Эх үрийг холбох хүй ба эхэс

8,108 үзэлт

Нэгэн цагт бохир заваан гэгдэж, халдвартай хэрэггүй шавхарга мэт үзэгдэж ирсэн хүй, эхэс гэгч зүйл рүү одоо дэлхийн анагаах ухааны салбар ихээхэн анхаарал хандуулаад байна. Үүний цаадах учир шалтгаан нь эдгээрийн дотроос эд эсийн олон төрөлд хувиргах боломжтой үүдэл эс олноор илрүүлээд байгаа ажээ. Ялангуяа хүйгээс гарсан цус болох хүйн цус нь цус үүсгэдэг үүдэл эсүүд ба яс, булчин, эрхтнүүдийг үүсгэдэг мезенхимийн үүдэл эсийг агуулдаг байна. Одоогоор үүнийг өвчин эмчлэх зорилгоор судалж байгаа төдийгүй зарим арга техникийг хэдийн арилжааны ашиг болгон худалдаанд нэвтрүүлээд байна.

2000 онд Молли хэмээх 6 настай америк охин Фанкони цус багадалт гэж нэрлэгддэг үхлийн аюулт удамшлын өвчиндөө шаналж байлаа. Эмчлэх цор ганц эмчилгээ нь цусны үүдэл эс шилжүүлэн суулгах. Гэвч түүнд тохирсон донор олдох хэцүү байв. Тиймээс тэд охиныг эмчлэхийн тулд хүйн цус хэрэглэхээр шийдсэн байна. Моллигийн өөрийнх нь хүйн цусыг хаяад олон жил өнгөрсөн байсан тул Моллигийн аав ээж охиноо аврахын тулд дахин хүүхэдтэй болохоор шийдсэн аж. Тийнхүү Моллид Адам хэмээх дүү төрж, тэрээр гайхамшигтайгаар эгчийгээ авран, гэр бүлдээ аз жаргал бэлэглэсэн байдаг.

Энэ мэтээр хүйн цус зарим өвчнийг эдгээхэд хэрэглэгдэж, мөн үүний үүдэл эсийг өсгөвөрлөснөөр хэн нэгэнд амь өгч ч чадна. Энэ үйл явцын төлөө үр хөврөл ашиглагддаггүй учраас хүйн цусны үүдэл эсийг цуглуулах нь биоэтикийн маргаанаас ангид төдийгүй үржих чадвар сайн байдаг нь судалгааны үр дүнг олон хүн сонирхоход хүргээд байгаа юм. Эхэс ч мөн бүх төрлийн гормон, фермент агуулж, шинэ эм эмэн бүтээгдэхүүний хөгжих үндэс болоод байгаа.

Эрт дээр үеэс хүй эхэсийг зарим оронд амийн бэлгэ тэмдэг болгон болгоомжтой ханддаг байв. Ялангуяа Солонгосын эртний Чусон улсын үед хатны төрүүлсэн хааны хүүгийн хүй, эхэсийг хаядаггүй, харин болгоомжтойгоор хадгалдаг байжээ. Жижиг цагаан шилэн саванд хадгалж, хааны хүү төрснөөс хойш долоо хоногийн дараа эхэс болон хүйг зуун удаа угаадаг эхэс угаах ёслол хийж, дараа нь олон давхарлан боож, илүү том саванд хийгээд байршил сайтай, аятайхан газар булдаг ёслолтой байжээ. Хүй, эхэс хоёрыг маш их үнэ цэнэтэйд тооцон нандигнадаг байсан тул зарим хүн хааны нялхсын хүй, эхэсийг сайн хадгалсныхаа төлөө албан тушаал дэвшиж, зарим хүн түүнд хайхрамжгүй хандсаныхаа улмаас асуудалд орсон тухай тэмдэглэл ч байсан гэнэ.

Ургийг умайн ханатай холбодгоороо эхэс нь ураг эхийн биед амьдарч, өсөж хөгжихөд тусалдаг хамгаалагч эрхтэн юм. Үр тогтсон өндгөн эс үр тогтсоноос хойш дөрвөөс тав хоногт уут шиг үр хөврөл болно. Дараа нь уг үр хөврөлийн дотоод хэсэг нь ураг болж урган, гаднах нь хүй болон эхэс болдог. Үр тогтсон өндгөн эс умайд орсны дараа үр хөврөлийн гаднах эсүүд булцруу шиг болж хувиран, умайн салст бүрхэвч рүү нэвтэрч, уургийн ферментийн задралд орж, улмаар судас олж, эд эс үүсгэнэ. Мод ургах тусам үндэс нь улам гүнзгийрдэгтэй адил хүүхэд өсч томрох тусам эхэс нь умайд илүү олон судас үүсгэдэг.

