“Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй.”
2000 жилийн өмнө Есүс энэ газарт ирээд 30 насандаа баптисм хүртэж, сайн мэдээ тунхаглаж эхлэхдээ анх хэлсэн үг энэ (Мат 4:17). Есүсийн энэхүү үгэнд хүн төрөлхтнийг гэмших сэтгэлээр тэнгэрийн хаанчлалд бэлтгээсэй гэх хүсэл шингэсэн байдаг. Бурханы улс ойрхон ирэх үед бүгд гэмших сэтгэлээр, зөв амьдарч байгаад тэнгэрийн хаанчлалд орохыг Есүс хүссэн учраас “Гэмшицгээ” гэсэн үгээр авралын үүдийг нээсэн билээ.
Өнгөрсөн жилээс энэ жил, өчигдрөөс өнөөдөр мөнхийн Бурханы хаанчлал бидэнд хоног хоногоор ойртсоор л байна. Дөхөн айсуй тэнгэрийн хаанчлалыг санаад, бид яавал Бурханы хүсдэг үнэн гэмшилд хүрч болохыг Библийн сургаалаар судалж мэдье.
Бидний сахиж тэмдэглэдэг Бүрээдэлтийн өдөр, Эвлэрүүлгийн өдөр, Майхан баяр зэрэг намрын баяруудад гэмшлийн утга санаа агуулсан байдаг. Майхан баярын хамгийн гол зүйл нь авралын зар хэдий ч үнэндээ Бурханы хүсдэг авралын зарыг тараая гэвэл тэр нь гэмшилд суурилах ёстой. Гэмшилд суурилаагүй авралын зар нь ямар ч утгагүй билээ.
Зөгнөлөөр харахад бид одоо Майхан баярын үед амьдарцгааж байна. Эхлээд өөрөө өөрийнхөө нүглийг сайн ухаарч, үүндээ бүрэн дүүрэн гэмших ёстой. Ийн гэмшсэн сэтгэлээр өөрөө төдийгүй бусад сүнсийг гэмшүүлэх нь энэ үед амьдарч байгаа бидний гүйцэлдүүлэх ёстой гэмшлийн хөдөлгөөн юм.
“Миний бамбай болсон Бурхан зөв шударга зүрхтнийг авардаг. Бурхан шударга шүүгч бөгөөд өдөр бүр хилэгнэдэг Бурхан. Хэрвээ хүн гэмшихгүй бол Тэрээр илдээ ирлэх болно. Тэрээр нумаа хөвчлөөд, бэлэн болгожээ.” Дуу 7:10-12
Бурхан хэдий дөлгөөн, зөв шударга, сайн ч гэлээ гэмшихгүй хүмүүст зориулан илдээ ирлэж, нумаа хөвчлөөд, бэлэн болгосон гэж айлдсан байна. Гэмшихгүй сүнс энэ мэт сүйрэлд өртөх учраас Бурхан хүн төрөлхтнөөс гэмшихийг шаарддаг. “Гэмшээрэй” гэсэн үгэнд нь “Тэнгэрийн хаанчлалд орох нөхцөлийг хангалттай бий болгоорой” гэсэн утга агуулагдсан байдаг.
““Тиймээс Израилийн гэр ээ, Би та нарыг хүн бүрийнх нь замналын дагуу шүүнэ” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Хилэнц чинь та нарт бүдрэх чулуу болчихгүйн тулд бүх гэмт үйлдлээсээ эргэ, эргэгтүн. Үйлдсэн хамаг гэмт үйлдэлээ өөрөөсөө зайлуулж, шинэ зүрх, шинэ сүнстэй бол. Израилийн гэр ээ, яагаад чи үхэх ёстой билээ? Учир нь Би үхэгсдийн хэнийх нь ч үхэлд баярладаггүй” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Тиймээс эргэ, эргэвэл амьд үлдэнэ.”” Езе 18:30-32
Энэ ишлэлд гэмшиж чадалгүй үхэж байгаа сүнснүүдэд харамссан Бурханы сэтгэл илэрхий гарч байна. Шинэ гэрээнд ч гэмшиж чадахгүй хүн бүгд сүйрэх болно хэмээн Тэрээр тодорхой айлдсан байдаг.
