Бурханы сүмийн талаарх хэвлэлийн мэдээ, сүмийн танилцуулгын кино зэргийг үзсэнийхээ дараа “Эх Бурханы тухай асуух хүн олон болоод байна, мөн Бурханы сүмийг мэддэггүй байсан, манай сүмийг буруу ойлгож байсан хүмүүс үнэн рүү ирж байна” гэсэн мэдээ сүүлийн үед дэлхийн өнцөг булан бүрээс сонсогдсоор байна.
Эх Бурханы тухай тунхаглахыг хүссэн нэг гэр бүл танилтайгаа уулзаад “Та тэнгэрийн хаанчлал явахыг хүсдэг үү?” гэж асуужээ. Тэгтэл танил нь “Тэгэлгүй яахав, би хүсдэг” гэж. Тэгэхээр нь манай итгэгч түүнээс дахиад “Тийм бол та зөвхөн Эцэг л байдаг тэнгэрийн хаанчлал руу явмаар байна уу?, Эцэг Эх хоёулаа байдаг тэнгэрийн хаанчлал руу явмаар байна уу?” гэж дахин асуусан байгаа юм. Тэгтэл танил нь “Эцэг Эх хоёулаа байдаг тэнгэрийн хаанчлал руу явж чаддаг бол сайхан сан” гэж хариулсан гэдэг.
Та бүхний тухайд ямар вэ? Аль тэнгэрийн хаанчлалд нь амьдармаар байна даа? Зөвхөн Эцэг л байдаг тэнгэрийн хаанчлалд уу, аль эсвэл Эцэг Эх хоёулаа байдаг тэнгэрийн хаанчлалд уу? Миний хувьд бол Эцэг Бурхан, Эх Бурхантайгаа хамт, тэнгэрийн гэр бүлүүд халуун ам бүлээрээ амьдрах тэнгэрийн хаанчлал руу явахыг нь хавьгүй илүүд үзэж байна.
Гэр бүл гэгчийн талаар бодож үзье л дээ. Гэр бүлд аав ээж байдаг. Түүн шиг тэнгэрт Эцэг Бурхан ба Эх Бурхан бий. Бурхан үүнийг бидэнд мэдүүлсэн шүү дээ.
“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17
Энд Сүнс гэдэг нь Ариун Гуравын сэнтий нэгээр авч үзвэл Ариун Эцэг Бурхан, Ариун Хүү Бурхантай адилхан Бурхан юм. Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс нь бүгд эрэгтэй Бурханы талаарх илэрхийлэл. Эрэгтэй дүр төрхийн Бурхан болох Сүнс, Түүний эхнэр Сүйт бүсгүй хүн төрөлхтөнд хандаад “Ирээрэй” хэмээн айлдаж байна.
Эцэг Бурханы маань Сүйт бүсгүй гэхээр хэн билээ? Ганцхан энэ ишлэлээр л гэхэд бидний очих ёстой мөнхийн тэнгэрийн хаанчлалд Эцэг Бурхан төдийгүй Эх Бурхан байгааг бид харж болохоор байна. Энэ дүр зураг бол үнэн хийгээд зөв шударга Бурханы маань бидэнд биечлэн харуулсан илчлэлт.
“Удахгүй болох ёстой юмсыг боолууддаа үзүүлэхийн тулд Бурханаас Түүнд өгсөн, Есүс Христийн илчлэл. Тэнгэрэлчээ Тэрээр илгээж, боол Иохандаа үүнийг мэдүүлсэнд тэрбээр Бурханы үг болон Есүс Христийн гэрчлэлийг мөн үзсэн бүхнээ гэрчилсэн болой.” Илч 1:1-2
Илчлэл ном нь Иохан элч Есүс Христийн илчлэлтийг харж, сонссоноо бичсэн Библийн нэг ном. Удахгүй болох ёстойг бидэнд үзүүлэхийн тулд Бурханы түүнд өгсөн илчлэлтэд Эцэг Бурхан болох Сүнс, Эх Бурхан болох Түүний Сүйт бүсгүй хамтдаа “Ирээрэй! Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг” гэж айлдаж байна.
Бурханд итгэдэг гэдэг өнөөгийн ихэнх сүм хүнийг бүтээсэн цорын ганц Бурхан бий гэж заадаг. Харин Библид Эцэг Бурхан ба Эх Бурхан хамт оршдог гэж тодорхой гэгч нь тайлбарласан байгаа.
