Шашин бүрд цээрлэдэг хоол хүнс байдаг. Христийн шашинд ч гэсэн хориглодог хоол бий. Харин сүм бүрийн “бүү ид” гэж хориглодог хоол хүнс харилцан адилгүй. Тэгвэл бид чухам юуг хэм хэмжүүрээ болгох ёстой вэ? Аль нь зөв юм бол?
Бурхан ард түмэндээ “бүү ид” хэмээн айлдсан хоол хүнс байдаг. Хоолны талаарх зарлиг дэлхийг бүтээсэн түүхээс эхэлсэн аж. Харин Бурхан дэлхийг бүтээсэн үеэс нэг л маягийн хоолны зарлиг буулгаагүй. Шинэ гэрээний үе хүртэл үе тус бүрд өөр өөр хууль тогтоож өгчээ.
Өнөө үед хоолны тал дээр элдэв зарлиг гарган өөр өөрийн зарчмыг баримталдаг сүм олон. Тэдний олонх нь өөрсдийн зарчмаа Библид үндэслэсэн гэх боловч үнэндээ бол тэд үеэ андуурчихаад явж байна.
Өнгөрсөн үед хоолны ямар зарлиг байсан нь хамаагүй, бид Есүсээр сургагдсан элч нарын сургаалыг хэвээр нь дагаж мөрдөхөд болох юм. Шинэ гэрээний үед Бурханы элч нараараа тогтоолгосон хоолны зарлиг байдаг. Өнөө үед шинэ гэрээний үеийн хоолны зарлигийг байгаагаар нь дагах явдал бол төгс итгэл бөгөөд дуулгавартай байдал мөн.
Еден цэцэрлэгээс Мосегийн үе хүртэл мөрдсөн хоолны зарлиг
Бурхан Еден цэцэрлэгийн үе, Ноагийн үерийн дараах үе, Мосегийн үед тус бүрд нь хоолны өөр өөр зарлиг буулгаж байжээ.
1. Еден цэцэрлэг
“Бурхан —Үзэгтүн, газрын гадарга дээрх үрт өвс ногоо бүрийг, үрээ гөвдөг үр жимст мод бүгдийг Би та нарт өгнө. Тэр бүхэн та нарын хоол хүнс болно.” Эхл 1:29
Еден цэцэрлэгт үрт ургамал, үрт жимсний модыг хоол болгон өгч байв. Энэ үед цагаан хоол идэх нь Бурханы хүсэл байсан байна.
2. Ноагийн үерийн дараа
“Аливаа амьд амьтан та нарын хоол хүнс болно. Би та нарт ургамал ногоог өгсөн шигээ одоо Би энэ бүхнийг та нарт өгч байна.” Эхл 9:3
Ноагийн үерийн дараа бүх амьд амьтныг идэхийг зөвшөөрсөн учир махан хоол идэх нь Бурханы хүсэл байсан юм. Махан хоол, цагаан хоол хоёрыг ялгаж салгах шаардлагагүй. Энэ үеэс хойш зөвхөн цагаан хоол иднэ гэж зөрүүдлэхийг Бурханд дуулгавартай байдал гэж хэлэхгүй.
3. Мосегийн үе
Мосегийн үед Бурхан Синаи ууланд гэрээний үгийг тунхаглаж, хоолтой холбоотой хуулийг шинэчлэн тогтоож өгсөн байна.
“ЭЗЭН дахин Мосе, Аарон нарт айлдахдаа —Израилийн хөвгүүдтэй ярин “Газар дээрх амьтан бүгдээс та нарын идэж болох амьтад энэ болой. Амьтдын дундаас туурай нь салаалсан буюу ац туурайтан, сэвсээ хивдэг амьтдыг та нар идэж болно.” Лев 11:1-3
Хуучин гэрээний үед ац туурайтан, сэвсээ хивдэг амьтдыг цэвэр амьтанд, түүнээс бусдыг нь бузар амьтанд тооцсон байна. Бурхан ард түмэндээ цэвэр амьтныг л хоол болгон зөвшөөрчээ.
Өмнө нь ямар л бол ямар амьтныг идэж болж байсан бол Мосегийн үеэс эхлээд бузар амьтан идэхийг хориглосон. Хоол ялгаж иднэ гэдэг хэцүү ярвигтай хэрэг хэдий ч, энэ үед бузар амьтныг биш цэвэр амьтныг ялгаж идэх нь Бурханы таалал байжээ.
Израиль ард түмэнд гагцхүү цэвэр амьтдыг л идүүлдэг байсан учир нь Бурхан тэднийг онцгойлон сонгож, ариун үндэстнээ болгосонтой холбоотой аж. Өөрөөр хэлбэл хоолны зарлиг нь Бурханы ард түмэн болон харь үндэстнүүдийг ялгахын төлөө байсан юм. Хуучин гэрээний үед Бурханы ард түмэн Мосегийн хуулиар тогтоосон хоолны зарлигийг төгс дагах ёстой байв.
