Эдүгээ дэлхий даяар Бурханы сайн мэдээ хурдтайгаар тархаж, Библийн зөгнөл ёсоор алдагдсан тэнгэрийн гэр бүлээ хайх авралын түүх дэлхий дахиныг доргиож, ах эгч дүү нарын явах газар бүрд Бурхан Сион байгуулсаар байна. Энэ бүхэн нь тэнгэр Эхийн сургаалыг дагаж, Сионы хүүхдүүд нэгдмэлээр, нэг сэтгэлээр, халуун сэтгэлээр сайн мэдээнд оролцсоны үр дүн хэмээн санаж байна.
Гэрэлт ирээдүй биднийг хүлээж байгаа. Иерусалим Эхийн яруу алдар түгэх үед үндэстнүүд Бурхан руу буцан ирж, Бурханы ард түмэн Бурханы амлалтын дагуу мөнхийн тэнгэрийн хаанчлалд үеийн үед хаанчилна. Энэ бол бидний хувь тавилан.
Бидний хувь заяаг хэн өөрчилснийг бүгдээрээ Библиэр судалж үзээд, замаа дуусгаж, ирээдүйд зөв байдлын титэм өөрт нь зэхэгдсэн байхыг харсан элч Паул шиг тэнгэрийн хаанчлалын найдвар тээн харамсах зүйлгүйгээр сайн мэдээний үүргээ гүйцээцгээе.
Эртээ урьдын цагт нэгэн гуйлгачин цаг үргэлж хувь заяагаа буруутган чамладаг байж гэнэ. Тэгтэл нэг өдөр тэрээр номч мэргэн хүнтэй тааралдав. Өнөөх гуйлгачин золгүй хувь тавиландаа халаглан гашуудаж, өөрийгөө бусдын адил баян тарган юм уу алдар нэртэй баатар шиг хувь заяатай байсан ч болоосой гэж хэлжээ. Үүнийг нь сонссон ухаантан өнөөх гуйлгачинг тэдэнтэй л адил хувь заяатай төрснийг нь хэлэв. Ухаантны юу хэлж байгааг ойлгоогүй тул тэрээр ямар утгатайг нь асуужээ. Тэгтэл өнөөх мэргэн хүн ийн хариулав.
“Тэд ч үхэх тавилантай төрсөн, та ч бас үхэх тавилантай төрсөн шүү дээ, үгүй юм уу?”
Үүгээрээ тэрээр баян ядуу хамаагүй, агуу хүн ч бай, энгийн хүн ч бай бүгд үхдэг болохоор бүх хүний хувь заяа адилхан гэсэн утгыг өгүүлжээ. Тиймээс хүн төрөлхтөн үхэл гэдэг адилхан хувь заяатай төрсөн гэж хэлж болно. Гэвч Бурхантай уулзсанаас хойш бидний хувь заяа өөрчлөгдсөн юм. Үхэл хэмээх эцсийн зогсоол руу явахаас өөр аргагүй бидний хувь заяаг Бурхан мөнх амьдрах хувь заяагаар өөрчилж, цаашид үхэл, зовлон, гуниг гэж байхгүй ертөнц рүү биднийг хөтлөх юм. Энэ бол Бурханы бидэнд өгсөн амлалт.
“Ах дүү нар аа, та нар Исаакийн адил амлалтын хүүхдүүд билээ.” Гал 4:28
Библид биднийг “амлалтын хүүхдүүд” гэж нэрлэсэн байна. Бурхантай уулзахаас өмнө бидэнд үхэх хувь заяа оноосон байсан. Харин Бурхантай уулзсанаас хойш Бурханы амлалтыг бид хүлээн авсан. Бурхан бидэнд юу амласан болохыг, энэ амлалт нь бидний хувь заяаг хэрхэн өөрчлөхийг судалж үзье.
“Энэ бол Түүний бидэнд амласан амлалт болох мөнх амь юм.” 1Иох 2:25
Хүн болгон үхдэг хувь заяатай төрсөн боловч харин Бурхан бидэнд мөнх амийг амласан юм. Итгэмжит Бурханы амласан амлалт тул огт өөрчлөгдөж, цуцлагдахгүй. Тэгвэл Бурханы амласан тэрхүү мөнх амийг авах арга нь юу юм бол?
Бурханы бүтээсэн байгалийн бүхий л юмс дундаас Бурханы зүй тогтлыг олж мэдэж болно.
