Энэ амьдралдаа сайн багштай учирсан хүн үнэхээр ерөөлтэй. Амьдралын маань жинхэнэ Багш, мөнхийн тэнгэрийн хаанчлалд хөтлөх Елохим Бурхантай уулзсандаа бид цаглашгүй ерөөлтэй улс.
Жинхэнэ Багш маань болсон Бурхан хүүхдүүдийнхээ л сүнсний авралын төлөө энэ газарт бууж ирээд, зовлонгийн зам туулсан юм. Хүмүүст доромжлогдон, зовохдоо ч намдуухан байж, үзэн ядалт, доог тохууг чимээгүйхэн тэвчиж гарсан Бурханы тэвчээр, золиосын ачаар бидний сүнс эдгэрч, аврал авсан. Бурханы энэ их ивээлд чин сэтгэлээсээ талархаж байна. Христийн замаар алхаж байгаа бид энэ замыг ямар итгэлээр туулах ёстойгоо бодож тунгаая.
Уужуу ухаантай хүнийг тодорхойлохдоо бид “уужим дотортой хүн” гэдэг. Ийм хүн тайван, бусдын сэтгэлийг сайн ойлгодог тул бараг л алдаа мадаг гаргаад байдаггүй. Мөн ойр тойрныхноо урам зоригтой болгодог тул хүмүүс түүнийг аяндаа л хүрээлж байдаг.
Нэг өдөр би “Гүн худаг” гэсэн нэртэй өгүүлэл уншиж байсан юм. Энэ өгүүлэлд худгийн гүн, гүехнийг ёроол руу нь чулуу шидэж байж мэддэг талаар бичсэн байв. Гүехэн худаг руу чулуу шидвэл тэр дороо ёроолд нь хүрч, их дуу чимээ гаргана. Харин тэр худаг гүн байх юм бол шидсэн чулуу тэр дороо ёроолд нь хүрэхгүй төдийгүй дуу чимээ ч бага гаргаж, гүнийхээ хэрээр битүү чимээ гаргана.
Үүн шиг бусдын чулуудсан ганц үгээр л сэтгэл нь хэр уужим гэдгийг хэмжиж болдог аж. Бусдын хэлсэн таагүй үгэнд амархан уурлаж тавгүйрхэж байвал гүехэн дотортойг нь харуулж байна. Харин уужим сэтгэлтэй хүн бусдын чулуудсан үгийн нөлөөнд огтхон ч автахгүй, хүлээцтэй тайван ханддаг. Хүмүүс ийм л гүн, ийм л уужим сэтгэлийн худаг дээр цуглан, цангаагаа тайлж, тамир тэнхээ сэлбэж байдаг.
Хэрэв бид гүн итгэлтэй болохыг хүсвэл эхлээд зүрх сэтгэлээ уужим, гүн болгох хэрэгтэй. Сэтгэлийн худаг гүехэн бол гүн итгэл багтаахгүй юм.
Бурханаас ерөөл авсан итгэлийн өвөг дээдэс яг л гүн худаг шиг итгэлтэй байсан юм.
“Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурханд ойртон буй нь Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгчдад Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой. Итгэлээр Ноа, хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө бүхээгийг сүсэглэн бэлдсэн бөгөөд түүгээр дэлхийг яллаж, итгэлийн дагуу зөвт байдлыг өвлөгч болжээ. Итгэлээр Абрахам, өв болгон авах гэж байсан нутаг уруу явахаар дуудагдахдаа дуулгавартай байв. Тэр хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй гарч явав. Итгэлээр тэр, адилхан амлалтыг хамтран өвлөгчид болох Исаак, Иаков нартай хамт майханд амьдарч, амлалтын газарт харийн нутагт буй мэт суусан. Учир нь Абрахам суурь бүхий хотыг хүлээж байсан юм. …” Евр 11:6-19
Ноа Бурханы тушааснаар удаан хугацаанд бүхээг бэлдэж, эргэн тойрныхоо элдэв гүтгэлэг, доог тохууд шантралгүй эцсээ хүртэл Бурханы хүслийг дагаад, үер буухад гэр бүлийнхнээ бүгдийг нь аварсан юм. Абрахам ямар ч нөхцөл байдалд ямагт Бурханы үгийг дагадаг байсан.