“Тэр үед хэдэн хүн ирж, Пилат галилчуудын цусыг тахилуудтай нь хольсныг Түүнд өгүүлжээ. Есүс тэднээс —Тэд бусад бүх галилчуудаас илүү нүгэлтнүүд байсан тул тийнхүү зовсон гэж та нар бодно уу? гээд, Үгүй, Би та нарт хэлье. Үл гэмших аваас бүгд л үүний адил мөхнө. Эсвэл Силоамын цамхаг унахад үхсэн тэдгээр арван найм нь Иерусалимд амьдардаг бүх хүнээс илүү өртнүүд байсан гэж та нар бодно уу? Үгүй, Би та нарт хэлье. Үл гэмших аваас бүгд л үүний адил мөхнө гэв.” Лук 13:1-5
“Гэмшицгээ” гэсэн үгээр авралын зарыг эхлүүлсэн Есүс ийнхүү гэмшихийг дахин дахин сануулсан нь үл гэмших амьдралд сүйрэл, үхэл, тамын шийтгэл хүлээж байдаг учраас тэр аж.
Одоо бид Сионд ороод ирчихсэн, Бурханы ивээл дотор байгаа. Тэглээ гээд энэ нь яаж ч байсан аврагдчихна гэсэн үг биш. Мөнхийн Бурханы хаанчлал өөд явахын тулд бэлтгэл хэрэгтэй. Бурхан биднээс гэмшээд буцан ирэх итгэлийг л хүсдэг болохоор өөрийгөө үнэхээр Бурханы сургаалын дагуу явж байна уу гэдгээ цаг ямагт Бурханы үгээр шалган эргэцүүлж, гэмшлийн амьдрал туулах учиртай юм.
Хүн төрөлхтөн бид угтаа тэнгэрийн оронд нүгэл үйлдээд, энэ газар руу хөөгдөж ирсэн тэнгэр элч нар. Уг үндэс маань нүгэлтэн юм чинь тэнгэрийн хаанчлал руу буцъя гэвэл гэмшлээс эхлэх хэрэгтэй. Есүсийн энэ газарт ирсэн учир шалтгаан ч мөн нүгэлтнүүдийг дуудаж гэмшүүлэхийн төлөө байв.
“Есүс тэдэнд —Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. Би зөвтийг бус, харин нүгэлтнүүдийг гэмшилд дуудахаар ирсэн юм гэв.” Лук 5:31-32
Энд дурдсан нүгэлтнүүд нь тэнгэр элчийн ертөнцөд нүгэл үйлдсэн сүнснүүдийг илэрхийлж байна. Нүгэлтэн болсон хүн төрөлхтөнд тэнгэрт үйлдсэн нүгэл ч бий, энэ газарт буун ирээд Бурханы өмнө үйлдсэн мэдсэн, мэдээгүй элдэв бусын гэм нүгэл ч бий. Тиймдээ ч хүмүүс нүгэлтний энэхүү хорвоод сэтгэл зүрх нь дасаж, нүглийг нүглээр нь мэдэрч чадахгүй чигтээ амьдарсаар л.
Гэмшихгүй бол тэнгэрийн хаанчлал ч орж чадахгүй, аврал ч авч чадахгүй. Тэнгэрт нүгэл үйлдэн, улмаар үүнээсээ болж хөөгдөж ирсэн сүнсний нүгэлтнүүд гэмшихгүйгээр тэнгэрийн хаанчлал руу буцаж явна гэдэг байж боломгүй хэрэг биш үү? Тиймээс л “Гэмшицгээ” хэмээсэн. Бурхан нүгэлтэн болсон хүүхдүүдийнхээ гэмшиж, эргэн ирэхийг чин сэтгэлээсээ хүлээсээр байна.
“—Зуун хоньтой байтал нэг нь алдагдахад ерэн есөн хонио бэлчээрт орхин, алдагдсан нэгийг нь олтлоо араас нь явахгүй хүн та нарт байна уу? Тэгээд хонио олбол тэр баяртайгаар мөрөндөө тэгнэн, гэртээ ирж, анд нөхдөө болон хөршүүдээ хамтад нь дуудан цуглуулаад, тэдэнд “Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!” гэнэ. Би та нарт хэлье. Мөн үүний адил, гэмших шаардлагагүй ерэн есөн зөвтөөс илүүгээр гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно.” Лук 15:4-7
Тэнгэр дэх ерэн есөн зөвт хичнээн их яруу алдар Бурханд өргөж, баяр баясгалан нь болдгийг бид төсөөлж ч чадахгүй билээ. Тэгтэл Бурхан тэдэнд баярлахаас илүүтэй нэг нүгэлтэн гэмшихэд илүү их баяр хөөр болно гэж мэдүүлжээ.
