Амьд оршиход нэн тохиромжтой хүний мэдрэхүйн эрхтэн

20,226 үзэлт

Жаахан байхдаа үзэж байсан киноны баатар супермэн. Тэрээр ер бусын хүч чадалтай байсан сан. Тэнгэрээр дураараа нисээд зогсохгүй өрөөсөн гараараа машин өргөх хэмжээний их хүч, алс холын биетийг харж чаддаг дэндүү сайн хараа, алсаас сонсогдох өчүүхэн чимээг ч сонсож чаддаг сонсгол гээд хүнд баймгүй хүч чадал байдаг байлаа. Иймдээ ч супермэн хүүхэд багачуудын хүсэл мөрөөдлийн бай байв. Хэрэв бид супермэн шиг тийм онцгой хүч чадалтай байсан бол яах байсан бол?

Гадны цочролд үзүүлэх зохих хариу үйлдэл

Хүн мэдрэхүйн эрхтнүүдээрээ дамжуулан хүрээлэн буй орчноос янз бүрийн дохио, мэдээ мэдээлэл хүлээн авдаг. Их тархи тэдгээрийг цогцоор нь нэгтгэн дүгнэж, дүн шинжилгээ хийн, хөдөлгөөний эрхтэн болох булчингуудад зохих тушаал заавар өгөх байдлаар цочролд хариу үйлдэл үзүүлдэг. Үүнийг “цочрол ба хариу үйлдэл” гэдэг бөгөөд зөвхөн хүн төдийгүй бүх амьд биет ийм тогтолцоотой.

Хүн хэрэв гадны аюулд тохирох хариу үйлдэл хийхгүй бол амь насаа алдаж ч болзошгүй. Цочролд хариу үйлдэл үзүүлэх тогтолцоо байхгүй бол хүн төрөлхтөн төдийгүй ямар ч амьд биет амьд оршин тогтнож чадахгүй. Жишээлбэл маш хүнд бэртсэн хэрнээ өвдөлт мэдрэхгүй байвал энэ нь бүр илүү аюултай нөхцөл байдалд орох юм. Ялангуяа хүнд байдаг гадны цочролыг хүлээн авах чадвар нь амьд оршиход тохиромжтой болгодог аж.

Хүний бие таван мэдрэхүйн эрхтэнтэй. Гэрэл хүлээн авдаг нүд (харах мэдрэхүй), дуу чимээ мэтийн чичиргээ мэдэрдэг чих (сонсох мэдрэхүй), хий болон химийн бодис мэдрэх хамар (үнэрлэх мэдрэхүй), химийн шингэн бодисыг ялгаж таних хэл (амтлах мэдрэхүй), мөн даралт, өвдөлт, дулаан, хүйтнийг мэдэрдэг арьс (хүрэлцэх мэдрэхүй) гэж бий.

Мэдрэхүйн эдгээр эрхтнүүд нь хэд хэдэн онцлог шинжтэй. Хүн бүр тоосны жинг мэдэрч чаддаггүй атлаа номны жинг мэдэрч чаддаг. Энэ мэтчилэн мэдрэхүйн эрхтнээс хариу үйлдэл үзүүлэхэд шаардлагатай цочролын хамгийн бага түвшинг “босго” гэж нэрлэдэг. Мэдрэхүйн эрхтэн болон мэдрэлийн эсээс шалтгаалаад босго өөр өөр байдаг. Хэрэв босгыг давсан хэмжээ бүхий нэг ижил цочролыг үргэлжлүүлэн өгсөөр байвал бие махбод цаашид уг цочролыг хүлээн авж чадахгүй болдог. Үүнийг “мэдрэхүйн дасан зохилдлогоо” гэдэг. Энэ нь хурц үнэр үнэртсэн ч тодорхой хугацааны дараа уг үнэрийг мэдрэхээ больдог шалтгаан юм. Мэдрэхүйн эрхтэн ижил хэмжээний цочролыг үргэлжлүүлэн өгсөөр байвал илүү хүчтэй цочрол өгөх хүртэл уг цочролыг мэдрэхээ больдог аж.