Түүнчлэн тэрээр Бурханыг цорын ганц эрхэм хүү Исаакаа тахил болгон өргө гэж тушаахад нь мөн л Бурханы хүслийг бодож, үгэнд нь дуулгавартай хандан, итгэлийн өвөг хэмээх магтаал хүлээсэн билээ.
Тэд хүний үгэнд гуйвж дайвдаг гүехэн итгэлтэй байгаагүй юм. Ямар ч нөхцөл байдалд ганхдаггүй, гүн худаг лугаа итгэлтэй байснаараа тэд Бурханыг баярлуулаад зогсохгүй өөрийгөө ч, гэр бүлээ ч аварсан юм.
Дээр дурдсан итгэлийн өвөг дээдэстэй адил бидэнд ч бас гүн итгэл хэрэгтэй. Эргэн тойрныхоо хүмүүсийн аар саар ганц үгэнд холбирч, гуйвж дайвдаг гүехэн итгэлтэй хүмүүс бусдыг аврах нь бүү хэл өөрсдийгөө ч хамгаалж чадахгүй. Египетээс гарсан тэр үед Израилийн зургаан зуун мянган цэрэг эцсийн дүндээ Канаан орж чадалгүй, цөлд хиарсан нь тэдний итгэлтэй холбоотой байв.
“Та нар үүнийг эс мэдэхийг би хүсэхгүй байна. Ах дүү нар аа, эцгүүд маань бүгд үүлэн дор байж, бүгд тэнгисийг гатлан гарч, бүгд үүл ба тэнгист Мосе уруу баптисм хүртэж, бүгд адилхан сүнслэг хоол идэж, бүгд адилхан сүнслэг ундааг ууж, тэднийг дагаж байсан сүнслэг хаднаас ундаалсан ба тэр хад нь Христ байв. Гэсэн ч тэдний олонх нь Бурханы таалалд нийцээгүй тул цөлд хиарсан юм.” 1Кор 10:1-5
Канааныг чиглэн гарсан израиль ард түмний олонх нь Бурханы таалалд нийцээгүй. Итгэлгүйгээр Бурханд таалагдана гэдэг нь боломжгүй гэсэн Еврей 11-р бүлгийн үг сургаалаас үзэхэд тэд гүн итгэлтэй байж чадаагүйгээс болоод Бурханд таалагдаагүй байна. Орчин тойрныхоо нөхцөл байдалд амархан хямарч, гомдоллож гонгинож байгаад эцэст нь хиарсан юм.
“Тэд тачаадан хүссэн шиг муу муухай юмсын араас бид тачаадан хүсэхгүй байхын тулд энэ нь бидэнд жишээ болсон юм. Тэдний заримтай адилаар шүтээн шүтэгчид бүү бол. Энэ тухай “Ард түмэн идэж уухаар сууж, тоглож наргихаар бослоо” гэж бичигдсэн байна. Тэдний зарим нь садарлаж, ганцхан өдөр хорин гурван мянгуулаа үхсэн болохоор тэдний адилаар садар самууныг бид эс үйлдье. Тэдний зарим нь сорьж, могойнуудад хөнөөгдсөн болохоор Христийг бид тэдэн шиг үл сорьё. Тэдний зарим нь гонгинож, устгагчаар хөнөөгдсөн болохоор тэдэн шиг бид үл гонгиноцгооё. Энэ бүхэн жишээ болон тэдэнд тохиолдсон бөгөөд үүнийг үеийн төгсгөл тохиож буй бидэнд сануулга болгон бичжээ. Тиймээс өөрийгөө зогсож байна гэж бодогч нь уначихгүйн тулд болгоомжил.” 1Кор 10:6-12
Тухайн үед израиль ард түмэн Египетийн нутагт буулгасан арван тэмдгийг, мөн Улаан тэнгис хуваасан Бурханы ер бусын хүч чадлыг нүдээрээ харцгаасан. Гэвч тэд гүн итгэлтэй байгаагүй, жаахан таагүй зүйл болоход л дорхноо холбирч байв.
