөжээ.
Сайн мэдээ нь Бурханы ерөөлгүйгээр ганц ч алхам урагшлахгүй. Учир нь энэхүү авралын түүхэнд ерөөлийн ундарга болох тэнгэр Эцэг Эхгүйгээр биелэх юм нэгээхэн ч үгүй. Тэнгэр Эхийн ерөөл дунд урд маань ерөөлтэй ирээдүй цэлийнэ гэдэгт итгээд, Бурханы бялхам ерөөлийг яавал хальтал авч чадах вэ гэдгийг үзэцгээе.
Бурханы сүм нэр хүндтэй дээд шагнал дараалан хүртсэн, НҮБ-ын дээд хэмжээний уулзалтанд уригдсан гээд улс үндэстнүүдээс магтаал, алдар нэр олж байгаа. Энэ мэт гайхамшигтай түүхийн ард Бурханы үгэнд дуулгавартай хүнд ерөөлөө соёрхоно гэсэн Бурханы амлалт бий.
“Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байж, миний өнөөдөр чамд тушааж буй Түүний бүх тушаалыг хичээнгүйлэн дагаж мөрдвөөс ЭЗЭН Бурхан чинь чамайг газар дэлхий дээрх бүх улс үндэстний дээгүүр өндөрт тавина. Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байвал энэ бүх ерөөл чам дээр бууж, чамд хүрнэ. Чи хотод ч ерөөгдөнө, хөдөөд ч ерөөгдөнө. Биеэс чинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, мал амьтдын чинь төл, үхэр, хонины чинь төл ерөөгдөнө. Чиний сагс, талх исгэдэг сав ерөөгдөнө. Чи орохдоо ч ерөөгдөнө, гарахдаа ч ерөөгдөнө. Чиний эсрэг босох дайснуудыг ЭЗЭН чиний өмнө ялагдахад хүргэнэ. Тэд чам уруу нэг замаар довтолж, чамаас долоон замаар зугтана. ЭЗЭН чиний тариа будааны агуулах, гарын чинь ажил үйл бүрд ерөөл айлдана. ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газарт Тэр чамайг ерөөнө. Хэрвээ чи ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сахиж, Түүний замаар явбаас ЭЗЭН чамд тангарагласан ёсоороо чамайг Өөрийн ариун ард түмэн болгон байгуулна. Тэгвэл чамайг ЭЗЭНий нэрээр дуудагдахыг газар дэлхий дээрх бүх ард түмэн хараад, чамаас айх болно.” Дэд.Хуу 28:1-10
Библид Бурханы тушаалыг дагаж мөрдвөл бүх улс үндэстний дээгүүр өндөрт тавина, Бурханы үгэнд дуулгавартай байвал бялхам ерөөл ирнэ гэж зөгнөсөн байна. Бурхан энэ мэт ерөөл хүртэгч хүмүүсийн авах агуу их яруу алдрын талаар амлалтын баттай үгээ ч айлдсан байдаг.
Энэхүү амлалт ёсоороо Бурхан аль ч үед үгэнд нь дуулгавартай байсан хүнд алив ерөөлийг соёрхсон. Ариун Сүнсний үед амьдарч байгаа бид ч бас өнөө үед Бурханы энэ үг бүрэн биелэхийг харж байгаа. Бурхан биднийг дэлхийн улс үндэстнүүдийн дээгүүр өндөрт тавьж байна. Бидний хүчээр ч, өөр хэн нэгний ачаар ч авч чадахааргүй үлэмж их яруу алдрыг Бурхан зөвхөн үгэнд нь дуулгавартай хүүхдүүддээ л соёрхсон юм. Энэ бүх ивээлтэй үйл хэрэг Бурханы ерөөлөөр л бүтсэн ажээ.
21-р зуун гарснаар эрдэмтэд хүний биеийн ДНХ-н үндсэн дарааллыг шинжлэн генетикийн зураглалыг хийж дуусгасан. Тэгснээр эдгэршгүй өвчнийг анагаах зам нээгдэж, тун удахгүй зохиомол амьд биет, цаашлаад хүнийг ч бас хүний хүчээр бүтээж чадна гэж хэлээд дэлхийд шуугиан дэгдээсэн. Тэр хүмүүст Бурхан ингэж хэлнэ.
