Майхан баяр ба амийн ус

63,905 үзэлт

Ариун тооллын 7 сарын 15-нд болдог Майхан баяр нь Бурханы 3 удаагийн 7 баярын хамгийн сүүлчийн баяр юм. Майхан баяр нь израиль ард түмэн цөлийн амьдралаар амьдрах үед Бурханы асар барьж байсан үйл явдлыг дурсан тэмдэглэдэг баяр учраас намрын тариалалтыг хурааж авах, ургац хураах баяр ч гэдэг юм. Хуучин гэрээний үед Асрын баяр, Ургац хураалтын баяр гэж ч нэрлэдэг байв.

Бурхан шинэ гэрээний сүүдэр ба толь болгон хуучин гэрээний янз бүрийн зан үйлийг тогтоож, хожим шинэ гэрээний үед биелүүлэх ажлуудыг баярын ёслол дунд гүн гүнзгий нууц болгон үлдээсэн байдаг. Майхан баяраар зааж өгөх гэсэн Бурханы хүсэл нь юу болохыг, Майхан баяраар амласан амийн усны ерөөлийг хэнээс авахыг судлан үзэцгээе.

Майхан баярын үүсэл болон баярын зарлиг

Египетээс чөлөөлөгдсөний дараа Канааныг зорин явж байсан эхний жилдээ ариун тооллын 7 сарын 10-нд Мосе Арван тушаал авч Синаи уулнаас бууж ирдэг. Тэгээд тэрээр Арван тушаал хадгалах асар барих ажлын талаар болон асар барихад хэрэгтэй янз бүрийн материалыг ард түмэнд зааж мэдүүлсэн юм. Ард түмэн сайн дурын өргөл болгон асрын материал баяртайгаар өргөцгөөж байв.

“Тэгээд Мосе Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэнд ярин —ЭЗЭН энэ зүйлийг тушаан айлдахдаа… Өгөхийг зүрхнээсээ хүссэн хүн бүр ЭЗЭНд хандив авчраг. Тэдгээр нь алт, мөнгө, хүрэл, хөх, ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас, …” Гэт 35:4-19

“ЭЗЭНээс хийгтүн гэж Мосегоор дамжуулан тушаасан бүх төрлийн ажилд зориулан зүрхэндээ хөтлөгдсөн Израилийн хөвгүүд болох эрэгтэй мөн эмэгтэй бүхэн ЭЗЭНд сайн дурын өргөлийг авчрав. … Өглөө бүр хүмүүс түүнд сайн дурын өргөлүүд авчирсаар байлаа. … Тиймээс Мосе тушаасан ба хуаран даяар —Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ямар ч хүн цаашид ариун газрын хандивт юу ч бүү хийтүгэй гэж тунхаглав. Ийнхүү ард түмний авчрахыг нь болиулав. Учир нь тэдэнд байсан зүйлс нь хүрэлцээтэй бөгөөд бүх ажлыг дуусгахад хангалттай илүү байв.” Гэт 35:29-36:7

Израиль ард түмэн долоо хоногийн турш асрын материал Бурханд өргөхийн төлөө тал бүрээр хичээж байв. Энэ мэт ард түмэн материал цуглуулан асар барьсан үйл хэргийг дурсахын тулд Бурхан Майхан баяр хэмээх баярыг тогтоож, ард түмнээр сахиулах болов.

“Израилийн хөвгүүдэд “Долоо дахь сарын арван тавнаас долоо хоногийн турш ЭЗЭНд Майхан баяр болой. … Эхний өдөр та нар тансаг модны анхны үр жимс, далдуу модны мөчир, навчит модны салаа, голын бургасыг авч, … Та нар долоо хоног майханд амьдар. Аливаа унаган израиль хүн майханд амьдрах ёстой. Израилийн хөвгүүдийг Египет нутгаас гарган авчрахдаа Би тэднийг майханд амьдруулсныг танай хойч үеийнхэн үүгээр мэдэх юм. Би ЭЗЭН, та нарын Бурхан” гэж хэлэгтүн гэв. Ингээд Мосе Израилийн хөвгүүдэд ЭЗЭНий баяруудыг тунхаглав.” Лев 23:34-44

Израиль ард түмэн жил бүр Майхан баяраар далдуу модны мөчир, янз бүрийн навчит модны мөчир цуглуулан, майхан барьж, долоон хоногийн турш майхан дотроо амьдарч, баярлан хөөрдөг байв. Ийнхүү цөлд байх үедээ асар барьж байсан үйл явдлыг болон тэдний өвөг дээдэс 40 жилийн турш майханд амьдарч байсан түүхийг дурсан санадаг байсан аж.

