WATV.org is provided in English. Would you like to change to English?

Бурханыг санагтун

10,189 үзэлт

Алгасал баярын хүч чадлаар нүгэлт ертөнцөөс гарсан бид мөнхийн тэнгэрийн Канаан нутгийг зорилгоо болгоод итгэлийн цөлөөр алхацгааж байна. Хожим хойно мөнхийн баяр баясгалан ба яруу алдарт орох хүртэл энэ замд маань түрхэн зуурын зовлон, бэрхшээл тохиож мэднэ (Ром 8:16-18). Израиль ард түмэн Египетийн боолчлолоос мултарч, амлалтын Канаан нутгийг зорин, 40 жил цөлийн замыг туулах аян замд элдэв бэрхшээл саад учирсан байдаг. Үүн шиг бидний алхаж байгаа энэ аян зам ч бас үргэлж тэгш дардан байгаад байхгүй.

Зөвхөн нүдний өмнө байгаа махан биеийн нөхцөл байдлаа л хараад байвал хичнээн харсан ч хүчин мөхөстөж, шийдвэрлэх арга нь олдохгүй хүнд үе тулгарах л болно. Харин бидэнтэй хамт байгаа Бурханыг санавал алив бэрхшээлийг ялж чадна. Зам, үнэн, амь болсон Бурхан үнэний хот Сион дотор үргэлж бидэнтэй хамт оршдог төдийгүй бүхий л асуудлын хариулт, шийдлийг өгч байдаг.

Дээшээ хараарай

Нэгэн хүн шилэн авдарт түгжигджээ. Гаднах байдлыг нэвт хараад байгаа хэр нь урагшаа явах гэхээр тунгалаг шилэн хана түүнийг хаагаад байлаа. Хойшоо явсан ч адил, баруун, зүүн тийшээ ч адилхан байв. Дөрвөн тал нь шилээр хашигдсан авдар дотор түгжигдсэнээ мэдээд, тэрээр бүр цөхөрч гүйцжээ. Яавал амьд гарах бол гэж ихэд шаналж, бодоод бодоод хариултыг олж эс чадав.

Сэтгэлээр унан цөхрөнгөө барж, өдөр хоногуудыг өнгөрөөж байтал нэгэн өдөр гэнэт үхэлгүйгээр эндээ нэлээд хэд хоносон нь зурсхийн орж ирэв. “Бив битүү шилэн саванд түгжигдсэн бол агааргүйдэж, хэдийнээ хорвоог орхичих байсан шүү дээ. Тэгтэл би чинь одоо болтол амьсгалсаар л байна” гэж ухаармагцаа гарах гэж оролдож үзээгүй газар байна уу гэдгээ нэгд нэггүй хөөж бодов. Гэтэл гарах гэж оролдоогүй нэг газар байлаа. Дээшээ яваагүй байв. “Дээд тал нь ч бас шилэн хаалттай байгаа биз” гэсэн шүү юм л бодож байж. Авираад хартал дээд тал нь тэр чигээрээ онгорхой байлаа.

Итгэлийн замаар алхах үед огт шийдвэрлэх аргагүй мэт боломжгүй зүйлстэй тулгарах үе гарна. Баруун зүүн, хойш урагш хараад ч зам харагдахгүй, нэг юм тээглэчихээд давчдах үед бидэнд заавал харах ёстой нэг газар байдаг. Дөрвөн тал нь бүгд хаалттай ч дээд тал үргэлж онгорхой байдаг. Бурхан руу харвал бүгд л шийдэгдэж болохоор асуудлууд байдаг юм шүү.

Хүмүүс үргэлж л зөвхөн урд хойд, баруун зүүн талаа харан зам хайдаг. Харин дээр бас зам бий. Зөвхөн хаалттай байгаа эргэн тойрноо хараад цөхөрч гутрах бус, дээшээ бас харах хэрэгтэй. Толгой гэдийлгээд дээшээ харвал бидэнд тусалдаг Бурханы оршихуйг олж харна. Харин харааныхаа тогтсон хүрээн дотор эргэлдэж, зүүн, баруун, хойш, урагш л харвал бүх тал хаалттай юм шиг санагдах юм. Итгэлийн аян замд маань ч мөн хаалт бий. Гэвч цаг үргэлж нээлттэй, онгорхой орон зай байдаг гэдгийг битгий мартаарай.

