Хэл сонгоно уу.

Close

Бардам занг хаяж даруу хүн болъё

4,009 үзэлт

Хүн төрөлхтөн бол тэнгэрт нүгэл үйлдэж, дэлхий рүү хөөгдөж ирсэн тэнгэр элч нар гэдгийг бид Библиэр ойлгож болно. Гэм нүглийнхээ төлөөсөнд үхэх тавилантай болсон хүн төрөлхтний өмнөөс Бурхан Өөрөө тэр бүх нүглийн хөлсийг нь төлж, амийн зам нээж өгсөн билээ. Бурханы ариун нигүүлслээр бид сүнснийхээ эх нутаг болох тэнгэрийн оронд буцан урьд өмнө эдэлж байсан мөнх амийн аз жаргалаа сэргээлгэх амлалт авсан шүү дээ.

Одоо бидний хувьд тэнгэрийн хаанчлалдаа буцах өдөр ойртсоор. Урьдын нүгэлт зуршлуудаа хаяж, ариун хийгээд итгэл сүсэг бүхий зан байдалтай болж өөрчлөгдөхийн тулд бид ямар хандлагатай байх ёстойг Библиэс судалцгаая.

Бардам зангаас улбаатай алдаа

Нэгэн эзэн хаан цэргийн хуаранд зочлох үеэрээ хөнгөхөн хувцаслаад салхилахаар гарчээ. Тэрээр хуаран руугаа эргээд алхаж явтал салаа зам гарч ирж гэнэ. Аль зүг рүү нь явах вэ гээд бодол болж байтал хажууханд нь нэг цэрэг харагдав. Түүнээс зам асуухад мөнөөх цэрэг нэлээн ихэмсэг байгааг анзаарлаа. Цэрэг үл хүндэтгэсэн өнгө аясаар “Энэ талаар нь яваад үзэхгүй юү” гэж хариулав. Эзэн хаан цааш ганц нэг алхсанаа мөнөөх цэргийн хандлагыг сонирхож, түүн дээр эргэж ирээд ийн асуулаа.

“Таны ямар цолтойг асуувал дургүйцэхгүй биз?” гэж асуухад

цэрэг “Чи өөрөө таа л даа” гэж хариулав.

Эзэн хаан цэрэг эрийг бүдүүлэг авирласных нь төлөө тэр дор нь шийтгэхийн оронд “Та ахлах ахлагч уу?” гэж асуужээ. Тэгэхэд өнөөх цэрэг эрүүгээ дээш өргөснөө “Тэрнээс дээш” гэж хариулав. Эзэн хаан түүнээс дэслэгч үү, ахлах дэслэгч үү гэж цолыг нь нэг бүрчлэн ахиулж асуусан ч мөнөөх цэрэг “Тэрнээс ч дээш” гэв. Эцэст нь эзэн хаан “Тэгвэл та ахмад юм уу?” гэж асуухад “Тийм ээ, би ахмад” гээд бардамнан зогсож байв гэнэ.

Энэ удаа эзэн хаан тэр ахмадаас “Харин та намайг ямар цолтойг мэдэх үү?” гэж асуув. Ахмад “Би чиний цолыг яаж мэддэг юм. Байлдагч л биз” гэв. Эзэн хаан “Тэрнээс жаахан дээшээ” гэж хариулахад ахмад бага багаар ахиулж хэлэв. Эзэн хааныг ахлах ахлагч, дэслэгч, ахлах дэслэгч биш гэж нэг бүрчлэн хариулахад нь ахмад жаахан ёсорхуу болж ирснээ “Тэгвэл над шиг ахмад байх нь ээ?” гэв. Эзэн хаан “Тэрнээс ч дээшээ” гэж хариулав. Тэгтэл өнөөх ахмадын хүйтэн хөлс асгарч ийн асуув.

“Ингэхэд та ер нь ямар цолтой хүн бэ?” гэхэд

эзэн хаан “Би энэ улсын эзэн хаан байна” гэж хариулав.

Ахмад тэр даруй нүүрээрээ газар унаж өршөөл гуйв. Эзэн хаан түүнийг босгоод

“Бурханы нүдэнд чи бид хоёр адилхан. Гэсэн ч Бурхан чамайг хэн нэгэнд бардам зан гаргалгүй, илүү даруу амьдрахыг хүсдэг гэдэгт би итгэлтэй байна” гэж хэлжээ.

