Библи бол Бурханаар хөдөлгөгдөж бичсэн зөгнөлийн ном төдийгүй авралд хүргэх мэргэн ухааныг бидэнд өгдөг ном. Эхлэлээс төгсгөлийг мэдүүлсэн Бурхан хараахан болоогүй байгаа юмсыг Библид хэдийн тэмдэглэсэн байжээ (2Тим 3:15-16, 2Пет 1:19-21, Иса 46:10).
Библи нь ирээдүйг хардаг Бурханы үг ба энэ нь л бидний Библид итгэх ёстой хангалттай учир шалтгаан юм. Библийн зөгнөл нэг нь ч гажуудахгүй яг тогтоосон цагтаа яв цав биелж ирсэн гэдгийг бид өнгөрсөн түүхээс баталж болно. Олон зөгнөлийн дундаас Илчлэл номд гардаг гурван тэнгэр элчийн мэдээгээр Бурхан хүн төрөлхтөнд юу мэдүүлэхийг хүссэн болохыг нь судалж үзье.
Иохан элч илчлэлтээр харсан ирээдүйн зүйлсийг Илчлэл номонд бичсэн. Мөн өнөөгийн энэ үед болох зүйлийг ч хүртэл тэмдэглэсэн. Тэдгээрээр дамжуулан Бурхан ямар хүн тэнгэрийн хаанчлал явж чадахыг зааж мэдүүлсэн байдаг.
“Тэнгэрийн дундуур өөр нэгэн тэнгэрэлч нисэж явахыг би харав. Газар дээр суугчид ба аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах мөнхийн сайнмэдээ түүнд байна. Тэр чанга дуугаар —Бурханаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө. Яагаад гэвэл Түүний шүүх цаг ирчихээд байна. Тэнгэр ба газрыг, тэнгис ба усны ундаргуудыг бүтээсэн Түүнд мөргөцгөө гэлээ. Өөр нэгэн тэнгэрэлч буюу хоёр дахь нь араас нь даган —Агуу Вавилон, өөрийнхөө садар самууны тачаалын дарснаас бүх үндэстэнд уулгасан тэр уналаа, нурлаа гэж байлаа. Өөр нэгэн тэнгэрэлч буюу гурав дахь нь тэднийг даган, чанга дуугаар —Хэн араатанд болон хөрөгт нь мөргөж, духан дээрээ, эсвэл гар дээрээ тэмдэг авна, тэр хүн Бурханы уур хилэнгийн дарсыг мөн уух болно. Энэ нь Түүний уур хилэнгийн аяганд шингэлэлгүй хольсон дарс юм. Тэр хүн ариун тэнгэрэлч нар ба Хурганы өмнө гал, хүхэр дотор зовж тарчилна. Тэдний зовлон тарчлалын утаа үеийн үед суунаглана. Араатанд ба түүний хөрөгт мөргөгсөд, түүний нэрийн тэмдгийг хүлээн авсан алив хүн өдөр ч, шөнө ч амрахгүй.” Илч 14:6-11
Гурван тэнгэр элч хүн төрөлхтөнд Бурханы мэдээг дамжуулж байна. Эхний тэнгэр элч нь Бурхан энэ дэлхийг шүүх цаг ойртсон учраас бүх хүн Бурханыг зөв ухаарч, Бурханаас эмээ гэж тунхаглан зарласан байна. Хоёр дахь тэнгэр элч нь сүнсээр садар самууныг үйлдсэн агуу Вавилон заавал нурна гэж тунхагласан. Гурав дахь тэнгэр элч нь дух болон гар дээрээ араатны тэмдэг авсан хүн зовлон тарчлалын хүхэрт галаас зугтаж чадахгүй тул араатан ба түүний хөрөгт мөргөж болохгүй, яасан ч түүний тэмдгийг авч болохгүй гэдгийг ятган тунхаглаж байна.
Эхний тэнгэр элч нь удахгүй Бурханы шүүлттэй нүүр тулах хүн төрөлхтөнд “Тэнгэр ба газрыг, тэнгис ба усны ундаргуудыг бүтээсэн Түүнд мөргөцгөө” гэж зөвлөгөө өгч байна. Тэнгэр ба газрыг, тэнгис ба усны ундаргуудыг бүтээсэн Нэгэн нь Елохим Бурхан. Зөгнөл ёсоор Бүтээгч Эзэн Бурхан хүн төрөлхтөнд амийн ус өгөхөөр Сүнс болон Сүйт бүсгүй болон гарч ирж байна.