Арван хоёр тандагчийн сөрөг мэдээ

Канаан нутгийг зорих замдаа ихэнх израильчууд Бурханыг сорьж, гомдоллож гоншгоносноос цөлийн замд үхэцгээсэн. Тэр үед мөхсөн хүмүүс дээшээ биш ердөө эргэн тойрноо л харсан хүмүүс байв.

Египетээс гарсны дараа жил Израилийн овог бүрээс тэдний удирдагч болох нэг нэг хүнийг буюу нийт 12 хүнийг сонгож, Канаан нутгийг тандуулахаар явуулжээ (Тоо 13:1-20). Тэд 40 хоногийн турш Канаан нутгийг тандаж ирээд, Мосе ба даяар хотол түмний өмнө үг авчрахдаа агуулга нь тэс ондоо, өөр хоорондоо ихээхэн зөрүүтэй юм илтгэв.

“Тэд уг нутгийг тандаад, дөч хоногийн эцэст буцжээ. Тэд явсаар Кадеш дахь Параны цөлд Мосе Аарон нар ба Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн дээр ирж, тэдэнд болон даяар хотол түмэнд хариу үг авчирч, … Тэр нь үнэхээр сүү, зөгийн бал урссан нутаг мөн бөгөөд түүний үр жимс энэ байна. Гэхдээ тэр нутагт амьдарч буй ард түмэн нь хүчирхэг, хотууд нь бэхлэгдсэн агаад маш том юм. … Тэд биднээс хэтэрхий хүчирхэг тул бид тэр ард түмний өөдөөс өгсөж очиж чадахгүй гэсээр байв. Тийнхүү өөрсдийн тагнасан нутгийн талаар тэд Израилийн хөвгүүдэд базаахгүй мэдээ дэлгэрүүлж —Бидний тагнан туулсан тэр нутаг нь оршин суугчдаа цөлмөж иддэг нутаг бөгөөд тэнд бидний харсан бүх ард түмэн нь хэмжээгүй том хүмүүс юм. Тэнд бид Нефилимийг харсан. (Анакийн хөвгүүд нь Нефилимээс гаралтай байлаа.) Бид өөрсдийнхөө нүдэнд царцаа мэт болсон бөгөөд тэдний нүдэнд ч тийнхүү байлаа гэв. Даяар хотол түмэн дуугаа өндөрсгөн хашхирч, тэр шөнө ард олон уйлалдав. Израилийн бүх хөвгүүд Мосе Аарон нарын эсрэг гонгинолдож байв. … Цөмөөрөө тэргүүлэгчийг томилоод Египет уруу буцацгаая гэв. … Нуны хүү Иошуа болон Иефуннегийн хүү Калеб нар хувцсаа урж, Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэнд ярин —Бидний тандахаар туулан өнгөрсөн нутаг бол дэндүү сайхан нутаг билээ. Хэрэв ЭЗЭН, биднийг таалбал Тэр биднийг тэр нутагт аваачиж, тэрхүү сүү зөгийн бал урссан нутгийг бидэнд өгөх болно. Зөвхөн ЭЗЭНий эсрэг л бүү тэрсэл. Тэр нутгийн ард олноос бүү ай. Тэд бидний хоол болно. Хамгаалалт нь тэднээс зайлуулагдсан бөгөөд ЭЗЭН бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айгтун гэлээ. Харин даяар хотол түмэн —Тэднийг чулуугаар шид гэцгээж байлаа. Тэгтэл ЭЗЭНий цог жавхлан уулзалтын майхан дотор Израилийн бүх хөвгүүдэд үзэгдэв.” Тоо 13:25-14:10

