Дэлхийн төв рүү аялах нь

19,357 үзэлт

Ингэхэд бидний зогсож байгаа газар дор ер нь ямархуу байдаг бол оо? “Дэлхийн төв рүү аялсан нь” хэмээх кино энэ асуултанд их сонирхолтой төсөөллөөр хариулдаг. Дэлхийн дотоод гүн дэх ертөнц бол хөндийд аварга том амьтад эргэлдэж, өлсгөлөн пиранха загас далайг дүүргэж, хүчтэй соронзон орны нөлөөгөөр хад чулуунууд агаарт хөвж байдаг ер бусын нууцлаг газар гэж уг кинонд дүрсэлсэн байдаг. Хэн ч очиж үзээгүй дэлхийн төв рүү, тэрхүү үл мэдэгдэх ертөнц рүү аялцгаая.

Хөл доорх ертөнц болох дэлхийн дотоод бүтэц

Хүний очиж үзсэн хамгийн хол зай бол дунджаар 384400км зайтай байдаг сар. Хүний хийсэн зүйлс дунд дэлхийгээс сансарт хамгийн хол орон зайг судлах Вояжер-1 сансрын хөлөг дэлхийгээс 20 тэрбум километр хол аялаад байна. Хүн төрөлхтөн сансар огторгуй тийш гараа сунгаж буй энэ үед харин дэлхийн гадаргуугаар дамжин дэлхийн төв рүү явсан гүн маань ердөө 13км байгаа нь хачин жигтэй байж мэдэх юм. Дэлхийн радиус 6,400км гээд авч үзэхээр бид дэлхийн гаднах арьсыг нь ч хальсалж үзээгүй байх нь.

Дэлхийн дотоод дахь хэт өндөр даралт, температурын улмаас хүний хүрэх гүн хязгаартай байдаг. Гэхдээ хүний биеийн дотор талыг рентген буюу хэт авианы долгионоор харж чаддаг шиг дэлхийн давхаргыг дайран өнгөрдөг, долгион ба чичиргээ бий болгож байдаг газар хөдлөлтийн үр дүнд дүн шинжилгээ хийж дэлхийн дотоод бүтцийг харж болно.

Газар хөдлөлтийн долгион дотор дэлхийн дотоод орчны талаархи мэдээллийг агуулсан P долгион ба S долгион гэж байдаг. S долгион нь зөвхөн хатуу материалаар дамждаг бол P долгион нь бараг бүх материалаар дамжин өнгөрдөг. Газар хөдлөлтийн долгион дамжих үед өөр материал бүхий давхаргыг цохиход тархалтын хурд нь харилцан үйлчлэлийн зааг дээр гэнэт өөрчлөгддөг. Газар хөдлөлтийн долгионы ийм шинж чанаруудаар нь дэлхийн дотор хэдэн давхаргаас бүрдсэн болохыг мэддэг болжээ.

1909 онд Хорватын сейсмологич эрдэмтэн Андрия Мохоровичич газар хөдлөлтийн долгионы хурд дэлхийн гадаргуугаас хэдэн арван километрийн хурдтай нэмэгдэж байсан газрыг олж илрүүлжээ. Энэ нь дэлхийн дотоод хэсэг янз бүрийн материалаас бүрдсэн гэсэн үг юм. Өнөө үед дэлхийн царцдас ба мантийн бүрхүүл хоёрын хоорондох хил заагийг уг эрдэмтний нэрээр Мохийн зааг гэж нэрлэдэг байна. 1914 онд Германы сейсмологич эрдэмтэн Бено Гутенберг манти ба цөмийн хоорондох хил хязгаарыг нээсэн аж. 1936 онд Данийн газар хөдлөлт судлаач Инге Леманн дэлхийн дотоод цөмийг нээжээ.

Дэлхийн дотор талд ховор амьтад амьдардаг нууцлаг орон зай байдаггүй. Гэвч дэлхийн дотоод хэсэг нь өндөгний шар, өндөгний цагаан, өндөгний хальс зэргээс бүтсэн өндөг шиг давхаргуудад хуваагддаг болохыг нь олж мэджээ. Өндөгний шар шиг дэлхийн төв хэсэгт 3500км радиустай хүнд цөм оршдог аж. Харин энэ цөм нь хатуу дотоод цөм ба шингэн гадаад цөмд хуваагдана. Дотоод цөмийн температурыг 5000°C-аас дээш гэж таамагласан байдаг. 2900км зузаантай манти нь цөмийг өндөгний цагаан шиг хүрээлж байдаг байна. Харьцангуй хөнгөн царцдас нь дэлхийн гадаргуу дээр бүрхүүл мэтээр байдаг аж. Дунджаар 35км орчим зузаантай эх газрын царцдас, 5км орчим зузаантай далайн царцдас гэсэн хоёр төрлийн царцдас байдаг байна.