Тэнгэрийн ариун газрын материал болох итгэгчдийг цуглуулах Майхан баярын зөгнөл

Майхан баярын онцлог нь модны мөчир авч, дээвэр юм уу хашаандаа майхан барих явдал. Библид модоор хүнийг зүйрлэсэн нь ч бий (Иер 5:14). Бурханы ариун өргөөг барих ариун газрын материал ч адилхан.

“Ялагчийг Би Бурханыхаа сүмд багана болгоно. Тэр цаашид тэндээс гарахгүй. Би түүн дээр Бурханыхаа нэр, тэнгэрээс Бурханаас минь буун ирэх шинэ Иерусалим буюу Бурханыхаа хотын нэр болон Өөрийн шинэ нэрийг бичнэ.” Илч 3:12

Ялагч буюу итгэгчдийг Бурханы сүмийн багана болгоно хэмээсэн. Энэ мэт итгэгчдийг Бурханы ариун газрын материалтай зүйрлэсэн байна. Тиймдээ ч Библид итгэгчид Бурханы дотор ариун сүм болон байгуулагдана гэсэн байдаг.

“Та нар элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ. Түүний дотор бүх барилга холбогдон Эзэн доторх ариун сүм болохоор өсөж байна. Та нар ч гэсэн Сүнс дотор Бурханы орших газар болохоор Христ дотор хамтдаа байгуулагдаж байна.” Ефе 2:20-22

Зарим нь багана, зарим нь дээврийн тулгуур мод болж, сүнсээр харвал итгэгч нэг бүр Бурханы ариун өргөөг бүрдүүлж байгаа нэгэн төрлийн материал юм. Хуучин гэрээний үед израиль ард түмэн асрын материал цуглуулсан шиг энэ үеийн бид ч тэнгэрийн ариун өргөөний материал болох Бурханы ариун хүмүүсийг бүгдийг нь цуглуулан, үзэсгэлэнтэй сүнслэг ариун өргөө байгуулж гүйцээж гэмээнэ Майхан баярын зөгнөл гүйцэлдэх учиртай. Майхан баяр дотор “Хичээнгүйлэн тунхаглаад, тэнгэрийн хагацаж салсан гэр бүлээ бүгдийг олж Бурханы ариун өргөө байгуулцгаая” хэмээх хүчтэй мессеж агуулагдаж байдаг.

Майхан баяраар амласан амийн ус

Өнөө үед олон сүм энэ мэт чухал утга учир шингэсэн Майхан баярыг сахидаггүй. Зарим нэг нь баярын нэрийг зээлдэж хэрэглэх тохиолдол бий ч тэд баярын утга учир байтугай өдрийг нь ч сайн мэддэггүй. Майхан баяр сахихгүй хүнд Бурхан Ариун Сүнсний бороо хур буулгахгүй гэсэн байна.

“Иерусалимыг довтлохоор ирсэн бүх үндэстний үлдсэн хүн болгон нь жил бүр ирж, түг түмдийн ЭЗЭН, Хаанд мөргөн, Майхан баярыг тэмдэглэнэ. Түг түмдийн ЭЗЭН, Хаанд мөргөхөөр Иерусалимд ирдэггүй газар дэлхийн ямар ч гэр бүл дээр бороо хургүй байх болно. … Майхан баярыг тэмдэглэхээр ирдэггүй үндэстнүүдийг цохих ЭЗЭНий гамшиг нь энэ байх юм. Майхан баярыг тэмдэглэхээр ирдэггүй бүх үндэстний шийтгэл болон Египетийн шийтгэл нь энэ байх юм.” Зех 14:16-19

Майхан баяр сахидаггүй хүнд Бурхан гамшиг, шийтгэл буулгана хэмээсэн. Бурханаас гамшиг, шийтгэл амсах хүн аврал авч чадна гэж үү дээ? Энэ мэт Майхан баяр нь хүн төрөлхтний авралтай шууд холбоотой учир Бурханы мөн чанар хийгээд Хууль тогтоогч болсон Есүс хүртэл Майхан баяр сахих жишээ үзүүлж байжээ.

