WATV.org is provided in English. Would you like to change to English?

Яв, дагалдуулагтун

407 Үзсэн тоо

Бурхан бидэнд “Яв, бүх үндэстнийг дагалдуулагтун” гэж айлдсаар байна. Бурханы энэхүү үгийг бид юу юунаас илүү чухалчлан үзэж, дагалдуулах ажилд сэтгэл зүтгэл гаргаж, хамаг анхаарлаа хандуулж ирсэн.

Харин дагалдуулах эрхийг хүн бүрд олгосон биш юм. Бурханы илгээхийг хүссэн авралын зар тараагч ямар байх ёстойг Библиэс судалж үзэнгээ өнөө үед сайн мэдээ тараагчийн хувьд бид бүхэнд дутуу зүйл бий эсэхээ эргэн нэг харцгаая.

“… Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:16-20

“Дагалдуулагтун” гэсэн үгийг англи Библиэс үзвэл “make disciples” буюу “дагалдагч өсгө” гэсэн байдаг. Багшид байдаг бүхэн, өөрөөр хэлбэл Бурханд итгэж, Бурханыг хайрлаж, Бурханыг дагадаг тэр бүх сэтгэл тэр чигээрээ дагалдагчид нь уламжлагддаг тул дагалдагч өсгөж байгаа багшийн хувьд тэрээр сайн мэдээ тараагч хүнд байх ёстой чанаруудаар өвч зэвсэглэсэн байх ёстой. Учир нь чадварлаг оюун ухаан болон гуйвшгүй бат итгэлтэй багш л чадварлаг дагалдагч өсгөж чадах юм. Тэгж чадахгүй бол дагалдагчиддаа сайн үлгэр жишээ болж чадалгүй, ердөө махан биеийн шуналаа л дамжуулж, нүгэлт замаар хөтлөх болно.

Тиймээс Бурхан бидэнд тушаасан зүйлийг л тэдэнд заах учиртай. Бид сурсан бүгдээ бүх үндэстэнд тараах бүрэн дүүрэн эрхтэй байхын тулд Бурханд тааламжит сайн мэдээ тараагчийн хувиар Бурханы хаанчлалын соёл болон сүнсний ертөнцийн ёсонд суралцаад явж байгаа билээ.

Тэгвэл одоо Бурханд тааламжит сайн мэдээ тараагчид байх ёстой нөхцөлийн талаар судалж үзэцгээе.

Бурханд тааламжит сайн мэдээ тараагчийн нөхцөл

Нэгдүгээрт, сайн мэдээ тараагч нь Ариун Сүнсээр дүүрэх ёстой.

“Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно гэв.” Үйл 1:8

Сайн мэдээний ажил гэгч хүний гаргасан төлөвлөгөө, хуримтлуулсан мэдлэг, ухаанаас хамаарч гүйцэлддэг түүх биш учраас сайн мэдээ тараагч нь Ариун Сүнсний хөтлөлийг дагах учиртай. Бурханы л хүсэл бол үргэлж дуртайяа дагахыг хүсдэг болох үед сайн мэдээ тараагчийн эрхтэй болно. Тийм хүмүүсийг л Бурханыг харахад зохистой авралын зар тараагч гэж хэлж болох юм.

Аль ч үед зөрүүд зан, өөрийн бодлоос илүү Бурханы хүслийг дагадаг итгэлтэй хүмүүсийг л Бурхан эш үзүүлэгчээрээ сонгож, Бурханы үгийг тунхаглах сайн мэдээний хэрэглэгдэхүүн болгон хэрэглэсэн гэдгийг хуучин гэрээнээс ч, шинэ гэрээнээс ч баталж болно.

Бид ч бас сайн мэдээ тараагчийн хувьд зөвхөн Бурханы хүсэлд дуулгавартай байж, Ариун Сүнсийг дүүрэн авч, Бурханы үгийг тэр чигээр нь дагахыг чухалчилдаг байх хэрэгтэй. Тэгж байж л Бурханыг баярлуулах зохистой үр жимс гаргаж чадна.