Зайлшгүй хэрэгтэйг нь л хүлээн авдаг ухаалаг мэдрэхүйн эрхтэн

1. Харах, үнэрлэх, амтлах

Супермэн шиг мэдрэхүйн чадвар нь мундаг байсан л бол тэгээд л сайхан байх байсан уу? Харах мэдрэхүйг хариуцсан, бидний биеийн нэг хэсэг болох нүд гэрлийн долгионы 380 нанометрээс 780 нанометр хүртэлх гэрлийн үзэгдлийг хүлээн авдаг. Мөн бидний нүдний хараа зохих хүрээнд л харж чаддаг. Хэрэв нүдээрээ хэт улаан туяа, хэт ягаан туяа, тэр ч байтугай радио долгионыг ч хүртэл хүлээн авч, микроскопоор л хардаг бичил биетүүдийг хардаг байсан бол яах байсан бэ? Нүдэнд үл үзэгдэх цахилгаан соронзон долгионыг хүртэл хардаг бол тэр их дохио, мэдээ мэдээллийг хэрхэн боловсруулах билээ? Тэдгээр бичил биетээс болж хоолоо ч олигтой идэж чадахгүй, амьдрал маань туйлын тавгүй төвөгтэй байх болно. Тэсвэрлэхийн аргагүй туйлын эмх замбараагүй байдалтай тулгарах нь гарцаагүй.

Үнэрлэх мэдрэхүйг хариуцсан хамар ихэвчлэн үнэр гэгддэг химийн хийн бодисыг мэдэрдэг мэдрэхүйн эрхтэн юм. Хийн молекул нь нүдэнд харагддаггүй учир ямархуу төрлийн хий вэ гэдгийг мэдрэх нь бидний биед маш чухал. Хэрэв бидний биед хорт хий нэвтэрвэл бие аюултай байдалд орох учраас хийн өчүүхэн төдий өөрчлөлт, хэлбэлзэлд ч гэсэн мэдрэмтгий байх ёстой. Тиймээс хамар нь хийн молекул дахь өчүүхэн өөрчлөлтийг тун нарийн мэдэрдэг.

Өмнө тайлбарласанчлан хамгийн мэдрэмтгий мэдрэмж болох үнэрлэх мэдрэхүй нь нэг төрлийн үнэрийг удаан хугацаагаар үнэрлэвэл мэдрэлээ алдаж, дасан зохицдог. Үүний дүнд бидний тархи эвгүй үнэрээс болж хямарч, стресст орохоо больдог. Үнэрлэх мэдрэхүйн энэ мэт онцлог ч бас л амьд оршиход зайлшгүй шаардлагатай хүчин зүйл аж.

Амтлах мэдрэхүйг хариуцдаг хэл нь шингэн химийн бодисуудыг мэдэрдэг. Хэл чихэрлэг, исгэлэн, шорвог, гашуун гэсэн дөрвөн төрлийн амтыг ялгаж мэдэрдэг. Эдгээр амтыг хослуулан, үнэрлэх мэдрэхүйн тусламжтайгаар бид янз бүрийн амтыг мэдэрч чаддаг. Тэр дундаа ялангуяа гашуун амтыг мэдрэх босго хэмжээ нь маш бага байдаг тул тэр амтыг бид маш эмзэг мэдэрдэг. Энэ нь биед хор учруулж болзошгүй бодисууд ихэвчлэн гашуун амттай байдаг болохоор тэр.

2. Хүрэлцэх мэдрэхүй ба сонсох мэдрэхүй

Хүрэлцэх мэдрэхүйг хариуцдаг арьсны нийтлэг шинж нь өвчин мэдрэх, даралт мэдрэх даралтын цэг, дулаан мэдэрдэг халууны цэгүүд, хүйтэнд мэдрэгддэг хүйтний цэгүүд тархсан байдаг. Эдгээр мэдрэхүйн цэгүүд нь арьсан дээр жигд тархсан байдаг тул бид хүрээлэн байгаа орчноо тодорхой мэдэж чаддаг. Хэрэв бид өвдөлт мэдрэхгүй, халуун хүйтнийг мэдэрч чаддаггүй байсан бол бидний бие ямар байдалд орж болохыг төсөөлөөд нэг үз дээ. Янз бүрийн арга замаар орчин нөхцөлдөө дасан зохицож, зохих арга хэмжээ авдаг нэн тохиромжтой тогтолцоо бидэнд байдаг гэхэд болно.