Үр хөврөл ба умай хоёрын хоорондын холбоо жирэмсний эхэн үед сул байдаг. Харин эхэс бүрэн гүйцвэл ураг эхдээ яг л хөлөг онгоцондоо бэхлэгдсэн зангуу шиг аюулгүй бат наалдана. Жирэмсний 12 дахь долоо хоногоос хойш зулбах магадлал эрс буурдаг шалтгаан ингэж эхэс бүрэн бүрэлдэж эхэлдэгтэй холбоотой юм. Имж, уутат баавгай зэрэг амьтад эхэс нь сул хөгжсөн тул үр төлөө дутуу төрүүлж, зулзагаа тодорхой хэмжээнд хүртэл нь уутандаа хийж өсгөдөг байна.

Имж үр төлөө уутандаа өсгөдөг.

Ургийн гэдсэн дотроос эхэлдэг хүй эхэстэй холбогдон, эх үрийг шууд холбон, эх үр хоорондын бодисын солилцооны хэрэгсэл болдог. Эхийн хүчилтөрөгч шим тэжээл урагт очиж, нүүрстөрөгчийн давхар исэл зэрэг ургийн хог хаягдал ээж рүү нь шилждэг байна. Хамгийн сонирхолтой нь эсрэгбие. Төрсний дараах эхний зургаан сард нярай хүүхэд эхээсээ эсрэгбиетэй төрдөг тул барагтай бол улаанбурхан эсвэл салхин цэцэг гэх мэт өвчин тусдаггүй аж. Гэвч эхийн эсрэгбие бүгд тэр болгон эхэсээр нэвтэрдэггүй тул хөхүүл ханиалга, салхин цэцэг зэрэг өвчний тухайд дархлааны систем байдаггүй.

Мөн эхэс эсрэгбие мэтийн бусад материалыг сонгомол байдлаар нэвтрүүлдэг. Нэг ёсондоо шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэдэг. Урагт ашигтай материалыг нь нэвтрүүлж, урагт хор хөнөөлтэй материалыг нь хаалт тавьдаг. Эхэсийн ачаар ураг өөр бүлгийн цустай байсан ч хамаагүй эхийн бие дотор аюулгүй байж, амьдардаг байна. Үүний учир нь эхэс цусан дахь улаан эс болон эсрэгбиеийг1 шүүдэгт байгаа юм. Эхэсийн ачаар ээж нь нян бактерт өртсөн байлаа ч нярайд хүрдэггүй байна.

1. Хэдийгээр АВО цусны бүлгийг таних эсрэгбие нь эхэсээр дамжиж чадахгүй ч Rh бүлгийг таньдаг эсрэгбие нь эхэсээр дамждаг. Тиймээс эх нь сөрөг Rh-, хүүхэд нь эерэг Rh+ байвал асуудал үүсч болно.

Гэвч зарим эм эсвэл өчүүхэн жижиг вирус л урагт хүрэхэд ноцтой нөлөө үзүүлж болно. Жишээ нь никотин, алкохол гэх мэтийн тосонд уусдаг жижиг молекулууд эхэсээр нэвтрэн, урагт хүрч болох тул ээжүүд онцгой анхаарч, болгоомжтой байх шаардлагатай.

Жирэмсний 7 сартайгаас ураг гэрэл сүүдрийг ялгаж чаддаг байна. Ээж нь гэрэл мэдрэх үед мелатонин даавар багасч, уг өөрчлөлт нь эхэсээр дамжин урагт хүрнэ. Энэ нь ураг ээжийнхээ харж байгаа гэрлийг биеийн гаднах гэрэл рүү шууд харалгүйгээр мэдэрч чадна гэсэн үг.