“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17
Сүнс болон Сүйт бүсгүй айлдахдаа “Ирээрэй”, “Амийн усыг үнэгүй аваарай” гэжээ. Яагаад ирээрэй гэж айлдсан юм бол? Учир нь шүүх цаг ирэхээс өмнө тэнгэр ба газрыг, тэнгис ба усны ундаргуудыг бүтээсэн Нэгэнийг хайж олоод, Түүнд мөргөж байж л аврал авч чадах юм. Одоо бол усны ундаргуудыг бүтээсэн Эцэг, Эх Бурхан руу ертөнц тэр аяараа ирэх ёстой цаг үе.
Вавилон нурна гэсэн хоёр дахь тэнгэр элчийн мэдээ нь Илчлэл 18-р бүлгийн үгтэй холбогдож байна.
“Үүний дараа агуу эрх мэдэлтэй өөр нэгэн тэнгэрэлч тэнгэрээс буухыг би харав. Дэлхий түүний цог жавхлангаар гэрэлтэв. Тэр хүчит дуугаар хашхиран —Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэрээр чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнох газар, бүх төрлийн бузар, жигшүүрт араатнууд ба шувуудын үүр болсон байна. Учир нь түүний завхайрлын тачаалт дарснаас бүх үндэстэн ууж согтоцгоож, дэлхийн хаад түүнтэй завхайрч, дэлхийн худалдаачид түүний хээнцэр тансгийнх нь хүчээр баяжицгаав гэв. Тэнгэрээс өөр нэг дуу —Миний ард түмэн, та нар тэр эмийн нүглүүдэд оролцохгүй, гамшгуудад нь өртөхгүйн тулд түүнээс гарагтун гэхийг би сонсов. Яагаад гэвэл түүний нүглүүд тэнгэрт тултал овоорсон бөгөөд Бурхан түүний ёс бусыг санажээ. … Яагаад гэвэл түүнийг шүүгч Эзэн Бурхан хүчтэй.” Илч 18:1-8
Агуу Вавилон гэдгээр Бурханд итгэдэг гэчихээд сүнсээр садар самууныг үйлдэж, үндэстнүүдийг мэхэлж ирсэн хуурамч шашны байгууллагыг заасан хэрэг. Олон хүн тэднийг зөв гэж үздэг ч харин Бурхан Вавилоныг шүүлтийн газар, гамшигт өртөх газар тул Өөрийнхөө ард түмнийг тэндээс гар гэж айлдсан.
Тэгвэл Бурханы ард түмэн хаашаа явах ёстой юм бол? Бурханы оршдог газар нь Сион. Бурхан баяр сахидаг Сионд ард түмэнтэйгээ хамт байж, нүглийн уучлал, аврал, мөнх амийн ерөөл өгнө гэж амласан (Дуу 132:13-16, 133:1-3, Иса 33:20-24).
Гурав дахь тэнгэр элч бидэнд хүн төрөлхтөн араатны тэмдэг авсан хүмүүс ба Бурханы тушаалууд хийгээд Бурханд итгэх итгэлийг сахидаг ариун хүмүүс гэсэн хоёр хэсэгт хуваагддаг гэдгийг зааж өгч байна. Бид араатан ба түүний хөрөгт харьяалагдаж байгаа юу, Бурхан Өөрөө удирддаг үнэн сүмд харьяалагдаж байгаа юу гэдгээ итгэлийн одоогийн байдлаа шалгаж үзэх хэрэгтэй юм.
