Есүс энэ газарт дахин ирэхдээ үүлэн дунд залран ирнэ гэсэн байдаг. Мөн гал дотор ирнэ гэсэн зөгнөл ч бий. Тэгвэл үүлэн дунд заларч ирэхдээ л шууд галаар шүүчих хэрэг үү?

54,507 үзэлт

2000 жилийн өмнө Аврагч болж ирсэн Есүс дахин энэ газарт ирвэл тэр өдөр нь сүүлчийн шүүлтийн өдөр байж таараа гэж христчүүдийн олонх нь боддог. Есүс тэнгэрийн үүлэн дунд залран ирэх даруйдаа галаар шүүж, харин аврагдах ариун хүмүүс тэнгэрийн хаанчлалд орно гэж тэд төсөөлцгөөнө. Гэвч Библийн сургаалд тэс өөрөөр заадаг.

Үүлэн дунд залран ирэх Есүс ба гал дотор ирэх Есүс

Үүлэн дунд болон гал дотор залран ирэх Есүс дүр төрхийн хувьд ялгаатай байгаачлан ирэх цаг, ирэх зорилго нь ч мөн өөр өөр.

“Тэгээд Хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэхэд газрын бүх овог гашуудан уйлж, Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дунд аугаа сүр хүч, цог жавхлантайгаар залрахыг харна. Тэр тэнгэрэлч нараа их бүрээн дуугаар илгээхэд тэд сонгогдогсдыг нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл дөрвөн салхинаас цуглуулах болно.” Мат 24:30-31

Тэгээд тэд Хүний Хүүг үүлэн дунд аугаа сүр хүч, цог жавхлантайгаар ирэхийг харна. Харин эдгээр нь биелж эхлэх үед цэх зогсож тэргүүнээ өргө. Учир нь та нарын золилт айсуй гэв. Лук 21:27-28

Есүсийн үүлэн дунд залран ирэх цаг үе нь хорон муу хүмүүс шүүгдэж, ариун хүмүүс тэнгэрийн хаанчлалд орох өдөр хараахан биш юм. Хилэнцэт хүмүүсийг шүүхээсээ өмнө Есүс үүлэн дунд залран ирнэ. Түүний үүлэн дунд залран ирж байгаа зорилго нь ч шүүж шийтгэхийн төлөө биш. Харин “тэнгэрийн хаанчлал ойртсон тул авралд бэлдэцгээ” хэмээн айлдсанчлан сонгосон хүмүүстээ авралын боломж олгохын тулд билээ. Энэ ажлаа дуусгасан хойно л сая нэг Шүүгчийн ёсоор гал дотор морилон ирээд сүүлчийн шийтгэлийг оноох болно.

“Үзэгтүн, уур хилэнгээ болон шүүлт зэмлэлээ галын дөлтэй хамт буулгахаар хуй салхи мэт тэрэгнүүдтэйгээ гал дотор ЭЗЭН ирэх болно. ЭЗЭН галаар хийгээд илдээрээ бүх махбодыг шүүнэ. Мөн ЭЗЭНд алуулсан хүмүүс олон байх болно.” Иса 66:15-16

“харин зовсон та нарт болон бидэнд Эзэн Есүс хүчирхэг тэнгэрэлч нарынхаа хамт тэнгэрээс илчлэгдэх үед амралт өгч, Бурханыг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайнмэдээг дагадаггүй хүмүүсээс дүрэлзэх галд өшөө авах аж. Тэд мөнх сүйрлийн төлөөсийг төлж, Эзэний оршихуй ба Түүний хүчний алдраас сална. Энэ нь тэрхүү өдөр ариун хүмүүсийнхээ дунд алдаршихаар мөн бүх итгэгчдэдээ гайхагдахаар Түүнийг ирэхэд болно. Учир нь та нар гэрчлэлд маань итгэсэн юм.” 2Тес 1:7-10

Шүүхээсээ өмнө үүлэн дунд залран ирж буйн шалтгаан

Сүүлчийн өдөр Есүс зөвхөн Шүүгчийн хувиар л морилон ирвэл энэ ертөнцөөс аврал авах ганц ч хүн гарахгүй.