Зургаан зуун мянган цэргийн дундаас овог тус бүрээс нэг хүн, нийт 12 хүнийг сонгожээ. Канаан нутагт очиж тандаад буцаж ирэхдээ тэдний арав нь гутранги байдлаар бүтэхгүй гэсэн шийдвэр гаргаад ирэв. Тэдний үг худал биш байжээ. Үнэхээр Канаан нутагт аварга хүмүүсийн овог болох анакчуудын үр удам байсан бөгөөд тэр ард түмний амьдардаг Иерихо хот хэлснээр нь төмөр мэт бэхлэгдсэн хот байв. Цөлийн аян замд ядарч туйлдсан израильчуудтай харьцуулахад тэд шим тэжээллэг хоол хүнс хэрэглэдэг, чийрэг бадриун бие бялдартай хүчирхэг цэрэг эрстэй байсан юм. Тиймээс бодит байдлыг л харвал нээрээ л тулалдаад ч бүтэхгүй юм байна гэж бодохоос өөр аргагүй байсан хэрэг.

Харин Иошуа Калеб хоёрын тухайд яагаад ч дийлэхээргүй байсан эсрэг талаа “Тэд бидний хоол болно” гэж хашхирч байв. Израиль ард түмэнд 10 тандагчийн мэдээ нь үнэн, баттай юм шиг санагдаж, нөгөө хоёр нь хоосон мөрөөдөгч мэт харагдаж байлаа. Харин Бурхан Иошуа Калеб хоёрын мэдээг зөв хэмээн хүлээн зөвшөөрсөн юм.

Бурханыг боддог нэгэн ба боддоггүй нэгэн

“Мосед ЭЗЭН —Энэ ард түмэн хэр удаан Намайг хилэгнүүлэх вэ? Тэдний дунд Миний бүтээсэн бүх тэмдэг байсаар байхад тэд Надад итгэхгүй хэр удаан байх юм бэ? Би тэднийг тахлаар цохиж, сүйрүүлэх болно. Би тэднээс илүү агуу, илүү хүчирхэг үндэстнийг чамаас бий болгоно гэв. Гэвч Мосе, ЭЗЭНд —Та Өөрийн хүчээр энэ ард олныг тэдний дундаас гаргасан тул египетчүүд үүнийг сонсоод, … “ЭЗЭН энэ ард түмнийг тангараглан амласан нутагтаа аваачих чадалгүй байсан учраас Тэр тэднийг цөлд алав” гэх болно. … ийнхүү арван удаа Намайг сорин, Миний дууг сонсоогүй бүх хүн, эцэг өвгөдөд нь Миний амласан тэр нутгийг үзэхгүй бөгөөд Намайг өдөөн хатгасан хүмүүсийн хэн нь ч түүнийг үзэхгүй. … Миний эсрэг гонгиносон, хорь ба түүнээс дээш насны тоолуулсан бүх хүний цогцос тооныхоо дагуу энэ цөлд унах болно. Та нарыг суурьшуулахаар Миний тангарагласан тэр нутагт Иефуннегийн хүү Калеб болон Нуны хүү Иошуа нараас өөр хэн ч орохгүй.” Тоо 14:11-30

Бурхан Өөрийг нь басамжилж үл тоосон ард түмэнд ихэд хилэгнэсэн юм. Учир нь арван тандагч бодит байдлыг нь хэлсэн хэдий ч тийм нөхцөлд ч Бурхан хамт байгаа гэдгийг ард түмэнд хэлж өгөөгүй аж. Тэд зүүн баруун, урд ардах ханаа л харсан болохоос онгорхой байсан дээд талаа харж чадаагүй байна. Дөрвөн тал хаалттай байгаа нь үнэн ч дээд тал онгорхой гэдэг нь хөдөлшгүй үнэн байв. Гэвч үүнийг орхигдуулж, байгаагаар нь мэдээллэсэн юм. Энэ арван хүний хамт гоншгонож, гомдоллосон израильчуудын нэг нь ч сүү, зөгийн балаар бялхсан Канаан нутагт хөл тавихгүй гэсэн шийдвэрийг Бурхан гаргасан байдаг.