Шинэ гэрээний үеийн хоолны зарлиг
2000 жилийн өмнө хүний төрхөөр энэ газарт ирсэн Христ хүн төрөлхтний авралын төлөө загалмайд золиослогдсон билээ. Өөрөөр хэлбэл урьд зөвхөн израильчуудад л өгөгдөж байсан аврал харь үндэстнүүдэд ч зөвшөөрөгдөж ивээлийн цаг үетэй золгосон байна.
Хуучин гэрээнд бузар хэмээн тооцож байсан хоолыг Христ цэвэр болгож, хоолны шинэ зарлиг тогтоожээ. Ингэснээр хоолны зарлигаар хуваагдан ялгагдаж байсан израильчууд болон харь үндэстнүүдийн хоорондох хана ч нурсан билээ (Үйл 10:9-48).
“Учир нь Ариун Сүнс болон бидэнд эдгээр зайлшгүй зүйлсээс өөр илүү ачааг та нарт үл тохох нь зүйтэй хэмээн санагдаж байна. Энэ нь, шүтээнд өргөсөн юмс, цус, боомилогдсон зүйлс болон садар самуунаас хол байгтун. Хэрэв эдгээрээс өөрсдийгөө хамгаалбал болох нь тэр. Баяртай.”” Үйл 15:28-29
Энэ нь элч нарын үед, Ариун Сүнс Өөрөө хамт байлцаж гаргасан, Иерусалим ерөнхий чуулганаас баталсан хоолны зарлиг юм. Шинэ гэрээний үед амьдарч байгаа бидний дагах ёстой хоолны зарлиг бол энэ. Бид одоо цэвэр болоод бузар амьтан гэж ялгах шаардлагагүй, шүтээнд өргөсөн юмс, цус, боомилогдсон зүйлсийг л идэхгүй байхад болно.
Ариун Сүнс хамтдаа байж, шийдэж өгсөн байхад хэн үүнийг эсэргүүцэж зүрхлэх билээ дээ. Удаан хугацаанд чанд мөрдөж ирсэн зуршлаа өөрчилнө гэдэг амаргүй хэрэг. Гэсэн ч Бурхан үе бүрд нь тохируулан өөр өөр зарлиг тогтоож өгсөн л бол түүгээр нь дагах учиртай. Тиймээс Паул элч газар бүрд захидал бичихдээ хоолны талаар дурдаад, хуучин гэрээний хуулинд дуулгавартай байвал Христээс тусгаарлагдах болно гэдгийг хүртэл хэлсэн байдаг.
“Хуулиар зөвтгөгдөхийг оролдож буй та нар Христээс арилан, нигүүлслээс салж унажээ.” Гал 5:4
“Харин итгэсэн харийнхны тухайд гэвэл тэд шүтээнд өргөсөн юмс, цус, боомилогдсон зүйл болон садар самуунаас зайлсхийх ёстой гэж бид тогтон тэдэнд бичсэн билээ гэв.” Үйл 21:25
Шүтээнд өргөсөн юмсын тухай
Өнөө үед Ариун Сүнсний айлдсанаар цус, боомилогдсон зүйлс, шүтээнд өргөсөн юмнаас зайлсхийж, энэ хоолны зарлигийг дуулгавартай дагавал ерөөл авна. Эдгээрээс шүтээнд өргөсөн юм гэдэг нь өөр бурханд үйлчлэхийн төлөө өргөсөн хоол хүнсийг хэлнэ. Библид энэхүү шүтээнд өргөсөн юмнаас зайлсхийж явах ёстойг онцолсон байдаг.
“Тиймд хайртууд минь ээ, шүтээн шүтлэгээс зайл. Ухаалаг хүмүүст хэлдгийн адил би хэлье. Хэлснийг минь та нар шүүцгээ. Бидний ерөөдөг ерөөлийн аяга нь Христийн цусан доторх оролцоо биш үү? Бидний хугачдаг талх нь Христийн бие доторх оролцоо биш үү? Талх нэг тул бид олуулаа ч нэг бие. Учир нь бүгд нэг талхнаас хуваалцдаг. Махбодын дагуух Израилийг хар. Тахилаас идэгчид нь тахилын ширээн дээрхээс хуваалцагч биш үү? Тиймээс би юу гэж хэлээд байна вэ? Шүтээнүүдэд өргөсөн юмс нь юу юм, шүтээн нь юу юм? Тэгээд ч тахидаг юмсыг тэд Бурханд бус, харин чөтгөрүүдэд [тахидаг] аж. Та нарыг чөтгөрүүдийнхээс хуваалцагч болоосой гэж би хүсэхгүй. Та нар Эзэний аяганаас болон чөтгөрүүдийн аяганаас зэрэг ууж чадахгүй. Та нар Эзэний ширээнийхийг болон чөтгөрүүдийн ширээнийхийг зэрэг хуваалцаж чадахгүй.” 1Кор 10:14-21
Бурханд итгэдэг олон хүн мэдээж шүтээн шүтэж болохгүй гэдгийг мэдэж байгаа. Шүтээнд өргөсөн юмсыг идэх нь чөтгөрийн тахилын хамсаатан болж байгаа явдал бөгөөд шүтээн шүтэж байгаа хэрэг юм.
