Чихтэй нэгэн нь Бурханы дууг сонсоно

26,870 үзэлт

Өнөө үед дэлхийн ихэнх сүм Бурханы үгийг сонсдог гэж зүтгэдэг. Үнэн хэрэгтээ тэд Бурханы үгийн жинхэнэ утгыг ойлгож чаддаггүй хуурамч сүмүүд юм. Библид тэднийг “битүү чихтэй” хэмээсэн юм. Бидний тухайд ямар вэ? Бидэнд харах нүд, сонсох чих, ойлгох ухаан бий. Энэ бүхнийг өгсөн Бурхандаа талархан, “сонсох чихтэй” хүмүүст сонсгохын тулд Бурханы дуу хоолойг тэдэнд тодорхой дамжуулаад, мөн “битүү чих” гэж юуг хэлснийг судалж мэдэцгээе.

Битүү чихтэй хүмүүс

Хүний хэлснийг ойлгодоггүй, ойлгоц удаантай хүмүүсийг “Дүлий годил, хөлдүү нөхөр” гэж гадуур хэлдэг юм билээ. Үүн шиг Библид Бурханы үгийг ойлгодоггүй хүнийг “битүү чихтэй” гэж илэрхийлсэн байдаг.

Бидний эргэн тойронд олон хүн Бурханд итгэдэг гэж байгаа ч үнэндээ Бурханы хүслийг ойлгохгүй, тэс хөндлөн хүлээж авдаг. Жишээ нь Бурхан “Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь” (Гэт 20:8) гэж айлдсан байхад Бурханы үгийг буруу ойлгон, өөр өдөр мөргөл тэмдэглэдэг. Тиймээс Библид ийм хүмүүсийг “битүү чихтэй” хэмээсэн.

“Сонсгохын тулд би хэнд хэлж, сануулга өгөх юм бэ? Үзэгтүн, тэдний чих битүү хэвээр бөгөөд тэд сонсож чадахгүй. Үзэгтүн, ЭЗЭНий үг тэдний тохуу болов. Тэд түүнийг таашаасангүй. Харин би ЭЗЭНий уур хилэнгээр дүүрч, үүнийгээ барьсаар сульдаж байна. “Гудамжин дахь хүүхдүүд дээр, залуусын чуулалдаан дээр асга. Учир нь, настай ба хөгшин, эхнэр ба нөхөр аль аль нь авагдах болно. …” Иер 6:10-15

Бурхан Библийн олон сургаалаар үнэний зам болон авралын аргыг мэдүүлсэн. Гэвч битүү чихтэй хүмүүс Бурханы жинхэнэ хүслийг хүлээн авч ойлгодоггүй. Тэд Бурханы үгэнд дуулгавартай байхад анхаарал тавилгүй, харин ч Бурханы үг тэдэнд зэмлэл болж, түүнийг таашаасангүй. Тиймээс Бурханы уур хилэн тэдний эсрэг шатаж, Бурхан энэ уур хилэнгээ удаан барьж дийлэхгүй гэж хэлсэн байдаг.

Өнөө үеийн сүмүүдийг хар даа! Бурханы үгийг чухамдаа дагаж байна уу? Хэрэв дагаж байгаа юм бол “Шүтээнд үйлчилж болохгүй” гэсэн үгийг хэрхэн зөрчиж, “Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь” гэсэн үгнээс хэрхэн зөрж чадах билээ? Үгийг нь дагаж байсан сан бол Бурханы ариун баяруудаас яаж тийм амархан нүүр буруулж чадах билээ?