“… Иудейчүүдийн Майхан баяр ойртжээ. … Баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашхиран —Цангасан хүн байвал Над уруу ирж, уугтун. Бичвэр хэлсэнчлэн Надад итгэгчийн дотроос амийн усны гол урсах болно гэв. Есүст итгэгсдийн хүлээн авах Сүнсний тухай Тэр үүнийг хэлжээ. …” Иох 7:1-2, 37-39

2000 жилийн өмнө Есүс Майхан баяраар тунхаглаж, Өөрт нь итгэгч хүнд Ариун Сүнс буюу амийн усны ерөөл өгнө хэмээн амлаж байсан байна. Харин сүүлчийн Ариун Сүнсний үед Сүнс болон Сүйт бүсгүй амийн ус өгнө.

“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17

Элч Иохан илчлэлт хараад Сүнс болон Сүйт бүсгүй ирээд амийн ус өгч байгаа дүр зургийг тэмдэглэсэн юм. Ариун Хүүгийн үед Есүст итгэдэг хүн амийн ус авсан шиг Ариун Сүнсний үед Сүнс болон Сүйт бүсгүйд бүрэн итгэж, хүлээн авсан хүн Майхан баяраар амласан Ариун Сүнс авах юм.

Ариун Сүнс нь Ариун Эцэг болон Ариун Хүүтэй нэг буюу өөрөөр хэлбэл Эцэг Бурхан юм. Тэгвэл Сүйт бүсгүй нь хэн юм бол? Элч Иохан “Тэнгэрээс бууж ирж буй ариун хот Иерусалим” нь Сүйт бүсгүй өөрөөр хэлбэл Хурганы эхнэр хэмээн бичсэн байдаг (Илч 21:9-10).

Амийн усны ундарга Иерусалим Эх

Зехариа эш үзүүлэгч энэ үед амийн усны ундаргын талаар ийн зөгнөсөн юм.

“Энэ нь өдөр ч, шөнө ч байхгүйгээрээ ЭЗЭНд танигдах ер бусын өдөр байх болно. Гэвч тэр үед үдшийн цагаар гэрэлтэй байх болно. Тэр өдөр амийн ус Иерусалимаас урсан гарч, хагас нь дорнын тэнгис уруу, нөгөө хагас нь өрнийн тэнгис уруу чиглэнэ. Энэ нь өвөл зунгүй урсах болно.” Зех 14:7-8

Энд гарч байгаа “тэр өдөр” нь Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнсний үе дундаас сүүлчийн Ариун Сүнсний үеийг зааж байгаа. “Амийн ус Иерусалимаас ундран гарна” хэмээсэн тул Ариун Сүнсний үед амийн усны ундарга нь Иерусалим гэдгийг мэдэж болно. Амийн усны ундарга Иерусалим нь энэ газарт байдаг хот биш, харин өөр тусгай сүнслэг утга бий.

“Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.” Гал 4:26

Тэнгэрт орших Иерусалимыг “бидний Эх” хэмээн Библи зааж өгч байна. Энэ нь сүүлчийн үед амийн усны ундарга болж гарч ирэх Иерусалим бол бидний Эх Бурхан гэсэн утгатай. Тиймээс Ариун Сүнсний үеийн зөгнөл бичигдсэн байдаг Илчлэл номд гарч байгаа Сүнс болон Сүйт бүсгүй, өөрөөр хэлбэл Эцэг Бурхантай хамт Эх Бурхан илчлэгдээд, амийн ус өгч байгаа дүр зураг тэмдэглэгдсэн аж.