Дандаа л өөрөөсөө доод албан тушаалын цэргүүдээр үйлчлүүлж, хүндлүүлж дассан өнөөх ахмад эзэн хааныхаа өмнө ч хүртэл бардам зангаа хянаж чадаагүй байна. Бардам зан түүний сэтгэлд гүн гүнзгий шигдэн сууж, буцаахын аргагүй алдаа гаргахад хүргэсэн нь энэ.

Нүглийн үр, бардам зан

Бардам занг зөнд нь орхивол сэтгэл дотор улам их зай эзлээд л байна. Өөрсдөө ч мэдээгүй байх үед минь томорч, хэзээ нэгэн цагт буцаах аргагүй үр дагавар авчирдаг. Бурханы ариун ууланд галт чулуунуудын дундуур явдаг, үзэсгэлэн төгс херуб тэнгэр элч нүгэлд орооцолдсон учир шалтгаан (Езе 28:12-17), мөн “Үүрийн хүү гялбаат цолмон” өөрийнхөө сэнтийг Бурханы сэнтийнээс өндөрт тавин, урвахад хүргэсэн анхдагч шалтгаан ч бардам зангаас үүдэлтэй (Иса 14:12-15).

Езекиел ном болон Исаиа номд тэмдэглэгдсэн жишээ нь бидний тэнгэрт үйлдсэн нүглийн үндэс суурийг зааж өгдөг. Бардам зангийн улмаас тэнгэрээс хөөгдсөн болохоор бардам сэтгэлээ гээж чадахгүй бол дахин тэнгэр рүү буцаж чадахгүй. Тиймээс л Бурхан биднийг бардам зангаа хаяхыг хүлээж байгаа.

“Ихэд олон үг бардамнаж бүү ярьтугай. Ихэмсэг үгс амнаас чинь бүү гартугай. Хамгийг мэдэгч Бурхан ЭЗЭН тул хамаг үйлийг дэнслэгч нь чухамдаа Тэр билээ.” 1Сам 2:3

Бардам, ихэмсэг үг хэл, үйлс үйлдлийг Бурхан дэнсэлнэ. Бид хүмүүст үнэнийг ухааруулж, шижир алт шиг үгээр зааж сургалаа ч дотор маань бардам зан оршиж байвал Бурханд таалагдах боломжгүй юм.

“ЭЗЭН, Та яагаад тэртээ хол зогсном бэ? Бэрх цагт Та яагаад нуугднам бэ? Бардам зангаараа гэм буруутан нь зовлонт нэгнийг мөшгөдөг. Өөрсдийнх нь сэдсэн башир явуулгад нь тэднийг унагаач. Гэм буруутан хүсэл тачаалаараа сайрхах агаад шунахай нэгэн, ЭЗЭНийг хараан үл ойшоодог. Гэм буруутан бардам нүүрлэж, эс хайдаг агаад түүний бүхий л санаа бодолд “Бурхан байдаггүй”.” Дуу 10:1-4

Бурханыг хараан үл ойшоож буй нь бардам байгаагийн шинж. Сэтгэл нь бардам байгаа хэрнээ “Би угаасаа ийм зантай” гэж өөрийгөө зөвтгөх тохиолдол мэр сэр бий. Энэ бол туйлын аюултай бодол юм. Бардам зангийн үр соёолон ургавал Бурханыг эсэргүүцэх үйлдэл илэрч, авралаас холдоход хүргэнэ. Тиймээс л Бурхан биднийг хайрласандаа Библид олонтоо бардам зангаас болгоомжил гэж сургасан байдаг (Сур.Үгс 11:2, 16:18-19).

Хэрэв санамсаргүй байдлаар бидний сэтгэл зүрхэнд өчүүхэн ч атугай ихэмсэг байдал үүссэн бол үүнийг даруй устгах хэрэгтэй. Бардам занг бид өөртөө итгэх итгэл гэж андуурч болохгүй. Өөртөө итгэх итгэл нь Бурхан хамт байгаа гэсэн итгэлээс үүсдэг зүйл. Тийм биш бол бардам зан гэсэн үг. Итгэлийн замаар алхах явцад Бурханаас хүлээн авсан үүрэг, хариуцлага бидэнд бий. Харин ихэмсэг зан өвөрлөхгүйн тулд үргэлж сэрэмжилж, өөрсдийгөө даруу байлгаарай.