“Арван эвэртэй, долоон толгойтой араатан тэнгисээс гарч ирэхийг би харав. Тэр эврүүд дээрээ арван титэмтэй, толгойнууд дээрээ Бурханыг доромжилсон нэрстэй байлаа. Миний харсан тэр араатан ирвэстэй адил бөгөөд хөл нь баавгайнх шиг, ам нь арслангийнх шиг байв. Луу түүнд өөрийн хүч ба сэнтий, асар их эрх мэдлийг өгөв. Түүний толгойнуудын нэг нь алуулчихсан мэт байлаа. Үхлийн шарх нь эдгэрэхэд дэлхий даяараа шагширч, араатны араас дагалаа. Луу эрх мэдэлээ араатанд өгсөн тул тэд луунд мөргөв. Тэд араатанд мөргөөд —Хэн энэ араатны адил юм бэ? Хэн түүнтэй дайтаж чадах вэ? гэцгээв.” Илч 13:1-4
Энд гарч байгаа араатан нь луунаас эрх мэдэл авч, Бурханыг гүтгэж, Бурханы эсрэг үг хэлдэг хүмүүс. Дэлхий даяараа уг араатны араас дагана гэсэн тул тэр зөгнөл ёсоор үнэнийг мэдэхгүй ертөнцийн бүх хүн араатныг дагах юм.
“Луу мөнөөх эмэгтэйд хилэгнэж, Бурханы хуулиуд болон Есүсийн гэрчлэлийг сахидаг, эмэгтэйн бусад үр удамтай нь дайтахаар явав. Тэгээд тэр тэнгисийн эргийн элсэн дээр зогслоо.” Илч 12:17-18
Араатанд эрх мэдлээ өгсөн луу нь Еден цэцэрлэгийн хуучны могой буюу Сатан диаволыг заасан хэрэг (Илч 12:9). Бурхан Еден цэцэрлэгээс эхлээд л могой эмэгтэй хоёрын хооронд дайсагнал үүсгэсэн. Эмэгтэй буюу Ева нь амийн ундарга болсон тэнгэр Эхийг бэлгэдэж, түүний нөхөр Адам нь ирэх Нэгэн болох Хоёрдугаар Христийг бэлгэддэг (Эхл 3:20, Ром 5:14).
Дахин хэлбэл элч Иохан илчлэлтээр харсан луу ба эмэгтэйн дайсагнал нь сүүлчийн үед болох Сатан болон тэнгэр Эхийн хоорондын сүнслэг дайн юм. Лууг дагадаг хүмүүс ч, эмэгтэйн бусад үр удам ч байгаа гэдгийг Библи харуулж байна. Луунд мөргөснөөсөө болж гал, хүхэр дотор зовж тарчлах хүмүүсээс ялгаатай нь эмэгтэйн бусад үр удам Бурханы тушаалыг санаж сахиснаараа аврагдах хүмүүс юм.
“Бурханы тушаалууд хийгээд Есүст итгэх итгэлийг сахидаг ариун хүмүүсийн тэвчээр энд байна.” Илч 14:12
Гурав дахь тэнгэр элч араатан ба түүний хөрөгт мөргөснөөр шүүгдэх хүмүүсийн талаар тайлбарласны дараа аврагдах хүмүүсийн талаар ч бас дурдсан. Ариун хүмүүс нь Бурханы тушаал болон Христэд итгэх итгэлээ тэвчээртэйгээр сахиж, сүнсний ерөөлөөс огт татгалздаггүй. Ийм л хүмүүс тэнгэрийн хаанчлал явна.
Өнөө үед олон хүн Есүсийг Христ гэж итгэж байгаа ч анхны сүмийн үед бол ихэнх хүн махан биеэр ирсэн Есүст итгээгүй. Есүс Назарт өсөж, сайн мэдээ тунхагласан. Эцэг нь Иосеф, эх нь Мариа, мөн ах эгч дүү нар ч байсан. Тиймээс тэд Есүсийг тэрс гэж, Есүс бол Аврагч гэж тунхагладаг итгэгчдийг “Назарын бүлэглэл” гэж буруушааж байсан (Үйл 24:5). Гэсэн ч нийгмийн өрөөсгөл бодол, зовлон хавчлага дунд ч эцсээ хүртэл Бурханы тушаал сахиж, итгэлээ хадгалсан ариун хүмүүс одоо тэнгэрийн хаанчлалд амралт эдэлж, тайвшрал авч байгаа (Илч 14:13).