“Би та нарт хэлье. Тэр даруйд Бурхан тэднийг өмгөөлөх болно. Харин Хүний Хүү ирэхдээ газар дээр итгэл олох болов уу? гэжээ.” Лук 18:8

“Итгэл олох болов уу?” гэж хэлсэн нь Есүсийг дахин ирэхэд итгэлтэй хүн олдохгүй гэсэн утгатай юм. Есүст итгэдэг гэх хүн олон байвч аврал авах дайны жинхэнэ итгэлтэй хүн байхгүй учраас Тэрээр ийн айлдсан юм.

Итгэл бол авралын туйлын чухал болзол. Итгэл байхгүй ертөнцийг Бурхан шууд л шүүх юм бол аврал авах хүн гарах болов уу?

Есүс 2000 жилийн өмнө шинэ гэрээний үнэнийг тогтоож өгчихөөд тэнгэрт одсон. Гэвч дараа нь энэ ертөнц диаволын тарьсан үрийн сүүлээр (ёс бус байдал) дүүрчихсэн тул үнэнийг өөрөө ухааран аврал авах дайны итгэл өөртөө бий болгох боломж хэнд ч олдохгүй юм (Мат 13:24-43, Дан 7:25). Тийм учраас шашны харанхуй үед устаж үгүй болсон шинэ гэрээний үнэнийг сэргээж, Бурханы ард түмнийг цуглуулан, аврал авахуйц итгэл тэдэнд олгохын тулд Есүс зайлшгүй Шүүгчээр бус Аврагчаар эхэлж ирэх ёстой байсан юм.

Махан биеэр дахин ирсэн Есүс

Есүсийн залран ирэх үүл нь махан биеийг илтгэдэг. Библид энэ дэлхий дээр амьдарч байгаа хүмүүсийг усаар, үй олон хүнээс бүрдсэн энэ нийгмийг далайгаар зүйрлэдэг (Илч 17:15). Хөрсний ус ууршиж байж үүл үүсгэдэг шүү дээ. Тэрхүү үүлээр махан бие өмссөн хүнийг, тэр тусмаа Ариун Сүнсээр дахин төрсөн хүнийг илэрхийлдэг юм.

Үүл сарнивал бороо орж, биологийн төрөл зүйлсийг оршин тогтноход зайлшгүй хэрэгцээт усаар хангадаг.

Есүсийг үүлэн дунд залран ирнэ хэмээн зөгнөсөн нь Тэрээр үүлээр зүйрлэсэн махан бие өмсөж ирээд, сонгосон ард түмэндээ бороо хур (амийн ус) буулгаж өгнө гэсэн утгатай юм (Илч 22:17). Есүсийн суусан үүл нь махан биеийг илтгэдэг гэдгийг 2000 жилийн өмнөх Есүстэй холбоотой зөгнөлөөс баталж болно.

Би шөнийн үзэгдлийг харсаар байв. Харагтун, Хүний Хүү шиг Нэгэн тэнгэрийн үүлсээр ирж, Эртний Нэгэн дээр очоод, Түүнд бараалхав. Түүнд эрх мэдэл, сүр жавхлан, хаанчлал өгөгдөж, бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэн Түүнд үйлчлэв. Ноёрхол нь үүрдийн ноёрхол, эс өнгөрөн одно. Хаанчлал нь эс устах хаанчлал юм. Дан 7:13-14

Есүс энэ ертөнцөд махан биеэр ирээд амийн үнэнийг тунхаглаж байсан. Тэгэхдээ гагцхүү Бурханд л байдаг эрх мэдэл, сүр жавхлан, хаанчлалыг авч ирэн, Даниел номд зөгнөсөн үүлс хөлөглөн ирдэг Хүний Хүүгийн зөгнөлийг бүрэн дүүрэн биелүүлсэн байдаг (Мат 28:18, Иох 17:10, Лук 22:29).

