Бага эхлэл ба агуу төгсгөл

24,749 үзэлт

Одоо бид эхлэл нь бага байсан ч Бурханы ивээлээр биелэх агуу төгсгөлийг харах итгэлийн амьдралаар замнажбайгаа билээ. Тиймээс Бурхан энэ ертөнцийн бусад хүмүүст бус, амлалтын хүүхдүүд болох бидэнд л зөвхөн амласан амлалт нь дараах ерөөлийн айлдал юм.

“Эхлэл чинь бага байсан ч төгсгөл чинь агуу их болно.” Иов 8:7

Ертөнцийн бүх зүйлд эхлэх нэг цаг байхад төгсөх нэг цаг зайлшгүй ирнэ. Сайн мэдээний түүх ч бас адилхан. Бидний сайн мэдээний ажил эхэндээ бага байсан ч явцын дунд цаашид төгсгөл нь улам агуу болно. Бид сайн мэдээний үйл явцын үр дүн, өсөлт хөгжлийг өнгөрсөн үед ч харсаар ирсэн. Одоо ч харж байна. Цаашид ч байнга харах болно.

Агуу төгсгөлийг авчирдаг үл үзэгдэх хүчний эх үндэс

Юм бүхэн эхлэл төгсгөлтэй бөгөөд эхлэл төгсгөлийн хооронд явц гэж зайлшгүй бий. Тэгвэл сайн мэдээний тэр явцад ямар хүч үйлчилж байж бага эхлэлээс агуу төгсгөлийг авчирдаг юм бол? Сайн мэдээний ажлын бага эхлэлийг агуу төгсгөл болоход нөлөөлдөг нүдэнд үл үзэгдэх тэр хүчний эх үндэс нь чухамдаа юу болохыг Матай номноос судалж үзье.

“Есүс тэндээс цааш явж байтал хоёр сохор хүн… гэж хашхиран Түүнийг дагажээ. … —Итгэлийн чинь дагуу болог гэсэнд тэд хараа оржээ. …”Мат 9:27-30

Есүс хараа оруулна гэдэгт хоёр сохор хүн бат итгэсэн бөгөөд тэрхүү туйлын итгэл нь л харанхуйн цөхрөлөөс нь ангижруулж, гялалзах гэрлийг харж чадах гайхамшигт үр дүн авчирсан юм. Бурхан биднийг яг тийм туйлын итгэлтэй байх үед л агуу төгсгөлийг өгдөг. Тиймээс Бурхан “Итгэлийн чинь дагуу болог” гэсэн чин сэтгэлийн дуу хоолойгоо ахин дахин сонсгож байдаг билээ.

Бурханы үнэнийг хайж байсан нэг хүнтэй таарсан гэж бодъё. Үнэнийг дамжуулах явцдаа “Энэ хүн ер нь үнэнийг хүлээж авах болов уу, үгүй болов уу?” гэж эргэлзээд байвал үр жимс гаргаж чадахгүй. Харин “Бурхан өнөөдөр л энэ хүнд аврал өгөхөөр төлөвлөж, надтай уулзуулсан байж таараа” гэсэн баттай итгэлээр тунхаглавал тэр итгэлийнхээ дагуу ивээлтэй үр дүнд хүрэх нь гарцаагүй.

Шөнийн тэнгэрийг гийгүүлдэг сарны гэрлээр дамжуулан энэхүү зүй тогтлыг бид амархан ойлгож болно. Сар өөрөө гэрэл гаргаж чадахгүй, нарнаас гэрэл авч гэрэлтэж байж л дараа нь энэ дэлхийг гэрэлтүүлдэг. Нарны гэрлийг сар хэр тусгаж авсан тэр хэрээр харагддаг. Сарны гадаргуун тал нь нарны гэрлийг авбал тал сар харагдаж, нарны гэрлийн өчүүхэн хэсгийг тусгаж авахад хавирган сар, дэлхийн сүүдэрт халхлагдалгүй нарны гэрлийг бүрэн тусгаж авах үед тэргэл сар харагддаг.

Бурхан бол гэрэл бөгөөд (1Иох 1:5) бүх огторгуй ертөнцийг гэрэлтүүлдэг. Бид сартай адилхан Бурханаас гэрэл авч, түүнийгээ энэ харанхуй ертөнц рүү тусгаж байгаа юм. Гэвч сарны хувьд нарнаас хэр их гэрэл авснаасаа хамааран шөнийн харанхуйг гэрэлтүүлэх хэмжээ нь өөр өөр байдаг шиг Бурханд итгэх бидний итгэл ямар байхаас шалтгаалан биднээс ойх сайн мэдээний гэрэл болон гэрэлтэх хэмжээ нь өөр өөр байдаг.