Гэмшил ба дорд даруу сэтгэл

Энэ дэлхий дээр өө сэвгүй амьдарч байсан гэх хүн ч өөрийгөө тэнгэрт нүгэл үйлдэж, газар дэлхий рүү хөөгдөж ирсэн тэнгэр элч гэдгээ ухаарвал Бурханы өмнө өөрийгөө өргөмжлөхгүй шүү дээ. Бид бардам байхдаа бусдад хүндлүүлж, эрх мэдлээрээ далайлгахыг хүсдэг. Энэ бол бид өөрийгөө нүгэлтэн гэдгийг бүрэн ухамсарлаагүйгээс гардаг үйлдэл юм.

“Бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга. Бид нүглээ улайвал итгэмжит, зөвт Тэрээр нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ. Бид нүгэл үйлдээгүй гэж хэлбэл, бид Түүнийг худалч болгож байгаа хэрэг бөгөөд бидэнд Түүний үг алга.” 1Иох 1:8-10

Бид бүгд нүглээсээ болж махан бие өмссөн тэнгэр элч нар. Библи үүнийг маань тодорхой нотолдог. Хэрэв бид шинэ гэрээний үнэнээр дамжуулан нүгэлтэн гэдгээ ухаарсан бол одооноос гэмших учиртай. Нүгэлтэн гэдгээ ухамсарлаагүй үед бол бид бусдыг дорд үздэг. Харин нүгэлтэн гэдгээ үнэн голоосоо ухаарсан үедээ бол дорд даруу байж чадна. Хэрэв бид нүгэлдээ гэмшиж л байвал яахан харц дээгүүр алхалж зүрхлэх билээ.

“Өөрсдийгөө зөвт хэмээн өөрсдөдөө итгээд, бусдыг басамжлагч хэсэг хүмүүст хандан энэ сургаалт зүйрлэлийг айлдав. —Хоёр хүн залбирахаар сүмд оржээ. Нэг нь фарисай, нөгөө нь татвар хураагч байж гэнэ. Фарисай хүн зогсоод өөртөө залбиран “Бурхан, Тандаа би талархъя. Юу гэвэл би бусад хүмүүс шиг зальхай, шударга бус, завхай биш, энэ татвар хураагч шиг ч биш. Би долоо хоногт хоёр удаа мацаг барьж, олсон бүгдийнхээ аравны нэгийг өргөдөг” гэв. Харин татвар хураагч нь зайдуу зогсоод, тэнгэр өөд харж ч зүрхлэлгүй, харин цээжээ дэлсэн байж, “Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч” гэв. Би та нарт хэлье, фарисай нь биш, харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ харив. Учир нь өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв.” Лук 18:9-14

Есүс татвар хураагч, фарисай хүн хоёрын жишээг татаад өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэсэн чухал сургамжийг өгсөн. Хэрэв бид өөрийгөө өргөмжлөх хүслээ хаяж оронд нь итгэлийн даруу хандлагаар бусдад үйлчлэх юм бол олон сүнсийг аврал руу хөтлөх үүргээ ч сайн биелүүлнэ.

“Тийм ээ, тэд итгэлгүйдээ тастагдсан бол та итгэлээрээ зогсож байна. Бүү дээгүүр санаарх харин эмээ. Хэрэв Бурхан төрөлх мөчрүүдийг хэлтрүүлээгүй бол таныг ч гэсэн хэлтрүүлэхгүй. …” Ром 11:20-22

Бурхан биднийг бүү дээгүүр санаарх, харин ч дээгүүр санаархах вий гэж үргэлж өөрийгөө хянаж, эмээ гэсэн байна. Эх маань айлдахдаа “Бурхан үйлчлэхээр энэ газарт ирсэн. Үйлчлэл авахыг хүсэлгүй, бие биедээ үйлчлэхэд Бурхан баярлана” гэж сургасан шүү дээ. Шинэ гэрээний үндсэн зарчим нь ихэмсэг бардам зүрх биш үйлчилдэг зүрх сэтгэлтэй байх явдал юм. Бид эдгээр сургамжаараа биднийг авралд хүргэж тэнгэрийн хаанчлал дагуулж явахыг хүсдэг Бурханы хүслийг санаж, үгийг нь дуулгавартай дагах хэрэгтэй.

