Баал ба Ашера

81,397 үзэлт

​1. Баал: Энэ нь “эзэн, эзэмшигч” гэсэн утгатай үг бөгөөд аянга цахилгааны бурхан, хур борооны бурхан, элбэг дэлбэг амьдруулдаг бурхан хэмээн шүтдэг байсан, Канааны газар тариалангийн бурхан юм.

​ ​Канааны ойролцоох нутгийн олон улс үндэстэн Олон бурхант шашныг шүтдэг байв. Тэд олон бурхдаас өөрсдийн дуртай бурхнаа, хүсэл мөрөөдлөөсөө хамааран аль нэг бурхныг шүтдэг байжээ. Эдгээрээс Баалыг тариа будаа, жимс ногоо, мал сүрэг гэх мэтийг өсгөж арвижуулдаг бурхан хэмээн үзэж, Канааны эргэн тойрны олон улс оронд шүтэж байлаа.

Иудагийн хаан Асагийн гучин наймдугаар жилд Израилийг захирах болсон Ахаб хаан Иезебел гэх харь эмэгтэйтэй гэрлэдэг. Иезебелийн эцэг Етбаал нь Тирийн хаан төдийгүй Баалын бурхны тахилч байв. Иезебел Израильд бэр болж ирсэн нь улс төрийн зорилго агуулаад зогсохгүй цаагуураа шашны зорилготой байжээ. Иезебел Баалын бурхны эш үзүүлэгчийн ажлыг давхар гүйцэтгэж байв. Ингээд Израилийн Ахаб хаантай гэрлэж, Израильд Баалын шашныг дэлгэрүүлэн өөрийн зорилгоо ч хэсэг хугацаанд хэрэгжүүлсэн байна.

“Иудагийн хаан Асагийн гучин наймдугаар онд Омрийн хүү Ахаб Израилийн хаан болж, … Ахаб… сидончуудын хаан Етбаалын охин Иезебелтэй гэрлэж, Баалд үйлчилж, мөргөдөг болжээ. Тэрээр Самарид босгосон Баалын өргөөнд Баалд зориулан тахилын ширээ босгожээ. Ахаб бас Ашераг бүтээв. Ингэснээрээ Ахаб өөрийн өмнөх Израилийн бүх хаадаас ч илүүгээр Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнүүлэх зүйл хийв.” 1Хаа 16:29-33

2. Ашера: Израиль ард түмнийг Канаан нутагт орохоос өмнө канаанчуудын шүтдэг байсан охин тэнгэр.

Бурхан Мосед хоёр дахь удаагаа Арван тушаалыг өгөхдөө Канааны өөр бусад бурхдыг шүтэж, мөргөж болохгүйг анхааруулсан байдаг.

“Чи очиж буй газрынхаа оршин суугчидтай ямар ч гэрээ байгуулж болохгүй гэдгийг анхаар. Эс тэгвэл энэ нь та нарын дундах урхи болно. Харин чи тэдний тахилын ширээнүүдийг нурааж, тэдний чулуун баганануудыг хэмхчиж, тэдний Ашерагийн модон шонгуудыг нь хуга цавч.” Гэт 34:12-13

Ашера бол дорнын улс үндэстнүүдийн Олон бурхант шашнаас үүссэн охин тэнгэрийн нэр юм. Ашера нь хамгийн хүчит бурхан гэгддэг “Ел”-ийн эхнэр бөгөөд өөр 70 бурхны эх гэж хэлэгддэг.

“Ашера” охин тэнгэрийг шүтэхдээ модон хөрөг босгодог байсан ба энэ хөрөг нь түүнийг бэлгэддэг байв. Тиймээс “Ашера” гэдэг үг нь Ашера охин тэнгэр юм уу түүний модон хөргийг илтгэсэн үг болсон байна. Мөн Ашерагийн модон хөргийг ихэвчлэн Баалын тахилын хажууд босгодог байжээ.

“Тэгээд Гидеон зарц нарынхаа дундаас арван эрийг авч, ЭЗЭНий өөрт нь айлдсан ёсоор үйлдэв. … Хотын хүмүүс өглөө нь эртлэн босоход, харагтун, Баалын тахилын ширээг нураан хаяж, дэргэд нь байсан Ашерагийн баганыг тайрч унагаад, …” Шүү 6:27-28

Библийн түүхэнд Гидеон, Елиа зэрэг эш үзүүлэгчид Израиль ард түмний Бурханы өмнө ёс бусыг үйлдэхдээ шүтдэг байсан Баал, Ашераг устгасан байдаг. Мөн Бурханы мэлмийд зөв, сайныг үйлдсэн Аса, Иехошафат, Хезекиа, Иосиа зэрэг хаад устгаж байсан түүхтэй.

“Хаан баганын хажууд зогсоод тэрээр ЭЗЭНийг дагаж, өөрийн бүх зүрх, бүх сэтгэлээрээ Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, … Баал, Ашера болон тэнгэрийн бүх эрхэст зориулан хийгдсэн бүх эдлэлийг ЭЗЭНий сүмээс гаргахыг… хаан тушаав. Тэр тэдгээрийг Иерусалимын гадна Кидрон гуунд шатаан, … Тэр бас ЭЗЭНий өргөөний дэргэдэх дуганы янхан эрчүүдийн байрыг нураав. Тэнд эмэгтэйчүүд Ашерад зориулан хөшиг нэхдэг байсан юм. …” 2Хаа 23:3-8

“Энэ бүхэн дууссаны дараа тэнд байсан бүх израиль хүн Иудагийн хотууд уруу явж, бүх Иуда, Бениамин даяар болон Ефраим, Манассед буй онго баганануудыг хугалан хэсэглэж, Ашерагийн модон шонгуудыг хуга цавчин, мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийг устаж дуустал нураав. Дараа нь Израилийн хөвгүүд бүгд хотууд уруугаа, хүн бүр өөрийн эзэмшилдээ харьцгаав.” 2Шас 31:1