“Дүлий хүмүүс ээ, сонсогтун! Сохор хүмүүс ээ, үзэхийн тулд харагтун! Боолоос минь өөр сохор хүн хэн бэ? Миний илгээсэн элчийн минь адил дүлий нь хэн бэ? Үнэнч нэгэн шиг минь сохор эсвэл ЭЗЭНий боолын адил сохор хүн хэн бэ? Чи үзсэн, олон юмыг үзсэн боловч анзаараагүй. Чих чинь нээлттэй байсан авч юуг ч сонсоогүй.” Иса 42:18-20

“Тэдэнд Исаиагийн эш үзүүллэг биелдэг юм. Юу гэвэл тэр “Та нар сонсон сонсовч хэзээ ч ойлгохгүй, харан харавч огт ухаарахгүй. Учир нь энэ ард түмний зүрх нь хатуурч, чих нь дүлийрэн хатуурч, нүдээ аньжээ. Эс бөгөөс тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэнэ. Би тэднийг эдгээх байсан” гэсэн байдаг. Харин та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь ерөөлтэй еэ! …” Мат 13:14-17

Библид Бурханы үгийг огт сонсдоггүй, зөв замаар явдаггүй хүнийг битүү чихтэй гэсэн. Тэд Бурханы үгэнд анхаарлаа хандуулдаггүй, ажигладаггүй сүнслэг дүлий хүмүүс. Тэд зөвхөн чих нь битүү, дүлий хүн болоод зогсохгүй нүд нь ч бас хаагдсан, сүнсээр сохор болохоор Бурханы үгийг харсаар байвч ойлгохгүй, сонссоор байвч ухаарч чадахгүй юм.

Харин Бурхан ард түмнийхээ битүү чихийг онгойлгож өгсөн. Тийм учраас “Миний хонин сүрэг дууг минь сонсдог” хэмээн айлдсан байдаг. Үнэ цэнэтэй үнэний үгийг харж, сонсож байгаа маань бидний хувьд үнэхээрийн онцгой, үлэмж ерөөл юм.

Сүнслэг дүлий хүмүүсийн аймшигт төгсгөл

Сүнслэг дүлий, сүнслэг сохор хүмүүсийн төгсгөлийн талаар Есүс ийн урьдчилан анхааруулжээ.

“Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно. Тэр өдөр Надад олноороо “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгийг үйлдэж байсан бус уу?” гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд “Би та нарыг танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” гэж хэлнэ.” Мат 7:21-23

Хэрэв өнөө үеийн үй олон христчин Бурханы дуу хоолойг зөв сонссон бол Бурханы хуулийг сахиж, бидэнтэй хамт шинэ гэрээний баярыг бүрэн тэмдэглэж, энэ газарт ирсэн Эцэгийн дууг, Эхийн дууг таних байсан.

Гэвч тэд бүх үнэнээс нүүр буруулж байгаа. Чих нь битүү учраас тэр. Олон зүйл зааж өглөө ч тоож сонсохгүй. Тийм учраас Есүс тэднийг хичнээн “Эзэн минь, Эзэн минь” гэсэн ч хүлээн авахгүй гэдгээ тодорхой хэлсэн.

“Тэнгэрийн өрөвтас хүртэл улиралаа мэддэг. Хүүрзгэнэ, хараацай болон хөөндэй нүүдэллэх цагаа ажигладаг. Харин хүмүүс минь ЭЗЭНий тогтоолыг мэддэггүй. “Бид мэргэн, ЭЗЭНий хууль бидэнтэй хамт байна” гэж та нар яаж хэлж чадна вэ? Харин үзэгтүн, гүүш нарын худалч үзэг худал болгожээ. Мэргэн хүмүүс ичгүүр болж, зүрх алдан баригджээ. … Тиймээс тэд унадаг хүмүүсийн дунд унах болно. Шийтгэлийнхээ цагт тэд дорд болгогдох болно» гэж ЭЗЭН айлддаг.” … Юунд бид амар сууна вэ? Цуглараад, бэхлэлт хотууд уруу явцгааж, тэнд хамтдаа сөнөе. Учир нь бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн тул Бурхан ЭЗЭН маань биднийг сөнөөхөөр яллаж, бидэнд хортой ус уулгахаар өгчээ.” Иер 8:7-14

Битүү чихтэй хүн худал хуурмагийг зөв гэж зөрүүдэлж, Бурхан руу буцаж ирэхээс татгалздаг. Бурханы үгийг орхисон хүмүүсийн төгсгөл нь юу вэ? Энэ бол сүйрэл. Тэд өөрсдөө тийм аймшигт төгсгөл ирэхийг харах болно.