Бурханы үзүүлсэн янз бүрийн гайхамшиг, тэмдгийг нүдээрээ харсан тэд түрхэн зуурын өлсөж, цангахыг л тэвчиж чадаагүй хэрэг. “Яагаад биднийг цөлөөр удирдаж, ингэж зовоож байгаа юм” гээд юм л бол гомдоллож гонгинон, дургүйцлээ илэрхийлж байсан.
Гомдоллогч, дургүйцэгч, соригч, шүтээн шүтэгчид Канаан орж чадалгүй бүгд цөлд хиарсан юм. Өнөө үед нүгэлт ертөнцөөс аварч чөлөөлсөн Бурханы ивээлээр бид ч мөн итгэлийн цөлийн замаар алхаж байна. Хэрэв бид орчин нөхцөл юм уу эсвэл ивээлгүй үг сонсоод итгэлдээ ганхаж самуурвал тэднээс ялгарах юмгүй болно. Бурхан янз бүрийн нөхцөл байдалд бидний итгэл хэр гүн болохыг ажиж байдаг.
Сионы ах эгч дүүс бүгд гүн итгэлтэй байх хэрэгтэй. Итгэлийн амьдралаар амьдарч эхлэх үед бидэнд их бага дутагдалтай тал байдаг л даа. Гэвч бид жилээс жилд итгэлээ улам гүн болгох хэрэгтэй билээ.
Бидэнд хэр гүнийг нь хэмжихийн аргагүй худаг соёрхсон билээ. Тэр бол амийн ус эцэс төгсгөлгүй ундраах авралын худаг юм.
“… Үзэгтүн, Бурхан бол миний аврал. Би итгэнэ, би үл айна. ЭЗЭН БУРХАН бол миний хүч, миний дуу. Тэр надад аврал болов” гэж хэлэх болно. Та нар авралын худгаас баяртайгаар ус татна. Тэр өдөр та нар: “ЭЗЭНд талархацгаа. Нэрийг нь дууд. Ард түмнүүдийн дунд үйлсийг нь мэдэгдэж, алдар нэр нь аугаа гэдгийг тунхагла. Гайхамшгийг үйлдсэн ЭЗЭНийг магтан дуул. Газар дэлхий даяар энэ бүхнийг мэдүүл. Сионы оршин суугчид аа! чанга хашхиран уухайлцгаа. Та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм” гэж хэлэх болно.” Иса 12:1-6
Ямар ч ган гачигт ширгэхгүй гүнээс гүн, авралын худгаас бид өдөр бүр ус татаж авдаг. Бид энэ худгаас татаж авсан амийн усаар сэтгэлээ дүүргэх хэрэгтэй.
“Энэ нь өдөр ч, шөнө ч байхгүйгээрээ ЭЗЭНд танигдах ер бусын өдөр байх болно. Гэвч тэр үед үдшийн цагаар гэрэлтэй байх болно. Тэр өдөр амийн ус Иерусалимаас урсан гарч, хагас нь дорнын тэнгис уруу, нөгөө хагас нь өрнийн тэнгис уруу чиглэнэ. Энэ нь өвөл зунгүй урсах болно.” Зех 14:7-8
Эргэх дөрвөн улиралд тасралтгүй урсан гарч, өрнө дорнын тэнгис рүү чиглэж байдаг авралын худаг бол бидний тэнгэр Иерусалим Эх билээ (Гал 4:26). Тэнгэрийн алдагдсан үрсээ хайхаар хатуу бэрх зовлон туулсан ч ертөнцийн шуурганд огтхон ч ганхалгүй, гүнээс гүн худаг мэт уужим сэтгэлээрээ бүхнийг тэсвэрлэсэн тэнгэр Эх минь үнэхээр л утгаад утгаад дуусахгүй, бялхан урсах амийн усны ундарга юм.