Хоёрдугаарт, сайн мэдээ тараагч нь аврал авсан гэдэгтээ бат итгэдэг байх ёстой.

“Гэрчлэл нь энэ байна. Бурхан бидэнд мөнх амь өгсөн бөгөөд энэхүү амь Хүүд нь байна. Хүүтэй хүнд амь бий. Бурханы Хүү байхгүй хүнд амь байхгүй. … Бид Түүний хүслийн дагуу юу ч гуйсан, Тэр биднийг сонсдог нь… бид Түүнээс гуйснаа авсан болохоо мэднэ.” 1Иох 5:11-15

Юу ч байсан зөвхөн Бурханы дотор, Ариун Сүнсний үеийн Аврагч болсон Бурханы нэрэнд итгэж, аврагдсан гэж баттай итгэдгээ тунхаглаж, тэрхүү гэрчлэлээ авралын зар тарааж харуулдаг байх ёстой. Хүний бодол санаа, мэргэн ухаанд найдалгүй, харин Бурханд л найдвал бид бүх зүйлийг хийж чадах юм.

Сүнс болон Сүйт бүсгүйг дагадаг болохоороо бид аврал авсандаа туйлын итгэдэг. Дагалдагч нараа ч бас өөрсөд шигээ тийм бат итгэлтэй болгох хэрэгтэй. Бурханыг ухаарч, Бурханы үнэний үг нь бидний сүнслэг ертөнцийг харах нүдийг нээж өгдөг гэдгийг ухаарах үед, мөн үүндээ гүнээ баярлах үед л дагалдагчиддаа яг тийм сэтгэл хөдлөлийг дамжуулж чадна. Өмнө нь халуун итгэлтэй байх үедээ туулсан ивээлтэй мөчүүдийнхээ талаар тууштай дамжуулбал аврагдана гэдэгт бат итгэлгүй байсан хүмүүсийг ч хүртэл Бурханд бат итгүүлж, Бурханы ерөөлийг гуйдаг болгоно.

Гуравдугаарт, сайн мэдээ тараагч нь Бурханы үгийг тараахгүй л бол тэсвэрлэж чадахгүй сэтгэлтэй байх ёстой.

“… надад бүхэл өдрийн турш зэмлэл, доог тохуу болж байв. Харин хэрэв “Би Түүнийг дурсахгүй, нэрээр нь дахин ярихгүй” гэвэл энэ нь миний сэтгэл зүрхэн дотор ясаар минь хаагдаж хүрээлэгдсэн шатаж буй гал мэт болно. Би үүнийг дотроо хадгалвал ядарч, би тэсвэрлэж чадахгүй болно.” Иер 20:7-9

Ийм л халуун сэтгэлтэй байвал бид сайн мэдээ тараагч байх эрхтэй болох юм. Албадлагаар дуртай дургүй сайн мэдээ тараадаг хүн нь Бурханы хүсэж буй авралын зар тараагч биш. Авралын зар тараа гэж ятгасан ч ятгаагүй ч Бурханы амласан авралд бат итгээд, тараахгүй л бол тэсвэрлэж чаддаггүй сэтгэлтэй болсон үед л явж очоод дагалдагч болгодог сайн мэдээ тараагч болж чадна.

Дэлхийн энд тэндгүй газар хөдлөлт, өлсгөлөн болж, үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босож, нар сар оддод тэмдэг бий болно гэсэн зөгнөл биелэгдэж байгаа сүүлчийн энэ үед Бурханы соёрхсон амийн үгийг тарааж байж л үхэж байгаа хүмүүсийг аварч чадах учраас тараахгүй л бол болохгүй гэсэн шатах мэт сэтгэл, тууштай шийдвэрээр сайн мэдээ тараах хэрэгтэй.