“Би тоос шороогоор хүнийг бүтээсэн атал та нар хүнийг бүтээнэ гэв үү? Тэгвэл Миний тоос шороогоор биш та нар өөрсдийн тоос шороогоор бүтээ.”
Бурханы бүх юмсыг хэрэглэж байгаа хэрнээ өөрийнх мэтээр бодож, өөрсдөө ямар нэг юм хийсэн мэт эндүүрч болохгүй. Бид бүхэн Бурханы бүтээсэн түмэн бодист тулгуурлан амьдарч байгаа. Бурханы бүтээсэн агаар байхгүйгээр ганц хором ч амьсгалж чадахгүй, ус байхгүйгээр хэд хоног ч амьд байж чадахгүй. Бурхан үргэлж нарны гэрлээ соёрхдоггүйсэн бол газар дэлхий дээр ямар ч амьд биет оршин тогтнохгүй юм. Бурхан бүх юмсыг бидний төлөө бүтээж, тэр ивээлд нь бид амьдарч байгаа болохоос өөрсдөө мундаг чадвартайдаа оршин байгаа юм ерөөсөө биш.
Бурханаас ангид юу ч хийж чадахгүй. Хүн хичнээн том зорилго төлөвлөгөө гаргалаа ч Бурхан удирдаж, Бурхан хамт байхгүй бол биелүүлж чадахгүй юм.
“ЭЗЭН гэрийг барьж байгуулахаас нааш түүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөнө. ЭЗЭН хотыг хамгаалахаас нааш манаач хүн дэмий л сэрүүн байна.” Дуу 127:1
Бурханы тусламж байхгүй бол бүх зүтгэл хоосон болох юм. Бурхан байгуулаагүй гэр далайн эргийн элсэн хот шиг л нуран унаж, Бурхан хамгаалаагүй хот хэдэн зуун, хэдэн мянган манаачаар манууллаа ч эцэст нь дайсанд эзлэгдэнэ. Эцэст нь гэр бат бөх байна уу, эсвэл цэргийн тоо их багаас хамаардаг юм биш Бурхан хамт байгаа юу, үгүй юү гэдгээс л шалтгаалдаг юм.
Сайн мэдээний зорилгоо биелүүлэхэд ч Бурханы тусламж зайлшгүй хэрэгтэй. Төлөвлөгөө гаргаж, хичээнгүйлэн зүтгэсэн ч үр дүн гараагүй бол тэр төлөвлөгөөг Бурхан хамт гаргасан эсэхийг нэгд нэггүй бодоод үзэцгээе. Хувийн шунал хүслээ урьтал болгохоос илүү Бурханыг л бодож, Түүний хүслийг дагаж ажлаа явуулах юм бол Бурхан түүнд нийцсэн үр дүнг гарцаагүй соёрхдог юм.
“Махбодыг хөнөөгчдөөс бүү ай. Учир нь тэд сэтгэлийг хөнөөж үл чадна. Харин махбод болоод сэтгэлийг хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс айгтун. Хоёр бор шувууг задгай зоосоор худалддаг бус уу? Эцэгийн чинь зөвшөөрөлгүйгээр тэдний нэг нь ч газарт унахгүй.” Мат 10:28-29
Бор шувуу мэтийн өчүүхэн зүйлд ч Бурханы зүй тогтол үйлчилдэг байна. Бүх юмс Бурханаас хамааралтай.
Үүнийг марталгүй, сайн мэдээнд зам харагдахгүй, бүрхэг санагдах үед хүний арга барилд найдахаас илүү Бурханаас чин сэтгэлээсээ ерөөл гуйгаад үзэцгээе. Нүдэнд харагдах газар дэлхийг л харах биш, нүдэнд харагдахгүй тэнгэрийн ертөнцийг бодон итгэлийн амьдралаар амьдрах хэрэгтэй.