Бурханаас даруу зан сурцгаая

Есүсийн мөн чанар Бурхан хэдий ч эсрэгээрээ боолын дүрийг авч хүн төрхөөр илчлэгдсэн юм (Фил 2:1-8). “Бурханд зохих ёсоор үйлчилж чадахгүй юү?” гэж ертөнцийнхнийг зэмлээгүй. Харин ч Өөрийгөө дорд болгож, зөгнөлийн үгэнд үхэл хүртэл дуулгавартай байсан.

Алгасал баярын ариун зоогийн ёслолын өмнө Есүс Өөрөө шавь нарынхаа хөлийг угаасан. Тэр үед Израильд зочин ирэх болгонд хөлийг нь угааж өгдөг боолын ажил байв. Гэсэн хэдий ч Бурхан шавь нарынхаа хөлийг угааж боол зарцын ажил хийсэн. Тэрээр сүнслэг Сионы Хаан болж ирнэ гэсэн зөгнөлөө биелүүлэхийн тулд Иерусалим хотод орж ирэхдээ ч дудран унасан байсан. Ийнхүү тэрээр хүмүүсийн өмнө Өөрийгөө даруу болгож байсан олон жишээг сайн мэдээний дөрвөн номноос бид харж болох юм (Иох 13:1-15, Мат 21:1-9).

“Харин Би та нарын дунд үйлчлэгч мэт байдаг” (Лук 22:27) хэмээсэн Есүсийн амьдрал бидний авралын төлөөх үлгэр дуурайл юм. Хамгийн дээд Бурхан дордын дорд боолын байр сууринд байж сайн мэдээнд бүхнээ зориулсныг санан, бидэнд үзүүлсэн итгэлийн жишээг нь дагах учиртай.

“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно.” Мат 11:28-29

Хэрэв бид Бурханыг дуурайсан төрхөөр өөрчлөгдөхийг хүсвэл Бурханд байдаг чанаруудыг өөртөө байлгаж, Бурханд байхгүйг нь бүрэн таягдан хаях хэрэгтэй. Бардам зангаа хаяж, Бурханы бидэнд жишээ үзүүлсэн энэрэл, даруу дөлгөөн занг өмсөцгөөе (Кол 3:12). Тийнхүү Сионоо бид Бурханд байдаг хайр, даруу чанаруудаар дүүргэцгээе.

“Хайр тэвчээртэй энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр агсганадаггүй, ихэрхдэггүй, …” 1Кор 13:4-7

Хайранд бардам зан гэж үгүй, харин даруу байдал л оршдог. Өнгөцхөн харахад хайр нь сул дорой, уян зөөлөн хүмүүсийн л үйлдэл мэт санагдаж болох ч бодит байдал дээрээ далай шиг өргөн, уужим сэтгэлтэй хүний л хийж чадах зүйл. Бурхан хайр учраас бид ч мөн хайраар бардам занг хөөн гаргаж, Бурханыг бүрэн дуурайсан төрхтэй болцгооё.

Насостой худагнаас ус татаж авахын тулд эхлээд насос дотор нь ус хийх хэрэгтэй болдог. Тэгэхгүй бол ус авах гэж яаж ч хичээсэн, хичнээн ч цаг зарцуулсан бай ус авах боломжгүй болно. Илүү их ус татаж авахын тулд насос руу эхлээд ус хийдэг шиг Есүс ч мөн Өөрийгөө даруу болгож, даруу зүрх сэтгэлээр хүн төрөлхтнийг мөнхийн тэнгэрийн хаанчлалд хөтөлсөн юм. Бид ч мөн бусдад эхэлж гараа сунган, түрүүлж мэндлэн, баяртайгаар угтаж авч үйлчилдэг даруу сэтгэлтэй байж, нэг сүнс аврах үүргээ биелүүлцгээе.