Харах, сонсох чадвараа алдсан Хелен Келлер хэлэхдээ “Харж чадахгүй байх нь хүмүүсийг эд зүйлээс хол байлгадаг бол сонсож чадахгүй байх нь хүмүүсийг хүмүүсээс холдуулдаг” гэсэн байдаг. Олон хүн сонсголоос илүү харах мэдрэхүйг чухалд тооцдог боловч хараагүй хүнээс илүү сонсголгүй хүн нь баяр баясал аз жаргалын чанарыг бууруулдаг гэлцдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр сонсох нь бидний бодож байгаагаас ч илүү чухал гэсэн үг юм.

Сонсох мэдрэхүйг хариуцдаг чих сонсох давтамж гэгдэх 20 герцээс 20000 герцийн хэлбэлзэлтэй дуу чимээг сонсож чаддаг. Самбар дээр хумсаараа чахруулан маажих чимээ нь шар үс арзайлгам сонсогддог шалтгаан нь энэхүү сонсох давтамж дундаа өндөр давтамж бүхий чимээ гаргадагтай холбоотой юм. Харин эсрэгээрээ хүний ​​дуу хоолой нь хамгийн бага энерги зарцуулан сонсогдохуйц хэмжээнд байдаг. Хүний чихээр сонсох боломжгүй 20000 герцээс дээших чимээг “хэт авианы долгион” гэж нэрлэдэг. Хэрэв бид эдгээр дууг сонсож чаддаг бол сарьсан багваахай, далайн гахайнуудын дууг ч сонсох хэрэг гарна. Бүх чимээг сонсдог байлаа гээд тийм ч таатай зүйл биш юм.

Таван мэдрэхүйд багтаагүй ч биеийн тэнцвэрийг хариуцдаг тэнцвэрийн мэдрэхүйн эрхтэн нь сонсгол хариуцдаг чихэн дотор байдаг. Биеийг хазайх, хэлбийх байдал, байрлал, хурд, эргэлт зэргийг хэлж өгдөг. Тиймээс бидний бие хэвтэж байна уу, зогсож байна уу, хэр хурдтай хөдөлж байгаагаа нүдээрээ харахгүй байсан ч мэддэг шалтгаан энэ.

Эргэн тойрны хүрээлэн буй орчноос гадна бидний бие яг ямар байдалтай байгааг тодорхой мэдэх нь бидний амьд оршин тогтноход зайлшгүй хэрэгтэй. Мэдэж байж л хамгийн тохиромжтой арга хэмжээг авах юм чинь аргагүй шүү дээ. Олон янзын дохио, мэдээ мэдээлэл байдаг ч хүний мэдрэхүйн хүч чадал нь тэдгээрээс амьд оршин тогтноход зайлшгүй хэрэгтэй хүрээн дэх дохиоллыг л хүлээн авч, түүнээс бусад дохиоллыг нь хүлээж авдаггүй.

Кинон дээр супермэн хүмүүстэй хамт амьдрахын тулд онцгой чадвараа хичнээн их нууж байгаа нь харагддаг. Энэ бүхнийг эргэцүүлээд үзэхээр хүний ​​мэдрэхүйн чадвар амьдрахад хамгийн тохиромжтой байгааг мэдэж болохоор байна. Бусдад харагддаггүй зүйлсийг харж, бусдад сонсогддоггүй зүйлсийг сонсоод байвал стрессээс болоод хэвийн амьдарч чадахгүй болно. Хүн илүү ч биш, дутуу ч биш хамгийн тохиромжтой мэдрэхүйн хүч чадалтай байдаг байх нь. Ийм хүч чадал бидэнд хэрхэн оногдоо юм бол?