Библийн зөгнөлийн дагуу Христ хоёр дахиа ирэх энэ Ариун Сүнсний үед ч мөн ялгаагүй. Бид бас тэвчээрээр Бурханы тушаалыг сахиж, Хоёрдугаар Есүст итгэх итгэлээ сахих үед Бурхан бидний итгэл болон үйлсийн маань дагуу мөнхийн тайвшрал, амралтаар хариу шагнана шүү дээ. Ямар ч бэрхшээл тулгарсан Бурханы тушаалыг сахидаг ард түмэн болоорой гэсэн нь Бурхан энэ үеийн хүн төрөлхтөнд үлдээсэн мессеж юм.
Дэлхий даяараа луу ба араатныг дагаж байгаа ийм үед үнэн сүмийг яаж олох вэ? Бурханы тушаалыг сахидаг эсэхээр нь л үнэн ба худлыг ялгаж чадна шүү дээ.
“… Энэ нь ЭЗЭНий Алгасал болой. Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн хамаг бурхдад ял шийтгэл буулгана. Би ЭЗЭН. Та нарын байгаа гэр дээрх цус нь та нарт тэмдэг болно. Би Египет газрыг цохих үедээ цусыг хараад, та нарыг алгасах учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй. Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг ЭЗЭНий баяр болгон үе уламжлан үүнийг үүрдийн зарлиг болгон тэмдэглэ.” Гэт 12:11-14
Өнөө үед бидний сахиж байгаа Алгасал баяр бол Египетээс гарах үед Бурханы тогтоосон зарлиг, тушаал юм. 2000 жилийн өмнө махан бие өмсөж энэ дэлхийд ирсэн Христ үүнийг шинэ гэрээ болгож байгуулсан.
“Алгасалын хургыг нядлах, Исгээгүй талхны баярын эхний өдөр болов. Есүс, Петр Иохан нарыг илгээн —Явж, бидний зооглох, Алгасал баярын зоогийг бэлд гэв. … Тэд явж, Түүний айлдсанаар бүгдийг олж, Алгасал баярын зоогийг бэлдэв. Цаг болоход Тэр тухлан суулаа. Элч нар Түүнтэй хамт байв. Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ. … Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав. Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.” Лук 22:7-15, 19-20
Есүс ч Алгасал баяр сахисан, Петр Иохан нараас эхлээд арван хоёр шавь ч бүгд Алгасал баяр сахисан. Өнөө үед Есүст итгэдэг гэж зүтгэдэг, элч нарын итгэлийг дуурайхыг хүсдэг хүмүүс олон байдаг ч Есүсийн үйлд гэж айлдсан Алгасал баярыг сахидаг хүн цөөн.
Бидний сахиж байгаа Амралтын өдөр ч бас хүн төрөлхтөнд ерөөл өгөхийн төлөө “Санаж үүнийг ариунаар сахь” хэмээн Өөрийн биеэр тогтоосон Бурханы тушаал юм (Гэт 20:8). Гэвч одоо Бурханы үгийн дагуу долоо дахь өдөр болох бямба гарагт Амралтын өдөр сахидаг сүм олоход амаргүй. Учир нь зөгнөлийн дагуу Сатаны саад хавчлагын улмаас Бурханы цаг үе ба хууль өөрчлөгдсөн (Дан 7:25).
Өнөө үед ихэнх сүмүүдийн үйлддэг ням гаргийн мөргөл, Христмас, загалмай шүтэх зэрэг нь харийн шашны үндсэн зарчмаас үүссэн ёс бус үйлдэл юм. Эдгээр шашинлаг, шүтээн шүтэх сургаал номлолууд нь үнэнийг халхалж, Бурханы уур хилэнг өдөөж байдаг юм.
Алгасал баяр, Амралтын өдөр гэх мэт Бурханы тушаалыг бид бүхэн яагаад сахидгаа зөв ойлгох хэрэгтэй. Бурханы тушаалыг сахидаг маань араатанд болон хөрөгт мөргөдөггүй, харин Бурханы талд зогсдог гэдгээ л нотолж байгаа нь тэр шүү дээ. Бид Бурханы ариун хүмүүс гэдгээрээ, бидэнд байгаа сайн мэдээ нь хүн төрөлхтнийг аврах үнэн гэдгээрээ бахархаж өөртөө итгэлтэй байцгаая.