Даруу хүнд нигүүлсэл өгдөг

Библи нь биднийг авралд хүргэх мэргэн ухааныг шингээсэн ном. Тиймээс шинэ, хуучин гэрээнд гардаг сургаалыг зүгээр нэг ёс суртахууны хувьд сайн сайхан үг сургаал төдийхнөөр авч үзэх биш, харин Бурханы сургаал бүрийг туйлын үнэн үг гэж үзэн, анхаарлаа хандуулах ёстой. Бурхан бидэнд бардам биш даруу бай гэж сургадаг. Учир нь даруу чанар нь тэнгэрийн хаанчлал явахын тулд бидэнд зайлшгүй байх ёстой чанар юм.

“Эсвэл Бичвэр дэмий хоосноор “Бидний дотор Түүний нутаглуулсан сүнс нь атаархан хүсдэг” хэмээсэн гэж та нар бодож байна уу? Гэвч Тэр илүү их нигүүлсэл өгдөг. Тиймээс “Бурхан бардмыг эсэргүүцэж харин дарууд нигүүлсэл өгдөг” гэдэг. Тиймээс Бурханд захирагдагтун. …” Иак 4:5-8

Бурхан даруу хүнд нигүүлсэл өгч, бардам хүнийг эсэргүүцнэ хэмээсэн байдаг. Бурхан бол түмэн ерөөлийн эх үндэс. Бурхан эсэргүүцнэ гэхээр тухайн хүнд ямар ч ерөөл байхгүй болно гэсэн үг. Харин даруу зүрх сэтгэлтэйгээр Бурханы үгийг хэрэгжүүлдэг хүмүүс бүх зүйл дээр амжилт олж, хийсэн бүхэн дээр нь Бурханы Ариун Сүнсний ерөөл буух юм.

“Тэд чамайг дорд болгоход чи итгэлтэйгээр ярих болно. Тэрээр даруу хүнийг аврах болно.” Иов 22:29

Бурхан даруу хүнийг өргөмжилж, авралаа хайрлана. Тийм болохоор Бурхан биднийг дэлхийд байх хугацаандаа дорд даруу байхыг зовлон гэж битгий үз гэсэн байдаг. Хуучин гэрээний үеийн израильчуудын 40 жилийн цөлийн амьдралыг эргэн харах юм бол Бурхан заримдаа тэднийг дорд болгож, өлсгөсөн шалтгаан нь эцэст нь тэдэнд ерөөл өгөхийн тулд байжээ. Итгэлийн цөл дэх бидний аян зам ч мөн ялгаагүй. Бидний амсаж буй аливаа зовлон зүдгүүрийн цаана эцэст нь биднийг тэнгэрийн хаанчлалд эсэн мэнд хөтлөх гэсэн Бурханы зүй тогтол, авралын төлөвлөгөө оршдог юм.

“Залуус аа, та нар мөн түүнчлэн ахлагчдадаа захирагд. Та бүгд бие биендээ даруу хандах байдлаар хувцасла. Учир нь Бурхан бардмыг эсэргүүцдэг, харин дарууд нигүүлсэл өгдөг. Иймд Бурханы хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө.” 1Пет 5:5-6

Хүмүүний энэ ахархан амьдралд хүмүүс нэрээ олонд таниулж, хүндлэл хүлээхийг хүсдэг. Харин үүрд мөнх амьдрах бидний хувьд бол тийм биш. Тэнгэрийн орон явбал хаан тахилчийн яруу алдар хүртэж, тэнгэр элч нар биднийг өргөмжлөх болно. Үүрд мөнхийг хүсэн мөрөөдөн энэ дэлхийд даруугаар алхсан бүх хүнийг Бурхан зохистой цагт нь өргөмжлөх болно.

Бид өөрсдийгөө даруу байлгахгүй бол зөрчил үүсэж, өөр хоорондоо нэгдэж чадахгүй, Бурханы ерөөлийг ч авч чадахааргүй байдал үүсэх юм. Сионд ах дүү, эгч дүү нар нэгэндээ үйлчилж, гэр орондоо ч нэгнээ хүндэлж, даруу байр сууринд байх юм бол сүм дээр ч, гэр оронд ч эв найр бий болно. Улмаар сайн мэдээний ажил ч амар тайван явагдана. Ухаан бодолдоо ихэрхэхийн оронд Бурханы айлдсанчлан бие биедээ үйлчилж, даян дэлхийн сайн мэдээний ажлыг гүйцэлдүүлэх Сионы гэр бүлүүд болохыг хүсэх байна.