Нэг нүгэлтэн гэмшинэ гэдэг тийм амар хэрэг биш гэдгийг эндээс бид мэдэж болно. Хүүхэд төрсний дараа аав ээж нь хүүхдээ зөнд нь орхивол өөрөө бүрэн төгс бие хүн болж өсөж чадахгүй. Хооллож, хайрлаж, зөв бурууг нь ойлгуулж, муу зүйлээс хол байлган, аливаа зөвт, сайн зүйл хийхийг зааж сургах хэрэгтэй байдаг. Үүн шиг нэг сүнсийг гэмшүүлэхэд ч энэ мэт хөдөлмөр зүтгэл шаардагддаг.
Итгэлийн амьдралаа эхэлж буй хүн бол бүрэн гэмшсэн хүн биш, харин гэмшиж эхлэх шатандаа явж байгаа хүн юм. Хүнд баптисм хүртээснээр авралын зарын ажил дуусдаг юм биш. Тэр сүнс чин сэтгэлээсээ Бурханы өмнө нүглээ улайн гэмшээд мөнхийн тэнгэрийн яруу алдарт орох хүртэл нь зааж сурган, дэмжиж туслах ёстой юм бидэнд их бий. Бурханы үгийг үнэн зөв ойлгуулж, Сатан ба Бурханы юмсыг ялгаж салгах чадварыг ч өсгөж өгөх нь зүйтэй. Ийм явцаар тухайн хүн гэм нүглээ ухаарч, мөн бусад сүнсийг гэмшүүлэхэд хичээж, жинхэнэ гэмшлийн замд орох юм.
Нэг сүнс ийн гэмших хүртэл бидний зүрх сэтгэл зовж шаналахаас өөр аргагүй аж. Ийм явцаар л өмнө нь бид гөжүүд зөрүүд зан, гэмшдэггүй сэтгэлээр тэнгэр Эцэг Эхийнхээ сэтгэлийг хичнээн их өвтгөн шаналгаж байснаа дахин ухаарч, гүнээ гэмшинэ.
Өөрөө гүн гэмшиж байж л бусад хүнийг ч мөн гэмштэл нь хөтөлдөг болохоос өөрөө гэмшээгүй хүн бусдыг хэрхэвч гэмшүүлж чадахгүй. Тиймээс л “Тэгэхээр та нар тэднийг үр жимсээр нь танина” гэсэн юм (Мат 7:20). Бурхан биднийг хэр их гэмшсэнийг үр жимсээр маань таньж байдаг.
Өнгөрсөн хугацаанд автаж байсан ертөнцлөг хог үлдэгдлээ бүгдийг нь хаяж, зөвхөн Бурханы үгэнд нийцсэн тэнгэрийн хүн болж амьдаръя гэвэл юу юунаас илүүтэй гэмших хэрэгтэй. Авралын зар бол Бурханыг гэсэн хайраа үйлсээрээ илэрхийлэх арга хэлбэр төдийгүй гагцхүү чин сэтгэлээсээ гэмшсэн хүний л хийж чадах ажил юм.
“Ах дүү нар аа, бид та нар дээр дэмий очоогүйг та нар өөрсдөө мэднэ. Харин та нарын мэдсэнчлэн бид урьд нь Филиппойд зовж, жанчигдсан ч маш их эсэргүүцэл дунд Бурханы сайнмэдээг та нарт ярих зориг Бурхан дотор бидэнд байсан юм. Учир нь бидний ятгалга нь заль мэх, бузар, төөрөгдөл дор байгаагүй. Харин сайнмэдээ бидэнд даалгагдахаар Бурханаар батлагдсанчлан, бид хүмүүст бус, харин зүрхийг маань шалгагч Бурханд таалагдахаар ярьдаг юм.” 1Тес 2:1-4
Сайн мэдээ тараах ажлыг хэнд ч хамаагүй даалгасан биш. Бурхан зөвт гэж баталсан хүмүүстээ л даалгасан юм. Авралын зар гэдэг нь үнэнээр гэмшсэн хүн гэдгээ харуулж байгаа үйлдэл болно. Тухайн явцад төрөх зовлонтой харьцуулахаар тийм хүнд бэрхшээл дагадаг ч тэрхүү зовлонг ялан, өөрийгөө биш бусдыг гэмшүүлнэ гэсэн найдвар бий болох үед л бид Бурханы өмнө чин сэтгэлээсээ гэмшсэн хүн гэж хүлээн зөвшөөрөгдөнө.