Энэ үед Иерусалимаас эцэс төгсгөлгүй урсан гарах амийн ус нь дэлхий дахинаас зорин ирэх үндэстнүүдийн сүнслэг цангааг тайлж, мөнхийн тэнгэрийн хаанчлал өөд тэднийг хөтөлж байна.
… Харагтун, өргөөний босгоны доороос зүүн зүг тийш ус урсан гарчээ. Учир нь өргөө зүүн тийш харжээ. Ус нь доороос, өргөөний баруун гар талаас, тахилын ширээний өмнө зүгээс урсаж байв. … Гартаа шугамтай хүн зүүн тийш явахдаа мянган тохойг хэмжиж, намайг шагайнд тулсан усан дундуур дагуулав. Тэр дахин нэг мянгыг хэмжиж, намайг өвдгөнд тулсан усан дундуур дагуулав. Тэр дахин мянгыг хэмжиж, намайг бүсэлхийд тулсан усан дундуур дагуулав. Тэр дахин мянгыг хэмжив. Ус нэмэгдсэн учраас энэ нь миний гаталж чадахааргүй гол болов. Дотор нь сэлж болохоор хангалттай их устай, гаталж чадахааргүй гол байв. … Дараа нь тэд тэнгист цутгагдахаар тэнгисийн зүг урсаж, тэнгисийн ус нь цэнгэг болдог. Гол урсах газар бүрд үржин тархагч амьд амьтан бүр амьдрах болно. Тэнд асар их загас байна. Учир нь энэ ус тэнд очиж, цэнгэг болгож байгаа. Ийнхүү гол урсах газарт бүх юм амьдрах болно. … Голын хажуугаар эрэг дээр, нэг талд болоод нөгөө талд нь хоол хүнсний янз бүрийн модод ургах болно. Навчнууд нь хатахгүй, жимс нь муудахгүй. Тэд сар бүр жимс гаргана. Учир нь тэдгээрийн ус ариун газраас урсан гарч, жимс нь хүнс болж, навч нь эмчилгээнийх байх болно гэв. Езе 47:1-12
Иерусалимаас урсан гарах амийн ус гүн гүнзгий гол мөрөн болоод далайн зүг урсаж, далай тэнгисийн усыг бүхэлд нь цэнгэг болгож байна. Зөгнөл ёсоор таван далай, зургаан тивийг чиглэн урсах Иерусалимын амийн ус бүх үндэстнийг эдгээн тэнхрүүлж буй энэ цагт амийн усаар тэтгүүлж буй бидний сэтгэлийн худаг ч бас гүн болох ёстой. Иерусалимын хүүхдүүдийн хувиар бид тэнгэр Эцэг, Эхээ дуурайсан сэтгэлийн гүн худагтай болж гэмээнэ гүн итгэлтэй болох юм. Түүнчлэн энэхүү авралын худгаас ус татан, цангасан сүнснүүдэд дамжуулах үүргээ бүрэн биелүүлэх юм.
Ганц жижиг чулуу шидэхэд л тэр дороо хариу үйлдэл үзүүлж том долгио үүсгээд л, гүехэн гэдгээ харуулах биш, харин үй олон хүнийг цэнгэг болгодог гүн итгэл сэтгэлтэй Елохим Бурханы хүүхдүүд болцгооё. Иерусалим Эхийн сургаалаар өссөн хүүхдүүд мөн л бол Эх шигээ сэтгэлийн гүн худаг байж, үй олон хүний цангааг тайлцгаая.