Үлбэгэр итгэлээр тараавал сонсох хүн ч мөн халуун биш үлбэгэр бүлээн хүлээн авахаас өөр аргагүй. Бурханы ажил л бол бага гэлтгүй эрч хүчтэй, хичээнгүй сэтгэлээр сайн мэдээ тарааж байж л нэг сүнсийг аварна. Шатах мэт тийм халуун сэтгэлтэй байж гэмээнэ Бурханы үгийг сонсох дургүй хүмүүст ч зоригтойгоор тунхаглаж чадах юм.

“… Гэвч Петр Иохан нар тэдэнд —Та нарыг Бурханаас илүү сонсох нь Бурханы өмнө зөв үү? Өөрсдөө шүүн тунгаагтун. Учир нь бид үзсэн, сонссоноо ярихаа зогсоож чадахгүй гэжээ.” Үйл 4:16-20

Элч нар ертөнцийн хуурамч шашны удирдагчдын өмнө зоригтойгоор гэрчилж байв. Бурхан биднийг сонгоод үгээ харуулж, сонсгож, мэдрүүлж, ухааруулсан нь өнөө үед биднийг харж, сонссон бүхнээ очоод тэр чигээр нь тараагаарай гэсэн Бурханы хүсэл байгааг мэдэж болно.

Тиймээс Матай 28-р бүлэгт зүгээр л яв гэсэн болохоос тодорхой нэг газрыг дурдаагүй. Хаашаа ч хамаагүй очоод харсан, сонссон зүйлээ халуун сэтгэлээр тунхаглаад, Бурханы яруу алдрыг гарган, сургаалыг нь төгс дагадаг амийн эрхэм нандин үр жимс гаргах хэрэгтэй.

Дөрөвдүгээрт, сайн мэдээ тараагч нь сайн мэдээнээс ичдэггүй хатуу чанд итгэлийг эзэмшсэн байх ёстой.

“Би сайнмэдээнээс ичихгүй. Энэ бол итгэгч болгоныг, … аврах Бурханы хүч мөн.” Ром 1:16

Бурханы сайн мэдээ тараадаг хүн сайн мэдээнээс ичих ёсгүй бөгөөд харин ч бүр сайн мэдээ хүлээж аваагүй хүмүүсийг өрөвдөн үзэх хүчтэй, зоригтой итгэлээр сайн мэдээ тараадаг байх ёстой.

Сайн мэдээ тараах үед үнэнийг мэдэхгүй ертөнцийн хүмүүсийн саад, доог тохуу, хавчлага ч гарч болох юм. Харин ертөнцийн хүмүүс дуртай ч байсан дургүй ч байсан Бурханы тараагаарай гэсний дагуу л тараах хэрэгтэй.

Зөвхөн сайн мэдээнд л авралыг соёрхох, мөнхийн тэнгэрийн хаанчлал руу хөтөлж чадах хүч, эрх мэдэл байдаг учраас Бурханы мэргэн ухаан, хүч чадлыг түшээд, ямар ч нөхцөл байдалд сайн мэдээ тараахаасаа ичилгүй, зоригтойгоор тараах ёстой.

Тавдугаарт, сайн мэдээ тараагч нь Бурханы үгээр зэвсэглэсэн байх ёстой.

“Учир нь та нар устах үрээс бус, харин үл устах үрээс буюу Бурханы амьд, оршин буй үгээр дахин төрсөн билээ. … Харин Эзэний үг мөнхөд оршино.” Энэ нь та нарт тунхаглагдсан үг мөн.” 1Пет 1:23-25

Бурханы сайн мэдээний ажил хүний тооны их багаас шалтгаалдаггүй. Бурханы үг сэтгэл дотор нь амьдран хөдөлж ажилладаг хүн л сайн мэдээ тараах авралын зар тараагчийн эрхийг авсан хүн юм.

Үүрд мөнхөд өөрчлөгддөггүй амийн үгээр бүрэн дүүрэн зэвсэглэж байж л цаг тухай бүрд нь сүнсний хоол өгч чадах мэргэн ухаантай авралын зар тараагчид болж чадна. Тэгж байж л сурсан үгээрээ дагалдагч болгон өсгөж, Бурханы хүслийг дагадаг болгон хөтлөх биш үү?