Библид нэгдүгээр бүлгээсээ эхлээд л Эцэг Бурхан ба Эх Бурхан байдгийг гэрчилдэг. Энэ талаар Эхлэл 1-р бүлгээс шалгаж үзэцгээе.
“Тэгээд Бурхан —Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. Тэгээд тэднээр далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхдөг мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлдав. Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ.” Эхл 1:26-27
Бурхан хүнийг бүтээхдээ “Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё” гэж айлдсан. “Би хүнийг буй болгоё” гэлгүй, “Бид хүнийг буй болгоё” гэсэн байна. Үүгээр бид хүнийг ганц Бурхан бүтээгээгүй юм байна гэдгийг баталж болохоор байна.
Зарим хүмүүс хүнийг бүтээсэн цорын ганц Бурхан байдаг ч Бурхан “Бид хүнийг буй болгоё” гэж айлдсан шалтгаан нь хажууд нь тэнгэр элч нар Бурханд туслаад байж байсан болохоор тэр гэж зүтгэдэг. Хэрэв тэдний логик үнэн байсан бол тэнгэр элч нар хүнийг бүтээсэн бүтээгчид гэсэн дүгнэлт гарч ирэх нь. Гэтэл Бурханаас өөр хэн ч бүтээгч байж чадахгүй шүү дээ.
Бурхан “Бид хүнийг буй болгоё” гээд Бурханы дүр төрхөөр хүнийг бүтээтэл эрэгтэй, эмэгтэй хүн буй болсон. Энэ нь Бурхан ганц биш, эрэгтэй дүр төрхийн Бурхан ба эмэгтэй дүр төрхийн Бурхан гээд хүнийг бүтээж буй болгосон хоёр Бурхан байдгийг харуулж байна. Эрэгтэй дүр төрхийн Бурханыг хүмүүс өнөөг хүртэл “Эцэг” гэж дуудсаар ирсэн. Тэгэхээр бид эмэгтэй дүр төрхийн Бурханыг хэн гэж дуудах ёстой вэ? Мэдээж бид Түүнийг “Эх” гэж дуудах ёстой.
“Бурхан” гэдэг үгийг Библид ганц тоогоор тодорхойлсон болохоор хүмүүс Бурхан цор ганц гэж боддог байж мэднэ. Харин еврей эх хэлний Библид Бурханыг бараг 2500 гаруй удаа “Елохим” гэж олон тооны нэр үгээр тодорхойлсон байдаг. Еврей хэлэнд “Елоах” эсвэл “Ел” гэсэн ганц тооны нэр үг байдаг. Елоах гэдэг ганц тооны нэр томьёон дээр “-им” гэсэн нөхцөл залгахад “Бурхад” гэсэн утгатай “Елохим” гэдэг олон тооны нэр үг үүсдэг. Эхлэл 1:1-д “Эхэнд Бурхан тэнгэр, газрыг бүтээжээ” гэсэн байдаг. Энэ ишлэлийг мөн еврей хэлээр “Эхэнд Елохим (Бурхад) тэнгэр, газрыг бүтээжээ” гэж тэмдэглэсэн байдаг. Тэнгэр газрыг бүтээж, хүнийг бүтээсэн нь ганц Бурхан биш, харин “Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё” гэж айлдсан Елохим буюу Эцэг Бурхан ба Эх Бурхан юм.
Тэгтэл Бурхан яагаад цорын ганц Бурхан болох Эцэг гэдгээрээ тийм удаан хугацаанд хүмүүст мэдэгдэж байсан юм бол? Учир нь эцэг хүн ар гэрээ төлөөлдөг шүү дээ. Дээр үед солонгос айл үүдэн дээрээ нэрийн пайз тавьдаг байсан. Айл бүрийн нэрийн пайзан дээр зөвхөн тухайн айлын аавынх нь нэрийг бичдэг байв. Харин нэрийн пайзан дээр эцгийнх нь нэр бичсэн байлаа гээд тэр айлд эцэг гэж ганц хүн л амьдардаг гэсэн үг биш юм. Ээж нь ч, хүүхдүүд нь ч мөн тэнд амьдардаг шүү дээ. Эцэг нь өрх гэрийн тэргүүн учраас нэр нь тухайн гэр бүлээ төлөөлж нэрийн пайзан дээр байгаа хэрэг.