Энэ бүх үгийг судлаад үзэхэд бидэнд харж чадах нүд, сонсож чадах чих өгсөн Бурханд талархахгүй байхын аргагүй юм. Бид ч мөн сүнсээр сохор, дүлий байсан. Харин Бурхан энэ газар ирж, Бурханы үгийг сонсдог чих шиг чихтэй болгосон юм. Тиймээс Бурхан “Чихтэй нэгэн нь сонсогтун” хэмээсэн юм.

Сэтгэлийн үүд тогших Бурханы дуу хоолой

Шашны харанхуй үе гэх урт хонгилоор дайран, олон хүн Бурханы дууг сонсож чадах чихээ гээчихсэн. Гэвч одоо битүү чих, нүднүүд нээгдэж, Бурханы үгийг тэр хэвээр нь сонсож, тэр хэвээр нь харах ёстой цаг үе юм.

Учир нь Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд Өөрөө энэ газарт ирсэн юм. Бурхан хүн бүрийн сэтгэлийн хаалгыг тогшиж, дуу хоолойгоо сонсгож байна. Бурхан энэ газарт Өөрийн биеэр ирчихсэн байгаа тул бид Бурханы дуу хоолойг шууд сонсож чадах ерөөлийн үед амьдарч байна.

“Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь дууг минь сонсоод үүдээ нээвэл, Би дотогш түүн уруу орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно.” Илч 3:20

Хэрэв танихгүй хүн хаалга тогшоод, нээ гэвэл онгойлгож өгөх ямар ч хүн байхгүй. Харин аав ээжийнх нь дуу гарвал яах вэ? Үүдээ нээнэ шүү дээ.

Урт удаан хугацаанд Бурханы дууг сонсоогүй болохоор хүмүүс Бурханы дууг мартсан байсан. Тиймээс зарим нь Бурханы дуу хоолойг сонсоод сэтгэлээ нээж байхад зарим нь үүдээ бүр ч чанга түгжчихдэг. Харамсалтай нь Бурханы хүүхэд мөн хэрнээ Бурханы дууг удаан сонсоогүй болохоор Эцэг Эхийнхээ дууг тийм амар таньж чадахгүй эргэлзэх нь гарцаагүй.

Бурханы хүүхдүүд Эцэг, Эхийн дууг сонсох үед сэтгэлийн үүдээ нээж, Эцэг Эхийг хүлээн авна. Бид бүгд Эцэг Эхийнхээ дууг таньж, хаалгаа бүрэн нээх тэр үед бид тэнгэр эх нутагтаа буцан явж чадах юм. Тэр өдөр хурдан ирэх ёстой биш үү? Авралын зар тарааж байгаа хүүхдүүд бид алхаагаа түргэсгэж, сайн мэдээг илүү хичээнгүйлэн тараах ёстойн учир энд оршиж байгаа.

Миний хонин сүрэг дууг минь сонсдог

“Энэ хашаан дахь хоньдоос өөр хоньд Надад бий. Би тэднийг бас авчрах ёстой. Тэд дууг минь сонсоно. Тэгээд тэд нэг хоньчинтой нэг сүрэг болно.” Иох 10:16

“Миний хоньд дууг минь сонсдог. Би тэднийг таньдаг бөгөөд тэд Намайг дагадаг юм.” Иох 10:27

“… Бурханых нь Бурханы үгсийг сонсдог. Та нар Бурханых биш учир үүнийг сонсдоггүй гэлээ.” Иох 8:45-47

Бурханы хоньд Бурханы дууг сонсдог. Тиймээс тэднийг Эцэг Эхийн энгэрт хурдан хөтлөхийн тулд бид зөвхөн Бурханы дуу хоолойгоор ярих ёстой. Өөрийнхөө дууг нэмж болохгүй. Зөвхөн Эцэг Эхийн дууг л сонсгож байж хоньд хурдан ухаарч, үүдээ нээнэ.