“—Бидний Эзэн бөгөөд Бурхан минь, алдар, хүндэтгэл, хүчийг Та авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь тогтоогдсон бөгөөд бүтээгдсэн юм гэх ажээ.” Илч 4:11
Бурхан бүх юмсыг хүслийнхээ улмаас бүтээсэн болохоор тэнгэрийн зүй тогтлыг тэрхүү бүх юмсаас ойлгож болно. Дэлхий дээрх үй түмэн амьд биет эхээс амь өвлөн авч төрдөг. Тэнгэрийн шувуу, далайн загас, тал хээрийн төрөл бүрийн амьтад ч бүгд эхээсээ төрдөг. Хүн ч мөн ялгаагүй. Нүд, хамар, ам, чих, гар, хөл гээд бүгд эхийн хэвлийд бүрэлддэг. Бүх бүтээлийн үйл явц эхээр дамжин явагддаг.
Библид газар дээрх зүйлсийг тэнгэрлэг юмсын хуулбар ба сүүдэр гэсэн (Евр 8:5). Аливаа юмны бодит нь байж гэмээнэ хуулбар ба сүүдэр нь байдаг. Хуулбар ба сүүдэр болох дэлхий дээрх амьд биет эхээсээ амь авдаг бол бодит болох сүнслэг ертөнцийн мөнх амийг хэн өгөх вэ?
Сүнслэг ертөнцөд Эх байгаа учраас дэлхий ертөнцөд эх хүн, ээжүүд байгаа. Хүн эхээс төрдөг нь Бурханы гүн гүнзгий хүслийг агуулж байгаа хэрэг. Бурханы хүслийг биелүүлдэг хүн тэнгэрийн хаанчлалд орно гэсэн үгийг сэтгэлдээ санаж, Бурханы хүслийг зөв ойлгож дагацгаая (Мат 7:21).
“Тэгээд Бурхан —Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. Тэгээд тэднээр далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхдөг мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлдав. Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ.” Эхл 1:26-27
Ихэнх хүмүүс хүнийг бүтээсэн цорын ганц Бурхан бий гэж итгэдэг. Гэтэл Бурхан “Бид хүнийг буй болгоё” гэж айлдсан байдаг. Бурхан яагаад Өөрийгөө “Бид” гэж илэрхийлсэн юм бол оо?
Зөвхөн Бурханы дүр төрхөөр бүтээтэл эрэгтэй, эмэгтэй хүн буй болсон. Эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээсэн Бурхан бол ганц биш, “Бид” гэж айлдсан эрэгтэй дүр төрхтэй Бурхан болон эмэгтэй дүр төрхтэй Бурхан байгаа хэрэг.
Есүс эрэгтэй дүр төрхтэй Бурханыг “Тэнгэрт байгаа бидний Аав аа” гэж зааж өгсөн (Мат 6:9). Тэгвэл мэдээж эмэгтэй дүр төрхтэй Бурхан “бидний Эх” байх ёстой биш үү?
Эхлэл 1-р бүлгээр бид сүнсний Эхтэй гэдгээ баталж болно. Махан биеийн амь махан биеийн эхээр дамжин бий болдог шиг сүнсний мөнх амь ч сүнсний Эхээр маань дамжин бий болох юм. Энэ бол Бурханы хүсэл. Эх Бурхан байгаа болохоор бидэнд мөнх амь өгөгдөж, бидний хувь заяа үхлийн хувь тавилангаас мөнх амьдрах хувь тавилан болж өөрчлөгдсөн юм.
Бурхан бүх юмсыг хүслийнхээ улмаас бүтээсэн ч, Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн анхны хүмүүс бол Адам, Ева. Адам Ева хоёрыг бүтээхдээ ч тодорхой хүслээр бүтээсэн.
“Гэлээ ч үхэл нь Адамаас Мосе хүртэл, ирэх байсан Түүний дүрс болох Адамын гэм зөрчилтэй адил нүгэл эс үйлдэгсдийг ч ноёрхож байжээ.” Ром 5:14
Ирэх байсан Түүний дүрс болох Адам гэж Есүс Христийг бэлгэдсэн. Бурхан Адамыг бүтээхдээ Христийн дүрс болгож бүтээсэн. Адамын эхнэр Еваг Бурхан ямар хүслээр бүтээсэн юм бол оо?