Христийн мах, цусыг бэлгэдсэн Алгасал баярын талх, дарсанд оролцсон хүмүүс Бурхантай нэг бие болж, Бурханы хүүхэд болон ялгагдах болно. Ариун Бурханы хүүхэд байж шүтээнд өргөсөн юмс идвэл өөрийгөө бузарлаж, аяндаа Бурханаас холдохоос өөр аргагүйд хүрнэ.
“Иймд шүтээнүүдэд өргөсөн юмсыг идэх талаар гэвэл энэ ертөнц дэх шүтээн гэгч нь юу ч биш бөгөөд ганцаас өөр Бурхан байхгүйг бид мэднэ. Хэдийгээр тэнгэрт эсвэл газарт бурхад гэгдэгчид нь байдаг бөгөөд тиймээс олон бурхад ба олон эзэд байдаг гэдэг ч, бидний хувьд ганц Бурхан Эцэг байна. Бүх юм Түүнээс гарсан бөгөөд бид Түүний төлөө юм. Мөн ганц Эзэн Есүс Христ байна. Бүх юм Түүгээр агаад бид ч Түүгээр байгаа юм. Харин энэ мэдлэг бүх хүнд байдаггүй ажээ. Зарим хүмүүс өнөөг хүртэл шүтээнд дассан учир шүтээнд өргөсөн тахил гэж бодож идсэнээрээ сул дорой мөс чанараа бузарладаг аж.” 1Кор 8:4-7
Бидэнд аврал өгөхөөр загалмайд цусаа урсгасан Нэгэн бол Бурхан билээ. Үе тус бүрд Өөрийнхөө ард түмнийг аврахаар хууль өгсөн Бурханы өнөө үед тогтоосон хоолны зарлигт ч мөн гагцхүү биднийг л аваръя гэсэн хайр шингэсэн байгаа.
Үе тус бүрд айлдсан үгийг дагах төгс дуулгавартай байдал
Өнөө үед тогтоож өгсөн хоолны зарлиг байсаар байхад аль эрт өнгөрсөн хоолны зарлигийг мөрдөх гээд байж хэрэггүй юм. Эрт үед өгөгдсөн зарлигийг дагах гэж зөрүүдлээд, энэ үед тушаасан Бурханы зарлигийг зөрчих нь чөтгөрүүдийн сургаалыг дагаж байгаа үйлдэл мөн.
“Харин хожмын цагт зарим нь итгэлээ орхин, мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн сургаалд анхаарал хандуулна гэж Сүнс тодорхой хэлдэг. Тэд мөс чанараа хуйхлуулаад хоёр нүүр гарган худал ярьж, гэрлэхийг хориглодог мөн итгэгчид болон үнэнийг мэдэгсдэд талархалтайгаар хүртэг хэмээн Бурханы бүтээсэн хоол хүнсийг цээрлэхийг албаддаг.” 1Тим 4:1-3
Энэ үед бидний хэрэглэж болохгүй хоол хүнс бол шинэ гэрээний үед Бурханы айлдсан үг ёсоор шүтээнд өргөсөн юмс, цус, боомилогдсон зүйлс. Эдгээрээс өөр зүйл байхгүй юм. Өнөө үед цагаан хоолны, махан хоолны гэсэн зарчим тогтоох шаардлагагүй бөгөөд хүн бүр өөр өөрийн бие махбодын онцлог болон хоолны зуршилдаа тохируулаад хэрэглэхэд л болно.
Еден цэцэрлэгт цагаан хоол иддэг байсан гээд цагаан хоол идэхийг л баримтлах юм бол Еден цэцэрлэгт хувцас өмсдөггүй байсан болохоор одоо ч бас хувцас өмсөлгүйгээр мөргөл өргөцгөөе гэж тэд хэлэх хэрэгтэй болно. Мөн Мосегийн хуулийн хоолны зарлигийг мөрдье гэвэл одоо ч бас хуучин гэрээний арга хэлбэрээр амьтны цус урсган тахил өргөх хэрэгтэй болно.
Ав адилхан хоол ч гэлээ идээрэй гэх үе байхад, бүү ид гэх үе байдаг. Ид гэхэд нь идэж, битгий гэхэд нь идэхгүй байх нь дуулгавартай байдал юм.
Аль ч цаг үед, Бурханы хүслийг дагаж амьдрах нь л үнэн хийгээд авралд хүргэх зам юм. Бурханы энэ үед айлдсан үгэнд нь шингээстэй байгаа хайрыг ухаараад, үгэн дээр нь хүний бодол, онолыг нэмж хасалгүйгээр байгаа чигээр нь дуулгавартай дагадаг итгэлтэй болцгооё.