Зөвхөн Иошуа Калеб хоёр л Бурхан хамт байгаа гэдгийг баттай дамжуулсан. Арван тандагчийн харсан хийгээд энэ хоёр хүний үзсэн нь өөр өөр байлаа. Тэд зөвхөн ханыг нь ярьж, Иошуа Калеб хоёр цоорхой байгаа дээврийг нь ч хүртэл ярьсан ажээ.

Зургаан зуун мянган хүнээс хамгийн найдвартай, итгэлээр хамгийн тэргүүлдэг гэгдсэн арван хоёр хүнийг сонгосон. Гэвч сонгосон хүмүүсийн хоёроос бусад нь Бурханыг бодож чадаагүй нь сэтгэл өвтгөм хэрэг юм. Библи уншдаг хүмүүсийн хэн нь ч өөрийгөө Иошуа Калеб шиг байж чадна гэж боддог. Харин яг бодитоор шилэн хайрцагт түгжигдвэл дээш харах амаргүй байдаг бололтой.

Энэ цаг үед Иошуа Калеб нар хэрэгтэй. Арван тандагч шиг бодит байдал ийм байна гэж ярьчихаад, тэр байдалд хамт байгаа Бурханы талаар дурдаагүй хүн нь хэрхэвч Иошуа, Калеб болж чадахгүй. Бодит байдал адармаатай, бүрхэг байх тусам, шилэн хана улам хорих тусам бид илүүтэй дээш харах хэрэгтэй бус уу?

Дээшээ харж чадаагүй хүмүүс

Тухайн үед израиль ард түмэн Египет газарт үзүүлсэн Бурханы сүр хүчийг хараад удаагүй байсан үе. Түүнчлэн өдөр бүр тэнгэрээс талх буулган өгч буй Бурханы гайхамшгийг ч дандаа л харж байсан.

Бурхан тэнгэрээс талх буулгаж өгөхөд дээшээ харж мэддэг хүн цөөхөн байв. Израильчууд анхны сарын арван таванд Рамесесаас хөдөлснөөс хойш 1 сарын дараа энэ явдал болжээ. Сар гаруйн хугацаа өнгөрсөн учраас Египетээс авч гарсан хүнс нь бараг дууссан байлаа. Баруун зүүн, урагш, хойш явсан боловч ямар нэг хүнс болчихоор зүйл байсангүй.

“Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Елимээс хөдөлж, Египетээс гарснаас хойш хоёр дахь сарын арван тавны өдөр Елим болон Синаи уулын хоорондох Син цөлд хүрэв. Тэр цөлд Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Мосе Аарон нарын эсрэг гонгинолдов. Израилийн хөвгүүд тэдэнд —Бид Египетийн нутагт махтай тогооны хажууд сууж, цадталаа талх иддэг байхдаа ЭЗЭНий мутарт алагдсан бол дээр байж. Та нар чуулганыг бүхэлд нь өлсгөлөнгөөр алах гэж биднийг энэ цөлд авчирлаа гэв. ЭЗЭН, Мосед —Үзэгтүн, Би та нарт тэнгэрээс талхыг оруулна. Ард түмэн гарч, өдөр бүр хоногийнхоо хэрэгцээгээр цуглуулна. Тийнхүү тэд Миний хууль дотор алхах нь уу, үгүй юү гэдгийг Би сорих болно. …” Гэт 16:1-5

Тэдний явж байсан газар төрөл бүрийн хүнс болчихмоор тариа будаа, үр жимс хурааж авахуйц үржил шимтэй хөрс байсангүй. Харин ч ангамал үржил шимгүй цөл байв. Дээр нь шулуун замаар явсан бол аравхан хоногийн дотор хүрчихэж болохоор Канаан нутаг явах тусам нь л холдож, ард түмний бодлоор бол тэд зорьсон газраа хүрэхээс өмнө бүгд унаад ойччих мэт санагджээ. Иймд “Ингэж байснаас Египетэд байсан нь дээр байж” гээд Мосе ба Аарон нарт гомдоллох болов.