Зургадугаарт, сайн мэдээ тараагч нь залбирлаараа сүнсэндээ Ариун Сүнсний гал асааж чаддаг байх ёстой.

“Самуел хүмүүст… Учир нь ЭЗЭН аугаа нэрийнхээ төлөө Өөрийн ард түмнийг хөсөр хаяхгүй. Учир нь ЭЗЭН та нарыг Өөрийнхөө ард түмэн болгохыг таалав. Үүнээс гадна, ЭЗЭНий өмнө та нарын төлөө би (Самуел) залбирахаа болих тийм нүглийг үйлдэх нь надаас хол байг. Харин би та нарт сайн болоод зөв шударга замыг заана. …” 1Сам 12:20-25

Бурханы сэтгэл хүслийн дагуу үйлддэг үнэнч тахилч гэж нэрлэгдсэн Самуел Бурханд үнэн сэтгэлээсээ үйлчлэх явцдаа “Бурханд залбирахаа болих тийм нүглийг үйлдэх нь надаас хол байг” гэсэн юм.

Өөрөө халуун сэтгэлгүй бол бусдыг халуун сэтгэлтэй болгож чадахгүй. Бусад хүн гал асаахыг хүлээлгүй, өөрөө итгэлийнхээ галыг асаахыг хичээдэг мэргэн ухаантай байх ёстой. Бурханыг гэсэн итгэлтэйгээр тасралтгүй залбирч гэмээнэ үнэний бамбарыг дүрэлзтэл асааж, авралын зар тараадаг юм. Ийм л итгэгч бүх үндэстнийг дагалдуулж чадна.

Сайн мэдээ тараагч нь хайраар сүнсний өвчнийг эмчилдэг сүнслэг эмч

Харин бидэнд мартаж болохгүй нэг чухал зүйл бий. Бурхан энэ газарт аврал соёрхож, мөнх амийн баримт үлдээхдээ зөвтийг бус, харин нүгэлтнүүдийг аврахаар ирсэн шүү дээ. Тиймээс Библид нүгэлтнүүдийг аврахаар ирсэн Есүсийг эмч гэж зүйрлэсэн байдаг.

“Харин Есүс үүнийг сонсоод —Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. Харин явж “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар учиртайг мэд. Учир нь Би зөвтийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэв.” Мат 9:12-13

Бид мөнхөд үхэхээс өөр аргагүй “нүгэл” гэдэг өвчинд шаналж байсан. Тэр хүнд өвчнийг эмчлэхийн төлөө Христ хайр, золиос, чин сэтгэл гэсэн эмчилгээний аргатай энэ газарт ирсэн. Зөвхөн хайр золиосоороо бидний оронд нүглийн төлөөх золиосын тахил болсон юм.

Хэрэв бид Христийн энэ хайрыг ухаарсан л бол үхлийн хүнд өвчин туссан сүнснүүдэд зайлшгүй хэрэгтэй эмчийн байр сууринаас хайр, золиос, чин сэтгэл гэсэн Христийн эмчилгээний аргаар тэднийг амьдруулах хэрэгтэй.

Сүнслэг эмчийн хувиар ямар сэтгэлтэй байх ёстойг Чусоны үеийн нэрт оточ Хо Жүний түүхээс илүү тодруулж үзэцгээе. Тэрээр анагаах эрдэм нь энэрэнгүйн үйлс юм гэдгийг ухаарсны дараа л нэр алдартай оточ болсон аж.

Хо Жүнийг тосгоны жирийн нэг эмч байх үед ийм нэг явдал болжээ. Нэг өдөр нэгэн эмэгтэй амьсгаадан гүйж ирээд “Ээж маань бараг үхэх нь. Ямар ч хамаагүй эм найруулж өгөөч” гэж гэнэ. Өвчнийг нь мэдэхгүй төдийгүй өвчтөний амийг хариуцах оточ хүний хувьд хамаа намаагүй эм найруулж чадахгүй байсан Хо Жүн арга нь барагдав.