Уламжлалт Солонгосын нийгэмд байсантай адил эртний Израильд эрэгтэйчүүдийн эрхийг дээдэлж, эцгийн эрхт ёсны үзэл санаанаас болж эмэгтэйчүүдийг эрчүүдэд захирагддаг гэж үздэг байв. Энэхүү хэвшмэл ойлголтын улмаас хүмүүс Библийг хичээнгүйлэн уншсан ч Эх Бурханыг Эцэг Бурхантай хамт ажиллаж байгааг ойлгохгүй удсан хэрэг. Эх Бурханы оршихуй тухайн тэр үед илчлэгдээгүй байсан юм. Учир нь Түүний гарч ирэх цаг нь хараахан болоогүй байсан юм. Библид Эх Бурханы оршихуйг огтхон ч үгүйсгээгүй.
Библид Эцэг Бурханы цаана нуугдаж байсан Эх Бурханы оршихуй хүн төрөлхтөнд тодорхой илчлэгдэх цаг үеийн тухай зөгнөсөн байдаг. Зургаан өдрийн бүтээлийн хамгийн сүүлийн өдөр эмэгтэй хүн бүтээгдсэн шиг Эх Бурхан сүүлчийн үед илчлэгдэх ёстой юм. Энэ талаар Библид “Хурганы хурим болж, сүйт бүсгүй нь өөрийгөө бэлдэв” гэсэн байдаг (Илч 19:7). Эх Бурханыг ухаарах юм бол Бурхан яагаад цаг үе, нөхцөл байдлыг эмэгтэйчүүдэд таатай болгосон талаар Бурханы хүслийг тодорхой хэмжээгээр ойлгох боломжтой. Өмнө нь эмэгтэйчүүд дарлагдаж, эрчүүдийн ард нуугдаж ирсэн бол одоо эрх мэдэл, нөлөөллийн байр сууринд хүрэх болсон шүү дээ.
Библид Елохим Бурханы талаар өөр талаас ийн айлдсан байдаг.
“Тиймд ийнхүү залбир. “Тэнгэр дэх, бидний Аав аа, …” Мат 6:9-10
Энэ ишлэл бол Есүс шавь нартаа Эзэний залбирал зааж өгч байгаа дүр зураг. Үүгээрээ Есүс тэнгэрт буюу тэнгэрийн хаанчлалд бидний Эцэг байгааг харуулсан. Харин тэнгэрт бидний Эцэг төдийгүй бидний Эх байгааг Библи мэдүүлдэг.
“Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.” Гал 4:26
Энд “дээр” гэдэг нь тэнгэрийн хаанчлалыг хэлж байна. Дээр оршигч Иерусалим нь бидний эх гэж Библид бичиж шүү дээ. Энд гарч байгаа “эх” гэдэг нь бидний биеийг төрүүлсэн махан биеийн эхийг биш, харин бидний сүнсийг төрүүлсэн сүнсний Эхийг хэлж байгаа юм. Тэр бол Елохим Бурханыг тэнгэр газар болон түмэн бодисыг бүтээх үед “Бид Өөрсдийнхөө дүр төрхийн дагуу хүнийг буй болгоё” гээд Өөрийнхөө дүр төрхөөр эмэгтэй хүн бүтээсэн Эх Бурхан юм.
“Учир нь “Хүүхэд тээгээгүй, хүүсэр чи баярлагтун. Төрөх зовлонг туулаагүй чи бахдан дуулж, хашхир. Учир нь ганц бие эмэгтэйн хүүхдүүд нөхөртэй нэгнийхээс илүү олон болно” гэж бичигдсэн байдаг. Ах дүү нар аа, та нар Исаакийн адил амлалтын хүүхдүүд билээ. … Тиймээс ах дүү нар аа, бид зарц бүсгүйнх биш, харин эрх чөлөөт эмэгтэйн хүүхдүүд билээ.” Гал 4:27-31
Библид биднийг эрх чөлөөт эмэгтэйн хүүхдүүд гэжээ. Өөрийг нь төрүүлсэн эмэгтэйг хүүхдүүд нь хэн гэдэг билээ? Мэдээж ээж гэдэг шүү дээ. Матай номд тэнгэрт байгаа бидний Эцэгийн оршихуйг гэрчилж, Галат номд дээр оршигч Иерусалим болох бидний Эхийн оршихуйг тов тод гэрчилж байна.