“Тэр надад Бурханы болон Хурганы сэнтийнээс гарах болор мэт гялалзсан, амийн усны голыг үзүүлсэн нь гудамж дундуур урсаж байв. …” Илч 22:1-2

Зехариа номд амийн ус Иерусалимаас, Илчлэл номд Бурханы сэнтийнээс урсан гарна хэмээсэн. Бурханы сэнтий нь тэнгэр Иерусалим Эх гэдгийг зааж байгаа нь илт юм.

“Тэр үед тэд Иерусалимыг «ЭЗЭНий Сэнтий» гэж дуудаж, бүх үндэстэн тийшээ цугларч, ЭЗЭНий нэрийн төлөө Иерусалимд цугларна. …” Иер 3:17-18

Иерусалимыг Бурханы сэнтий гэсэн учраас Зехариагийн зөгнөл ёсоор сүүлчийн үед тэнгэр Иерусалим Эхээс амийн усны гол урсан гарах юм. Библийн аль ч ишлэлийг харсан амийн усны ундарга нь Эх Бурхан гэдгийг эргэлзээгүйгээр гэрчилж, нотолж байна шүү дээ. Бурханы эл үгэн дээр нэмэх юм уу хасаж Эх Бурханы оршихуйг үгүйсгэх юм бол амийн ус ч авч чадахгүй, авралын ерөөл ч авч чадахгүй (Илч 22:18-19 үзэх).

Хурга амийн усны булгууд өөд хөтөлнө

Мосегийн үеийн асар барих түүхийг сөхөн харвал ариунаас ариун газарт гэрээний авдар байрлуулснаар асар үндсэндээ бэлэн болсон байдаг. Ариун газар гэж Бурханыг илэрхийлдэг. Тэр дундаа урт, өндөр, өргөн нь адилхан хэмжээ бүхий ариунаас ариун газар нь адилхан бүтэц бүхий тэнгэр Иерусалим хотыг, өөрөөр хэлбэл бидний Эхийг бэлгэддэг юм (Иер 17:12-13, 1Хаа 6:14-21, Илч 21:9-16 харьцуулах).

Ариун газар нь урд хэсэгтээ ариун газар, арын хэсэгтээ ариунаас ариун газар гэж хуваагдаж байв. Иймд тахилч зайлшгүй ариун газраар дамжиж байж ариунаас ариун газарт орж чаддаг байжээ. Энэ нь сүүлчийн Ариун Сүнсний үед Эцэг Бурханыг бүрэн ухаарсан хүмүүс л Эх Бурхан руу ирж чадна гэдгийг харуулж буй зөгнөл юм. Майхан баяр нь ариунаас ариун газрын бодит болсон Эх Бурханыг ухааруулдаг чухал баяр билээ.

“… Тэд цаашид өлсөх ч үгүй, цангах ч үгүй. Тэд наранд шарагдах ч үгүй, ямар ч халуунд халахгүй. Яагаад гэвэл сэнтийн голд байгаа Хурга тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд өөд хөтлөх болно. … нүднээс урсах нулимс бүрийг арчих болно гэлээ.” Илч 7:14-17

“Хурга биднийг амийн усны булгууд өөд хөтөлнө” гэсэн. Библид Хурга гэж Христийг заадаг шүү дээ (Иох 1:29). Амийн ус урсан гарч байгаа ундарга нь Иерусалим Эх. Библид Эцэг Бурхан биднийг Эх Бурхан руу хөтөлнө гэдгийг зааж өгч байна.

Бурхан Библийн хаа сайгүй Аврагчийг гэрчлэх “нууц түлхүүр үг” оруулсан байгаа. Ертөнцийн сууриас эхлээд нууцлагдсан авралын нууцыг илчлэхдээ аврал авах итгэгчдэд л зааж мэдүүлэх гэж сургаалт зүйрлэлээр айлдсан. Иймд хүмүүс Библийн үгийг хичнээн харж, сонслоо ч хүний мэргэн ухаанаар доторх нууцыг нь ухаарч чадахгүй (Мат 13:10-17, 34-35).