Тэр үед гэнэт хаа нэгтээгээс “Гурван уут гуагхянжонгисан” гэсэн дуу сонстов. Гайхаж балмагдан дуу гарсан зүг рүү хартал ноорхой хувцастай нэгэн настан гурван уут гуагхянжонгисан хурдан найруулж өг гээд зогсож байв. Хо Жүн настай хүний хэлснээр гурван уут гуагхянжонгисан найруулж өгсөнд тэр эмийг уусан өвчтөн амь гарчээ.

Үүний дараа ходоодны өвчнөөс болж үхэх гэж байгаа бэрдээ яаралтай эм найруулж өгөөч гэж шалах нэгэн хадам ээж ирэв. Тэр үед бас дахин “Гурван уут гуагхянжонгисан найруулж өг” гэх настны дуу сонсогдов. Хо Жүн жирийн нэг настан биш байна гэж бодоод гурван уут гуагхянжонгисан найруулж өгөөд явуулжээ. Өнөөх эмийг нь уусан өвчтөн ч мөн бүрэн эдгэрч талархсанаа илэрхийлж гэнэ.

Тэгсэн хэд хоногийн дараа өөр нэг өвчтөн “Би үхэх нь ээ” гээд Хо Жүнийг зорьж ирэв. Энэ үед ч бас настан гарч ирээд “Гурван уут гуагхянжонгисан” гэх өнөөх жороо найруулахыг хүсэв. Хо Жүн ердөө настны айлдсаныг л хийгээд байж. Өнөөх эмийн үр нөлөөг харсан өвчтөн Хо Жүн дээр ирэн хүндэтгэл үзүүлэх болж гэнэ.

Тэгтэл Хо Жүн “Яагаад өөр өөр өвчтэй хүмүүс нэг ижил эм хэрэглээд эдгээд байгаа юм бол?” гэж гайхан, өнөөх настан дээр очоод учрыг асууж гэнэ.

Тэгтэл настан ингэж хариулжээ.

“Хүү минь, хүний өвчнийг эм эдгээдэг гэж бодож байна уу? Ингэж бодож байгаа оточ байвал арай л туршлагагүй байна даа. Хашир туршлагатай оточ хайрын хүчээр эдгээдэг жамтай. Анагаах эрдмийг гэсэн хичээл зүтгэлтэй болохоор чинь чамд зааж өглөө.”

Оточ хүнд байдаг хайрын хүч өвчтөнд сэтгэлийн дэм болж, тэрхүү сэтгэлийн дэм нь өвчтөнд итгэл төрүүлж, өвчин нь эдгэрдэг гэдгийг Хо Жүн ухаарахын хажуугаар өвчтөнг асарч буй хүн сэтгэл гарган эмийг нь халааж, цагт нь эмийг нь тааруулж өгвөл эдгэрэхгүй хүн гэж үгүй гэдгийг сая нэг ухаарч авчээ.

Настны энэхүү сургамж Хо Жүнд анагаах эрдмийн талаар цоо шинэ билгийн харааг нээж, жинхэнэ энэрэнгүй үйлс гаргадаг, дэлхийд зартай нэрт оточ болгосон аж. Хо Жүний энэ түүх бидэнд чухал сургамж өгч байгаа юм. Тосгоны оточ байсан Хо Жүн эмний цаана байдаг нүдэнд харагдахгүй их хүчийг мэдэлгүй, зөвхөн эмэнд баригдаж байсан шиг бид ч бас Бурханы хайрын хүчийг ухааралгүйгээр сайн мэдээ тарааж байгаа юм биш байгаа гэдгээ эргэн нэг харцгаая.