Одоо Бурхан энэ газар ирээд, сэтгэлийн үүд тогшиж байна. Дууг нь таньдаг хүн Түүнийг хүлээн авч үүдээ нээнэ. Харин тийм биш хүн нь илүү чанга түгжинэ. Түүгээр нь л Бурхан ард түмнээ мөн бишийг ялгах болно.

Тиймд сайн мэдээг тараахдаа Бурхан айлдсан ёсоор зоригтой тараацгаая. “Ер нь энэ үгийг тунхаглахад тэр хүн ойлгох болов уу?”, “Үнэнийг ярихаар намайг тэд юу гэж бодох бол?” гэх зэргээр өөрийн бодлоо нэмж болохгүй. Сайн мэдээ тараах явцдаа энэ мэт бодол агуулбал сонсогч хүн мөн адил эргэлзэхэд хүрнэ. Бурханы хонин сүрэг Бурханы дууг сонсоно гэдэгт огтхон ч эргэлзэлгүй тунхаглаарай.

Бүрээгээ чанга тод үлээ

“… Есүс хариуд нь —Намайг Хаан гэж та хэлж байна. Би үнэнийг гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний төлөө ертөнцөд ирсэн. Үнэний хүн бүр Миний дууг сонсоно гэж айлдлаа.” Иох 18:37

“Тэд бол ертөнцийнх. Тиймээс тэд ертөнцийнхийг ярьдаг, ертөнц тэднийг сонсдог. Бид бол Бурханых. Бурханыг мэддэг нь биднийг сонсдог. Бурханаас бус нь биднийг сонсдоггүй. Үүгээр бид үнэний сүнс ба мэхлэлийн сүнсийг танина.” 1Иох 4:5-6

Есүс үнэний сүнс ба мэхлэлийн сүнсийг Бурханы дуу хоолойг сонсож байгаа эсэхээр нь амархан ялгасан. Жаахан ч болов тээнэгэлзэлгүй тунхаглаарай. Бурханы хүн нь Бурханы дууг сонсоно гэж Бурхан баталсан болохоор арын ажлаа Бурханд даатгаад, Бурханы тараагаарай гэсэн тэр үг ёсоор тараахад болно.

Өнгөрснөө эргээд харахад бид сонсогч хүнээ Бурханы ард түмэн биш байх гээд Бурханы үгийг итгэлгүй зориг муутай тараасан, эсвэл энд заавал Бурханы ард түмэн байгаа гэж бодоод итгэлтэйгээр тараасан хоёрын хооронд үр дүнгийн асар их ялгаа байсныг мэдэж болно.

Тиймээс Бурхан биднийг бүрээгээ чанга тод үлээ гэж захисан. Мэдээж Бурханы хонин сүрэг Бурханы дууг сонсох нь тодорхой. Харин тунхаглаж байгаа хүн тодорхой дуу гаргаж чадахгүй бол Бурханы дуу мөн биш нь ялгагдахгүй, улмаар эргэлзэж, үнэнийг хүлээн авах хугацаа нь хойшилно. Юу ч тараасан бай бид Бурханы дуугаар тунхаглавал хүмүүс тодорхой ойлгоно.