Бурхан тэднийг ч хассан юм. Арван тандагч нь Мосед харагдаж байгаа байдлыг тэр чигээр нь мэдээллэсэн. “Энд хүнс алга” гэж Мосе, Аарон нарт гомдоллосон хүмүүс ч бас бодит байдлыг байгаагаар нь илтгэжээ. Гэвч энэ нь тэдний өөрсдийнх нь харсан бодит байдал болохоос харагдахгүй ертөнцийн байдал тийм биш байлаа.

Бурхан хэдийнээ хоол хүнс бэлтгэчихсэн байв. Тэнгэрт амбаар бэлтгээд, израильчуудад талхыг өдөр бүр бороо шиг оруулж өгч байлаа. Харин тэд дээшээ харж чадахгүй зөвхөн газар шагайж, баруун зүүн тийш харсандаа л хүнс болчих зүйл олоогүй аж. Бурхан ийм хүмүүсийг цөлийн замд сүйрэхээс өөр аргагүй хүмүүсийн эгнээнд ялгаж оруулав. Тиймээс Паул элч биднийг тэдэн шиг байж болохгүй хэмээн 1Коринт номондоо ахин дахин онцолсон байна.

“… эцгүүд маань бүгд үүлэн дор байж, бүгд тэнгисийг гатлан гарч, бүгд үүл ба тэнгист Мосе уруу баптисм хүртэж, бүгд адилхан сүнслэг хоол идэж, бүгд адилхан сүнслэг ундааг ууж, тэднийг дагаж байсан сүнслэг хаднаас ундаалсан ба тэр хад нь Христ байв. Гэсэн ч тэдний олонх нь Бурханы таалалд нийцээгүй тул цөлд хиарсан юм. Тэд тачаадан хүссэн шиг муу муухай юмсын араас бид тачаадан хүсэхгүй байхын тулд энэ нь бидэнд жишээ болсон юм. …” 1Кор 10:1-13

Бурхан биднийг тэдэнтэй адил болгохгүй юм сан гэсэндээ бидний төлөөх сургамж болгож, жишээ ба сануулга болгон бичиж үлдээсэн юм. Бурхан ямар хүмүүсийг таалаагүй хийгээд ямар хүмүүс нь цөлд хиарсныг нухацтайхан харвал энэ цаг үед бид ямаршуухан итгэлтэй байх ёстой вэ гэдгийн хариултыг олж чадна.

Тэнгэр эх нутагтаа очих зам нь цөлийн замаар алхахтай адил хатуу шийдвэр хэрэгтэй аян зам юм. Харин тэр замд Бурхан үргэлж хамтдаа явдаг. Үүнийг мартдаг учраас л шилэн хайрцагт түгжигдсэн хүн шиг ганцаардан хүчин мөхөстдөг нь үнэндээ хүний бодлоос үүдэлтэй. Харин энэ бол жинхэнэ бодит байдал биш. Үнэн хэрэгтээ дээд тал нь ч онгорхой, бусад тал нь ч онгорхой байдаг. Тийм байтал бид бодол дотроо өөрөө өөрийгөө хорьж түгжчихдэг юм.

Сүнсний ертөнц бодитоор зэрэгцэн оршдогийг хар

Цөлийн үеийн израильчуудын түүхээр өнөө үед итгэлийн цөлийн замаар алхаж яваа бидний хараа дээш чиглэн, Бурханы хийж байгаа ажил бүрийг харж байна уу эсвэл урд хойд, баруун зүүн тийш л харж байна уу гэдгээ нэг бодож үзэцгээе.

Одоо бид ертөнцийг аврах Бурханы түүхийг гүйцэлдүүлэхийн тулд далайн усыг цэвэршүүлдэг 3% давс мэт дэлхийг цэвэршүүлэх “ертөнцийн давс”-ыг хайж олохоор хичээцгээж байна. Сайн мэдээ тараангуут л үндэстнүүд шууд сэтгэлээ нээн, чих тавин сонсох тийм сайхан нөхцөл байдал биднийг хүлээж байгаа юм биш ээ. Ихэнх нь хүндрэл бэрхшээл мэдрэх тийм байдалтай олон удаа таарах болно. Урд ард, баруун зүүнээ хараад ч шилэн хайрцагт түгжигдсэн мэт сэтгэгдэл төрж ч мэднэ. Харин дээд тал чинь үргэлж онгорхой байдаг юм шүү.