Тектоник хавтан ба дэлхийн хөдөлгөөн

Хөрст дэлхий огт хөдөлдөггүй юм шиг хэрнээ үнэндээ бол аажуухан хөдөлж байдаг байна. Дэлхий дээрх эдгээр хөдөлгөөнүүд нь хүмүүн биднийг айлгаж байдаг газар хөдлөлт, галт уулын идэвхжил зэргийг үүсгэдэг. Гэсэн хэдий ч дэлхийг хөдөлгөөнгүй хатуу биет гэж үздэг байсан эрдэмтэд урт удаан хугацааны турш диастрофизмын талаар зохих тайлбар өгч чадахгүй байв. 1960-аад оны үед л хавтангийн тектоникийн талаар санал дэвшүүлсэн аж. Энэ нь дэлхийн гаднах бүрхүүл ганцхан хэсгээс бүрддэг биш, харин эвэндээ ордог, эвлүүлдэг тоглоомын хэсгүүд шиг арав гаруй том жижиг хэсгээс бүрддэг гэсэн онол юм. Хүмүүс дэлхий дээр шинэ үзэл ойлголттой болж эхлэв.

Дэлхийн гадаргууг бүрдүүлдэг хэсгүүдийг “тектоник хавтан” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь дэлхийн царцдас ба мантийн дээд хэсгийг багтаасан 100 км орчим зузаантай хатуу литосфер юм. Эдгээр асар том хавтангуудын хөдөлгөгч хүч нь дэлхийн гадарга дор гүнээс түрж хөдөлж байдаг манти аж. Хавтангуудын доор дэлхийн дотоод халуунд манти хайлах үед наалдамхай, царцмаг шиг байдалд ордог астеносфер байдаг. Энэхүү астеносфер нь конвекцийн тусламжтайгаар тектоник хавтангуудаа хөдөлгөдөг.

Тектоник хавтангууд жилдээ хэдхэн см хөдөлдөг бөгөөд хүний хумс ургахын дайтай хурдтай хөдөлдөг байна. Хэдэн сая жилийн цагийн хэмжүүрээр бол харин аварга том хавтангууд нь туузан дамжуурга хөдлөх мэтээр хөдөлдөг аж. Жил бүр модон дээр жилийн цагираг (насны цагираг ч гэдэг) нэмэгддэг шиг дэлхийн доторх хэсэг болох манти гарч ирэн, улмаар шинэ хавтангууд үүсгэдэг бөгөөд доош түлхэгдсэн хуучин хавтангууд нь хайлж, чулуулаг эргэлдэх маягаар манти болон дахин ашиглагддаг аж. Хавтангууд хоорондоо мөргөлдөн уул нурууд бий болж, хавтангууд хоорондоо зөрж хөндий тал ба далай тэнгисийг үүсгэдэг төдийгүй зарим тохиолдолд тектоник хавтангийн хил дээр газар хөдлөлт болох нь бий.

Дэлхийтэй адил бусад гаргууд, мөн сар ч хүртэл үүсэж бий болсон цагаасаа хойш хувирч өөрчлөгдөж ирсэн ч өөрчлөлтүүд нь одоо ч үргэлжилсээр байдгаар нь дэлхийг амьд гараг гэхэд болно.

Дэлхийг хамгаалж байдаг дотоод хүч

Дэлхийн уур амьсгалын систем нь агаар мандал, гидросфер, биосфер, геосферийн хоорондох бодисын эргэлтээр зохицуулагддаг. Тектоник хавтангуудын хөдөлгөөн нь хүлэмжийн хий болох нүүрстөрөгчийн давхар ислийг эргэлдүүлдэг тул дэлхийн температурыг хянах системийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Галт уулын дэлбэрэлтээс нүүрстөрөгчийн гол нөөц болох чулуулгуудаас нүүрстөрөгчийн давхар исэл хэлбэрээр дэлхийн агаар мандалд нүүрстөрөгч ялгарч, улмаар агаар мандалд байгаа нүүрстөрөгчийн давхар исэл нь усанд задран уусч, аль эсвэл далайн ёроолын тунамал чулуулаг болж, манти болон тунадасжин дэлхийн дотор талд буцан ирдэг.

Дэлхийн амьд организмын тухайд нэн чухал хамгаалалтын бүрхүүл, бамбай болох дэлхийн соронзон орон нь бас л дэлхийн дотор талаас бий болсон гэж эрдэмтэд үздэг. Учир нь конвекц нь голчлон төмөр болон никелиэс бүрддэг шингэн давхарга болох гадаад цөмд тохиолддог төдийгүй энэ нь ажиллаж байгаа генератор шиг цахилгаан гүйдэл үүсгэж, гүйдэл дамжуулагчийн эргэн тойронд соронзон орон үүсдэгтэй адил гадаад цөмөөс үүсдэг гүйдэл нь дэлхийн соронзон орныг бий болгодог байна.