Хайр нь золиос ба чин сэтгэл юм

“Бурхан бол хайр” (1Иох 4:8), “Хайр нь хуулийн гүйцэлдэл мөн” (Ром 13:10), “Бие биенээ хайрлагтун гэсэн шинэ тушаалыг өгч байна” (Иох 13:34) хэмээсэн Бурхан бидний төлөө агуу хайр золиосоороо, амь бие хайрлалгүй чин сэтгэл гарган үхэхээс өөр аргагүй байсан сүнслэг өвчтөнүүдийг эмчилсэн юм.

Бид сүнсний Эмч болох Бурханыг даган, хүн төрөлхтний сүнслэг өвчнийг эмчлэх үүрэг хүлээн, хүч чадал авсан хүмүүс юм. Өвчтөнөө гэсэн үнэн хайр, чин сэтгэл, идэвх зүтгэлээр эмчилгээ хийх үед эмчдээ итгэх сэтгэл өвчтөнөөс ундран гарч, өвчин нь бүрэн эдгэдэг шиг сайн мэдээ тараахдаа бид ч мөн ийнхүү хандах хэрэгтэй. Тиймээс хайрыг золиос ба чин сэтгэл гэж хэлж болох юм.

Бурханы бүхий л хууль нь биднийг гэсэн Бурханы туйлын хайр, золиос, чин сэтгэлээр бий болсон хамгийн хашир туршлагатай эмчийн л үзүүлж чадах анагаах эрдэм юм. Мөн Бурхан хүн тус бүрд сайн мэдээ тарааж чадах Ариун Сүнсний алив бэлгүүдийг хайрласан. Тийм учраас Бурханы хайрыг хүртсэн бид тэрхүү Ариун Сүнсний бэлгүүдийн дагуу Иерусалим ариун өргөөнөөс урсан гарсан амийн усны хүч чадлыг гэрчлэх учиртай.

“Дараа нь тэр намайг өргөөний үүдэнд буцааж авчрав. Харагтун, өргөөний босгоны доороос зүүн зүг тийш ус урсан гарчээ. Учир нь өргөө зүүн тийш харжээ. Ус нь доороос, өргөөний баруун гар талаас, тахилын ширээний өмнө зүгээс урсаж байв. Тэгээд тэр намайг хойд дааман хаалгаар гадагш гаргаж, зүүн тийш харсан гаднах хаалга уруу дагуулан тойруулан явав. Харагтун, баруун гар талаас ус алгуурхнаар урсаж байв. Гартаа шугамтай хүн зүүн тийш явахдаа мянган тохойг хэмжиж, намайг шагайнд тулсан усан дундуур дагуулав. Тэр дахин нэг мянгыг хэмжиж, намайг өвдгөнд тулсан усан дундуур дагуулав. Тэр дахин мянгыг хэмжиж, намайг бүсэлхийд тулсан усан дундуур дагуулав. Тэр дахин мянгыг хэмжив. Ус нэмэгдсэн учраас энэ нь миний гаталж чадахааргүй гол болов. Дотор нь сэлж болохоор хангалттай их устай, гаталж чадахааргүй гол байв. … тэнгисийн зүг урсаж, тэнгисийн ус нь цэнгэг болдог. Гол урсах газар бүрд үржин тархагч амьд амьтан бүр амьдрах болно. Тэнд асар их загас байна. Учир нь энэ ус тэнд очиж, цэнгэг болгож байгаа. Ийнхүү гол урсах газарт бүх юм амьдрах болно. …” Езе 47:1-12

Ариун өргөөнөөс урсан гарч байгаа ус ариун өргөөнд л байгаад байвал жинхэнэ үнэ цэнээ харуулах боломжгүй. Харин энэ амийн ус урсаж, бүх хүн төрөлхтөн, нийгэм даяар нэвтрэн шингэвээс сүнс амьдрах болно. Ийм сайн мэдээг тараах эрхийн гол нөхцөлийг бүрэн хангаад, Самари ба дэлхийн хязгаар хүртэл явж, бүх үндэстнийг дагалдуулан, Бурханы бидэнд тушаасан бүхнийг сахин биелүүлэхийг заах эш үзүүлэгчид болцгооё.