“Хүн эхнэрээ Ева гэж нэрлэжээ. Учир нь тэр амьд бүхний эх болсон аж.” Эхл 3:20
Адам эхнэрээ “амь” гэсэн утгаар Ева гэж нэрлэсэн учир шалтгаан нь Ева амьд бүхний эх болох учраас тэр аж. Адам Христийг бэлгэдсэн хүн бол Адамд Ева байсан шиг Хурга болсон Есүс Христэд ч заавал эхнэр байх ёстой. Тэр эхнэр Ева нь амьд бүхний эх болсон шиг бүх сүнсний Эх болно гэдгийг бид ойлгож болно.
Есүс бүхнийг чадагч, төгс хүчит Бурхан хэрнээ эцсийн өдөрт мөнх амь өгч, амилуулна гэж дахин давтаж айлдсан (Иох 6:39-40, 44, 54). Энэ үг нь хүн төрөлхтөнд мөнх амь өгөх Эх сүүлчийн үед зайлшгүй гарч ирнэ гэдгийг зааж байна. Үүний талаар Библи дараахтай адил зөгнөсөн байдаг.
“Баярлан хөөрч, Түүнд алдрыг нь өргөн өргөмжилцгөөе. Учир нь Хурганы хурим болж, сүйт бүсгүй нь өөрийгөө бэлдэв. Тэрээр гялалзсан, цэвэр, нарийн маалингаар хувцаслах болжээ. Учир нь нарийн маалинга нь ариун хүмүүсийн зөвт үйлс юм.” Илч 19:7-8
Үхэхээс өөр аргагүй болсон бидний хувь тавилан Эхтэй уулзсанаас хойш мөнх амьдрах хувь тавилангаар өөрчлөгдсөн байхад бид хэрхэн баярлан хөөрч, баясан цэнгэхгүй байж чадах билээ? Илчлэл номд Хурга нь Есүс буюу Ариун Сүнс болох Хоёрдугаар Есүсийг заасан.
Хурганы хурим болж, Түүний сүйт бүсгүй өөрийгөө бэлдэв гэсэн болохоор Адамд эхнэр болох Ева байсан шиг сүүлчийн Ариун Сүнсний үед ирэх Хоёрдугаар Христэд зайлшгүй эхнэр байж таараа. Ева амьд бүхний эх болсон шиг Тэрээр мөнх амьтай бүхний Эх байх юм.
“Сүүлчийн долоон гамшгаар дүүрэн долоон аягатай байсан долоон тэнгэрэлчийн нэг нь ирээд надтай ярилцан —Нааш ир. Би чамд Хурганы эхнэр болох сүйт бүсгүйг үзүүлье гэв. Тэр намайг сүрлэг өндөр уулан дээр Сүнс дотор аваачаад Бурханаас гарч, тэнгэрээс буун ирж буй ариун хот Иерусалимыг үзүүллээ.” Илч 21:9-10
“Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.” Гал 4:26
Илчлэл номд Иохан Хурганы эхнэр Иерусалим тэнгэрээс буун ирэхийг харсан гэсэн. Галат номд дээр оршигч Иерусалим нь бидний Эх гэсэн байна. Бидэнтэй ямар холбоо хамааралтай вэ гэхээр Тэр бол бидний Эх юм. Бидэнд мөнх амь өгөх тэнгэр Эх бий.
Тийм болохоор мөнх амийн амлалт авсан хүмүүс бол Эх Бурханд итгэдэг хүмүүс юм. Зөвхөн Эхийн хүүхэд болж байж Исаакийн адил амлалтын хүүхдүүд болж чадна.
“Учир нь “Хүүхэд тээгээгүй, хүүсэр чи баярлагтун. Төрөх зовлонг туулаагүй чи бахдан дуулж, хашхир. Учир нь ганц бие эмэгтэйн хүүхдүүд нөхөртэй нэгнийхээс илүү олон болно” гэж бичигдсэн байдаг. Ах дүү нар аа, та нар Исаакийн адил амлалтын хүүхдүүд билээ. … Тиймээс ах дүү нар аа, бид зарц бүсгүйнх биш, харин эрх чөлөөт эмэгтэйн хүүхдүүд билээ.” Гал 4:27-31
Абрахамын гэр бүлд түүний итгэмжтэй зарц байсан Елиезер, Абрахам зарц бүсгүй Хагар хоёрын дундаас төрсөн ууган хүү Ишмаел, эрх чөлөөт Сарагаас төрсөн Исаак зэрэг өв залгамжлах гурван хүн байжээ.