Бурханаас ерөөл хүртэж байж л Библийн зөгнөл ёсоор бүх хүнд сайн мэдээ тунхаглаж, сайн мэдээний бүх төлөвлөгөөгөө биелүүлж чадах юм. Тэгвэл Бурханы ерөөлийг хүртэхийн тулд бид ямар зүтгэл гаргах хэрэгтэй бол оо? Ерөөл хүртье гэвэл бидэнд ерөөл авах дайны итгэлийн ухаан хийгээд үйлс зайлшгүй хэрэгтэй.
“Буруутуудын зөвлөгөөгөөр алхдаггүй. Нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй. Басамжлагчдын байранд суудаггүй хүн ерөөлтэй еэ! ЭЗЭНий хуулийг тэрээр бахдаж, энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана. Урсгал усны дэргэд тарьсан мод адил ургацын цагт жимсээ ургуулж, навчис нь үл хатна. Аливаа үйл нь түүнд амжилтыг авчирна. Гэм буруутан нь тийм бус агаад салхиар ялгагдан хаягдах тарианы хальс мэт. Шийтгэл ирэхэд буруутан нь зогсож эс үлдэнэ. Зөвтийн чуулалд ч нүгэлтнүүд зогсож үл хоцорно. Зөвтийн замыг ЭЗЭН мэдмүй. Буруутын зам сөнөж мөхмүй.” Дуу 1:1-6
Ерөөлтэй хүн нь буруутуудын зөвлөгөөг дагаж ёс бус хэрэг үйлддэггүй, нүгэлтнүүдийн зам дээр ч зогсдоггүй. Тэд басамжлагчдын байранд суухаас илүү шархалсан сүнснүүдэд Эхийн сэтгэлээр үйлчилж, санаа тавьж, тайвшруулдаг юм. Тэгээд Бурханы өгсөн зарлиг, тогтоол, хуулийг ч сахихдаа хэнээс ч илүү баярладаг. Бодол сэтгэлээ Бурхантай нэгтгэж, Бурханы хүслийг дагаж хэрэгжүүлдэг болохоор гаргасан төлөвлөгөө зорилго болгоноо амжилттай биелүүлэхээс өөр яахав.
Сайн мэдээний сайн үр дүн гаргасан дэлхийн газар газрын сүмүүдийн талаарх киног үзэхэд хүнд хэцүү нөхцөл байдалд ч гэр бүлүүд үргэлж инээмсэглэж байсан. Тэдний төрхөөс “Зөв сэтгэл, инээмсэглэл”-ээр сайн мэдээнд оролцоорой гэсэн Эхийн үгийг дуулгавартай дагана гэсэн шийдэмгий байдал мэдрэгдэж байсан. Библид айлдсан шиг ерөөлтэй хүний сэтгэл өвөрлөсөн гэр бүлүүд арвин их үр жимс хураасан нь тэр байж.
Бурхан “Хүн юу тарьснаа л хурааж авдаг” гэж айлдсан (Гал 6:7). Алимны үр тарьсан газар алимны мод ургаж, байцааны үр суулгасан газар байцаа ургадаг нь Бурханы бүтээсэн түмэн бодисын зүй тогтол юм. Түүнтэй адил хором мөч бүрд чин сэтгэлээр тарьж байж л сайн мэдээний сайн үр дүн гаргаж чадна.
Сайн мэдээнд хөдөлмөр зарцуулаагүй бол ашиг олж авахгүй. Зүгээр сууж байхад ажил аяндаа бүтнэ гэж үгүй. Хөлс урсгахгүйгээр үр жимстэй болж чадахгүй, арвин үр жимстэй болоход тэр хэрээр халуун сэтгэл, хичээл зүтгэл, чин сэтгэл хэрэгтэй.
Есүс ч бас сайн мэдээний түүх хүний хүслээр биш, зөвхөн Бурханы хүслийн дагуу биелдэг гэдгийг тодорхой сургасан байдаг.