Нэг Сионы ах дүү авралын зар тараахад нь тохиолдсон зүйлээ надад ярьсан юм. Тэрээр хөршийнхөө эмээд Бурханы үг дамжуулсан гэнэ. Эхлээд хүмүүний амьдрал мөнх бусын талаар ярьсан чинь эмээ нэг их ойшоосонгүй гэнэ. Тэгэхээр нь ярианы сэдвээ өөрчлөөд Бурханы хууль тушаалын талаар ярьсан чинь эмээ уухайн тас сонсож, “Насаараа хүлээсэн сүм мөн байна” гээд үнэнийг баяр хөөр болон хүлээн авсан гэнэ. Эмээ одоо залуу хүнээс дутахааргүй халуун сэтгэлээр итгэлийн амьдралаар амьдарч байгаа гэнэ билээ. Бас өөр нэг тохиолдолд Библид илчлэгдсэн сүүлчийн нууцыг тунхаглангуут л Бурханыг тэр даруй хүлээн авсан гэр бүл ч байсан.

Ийнхүү Эцэг Эхийн дуу хоолойг сонсоод өнөө үед алдагдсан ах эгч дүү нар маань Сион руу ар араасаа ирсээр байгаа. Бидний бахархаж амьдрах шалтгаан Бурхан шүү дээ. Тиймээс илүү их бахархацгаая. Сэтгэлийнхээ үүдийг чанга хаасан хүн байлаа ч бид түүнд бат итгэлтэйгээр тунхаглаж чадвал тэрээр Бурханы дуу хоолойг сонсох болно.

Алгасал баяр сахь гэх Бурханы дуу хоолой

Эцэг “Та нар үнэнийг хэрэгжүүлэх тусам сэтгэл шинэчлэгдэж, Бурханыг хүлээн зөвшөөрнө. Үнэнийг хэрэгжүүлэхгүй бол сэтгэл зүрх харанхуйлж, эцэстээ Бурханыг үгүйсгэнэ” гэсэн сургаал айлдаж байсан удаатай.

Бурхан 2000 жилийн өмнө Алгасал баярыг чухалчлан захиж байсан. Өнөө үед ч мөн хүүхдүүд биднийгээ Алгасал баяр сахь гэж дахин дахин онцолж байгаа. Бурханы энэхүү дуу хоолойг түрүүнд сонссон бид бүр илүү хичээнгүй тунхаглаад, олон хүнийг Сион руу хөтлөх хэрэгтэй.

“Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. Миний мах жинхэнэ хоол, Миний цус жинхэнэ ундаа мөн. Миний махыг идэж, цусыг уугч нь Миний дотор байж, Би ч түүний дотор оршин байна. Амьд Эцэг маань Намайг илгээсэн бөгөөд Би Эцэгээр амьдрахын адил Намайг идэгч нь мөн Надаар амьдарна.” Иох 6:53-57

Энэ бол Бурханы жинхэнэ амийн амлалт. Бурханы хонин сүрэг энэ үгийг заавал сонсоно.

Есүс Алгасал баяраар мах цусаа амласан (Мат 26:17-28, Лук 22:19-20). Үхэл рүү явж байсан сүнсийг амьдруулж, мөнх амьтай болгодог Алгасал баяр нь хүн төрөлхтний авралд туйлын хэрэгтэй жор юм. Сионы гэр бүлүүд бид Бурханы дуу хоолойг тодорхой хүргэж, бүх хүнийг аварцгаая. Бурханы дуу хоолойг сонсоогүй хүмүүст бүрээгээ тодорхой үлээн, сүнслэг нүд чихийг нь нээж, амь авхуулцгаая.

Одоо Бурханы дууг л сонсвол хүүхдүүд нь Вавилоноос бүгд гарах зөгнөлийн товлосон цаг үе нэгэнт болжээ. Зөгнөлд итгээд, зөгнөлийн бүрээгээ үлээцгээе. Чихтэй нэгэн нь Бурханы дууг тодорхой сонсоно. Сайн мэдээний бүрээн дуугаа чанга тод үлээн, Бурханы дуу хоолойг сонсгон, олон сүнсийг авралд хөтлөөд, Эцэг Эхийн яруу алдрыг дэлхийн хязгаар хүртэл гаргаарай.