Газрын тогтолцоо нь тэнгэрлэг юмсын хуулбар ба сүүдэр гэсэн (Евр 8:5). Ямар нэг бодит юм байхгүйгээр сүүдэр байх боломжгүй. Хэрэв энэ газар дээр байгаа гэр бүлийн тогтолцоо нь хуулбар ба сүүдэр юм бол тэнгэрт бодит нь байж л таараа.
Тэнгэрийн гэр бүлд ч мөн бидний Эцэг ба бидний Эх бий. Бурхан биднийг “Миний хөвгүүд, охид” гэж дууддаг.
“Тиймээс… Эзэн айлддаг. … Би та нарыг хүлээн авч, Би та нарын Эцэг болж та нар Миний хөвгүүд, охид болно» гэж Төгс хүчит Эзэн айлддаг” гэжээ.” 2Кор 6:17-18
Библид биднийг Бурханы хөвгүүд охид болно гэжээ. Эцэг, хөвгүүд, охид, ээж гээд бүгд нэгэн ам бүлийнхэн.
Энэ газрын гэр бүл аав, ээж, хөвгүүд охидоос бүрддэг шиг тэнгэрийн гэр бүл Эцэг, Эх, хөвгүүд охидоос бүрдэх юм. Нэгэн ам бүлийнхэн хамт амьдардаг гэр бол хайрын, аз жаргалын орон зай. Тэнгэрийн хаанчлал нь туйлын хайр, аз жаргал байдаг мөнхийн амралтын газар биш гэж үү? Тэнгэрийн оронд Эцэг Бурхан, Эх Бурхан, мөн хайртай хөвгүүд охид нь байгаа. Үүнийг л хязгааргүй баяр хөөр, баясал, аз жаргалын ертөнц гэж хэлж болох байх.
Хүүхдүүд гэртээ орж ирээд эхлээд ээжийгээ л хайж үгүйлдэг. Өсөж том болж, хүнтэй суусан хойноо ч хүртэл аав ээжийнхээ байгаа төрсөн нутаг руугаа л явах гэдэг. Ялангуяа уламжлалт баяр ёслолоор хичнээн хол байсан ч төрсөн гэрээ л зорьдог. Нутагт нь ээж нь байхгүй, зөвхөн аав нь байвал магадгүй сэтгэл нь эзгүйрэх байх. Энэ бол Елохим Бурханы хүнийг бүтээхдээ зүрх сэтгэлд нь суулгасан хүмүүний төрөлх зөн.
Тэнгэрийн хаанчлал бол тэнгэр Эцэг, тэнгэр Эх, ах эгч дүү нар маань байдаг бидний сүнсний эх нутаг. Хэрвээ мөнхийн тэнгэрийн хаанчлалд зөвхөн Эцэг л байвал хичнээн их уйтай байх бол оо? Тийм байдал мөнхөд үргэлжилбэл хичнээн их зөрчилдөх бол? Үүнийг жаахан хүүхэд ч амархан ойлгож чадна. Тэгтэл өөрсдийгөө Библийн талаар мундаг мэдлэгтэй гэж зүтгэдэг өнөөгийн шашны удирдагчид цорын ганц Эцэг Бурхан бий гэж зүтгэж байгаагаараа асар том алдаа гаргаж байгаа хэрэг. Тиймээс л Есүс “Тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн, харин тэдэнд өгөгдөөгүй”, “Та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь ерөөлтэй еэ!” гэж хэлсэн юм (Мат 13:10-16).
Эцэг Бурхан төдийгүй Эх Бурхан байдаг нь эргэлзээгүй. Үүнийг Бурхан Эхлэл номд ч тунхагласан. Мөн Илчлэл номны хамгийн сүүлд Бурхан Сүнс болон Сүйт бүсгүй болон гарч ирээд хүн төрөлхтнийг аврал руу ир гэж дуудаж байгаа. Ихэнх хүмүүс үүнийг хүлээж авахгүй, цорын ганц Эцэг Бурхан байгаа гэж зүтгэдэг. Харин бид зөвхөн Библид байгааг л сурч, Библийн бидэнд заадаг Эх Бурханд л итгэж, хүлээн авдаг.
Ариун тэнгэр Эхийг маань Библид “Дээр оршигч Иерусалим” гэсэн. Иерусалим болон Түүний хүүхдүүдийн хоорондын холбоо хамаарлын талаар магтан дуулсан Исаиа эш үзүүлэгчийн номыг харцгаая.