Библид биднийг “Бүх зовнилоо Түүнд хая” (1Пет 5:7) гэсэн байдаг. Бид санаа зовлоо гээд өөрийнхөө өндрийг нэг тохойгоор нэмж чадахгүй, цагаан үсээ хар болгон өөрчилж чадахгүй (Мат 6:27, 5:36 үзэх). Бурхан биднийг Египетээс гаргаж, цөлийн замаар Канаанд оруулна гэсэн л бол бидний мэдэхгүй ямарваа нэг аргаар ч болов Өөрийн ажлаа гүйцэлдүүлэх тул бид зөвхөн Бурханыг түшээд гарахад л болох юм. Ард түмнээ бүргэдийн жигүүр дээр тээгээд хөтөлнө гэсэнчлэн Бурхан хүч чадлаараа биднийг хөтөлж байгаа. Дээр нь суучихсан хэр нь “Ер нь энэ бүргэдэд намайг суулгаад нисчих хүч чадал байгаа юм болов уу даа” гэж санаа зовох шаардлагагүй.

Бурхан бодит байдал дээр үргэлж бидэнтэй хамт байгаа. Харин харагддаг ертөнц ба харагддаггүй ертөнц байдгийг умартаж, нүдэнд харагдах ертөнцийг л бодит гэж хэлсэн арван хүнийг хэрхэвч Канаанд орж чадахгүй тухай Бурхан айлдсан байдаг. Махан биеийн израиль ард түмэнд Канаан нутгийг амралт болгон өгч, сүнсний израиль ард түмэнд тэнгэрийн хаанчлалыг мөнхийн амралт болгон өгсөн учраас Канаанд орж чадахгүй гэсэн нь тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй гэсэнтэй агаар нэг юм.

Сионы гэр бүлүүд та бүхнээс тэнгэрийн Канаан буцах аян замаасаа нэг нь ч бүү хазайгаасай гэж хүсэж байна. Бүгдээрээ хамт тэнгэрийн оронд очихын тулд үргэлж Бурханыг бодож, Бурханд найдах хэрэгтэй. Өмнөх байдал маань хоол хүнсгүй мэт, тэдэнтэй харьцуулахад бид хүчин мөхөс мэт харагдлаа ч бидэнд үргэлж бидний талд зогсож байдаг Бурхан бий.

Бурханыг бодвол ямар ч аймшигт дайсан, хичнээн аюултай байдал юу ч биш. Даниел, Шадрах, Мешах, Абед-него нар тийм байгаагүй гэж үү? Аюул дунд байхдаа Бурханыг бодсон болохоор нь л Бурхан арслангуудын амыг таглаж, галын дөлийг бүхэлд нь хаасан хэрэг (Дан 3, 6-р бүлэг үзэх). Бурханыг боддог хүн ингэж өдөр бүр гайхамшигтайгаар амьдрах боловч Бурхангүй хүн өдөр бүр зовж зүдэрнэ.

Итгэлийн цөлийн замд Иошуа Калеб нар шиг хүмүүс бий. Мөн арван тандагч шиг улсууд ч байгаа. Бид чухам аль талд нь зогсоод, тэнгэрийн хаанчлалын замаар харамсах зүйлгүйгээр алхах вэ хэмээн дахин сэтгэл зүрхэндээ сийлэхийг хүсье. Гагцхүү махан биеийн бодит ертөнцийг харах бус, сүнслэг ертөнц бодитоор зэрэгцэн оршиж байгааг харж чаддаг Иошуа, Калеб шиг сүнслэг нүдтэй байж, Эцэг Эхийн хөтлөлийг хаашаа ч явсан төгсгөл хүртэл бүрэн дагахыг Сионы ивээлтэй гэр бүлүүдээсээ хүсэх байна.