Хожим өөрчлөгдөн сүнслэг ертөнцөд орох ариун хүмүүс нь энэ газарт байхдаа ч зан чанараа өөрчлөн, бурхан чанарыг хуваалцагч болох ёстой талаар элч Петр онцолсон байдаг.
Үүгээр Тэр бидэнд үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтуудаа соёрхов. Ингэснээр та нар энэ дэлхийд тачаалаар байх ялзралаас ангижирснаар бурхан чанарыг хуваалцагч болох юм. Яг энэхүү шалтгааны улмаас та нар бүхий л хичээл зүтгэлээр, итгэл дээрээ сайн чанарыг, сайн чанар дээрээ мэдлэгийг, мэдлэг дээрээ өөрийгөө захирахуйг, өөрийгөө захирахуй дээрээ тэвчээрийг, тэвчээр дээрээ итгэл сүсгийг, итгэл сүсэг дээрээ ах дүүсэг энэрлийг, ах дүүсэг энэрэл дээрээ хайрыг хамтатга. Та нарт эдгээр нь байгаад, нэмэгдсээр байвал, энэ нь Эзэн Есүс Христийг маань мэдэхэд та нарыг ашиггүй, үр жимсгүй байлгахгүй. …Ингэснээр бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн мөнх хаанчлалд хангалттай орох болно. 2Пет 1:4-11
Сайн чанар, мэдлэг, өөрийгөө захирахуй, тэвчээр, итгэл сүсэг, ах дүүсэг энэрэл, хайр. Энэ бүхнийг агуулсан итгэлийг л ертөнцийн шуурганд гуйвж дайвдаггүй гүн гүнзгий итгэл гэж хэлж болох юм. Бурхан “гүн худаг” мэт итгэлтэй Ноа, Абрахам гэх зэрэг итгэлийн өвгүүдийн үйлсийг дурдаад, бурхан чанарыг хуваалцагч болохуйц гүн итгэл сэтгэлтэй байхыг бидэнд захисан юм.
Бид Иерусалим Эхийн сэтгэлийг дуурайх ёстой. Тэгж гэмээнэ бид гүн итгэлтэй болон өсөж, Эцэг Эхийнхээ сургасан ариун амьдралаар амьдарч, сайн үйлсээрээ Бурханы сайхан чанарыг тунхаглах боломжтой болох юм (1Пет 2:9-12 үзэх).
Өчүүхэн юман дээр уурлан бухимдаж, өчигдрийн их хүсэл мөрөөдлөө өнөөдөр үгүй хийчихдэг мунхаг хүн болж болохгүй. Сионыхон маань бүгдээрээ бурхан чанарыг хуваалцдаг том савнууд болоод, авралын худгаас ус утган, ертөнцийн үндэстнүүдийн сүнслэг цангааг тайлж өгөх хэрэгтэй юм.
Тэгье гэвэл нэн түрүүнд гүн итгэл сэтгэлтэй болж өөрчлөгдөөрэй. Орчин нөхцөлөө өөрчлөгдөхийг, бусад хүн өөрчлөгдөхийг хүлээх биш, өөрөөсөө эхэлье. Би өөрчлөгдвөл ертөнц өөрчлөгдөнө. Бидний “дотор хүн” бүрэн өөрчлөгдтөл элдэв бэрхшээл дагалдах нь мэдээж шүү дээ. Энэ ертөнцөд амархан болж бүтдэг юм гэж нэгээхэн ч үгүй. Үнэт нандин эрдэнэс олъё гэхэд түмэн бэрхшээл туулах хэрэгтэй болдог. Тиймдээ ч Бурхан бидэнд өөрт байгаа амийн титмээ хэнд ч алдалгүй, бат сахиарай хэмээн захисан.
Сионыхон та бүхэн шидсэн чулуунуудыг бурхан чанараар хүлээн авч, гүн худаг мэт итгэл сэтгэлтэй болоод, авралын худгаас татаж авсан амийн усаараа ертөнцийг цэнгэг болгоно гэдэгт итгэж байна.