Ингэж гэмших боломж өгөөд байхад тэр боломжоо алддаг харамсалтай хүн ч бий. Хуучин гэрээний түүхэнд Есав ууган хүү байх эрхээ дүүдээ зарчихаад, үнэ цэнийг нь хожимдон ухаарч, дахиад ерөөл хүссэн боловч авч чадаагүй. Учир нь тэр нулимстайгаар ерөөл хайсан хэдий ч гэмшлийн төлөөх зай эс олсныг та нар мэднэ (Эхл 25-27-р бүлэг, Евр 12:16-17 үзэх).
Бурхан бидэнд өгсөн гэмших боломжит цагийг алдаж болохгүй. Тэнгэрийн доорх бүх зүйлд тогтоогдсон цаг, бүх явдалд хугацаа буй хэмээн сургасанчлан ажиллаж чадах цаг болон ажиллаж чадахгүй цаг гэж байна. Ажиллаж чадахгүй цагт мянга түмэн удаа ухаарсан гэж хэлээд ч ажиллах нөхцөл боломж өгөгдөхгүй юм.
Бүх зүйл энэ мөчид л хамгийн чухал байдаг. Бид нэгэнт өнгөрсөн цаг хугацааг буцааж чадахгүй ч ирээдүйн цагийг бол яаж л бол яаж хүссэнээрээ зохицуулж болно. Өнгөрсөн үеийн бүх алдаа дутагдал, гэм нүглээ угаах боломж бидэнд өгөгдсөн. Эцэг ирэх тэр мөч хүртэл боломж бий. Тиймээс одоо л хийх хэрэгтэй. “Яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно” гэж айлдсанчлан маргаашнаас гэж байгаад дахин боломж олдохгүйд хүрвэл хичнээн харамсалтай хэрэг билээ?
“Би, Бурханы болон амьд ба үхэгсдийг үзэгдэлт ба хаанчлалдаа шүүх Христ Есүсийн өмнө чамд чухалчлан захья. Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай. Уужим сэтгэлээр, сургаалаар сэнхрүүл зэмлэ, урамшуул. Цаг нь ирэхэд хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүслийнхээ дагуу, чихийг нь гижигдсэн багш нарыг өөрсдөдөө цуглуулах бөгөөд чих нь үнэнээс эргэж, үлгэр домгуудад хандах болно. Харин чи бүгдэд саруул ухаантай бай, хэцүүг тэвч, сайнмэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцэтгэ.” 2Тим 4:1-5
Цагаа олсон ч, олоогүй ч үргэлж үгийг тунхагла гэсэн сургаал нь цагаа олсон ч, олоогүй ч үргэлж гэмшихэд цаг гарга гэсэн утгатай. Зөвхөн чин сэтгэлээсээ гэмшсэн хүмүүс л Бурханы өмнө зөвт хүнд тооцогдох бөгөөд зөвт гэж баталсан хүндээ л Бурхан сайн мэдээгээ даалгадаг.
Тэнгэрийн нүгэлтэн бид гэмшихээс өөр хийж чадах ажил гэж үгүй. Өөрөө л гэмшээд дуусах биш өрөөлийг гэмшүүлэн Бурхан руу хөтөлж, ертөнцийг цэвэр болгох үйлс нь бидний хийж байгаа сайн мэдээний ажил билээ.
Одоо мөнхийн тэнгэрийн хаанчлал улам ойрхон ирсэн байна. Тэнгэрийн орон явах өдөр ойртсоор байхад хэн ч гэмшихгүй байвал чухамхүү хэн тэнгэрийн хаанчлалд орж чадах билээ дээ.