Тухайн үеийн зарчмаар бол ууган хүү эцэг эхийнхээ бүх хөрөнгийг залгамжлан авдаг байсан ч ууган хүү биш хэрнээ Исаак өв залгамжлагч болоод өв хөрөнгийг нь өвлөн авсан. Бурхан зөвхөн Сарагаас төрсөн Исаакийг л өв залгамжлагч болно гэж урьдаас амласан байсан юм.
Хэрэв Исаак Хагарын биеэс төрсөн бол өв залгамжлалыг авч чадах байсан уу? Эх нь эрх чөлөөтэй Сара биш байсан бол Исаак өв залгамжлагч болж чадахгүй байсан. Үүнтэй адил Эхтэй уулзаж чадаагүй байсан бол бид хичнээн мундаг авьяастай, хичнээн сайхан зан чанартай байлаа ч амлалтын хүүхдүүд болж чадахгүй байсан юм. Бидний хувь тавиланг өөрчилж чадах түлхүүр Эхэд л зөвхөн байгаа юм.
Мөнхийн тэнгэр Эхээрээ дамжуулан мөнх амь авч, Бурханы өв залгамжлагч болсон. Энэ бол Бурханы бидэнд соёрхсон хувь тавилан билээ.
“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17
Сүнс болон Сүйт бүсгүй хүн төрөлхтнийг амьдруулах гэсэндээ л дуудаж байгаа хэрэг. “Сүүлчийн Адам нь амь өгөгч сүнс болов” (1Кор 15:45) гэсэнчлэн сүүлчийн Адам болсон Хоёрдугаар Христ Ариун Сүнстэй хамт гарч ирэх Сүйт бүсгүй буюу сүүлчийн Ева ч мөн амь өгөгч Сүнс болж энэ газарт ирсэн.
Тэнгэр Эцэг Эх сүүлчийн Ариун Сүнсний үед махан биеийн асар өмсөн Сүнс болон Сүйт бүсгүй болж ирээд биднийг дуудсан шүү дээ. Үхэхээс өөр аргагүй болсон хүн төрөлхтнийг өрөвдөхдөө үүрдийн үхлээр төгсөх хувь тавиланг нь мөнх амьдрах хувь тавилангаар өөрчилж, там руу явах хувь тавиланг нь тэнгэрийн хаанчлал явах хувь тавилангаар сольж өгөх гэж л дуудаж байгаа юм.
Тиймээс Библид энэ мэдээг “баяртай мэдээ”, “сайн мэдээ” гэж илэрхийлсэн байна. Сүнс болон Сүйт бүсгүй амийн ус өгнө гэсэн энэхүү мэдээ нь бүх хүнд бидний хэлэх учиртай баярт мэдээ юм.
Бидний хувь тавиланг өөрчилж өгсөн болохоор бид ердөө зөгнөлд итгээд, зөгнөлийн дагуу л үйлдэх хэрэгтэй. Бурхан бидэнд яруу алдрын хувь тавилан амласан юм шүү.
“Бос, гэрэлт. Учир нь гэрэл чинь ирж, ЭЗЭНий алдар чиний дээр мандаж байна. Үзэгтүн, газрыг харанхуй, хүмүүсийг гүн харанхуй бүрхэнэ. Гэвч ЭЗЭН чиний дээр мандаж, алдар нь чиний дээр үзэгдэнэ. Үндэстнүүд гэрэл уруу чинь, хаад мандах туяа уруу чинь ирнэ. Хараагаа өргөн эргэн тойрноо харагтун. Тэд бүгд цуглан чам дээр ирж байна. Хөвгүүд чинь алс холоос ирнэ. Хажууд нь охид чинь тэврүүлэн ирнэ.” Иса 60:1-4
Зөвхөн гэрэл л харанхуйг хөөн зайлуулж чадна. Газрыг харанхуй, хүмүүсийг гүн харанхуй бүрхсэн хэдий ч одоо үнэний гэрэл тэдний дээр гэрэлтсэн тул үй олон хүмүүс сэрж байна. Муу заяатай хувь тавиланг нь заяа сайтай хувь тавилан болгон өөрчлөхөөр ирсэн Эхийг эсэргүүцэх хүмүүс заяа тавилан ёсоороо сүйрнэ. Харин тэнгэр Эхийг хүлээн авч, үнэн дотор байгчид нь мөнх амийн ерөөл төдийгүй мөнхийн тэнгэрийн хаанчлалд үеийн үед хаанчлах хаан тахилчийн байр суурийг ч хүртэл хүлээн авах болно (Иса 60:12, Илч 22:1-5).
