WATV.org is provided in English. Would you like to change to English?

Сатаны сорилтыг ялсан итгэлийн өвөг дээдэс

54 Үзсэн тоо

Ертөнцийг бүтээсэн цагаас хойш л Сатан янз бүрийн арга залиар Бурханы хүүхдүүдийг мэхэлсээр ирсэн. Бид Бурханаас ерөөл авч, мөнхийн тэнгэрийн хаанчлалд орохын төлөө Сатаны бүх сорилтыг ялан гарах ёстой.

Сатаны сорилтыг ялсны дараа ерөөл авсан итгэлийн өвөг дээдсийн тухай олон тэмдэглэл Библид бий. Тэдний жишээн дээр сорилтыг ялан гарахын тулд бид ямар итгэлтэй байх ёстойгоо мэдэж авцгаая.

1. Есүс

Есүс 40 хоног мацаг барьж залбирсны дараа гурван янзаар соригдсоноороо Өөрт нь итгэн дагах явцад бидэнд сорилт ирнэ гэдгийг урьдчилан харуулж өгчээ. Эхлээд хүний хамгийн сул тал болох идэх юмаар сорих үед “Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж хэлээд ялсан. Хоёр дахь удаагаа Бурханы хүч чадлыг сориулах гэж өдөөн хатгахад нь “Бурхан Эзэнээ бүү сорь” гэж хэлээд няцаав. Гурав дахь удаад ертөнцийн баялаг, яруу алдрыг өгөх болзол тавьж, диаволд сөхрөн мөргүүлэхээр урхидах гэхэд нь “Бурхан Эзэндээ чи мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” гэсэн үгээр диаволыг үлдэн хөөсөн. Есүс энэ бүх сорилтыг ялсан нь бид бас ямар ч сорилтонд орсон ялж чадна гэдгийг, ялах ёстой гэдгийг жишээ болгон үзүүлжээ (Мат 4:1-11).

2. Иов

Бурханд туйлаас итгэдэг байсан Иовыг сорихын төлөө диавол түүнд олон шалгуур өгсөн. Эд хөрөнгө, үр хүүхдүүдээ алдаад, хамаг бие нь яр хатиганд бариулж, тэр ч бүү хэл эхнэр нь, бас найз нөхөд нь ч хүртэл “Бурханаа хараагаад үх” гэж түүнийг ятгаж байсан юм. Гэвч тийм хүнд нөхцөлд ч Иов эцсээ хүртэл тэвчээртэйгээр итгэлээ бат сахисан. Иов сорилтыг ялаад, өмнө нь эзэмшиж байснаасаа хоёр дахин их өмч хөрөнгөөр ерөөгдөн, олон хөвгүүд, охидтой болж, урьдынхаасаа улам илүү аз жаргал бялхсан ерөөл дотор Бурханд үйлчлэн амьдарсан байдаг (Иов 42:10-17).

3. Иосеф

Иосеф ах нарынхаа атаа хорслоос болж Египет рүү зарагдан, Фараоны түшмэл, хамгаалагчдын захирагч Потифарын гэрт боол болов. Тэр үед Иосефт том сорилт тулгарчээ. Потифарын эхнэр хүчирхэг, сайхан биетэй Иосефын төрхөнд татагдан, өдөр бүр түүнийг уруу татдаг байжээ (Эхл 39:7-10). Гэвч Иосеф Бурханыг л бодон, Сатаны уруу таталтыг ялж гарсан юм. Дараа нь тэрээр Бурханы тусламж болон ерөөлөөр Египетийн захирагч болж, гэр бүлээ аварсан байдаг (Эхл 41:40-43).

4. Паул элч

Элч Паул Бурханы сайн мэдээг тунхаглаж байхдаа таван удаа гучин ес ташуурдуулж, чулуугаар шидлүүлж, усан онгоцны сүйрэлд өртөн, гүн тэнгист өдөр, шөнийг өнгөрөөн, тунхаглах аян замд гол усны аюул, дээрэмчдийн аюул, овог нэгтний аюул, харийнхны аюул, цөл дэх аюул, хуурамч ах дүүсийн дундах аюулд өртөж, хөдөлмөр зүтгэл, дараа дарамт, байнгын нойр дутал, өлдөл цангал, ноорол нүцгэрэл, даарал хөрөлд байсан юм (2Кор 11:23-27). Харин сайн мэдээнд саад учруулагч диаволын элдэв сорилт дотор итгэлээ бат сахин, үүрэг хариуцлагаа ухамсарлан, эцсээ хүртэл сайн мэдээ тунхагласан тул зөвт байдлын титэм бэлтгэгдсэн тэнгэрийн хаанчлалын ерөөл авч чадсан юм (2Тим 4:8).

5. Даниел

Даниел “Хаанаас өөр хэн нэгэнд мөргөвөл арслангийн нүхэнд хаяна” гэсэн сүрдүүлгэнд өртөн, соригдсон боловч яг л өмнөх шигээ өдөрт гурван удаа онгорхой цонхоор Иерусалимын зүг харан өвдөг сөгдөн Бурханд залбирдаг байжээ. Тэрээр хааны тушаалыг зөрчсөнөөсөө болж арслангийн нүхэнд хаягдсан ч Бурханы тусламжтайгаар хамгаалагдан, аврагдсан юм. Ийнхүү тэрээр олон хүний өмнө Бурханы яруу алдрыг харуулжээ (Дан 6:1-28).

6. Шадрах, Мешах, Абед-него

Даниелын гурван найз Шадрах, Мешах, Абед-него нар шүтээнд мөргөхгүй бол дүрэлзсэн галтай зуух руу шидүүлэх аюулд өртөн соригдсон боловч эцсээ хүртэл шүтээнд мөргөлгүй, итгэлээ сахисныхаа ачаар жирийн үеийнхээс долоо дахин хүчтэй галласан зуухан дотроос ширхэг үс нь ч хуйхлагдалгүй, эсэн мэнд гарсан нь Вавилоны хаан Небухаднезар болон дээд түшмэдийг нь гайхшируулж, тэднээр Бурханд магтаал өргүүлсэн юм. Улмаар Шадрах, Мешах, Абед-него нар өмнө байснаасаа ч илүү том албан тушаалд дэвших болжээ (Дан 3:1-30).

Энэ үед ч гэсэн бидний итгэлийг үймүүлж, Бурханы хүслийг дагахад саад болох муу хүчнүүд бий. Бүх төрлийн сорилт, бэрхшээлийг даван туулж, итгэлээ чанд сахисан учраас ерөөл авсан Библи дэх итгэлийн өвөг дээдсийн жишээг дагацгаая. Бид олон ерөөл авч, тэнгэрийн хаанчлалд орохын тулд Бурханд итгэх итгэлээ эцсээ хүртэл хадгалах ёстой билээ.

Тунгаах зүйлс
Есүс Сатанд яаж соригдсон бэ? Мөн Тэрээр сорилтыг хэрхэн ялсан бэ?
Элч Паул Сатаны сорилтыг ялсныхаа дараа ямар ерөөл авсан бэ?
Итгэлийн өвөг дээдсийн тохиолдлыг харьцуулан Сатаны сорилтыг хэрхэн ялах аргын талаар бодоцгооё.