Иудейчүүд Библийн зөгнөлийн дагуу ирсэн Есүсийг хүлээн авч чадаагүйн гол шалтгаан нь тэдний сэтгэл дэх төсөөллийн Христ болон бодит Есүс хоёрын хооронд дүр төрхийн асар том ялгаа байсанд юм. Хэрэв Христ ирвэл тэдний нүдэнд харагдахуйц сүр жавхлант Бурханы хаанчлалыг тэр даруй байгуулна хэмээн тэд найдацгааж байлаа. Гэтэл Есүс өөрсдөөс нь нэг их ялгарахааргүй, дорд хүн болж ирээд нүдэнд үл үзэгдэх Бурханы хаанчлал, сүнсний авралын тухай сургаж байв. Есүсийн ирсэн дүр төрх өөрсдийнх нь бодол төсөөлөлтэй зөрчилдсөн учраас тэд Есүсийг яллан, загалмайд цовдолж, аймшигт нүгэл үйлдсэн юм.

Өнөөгийн христчүүд ч хоёр дахиа ирэх Есүсийг найдвар тавин хүлээж байгаа. Тэдний энэ байдал яг л тэр үеийн иудейчүүдийнхтэй адилхан. Есүс хоёр дахиа үүлэн дунд залран ирнэ гэсэн Библийн зөгнөл ёсоор сүүлчийн шүүлт буухын өмнөхөн махан биеэр ирээд хүмүүст амийн ус өгсөн юм. Гэвч олон хүн Түүнийг махан биеийн нүдээр л харж, Түүнээс нүүр буруулан нөгөө л тэнгэрийн үүлсээ ширтсээр.

Сионд ирсэн Хоёрдугаар Есүс

Хожим Христийг гал дотор ирэхэд аврал хэдийн шийдэгдчихсэн байх юм. Харин гэмшиж аврал авах боломж л дахиж олдохгүй. Тиймээс Есүсийг хоёр дахиа махан биеэр ирээд сонгосон ард түмнээ дуудан цуглуулж байхад нь Түүнийг хүлээн авч, зааж өгсөн авралын үнэнийг нь сурч судлах хэрэгтэй.

“Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогдон, толгодын дээгүүр өргөгдөнө. Ард түмнүүд түүнд цутгана. Олон үндэстэн ирээд, “Ирцгээ, ЭЗЭНий уул, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд замаа зааж, бид жимээр нь алхах юм” гэцгээнэ. Учир нь хууль Сионоос гарч, ЭЗЭНий үг Иерусалимаас гарна.” Мик 4:1-2

Эцсийн өдрүүдэд ард түмний цуглах Эзэний уул гэдэг нь Бурханы өргөөг босгож байсан Сион уулыг хэлж буй хэрэг. Сион нь Бурханы баяруудыг сахидаг сүм юм (Иса 33:20). Сүүлчийн шүүлт буухаас өмнө Есүс Сионд махан биеэр хоёр дахиа ирээд Өөрийн биеэр ард түмнээ үнэний жим рүү хөтөлнө хэмээсэн. Гагцхүү Түүний хөтлөлийг дагагсад л Бурханыг сүүлчийн Шүүгч болон гал дотор ирэхэд нь аврал авч чадахуйц итгэлтэй болсон байх юм.

Есүсийг хоёр дахиа ирэх даруйд ертөнц шүүгдэнэ гэдэг нь яах аргагүй хүмүүсийн буруу бодол төдий зүйл. Есүсийн хоёр дахь ирэлт, сүүлчийн шүүлт хоёр ялгаатай гэсэн Библийн сургаалыг зөв ухаарч, эцсийн өдрүүдэд хүн болж Сионд ирсэн Хоёрдугаар Есүсийг хүлээн авч, аврал авахыг та бүхнээсээ хүсэх байна.