Тэнгэрийн хаанчлалд найдагч хүнд гэмшил зайлшгүй хэрэгтэй. Гагцхүү гэмшдэг хүн л тэнгэрийн хаанчлалд орж чадна.
Талантын тухай сургаалт зүйрлэлд ч бас таван талант, хоёр талант нэмж олсон боолууддаа “Эзнийхээ баяр баясгаланд ор” хэмээн Есүс айлддаг. Талант олсон гэдэг нь тэр хэрээр нүгэлтнүүдийг гэмшүүлсэн гэсэн утгатай аж. Үр хүүхдээ өсгөхдөө эцэг эхчүүд элдэв янзын асуудалд сэтгэл нь зовдог шиг нэг сүнсийг гэмшүүлье гэвэл санаа зовоох асуудал бишгүй их бий. Тэгтлээ хичээж олсон үр жимс болохоор Бурхан таван талант нэмж олсон боолд, мөн хоёр талант нэмж олсон боолд хэр чинээнд нь тааруулан ерөөл өгдөг.
Нэг талантаа газар ухаж нуусан боол бол ийм хүчир ажилд дургүй хүн юм. Дахин хэлэхэд гэмших дургүй гэсэн утгатай болохоор Есүс тэр хүнийг харанхуйд хөөж гарга гэсэн аж. Бусад нь гэмшсэн учраас өөр гэмшлийн талантыг нэмж олсон бол нэг талантаа нуусан боолд гэмших хүсэл байгаагүй хэрэг. Тийм учраас түүнийг хөөж гарган, талантыг нь авч, арван таланттай хүнд нэмж өг хэмээсэн билээ (Мат 25:14-30).
Өдөр өдрийг үр жимсгүй өнгөрөөлгүй, өнөөдөр “гэмшил” гэсэн үгийг урдаа тавиад Бурханы өмнө үнэн сэтгэлийн залбирал өчөөд үзье. Үнэхээр би юунд гэмших ёстой вэ, мөн биднийг гэмшүүлэхийн төлөө хүнд махан биен асрыг өмсөн энэ орчлонд ирсэн тэнгэр Эцэг, тэнгэр Эх маань дэлхий дахины Сионы тэр олон гэр бүлийг гэмшүүлж, сүнс нэг бүрийг асран тойлох гэж хичнээн их шаналаа бол? Эцэг Ан Сан Хун Бурхантай одоо энэ цаг мөчид уулзлаа гэхэд чухамхүү ичих зүйлгүйгээр, Бурханы өмнө шижир алт мэт цэвэрхэн төрхөөр зогсож чадах болов уу гээд өөрөө өөрсдийнхөө талаар дахин нэг нухацтай гэгч нь эргэцүүлэн бодож, анхаарахад цаг гаргацгаая.
“Гэмшээрэй” гэсэн энэ үгийг зүрхэндээ сийлж, жинхэнэ гэмшсэн зүрх сэтгэлтэйгээр Бурханы өмнө зогсоцгооё. Дэлхийн Сионы гэр бүл бүгдээрээ гэмших учиртай. Бид бүрэн төгс гэмшвэл ганцхан өдөрт л хүмүүс хэдэн арван мянгаараа эргэж ирнэ. Үр жимс бол гэмшлийн үр дүн. “Гэмшилд зохистой үр жимсийг гарга” гэсэнчлэн зүй ёсоор нь гэмшиж байж л зохистой үр жимс боловсорно.
Гэмших сэтгэлээр сүнс нэг бүрийг аврахын төлөө хичээхэд л жинхэнэ бөгөөд ариун газрын цэвэр материал цугларч, тэнгэрийн ариун газар байгуулагдах юм. Мосегийн үеийн түүхэнд гарсанчлан ариун газрын материал бүгд цугларсны дараа хичнээн их материал авчраад ч хэрэг болоогүй. Гэмших боломжит цаг хугацаанд нэг сүнсийг ч болов нэмж аваръя гэсэн чин сэтгэлээр эхлээд өөрөө гэмшээд, дараа нь өрөөлийг гэмшүүлэх Бурханы авралын зарын хөдөлгөөнд бүгд нэгдэн оролцоцгооё. Хичээнгүйлэн гэмшиж, авралын зар идэвхтэй тараадаг ивээлтэй сайхан амьдралаар амьдраасай гэж хүсье.