Ариун Сүнсний үед махан биеэр ирсэн Хоёрдугаар Есүс Эцэг Ан Сан Хун Христ хүүхдүүдийнхээ төлөө энэ бүх нууцыг тайлж өгсөн билээ. Эцэг “Бурханы нууц ба амийн усны ундарга” номоо үлдээж, Библийн гэрчилж байгаа Сүнс болон Сүйт бүсгүйн нууцыг илчилсэн. “Хурга Хоньчин болж амийн усны булгууд өөд хөтөлнө” гэсэн зөгнөл ёсоор Эцэг Бурхан хүүхдүүдээ Бурханы нууц ба амийн усны ундарга болсон Эх Бурхан руу биечлэн хөтөлсөн билээ.

Иерусалим Эхийг дэлхий даяар тунхаглаарай

Бид Эцэг Бурханы хөтлөлийг даган амийн ус өгөх Эх Бурханыг хүлээн авсан. Өнөө үед хүмүүс “Бурхад” гэсэн утга бүхий еврей хэлний “Елохим” гэсэн үг Библид ойролцоогоор 2500 удаа гарч байхад ч хүртэл Эх Бурханы оршихуйг ухаарч чадахгүй байна. Хурганы хөтлөлийг даган, амийн усны булгийг түрүүлж олсон бид тэдгээр хүмүүст Эх Бурханаа тунхаглан мэдүүлэх учиртай.

Давид Соломоны төлөө Иерусалим ариун өргөөний материалыг хангалттай их бэлдсэн шиг Давид хааны зөгнөл дагуу энэ газарт ирсэн Эцэг Иерусалим Эхийн талаарх үнэнийг нэг бүрчлэн бидэнд мэдүүлсэн билээ. Мөн Соломон Иерусалим ариун өргөөг бүрэн барьж гүйцээсэн шиг биднээс ч бас сүнслэг ариун өргөөний материал болох алдагдсан ах дүү, эгч дүүгээ хурдхан хайж олоод Иерусалим Эхийнхээ яруу алдрыг бүх үндэстэнд гаргаасай хэмээн хүсэж байгаа.

Дуулал номын зохиогч “ЭЗЭН гэрийг барьж байгуулахаас нааш түүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөнө” гэсэн шүү дээ (Дуу 127:1). Сүнслэг ариун өргөөний байгуулалт ч мөн адилхан юм. Сайн мэдээ тунхаглаад, тэнгэрийн ариун өргөөний материал болсон ах дүү, эгч дүүгээ хайж олоход Бурханы тусламж зайлшгүй хэрэгтэй. Тэнгэрийн ариун өргөө байгуулж бүрэн дуустал Ариун Сүнсний хүчийг олж авахын төлөө Бурханд илүү хичээнгүйлэн залбирах учиртай юм шүү.

Майхан баяр нь зовлонгийн баяр ч юм уу нүгэлдээ гашуудах баяраас ялгаатай, баяр баясгалантай, хөгжил хөөртэй баяр. Үүний учир нь юу юм бол? Майхан баяраар амийн усны ундарга болсон тэнгэр Эхтэйгээ уулзсан болоод тэр. Тэнгэрт нүгэл үйлдээд, газар дэлхийд хөөгдөж ирсэн бид 6000 жил гэх уртаас урт он жилийн эцэст тэнгэр Эхийгээ ухаарч уулзсан болохоор баяр хөөрөөр хальж бялхахаас ч яахав.

Баяр сахидаг Сионы ард түмний хувьд Майхан баярт шингэсэн Бурханы гүн гүнзгий хүслийг ухааран, Майхан баярыг ариунаар сахиад, Эх Бурханаа баяр хөөртэйгөөр тунхаглацгаая. “Амийн ус өгөх Эх Бурхан руу ирээрэй” хэмээн бүх хүнд хүчтэйгээр зарлан тунхаглаад, Бурхандаа сүнслэг бэлэг зөндөө ихийг өргөн барьж, Майхан баярын зөгнөлийг гүйцээгээрэй гэж Сионы гэр бүлүүдээсээ хүсье.