“Пилат үүнийг сонсоод улам их айж, дахин ордондоо орж Есүсээс —Та хаанаас ирсэн юм бэ? гэж асуусанд Есүс түүнд хариу эс өгөв. Тиймд Пилат Түүнд —Та надад хэлэхгүй юм уу? Таныг суллах ба загалмайд цовдлох эрх мэдэл надад байгааг Та мэдэхгүй байна гэж үү? гэлээ. Есүс —Танд дээрээс өгөгдөөгүй л бол Надаас дээгүүр ямар ч эрх мэдэл танд баймааргүйсэн. Тиймээс Намайг танд тушаасан хүн нь илүү нүгэлтэй юм гэж хариулав.” Иох 19:8-11
Захирагч Пилат Есүсийн амийг яаж ч болох бүрэн эрх өөрт нь байгаа гэж бодсон. Есүс “Бурхан зөвшөөрөөгүй л бол Надаас дээгүүр ямар ч эрх мэдэл танд баймааргүйсэн” гэсэн үгээрээ сүнслэг ертөнцийг мэдэхгүй, нүдэнд харагдах ертөнцийг л харж байсан түүнийг ухааруулсан юм. Хүний бодлоор биш, Бурханы хүслээр бүх зүйл бүтдэг гэдгийг ухааруулсан байна.
“Фарисайчуудын дунд иудейчүүдийн удирдагч Никодем гэгч хүн байлаа. Есүс дээр тэр шөнөөр ирээд, Түүнд —Рабби, Таныг Бурханаас ирсэн багш гэдгийг бид мэднэ. Учир нь Бурхантай хамт байхгүй л бол хэн ч Таны үйлддэг тэмдгүүдийг үйлдэж үл чадна гэв. Есүс хариуд нь —Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалыг үзэж үл чадна гэхэд” Иох 3:1-3
Удирдагч байсан Никодем гэгч фарисай хүн Есүсийн хийж байгаа бүхнийг хараад Түүний бурханлаг мөн чанарыг ухаарч Есүс рүү ирсэн байна. Есүсийн хийж байгаа бүхэн Бурхантай хамт байхгүй л бол хийж чадахгүй гэдгийг тэрээр ухаарсан болохоор тэр.
Бурхантай хамт байвал бидний дотор амьд орших Бурхан биднээр дамжуулан түүхээ гүйцэлдүүлэх юм. Тэгвэл Никодем Есүсийн доторх Бурханыг ухаарсан шиг хүмүүс ч бас биднээр дамжуулан Бурханыг ухаарч чадах юм. Даруу дөлгөөн байж, бусдад тустай үг хэлж, ёс зүйтэй зөв төрх байдлаар Бурханы хүслийг даган хэрэгжүүлж, дэлхий дахинд Бурханы яруу алдрыг гаргацгаая.
Нэг хүний бодол санаа үнэхээр чухал. Бурханыг дуурайсан нэг хүний зөв ухаан бүхнийг сайн сайхнаар өөрчилж чадна, нөгөөтэйгүүр Бурханы хүслийг зөрчигч нэг хүний буруу бодол бүгдэд балаг тарьж ч болох юм. “Би” гэх нэг хүн сэрвээс дэлхий дахины Сионууд сэрж, дэлхий дахины Сионууд сэрвэл дэлхийн сайн мэдээ төд удалгүй дуусах юм. Хувийн төлөвлөгөөнөөс илүү Бурханы төлөвлөгөө юу болохыг, хувийн хүслээс илүү Бурхан биднээс юу хүсэж байгааг эргэцүүлэн, үргэлж Бурханыг дотроо залж сайн мэдээний ажлаа явуулдаг тэнгэрийн хүүхдүүд болцгооё.
Бурхан бидэнд даатгасан ажил үүрэг нь сайн мэдээ тунхаглах. Бүх үндэстнийг захирдаг, тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг эзэмшигч Христ “Яв, бүх үндэстнийг дагалдуулагтун. Та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа” хэмээн тушаасан (Иох 17:2, Мат 28:18-20). Гэвч энэ ажлыг бид л хийгээд байгаа юм биш ээ.