Дэлхийн дотор талд хүн төрөлхтөн бидний оршин тогтноход зайлшгүй чухал шаардлагатай ашигт малтмал, эрчим хүчний нөөц бий. Газар доорхи баялгийг бид өдөр тутмын амьдралдаа болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд өргөнөөр ашигладаг. Ашигт малтмалын нөөц нь эдүгээ бидний амьдралын нэг хэсэг болсон гэхэд болно. Гар утас, компьютер, автомашин, нисэх онгоц, керамик эдлэл, гоо сайхан, эм эмэн бүтээгдэхүүн гээд хүний өдөр тутмын хэрэглээний ихэнх зүйлд ашигт малтмал ашиглагддаг. Хүний амьдралд ашиг тустай ашигт малтмалын царцдас дээр төвлөрсөн газрыг ашигт малтмалын орд гэж нэрлэдэг. Энэ нь тектоник хавтангууд хоорондоо мөргөлдөх буюу салах зааг дээр үүсдэг хавтангийн хөдөлгөөний үр дүн юм. Хавтангийн зааг дээр тохиолддог галт уулын идэвхжил, метаморфизм, магматизмын ачаар царцдас дахь материалууд шинэ нэгдлүүд үүсгэх юм уу эсвэл өөрчлөгдөж, эсвэл тодорхой бүрэлдэхүүн хэсгүүд баяжихын хэрээр янз бүрийн эрдэс бодис үүсгэдэг. Тектоник хавтангуудын заагаас олон тооны ашигт малтмалын орд олддог бөгөөд зарим хүмүүс түүнийг ашигт малтмалын агуулах гэж нэрлэдэг. Царцдаст удаан хугацаагаар булагдсан амьтан, ургамлын үлдэгдэл рүү өндөр даралт, хэт халууныг нэвтрүүлэхэд нүүрс, газрын тос гэх мэт чулуужсан түлш үүсдэг байна.

Хүн төрөлхтний соёл иргэншилд ихээхэн үр өгөөжтэй ашигт малтмал ба эрчим хүчний элбэг дэлбэг байдал нь дэлхийн гүнээс л гарч ирж байгаа гэхэд хэтрүүлэг болохгүй юм. Хэдийгээр хүмүүн бид дотоод дэлхийн хүчийг төдийлөн мэдрэхгүй байгаа ч үнэндээ энэ нь л хүн төрөлхтний соёл иргэншлийг хянаж байдаг билээ.

Дэлхий бол амьд биет амьдардаг амьд газар. Нарны аймгийн систем дэх хөдөлдөг хавтангуудтай цорын ганц гараг. Дэлхий бол зүгээр нэг хад чулууны цуглуулга биш ээ. Дэлхий өөрөө амьд организмын нэгэн адил тасралтгүй амьтай, хөдөлж байдаг юм. Дэлхийн гадарга нь хатуу, өөрчлөгдөшгүй мэт харагдаж байгаа ч далай тэнгисийг хаах нээх, уул нурууг барьж босгох гээд тасралтгүй өөрчлөгдөж байдаг байна.

Дэлхийн дотоод конвекц нь зүрхний цохилттой л адил. Энэ нь дотоод эрчим хүчийг гадагш нь дамжуулдаг. Гадагшилсан энэ эрчим хүч нь дэлхийг амьд, хөдөлгөөнтэй байлгах эхлэлийн цэг юм. Дэлхийг амьд гараг болгодог өөр нэг нууц нь дэлхийн дотор талаас олдсон байна. Дэлхийн байнгын хөдөлгөөн нь төгс экосистемийг бүрдүүлдэг. Дэлхийн дотоод ертөнц өдгөө олон хүний төсөөллийг өдөөх болжээ. Үнэндээ бол дэлхийн дотоод ертөнц амьдралын нууцлаг хүчээр дүүрэн байдаг.

“Мөнгөний уурхай болон алтыг цэвэршүүлдэг газар зайлшгүй байдаг. Төмрийг шорооноос авдаг бөгөөд зэсийг хүдрээс гаргадаг. Тэрээр харанхуйг эцэслэж, харанхуй ба үхлийн харанхуй дунд хүдрийг хамгийн зах хязгаараас хайдаг. Тэрээр хүмүүсийн оршин суух газраас хол уурхайн нүх ухдаг бөгөөд тэр нь хүний хөлд мартагдсан байдаг. Тэд хүнээс хол цааш нааш дүүжлэгдэн савладаг. Газраас хоол хүнс гарч ирдэг бөгөөд галаар мэт дор доторх нь хуйлралдана.”Иов 28:1-5

Эх сурвалж
EBS Шинжлэх ухааны хувьсгалын түүхэн үеийн бүтээлийн баг, Хомо Шинжлэх ухаан 1, Мэдлэгийн суваг, 2013
Пак Дун Гун, Эх дэлхийгээ анхаарцгаая (Солонгос хэл дээр, 지구를 부탁해), Шинжлэх ухааны ном, 2011
Жеффри О Бенетт ба өөр гурван хүн, Нэн чухал сансрын хэтийн төлөв, долоо дахь хэвлэлт, Пиэрсон, 2014
Жон П. Гротцингэр, Томас Х. Жордан, Эх дэлхийгээ ухаарах нь, долоо дахь хэвлэлт, В. Х. Фриймэн, 2014