“Намайг алдаршуулахын тулд Миний тарьсан мөчир, мутрын минь бүтээл болох чиний ард түмэн бүгд зөвт болж, газрыг мөнхөд эзэмшинэ. Хамгийн өчүүхэн нь мянга болж, хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би цагт нь яаравчлуулах болно.” Иса 60:21-22
Иерусалимын үнэний гэрлийг хурц тод гэрэлтүүлж, ертөнцийн бүх хүн Сион руу ирж хувь тавилангаа өөрчлөх хүртэл тунхаглацгаая. Дэлхий нь сүнсний хоргодох хот буюу шорон учраас энэ дэлхийд хүн болгон их бага хэмжээгээр гуниг, зовлон үүрч амьдардаг. Тийм хэдий ч үргэлж баяртайгаар амьдарч чадах хэмжээнд тэнгэр Эх бидний хувь тавиланг өөрчилж өгсөн. Өчүүхэн, сул дорой бидэнд хүч өгөөд сайн мэдээгээр дамжуулан хүчирхэг үндэстэн болгосон. Зөгнөл одоо ч бодитоор биелэгдсээр байна.
“Дараа нь тэр намайг өргөөний үүдэнд буцааж авчрав. Харагтун, өргөөний босгоны доороос зүүн зүг тийш ус урсан гарчээ. Учир нь өргөө зүүн тийш харжээ. Ус нь доороос, өргөөний баруун гар талаас, тахилын ширээний өмнө зүгээс урсаж байв. … Гартаа шугамтай хүн зүүн тийш явахдаа мянган тохойг хэмжиж, намайг шагайнд тулсан усан дундуур дагуулав. Тэр дахин нэг мянгыг хэмжиж, намайг өвдгөнд тулсан усан дундуур дагуулав. Тэр дахин мянгыг хэмжиж, намайг бүсэлхийд тулсан усан дундуур дагуулав. Тэр дахин мянгыг хэмжив. Ус нэмэгдсэн учраас энэ нь миний гаталж чадахааргүй гол болов. … Дараа нь тэр надад айлдахдаа —Энэ ус зүүн нутаг уруу урсаж, Араба уруу уруудан очиж байгаа. Дараа нь тэд тэнгист цутгагдахаар тэнгисийн зүг урсаж, тэнгисийн ус нь цэнгэг болдог. Гол урсах газар бүрд үржин тархагч амьд амьтан бүр амьдрах болно. Тэнд асар их загас байна. Учир нь энэ ус тэнд очиж, цэнгэг болгож байгаа. Ийнхүү гол урсах газарт бүх юм амьдрах болно. …” Езе 47:1-12
Далайгаар хүний нийгмийг илэрхийлсэн (Илч 17:15 үзэх). Иерусалим ариун өргөөнөөс урсах амийн усны гол хүрсэн газар бүрд үхсэн бүхэн амьдарч цэнгэг болдог. Бид яагаад амийн усыг дэлхий даяар урсгах ёстойг, яагаад үргэлж баяртай байж, бүх зүйлд талархах ёстой учир шалтгааныг эндээс олж болно.
Эхээр дамжин хувь тавилан маань өөрчлөгдсөн. Үхлийн хувь тавиланг мөнх амьдрах хувь тавилангаар сольж, нүгэлтэн гэх хувь тавиланг хаан тахилч хэмээх хувь заяагаар өөрчилсөн тул бид хичнээн аз жаргалтай хүмүүс билээ дээ!
Бидний л хувь тавиланг өөрчлөхөөр тэнгэрээс энэ газар хүртэл ирсэн Эхдээ цаг үргэлж талархал, яруу алдрыг өргөцгөөе. Эх бидэнд тэнгэрийн хаанчлалыг огтхон ч орхиж болохгүй гэж олонтоо давтан айлдсан.
Эхээс сайн сайхан хувь тавиланг авсан амлалтын хүүхдүүдийн хувьд бахархалтай, итгэлтэй байж, энэхүү сайн мэдээг зоригтойгоор тунхаглаж, баяр хөөртэйгөөр тэнгэрийн хаанчлалын замаар даган алхацгаая.