Эхэс зөвхөн дамжлагын үүрэг ч гүйцэтгэдэг биш. Урагт шаардлагатай шим тэжээл гормоныг ч үйлдвэрлэдэг байна. Эхээс авах шим тэжээл ураг дотор гликоген хэлбэрээр хадгалагдаж, цаг тухай бүрд нь урагт зохих хэмжээгээр хангаж өгдөг байна. Тийм учраас ээжийнх нь шим тэжээл хангалттай биш байсан ч ураг тогтмол шим тэжээлээ авсаар байдаг. Эхэс мөн ургийг гликогенээр төдийгүй холестерин, өөх тосны хүчлийн нэгдлээр ч хангадаг.

Түүнчлэн жирэмслэлтийг дэмждэг Хүний хорион гонадотропины даавар (hCG) бас ялгаруулдаг. Жирэмсний дунд үеэс эхлэн эхэс их хэмжээний умайн хөгжилд тустай прогестроген болон эстроген ялгаруулж, цусны эргэлтийг сайжруулахад тусалж, умай агшихаас хамгаална. Ийм маягаар ураг эсэн мэнд өсөн торниход тусалдаг байна. Мөн төрөх хугацааг шийддэг гормонууд нь мөн л эхэсээс ялгардаг.

Эхийн бие дотор эхэс яаж өмхийрч муудахгүй байж байдаг нь он удаан жил нууц байсаар ирсэн. Хүний дархлааны эс ерөнхийдөө биеэ хамгаалахын тулд өөр ген бүхий бодис руу довтолж дайрдаг. Тиймээс тал нь эхийн эд эс, тал нь хүүхдийн эд эс байдаг эхэс хэрхэн оршин тогтноод байдгийг ойлгоход бэрх.

Ридин их сургуулийн профессор Фил Лори үүнийг тайлбарлахдаа эхийн дархлааны системийн дайралтаас зугтахын тулд эхэс шимэгч шиг авирлаж байж л энэ нь боломжтой гэсэн байсан. Шимэгчдийн тухайд эсийн гадаргуу дээр байдаг фосфохолин хэмээх молекулууд өөрсдийгөө өөрийнх нь эс гэж таниулан, хүний дархлааны системийг залилж мэхэлдэг. Яг ийм аргаар эхэс дотор нийлэгжсэн ихэнх уургууд эхийн биеийн дархлааны системийг хууран мэхлэх стратеги ашиглан, фосфохолинтой болдог. Дан ганц ургийн төлөөх эрхтэн болох эхэс нь хүүхэд мэндэлсний дараа эхийн биеэс хөнгөн өвдөлтөөр гарч ирдэг бөгөөд хүүхэд нэг төрчихвөл эхэсийн үүрэг дуусна.

Өөрөө юу ч хийж чадахгүй ураг эхийн хэвлий дотор төлжин бүрэлдэж, өөртөө итгэлтэй амьд биет болон мэндэлдэг. Энэ бол эх үрийг хооронд нь холбож байдаг хүй болон эхэсийн ач юм. Эхийн бие урагт аюулгүй, амар тайван үүр болон өгч, ургийнхаа амийг тогтворжуулахын төлөө хэрэгтэй бүхнийг өгч, харин өөрт нь хэрэггүй юм бүхнийг өөртөө авдаг байна.

Энэ ертөнцөд төрсөн бүхэн ээжтэйгээ нэгэн бие байсныг харуулдаг нэгэн тэмдэг хүмүүнд бий. Энэ бол хүйс. Амь амьдрал бүрэлдэж эхлэх мөчөөс эхлээд эх үр хоёр ийнхүү бие биетэйгээ салшгүй хүйн холбоогоор холбогддог билээ.

Эх сурвалж
Lee, Seong-gyu. “세종대왕과 태반의 수수께끼” [Sejong the Great and the Mystery of Placenta]. Dong-A Science, December 3, 2010.
Kim, Jeong-hun. “엄마와 아기의 경계선, 태반의 신비” [Boundary between Mom and Baby, Mystery of the Placenta]. KISTI’s Science Scent, December 3, 2007.
Lee, Eunhee. 하리하라의 바이오 사이언스 [Hari Hara’s Bioscience]. Korea: Sallimfriends, 2009.
Park, Se-pil. 줄기세포 생명공학의 위대한 도전 [Great Challenge of Stem Cell Biotechnology]. Korea: Donga M&B, 2005.