“Харин [Есүс] тэдэнд —Эцэг минь одоо болтол ажилласаар байна. Би ч ажиллаж байна гэж айлдав.” Иох 5:17
Есүс “Эцэг минь одоо болтол ажилласаар байна. Би ч ажиллаж байна” хэмээн айлдсан. Бид сайн мэдээний замаар алхахдаа огтхон ч ганцаардахгүй. Тэнгэр Эцэг Эх маань одоо энэ мөчид ч бидний авралын төлөө ажиллаж байгаа. Түүгээр ч зогсохгүй бие биентэйгээ нэгдэж, сайн мэдээг гүйцэлдүүлж байгаа зөндөө олон ах эгч дүү маань хамт байгаа биш үү?
Ямар ч нөхцөл байдалд тэнгэр Эцэг Эхийн хүслийг зөв дагана гэсэн итгэлийн ухаантай байх үед Бурханы түүх биелдэг. Гаднах нөхцөл байдлаар шалтаглахаас илүү Бурханы золиосыг бодоод хичээж зүтгэх аваас Бурхан бидний зүрх сэтгэлийг хараад ерөөлөө соёрхох нь лавтай.
Сатан биднийг Бурханы ерөөлийг авхуулахгүй гэж, Бурханы хүслийг зөрчүүлэх гэж элдэв асуудал гаргаж ирдэг. Сатаны тийм мэхэнд бид унаж болохгүй. Бурхан тэнгэрт хүүхдүүддээ ерөөл өгөх гэж одоо болтол ажилласаар байхад газар дээр хүүхдүүд нь Бурханы хүслийг биелүүлэхгүй бол Бурхан бэлдсэн ерөөлөө буцааж хураах биз ээ.
Одоо ч бас бидний сүнсний авралын төлөө ажиллаж байгаа тэнгэр Эцэг Эхийгээ бодон сайн мэдээнд зүтгэх хүүхдүүд болцгооё. Эхлээд дуудагдсан бид Бурханы хүслийг дагаж, итгэгчдэд үргэлж баяртайгаар үйлчилж, итгэлийн сайхан жишээ болоод үнэнийг үнэн мөнөөр нь хараахан ойлгоогүй байгаа хүмүүс хүртэл Бурханы дуу хоолойг дагахуйцаар бүх хүнийг ерөөлийн зам руу газарчилцгаая. Ингэх нь Бурханы хүсэж байгаа ерөөлтэй хүмүүсийн төрх мөн.
Хүн бишгүй олон төлөвлөгөө гаргалаа ч биелэл болдог нь Бурханы л зорилго гэдгийг Библид гэрчилсэн байна (Сур.Үгс 19:21). Хичнээн мундаг хүмүүсийг цуглууллаа ч Бурхан зөвшөөрөхгүй бол тэд юу ч биелүүлж чадахгүй. Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ нь хүний төлөвлөгөөнөөс хамаардаг биш, харин сансар огторгуйг бүхэлд нь эрхшээдэг Бурханы мэргэн ухаанаар биелдэг юм.
Аль ч үеэс илүү бидэнд тэнгэр Эцэг Эхийн ерөөл хэрэгтэй үе бол яг одоо. Бурханаас ерөөл хүртэж байж л дэлхий дахины сайн мэдээг биелүүлэх боломжтой. Бурханы хүсэл дотор бүх зөгнөлийг биелүүлэхийн тулд Бурханы сургаалыг даган хэрэгжүүлэх үйлсэд бүх хүчээ дайчилцгаая. Дутуу дулимаг биднийг буруутгах биш, үргэлж тэнгэрийн хаанчлалын замаар хөтөлж байгаа тэнгэр Эцэг Эхдээ талархан, бүгдээрээ ерөөлтэй хүний төрхөөр дахин төрөөд Бурханы агуу сайн мэдээний түүхэнд оролцох сайн мэдээний үйлчлэгчид болоорой.