“Харин ЭЗЭНий зарц Мосегийн та нарт тушаасны дагуу өөрсдийн Бурхан ЭЗЭНийг хайрлан, Түүний бүх замаар алхан, тушаалуудыг нь сахиж, Түүнээс бат барин, Түүнд бүх зүрх, бүх сэтгэлээрээ үйлчил гэсэн тушаал ба хуулиудыг биелүүлэхэд сайтар анхаар…” Иош 22:5
“Бид Түүний тушаалуудыг сахивал, үүгээрээ бид Түүнийг таньснаа мэднэ. “Түүнийг би мэднэ” гэж хэлээд, Түүний тушаалуудыг сахидаггүй нь худалч бөгөөд түүнд үнэн алга. Харин Түүний үгийг сахидаг хэний ч дотор Бурханы хайр үнэхээр төгс болгогджээ. Үүгээрээ бид Түүний дотор байгаагаа мэднэ. Түүний дотор оршдог гэж яригч нь Түүний явсанчлан өөрөө бас тийн явах учиртай.” 1Иох 2:3-6
Хууль тушаал сахидаг хүн нь Бурханыг хайрладаг хүн. Бурхан дотор байдаг хүн мөн л бол Бурханы явсанчлан өөрөө бас тийн явах ёстой. Бурхан энэ дэлхийд ирээд Амралтын өдөр сахисан бол бид Амралтын өдөр сахиж, Бурхан Алгасал баяр сахисан бол бид ч бас Алгасал баяр сахих учиртай. Бурханы тушаал сахидаггүй хүн бол худалч бөгөөд түүнд үнэн алга гэж Библи тодорхой гэрчилж байна.
“Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно. Тэр өдөр Надад олноороо “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгийг үйлдэж байсан бус уу?” гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд “Би та нарыг танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” гэж хэлнэ.” Мат 7:21-23
Есүс сүйрэлд хөтөлдөг хаалга нь уужуу, тийшээ ордог хүн олон боловч амь өөд хөтөлдөг хаалга нь хавчиг нарийн тул түүнийг олох хүн цөөхөн гэж айлдсан (Мат 7:13-14). Мөн шүүлтийн өдөр олон хүн Есүсийг мэднэ гэж хэлэх ч Есүс тэдэнд “Надаас зайл” гэж хэлнэ гэсэн байна. Учир нь Бурханы тушаалыг зөрчиж, ёс бусыг үйлдэгчид тэнгэрийн хаанчлал явах эрх байхгүй юм чинь аргагүй шүү дээ.
Гурван тэнгэр элчийн мэдээг дахин нэг харцгаая. Дэлхий даяараа араатан ба түүний хөрөгт мөргөж байх үед шүтээнд оролцолгүй Бурханы тушаалыг сахиж, Хоёрдугаар Христэд итгэх төгс итгэлээ хадгалдаг хүмүүс Бурханы жинхэнэ ард түмэн болж, Бурхан тэдний бүхий л зүтгэлийг тэнгэрийн ерөөлөөр хариулна. Энэ бүх зөгнөл биелэгдэж байна. Эмэгтэйн бусад үр удамд харьяалагдаж байгаа маань хичнээн их баяр хөөр, яруу алдар билээ дээ!
Бурхан Сүнс болон Сүйт бүсгүй болж ирээд, шинэ гэрээний бүх үнэнээ заан, биднийг шинэ гэрээний үйлчлэгч болгосон. Өөрөө ч мэдэхгүй шүтээнд үйлчилснээрээ үеийн үед тарчлах аюулд ороод байгаа хүн төрөлхтнийг тэнгэрийн хаанчлалын зам руу хөтлөх нь бидний үүрэг. Библид гардаг эш үзүүлэгчид эцсээ хүртэл Бурханы талд зогсож, тэвчээртэйгээр тушаал сахидаг Бурханы ард түмнээр бахархахаар барахгүй Эцэг Эх Елохим Бурхан маань ч мөн биднийг дэмжиж байгаа. Бурханы тушаал сахидаг бидний төлөө одоо сүр жавхлант тэнгэрийн хаанчлал бэлтгэгдээд байгаа билээ. Үүнд бат итгээд, тэнгэр Эцэг Эх маань хаашаа ч явсан дагаж, цог золбоотойгоор сайн мэдээ тунхаглахыг Сионы гэр бүлүүдээсээ хүсье.