““Иерусалимыг хайрлагчид бүгд түүнтэй баясан цэнгэгтүн. Түүний төлөө гашуудагсад бүгд түүнтэй хамт хөөрөн баясах нь түүний тайвшруулагч мээмнээс хөхөж цадахын тулд, хөхөж элбэг хангалуун алдарт нь баярлахын тулд юм.” Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, би түүнд амар тайвныг гол мэт, үндэстнүүдийн алдрыг үерийн урсгал мэт болгоно. Та нарыг гар дээр өргөн өвдөг дээр энхрийлнэ. Эх нь хүнийг тайвшруулах адил би та нарыг тайвшруулж, та нар Иерусалимд тайвшрах болно.” Үүнийг үзээд зүрх тань баясаж, яс тань ургамал ногоо мэт сэргэнэ. ЭЗЭНий мутар боолууддаа мэдэгдэнэ. Харин дайснуудаа тэр зэвүүцнэ.” Иса 66:10-14
Ээж хүний хувьд хамгийн жаргалтай агшин нь хүүхдүүдтэйгээ хамт байх агшин юм. Хүүхдүүдийн хувьд ч ялгаагүй. Тэдний хувьд хамгийн жаргалтай мөч бол өлсөх үедээ мээмээ хөхөж цадан, ээжийнхээ гар дээр өргүүлж, өвдөг дээр энхрийлүүлэх мөч юм. Исаиа эш үзүүлэгч яг л тэрхүү үзэгдлийг дүрсэлснээрээ Эх Бурхан ба хүүхдүүдийнх нь холбоо хамаарлыг тайлбарлажээ.
Иерусалим тэнгэр Эхээ хайрладаг хүүхдүүдийн хувиар бид Эхтэйгээ баясан цэнгэх ёстой. Иерусалимын угтан авах сүр жавхлант ирээдүйн талаар Исаиа 60-р бүлэгт ийн зөгнөжээ.
“Бос, гэрэлт. Учир нь гэрэл чинь ирж, ЭЗЭНий алдар чиний дээр мандаж байна. Үзэгтүн, газрыг харанхуй, хүмүүсийг гүн харанхуй бүрхэнэ. Гэвч ЭЗЭН чиний дээр мандаж, алдар нь чиний дээр үзэгдэнэ. Үндэстнүүд гэрэл уруу чинь, хаад мандах туяа уруу чинь ирнэ. Хараагаа өргөн эргэн тойрноо харагтун. Тэд бүгд цуглан чам дээр ирж байна. Хөвгүүд чинь алс холоос ирнэ. Хажууд нь охид чинь тэврүүлэн ирнэ.” Иса 60:1-4
Харанхуйг ялах цорын ганц арга бол гэрэл гэрэлтүүлэх. Бид бүх ертөнцөд жинхэнэ гэрэл (Иох 1:9) болох Эцэг Бурхан ба Эх Бурханы гэрлийг гэрэлтүүлэх үед харанхуй замхран одож, тэнгэрийн гэр бүл бүгд хамтдаа Иерусалим Эхийн энгэрт цуглан, Эхтэйгээ хамт баясан цэнгэх юм.
Бид Иерусалимын яруу алдрыг гэрэлтүүлэхэд Түүний хөвгүүд, охид нь алсаас ирж, хаад Түүний гэрэл рүү ирнэ гэж Библид зөгнөсөн. Энэ зөгнөл одоо бодитоор биелж байна. Эцэг Бурхан ба Эх Бурхан Сүнс болон Сүйт бүсгүй болон ирээд бидэнд амийн ус өгч байгаа гэж тунхаглахад дэлхийн өнцөг булан бүрээс тэнгэрийн гэр бүлийнхэн маань Эхийн энгэрт ар араасаа гүйн ирцгээж байгаа.
Одоо болтол Эх Бурханыг ухаарахгүй чигтээ харанхуйд тэнүүчлэн яваа өрөвдөлтэй хүмүүст Эх Бурхан байдаг гэсэн сайн мэдээг үтэр түргэн тунхаглацгаая. Эцэг л оршдог тэнгэрийн хаанчлалд биш Эцэг Эх маань хоёулаа оршдог тэнгэрийн хаанчлалд мөнх амь, аз жаргал эдлэхийг Сионы ах эгч дүү нараасаа хүсэх байна.