Итгэлийн маань хэмжээ хавирган сар шиг бол хавирган сарны хэмжээнд л ертөнцийг гэрэлтүүлж, тал сарны хэмжээтэй бол тал сарны хэмжээгээр ертөнцийг гэрэлтүүлнэ. Харин хавирган сар юм уу тал сарны хэмжээтэй итгэлтэй бол тэргэл сарны гаргадаг гэрлийн дайтай гэрэлтүүлж чадахгүй.

Гэрэл болсон Бурханы хүч чадал, ивээлийг бид энэ ертөнцөд гэрэлтүүлэх ёстой. Тэгвэл Бурханы яруу алдрын гэрлийг гэрэлтүүлэхдээ итгэлийн гэрэл маань ямархуу цацрах ёстой вэ? Бурхан бидний хүсэж буй үр дүнгийн талаар үргэлж “Итгэлийн чинь дагуу болог” хэмээн айлддаг.

“Үзэгтүн, нэгэн саа өвчтөнийг хэдэн хүн дэвсгэртэй нь авчрав. Тэгээд дотогш нь оруулж, Түүний өмнө… Итгэлийг нь харсан Есүс —Анд минь, нүгэл чинь уучлагдсан…”Лук 5:18-26

Саа өвчтөн болоод түүнийг дэвсгэртэй нь авчирсан хүмүүс бүгд Есүст өвчнийг нь эдгээх хүч чадал бий гэдэгт бүрэн итгэсэн юм. Есүс тэдний энэ итгэлийг хараад итгэлийнх нь дагуу нүглийн уучлалын ерөөл соёрхсон.

Хэрвээ бид бодит байдлыг л зөвхөн хараад байвал бидний итгэл унахад хүрнэ. Харин тухайн нөхцөл байдлыг итгэлийн нүдээр харвал бодит ертөнц алдагдах нь гарцаагүй. Нийтлэг ойлголт, итгэл хоёр ямагт нэг нэгнээ эсэргүүцэж байдаг. Харин Бурханаас нүглийн уучлал авсан тэдгээр хүмүүс нийтлэг ойлголтонд найдалгүй, нийтлэг ойлголтоор шийдэх боломжгүй асуудлыг Есүст найдан шийдвэрлэсэн юм.

Бид агуу төгсгөлийг хүсвэл эдгээр хүмүүс шиг туйлын итгэлээр бидний өмнө өгсөн явцыг итгэмжтэйгээр туулах хэрэгтэй. Тэгэх үед Бурхан амласан ёсоороо агуу ивээлтэй үр дүнг бидэнд өгнө.

“… Сүнсэндээ ядуус ерөөлтэй еэ! Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. Гашуудагсад ерөөлтэй еэ! Тэд тайвшрал авах болно. …”Мат 5:1-12

Эхлэл нь бага, сүнсэн дотроо ядуу байсан ч төгсгөлд нь тэдгээр хүмүүс тэнгэрийн хаанчлалыг авах ерөөл хүртэж, эхэндээ гашуудаж байсан ч төгсгөлд нь тайвшрал авна гэж Бурхан амласан. Үүний адил Бурхан биднийг хэцүү бэрхшээлтэй байдалд эхлүүлсэн ч төгсгөлд нь ивээлтэй элбэг хангалуун үр дүнг зайлшгүй өгөх юм.

Агуу төгсгөлийн төлөө бос, гэрэлт

Агуу төгсгөлийг чиглэн явах аян замд маань янз бүрийн зовлон бэрхшээл тулгарч мэднэ. Хамгийн чухал зүйл нь Бурханыг гэсэн бидний итгэл. Бүгдийг чадагч Бурхан юм бүхнийг хийж чадна. Бид нэгэнтээ эхэлсэн байхад Бурхан бидэнд агуу төгсгөлийг гарцаагүй өгнө. Тиймээс агуу байхаас өөр аргагүй түүхэн цаг үе зайлшгүй ирнэ гэдэгт бид итгэх ёстой.

“Бос, гэрэлт. Учир нь гэрэл чинь ирж, ЭЗЭНий алдар чиний дээр мандаж байна. … Үндэстнүүд гэрэл уруу чинь, хаад мандах туяа уруу чинь ирнэ. …”Иса 60:1-22

Сүүлийн үед тэнгэрийн гэр бүлүүд маань Сион руу олноороо цутган ирж байна. Мөн гэмшилд нэг сүнсийг ч болов илүү хөтлөх сөн гэх манай гэр бүлүүдийн хүсэл зориг ч гал мэт шатаж байна. Үндэстнүүд, хаад бүгд биднээр дамжуулан Бурханы гэрлийг хараад үүл мэт, үүрэндээ буцах тагтаанууд мэт нисэн ирнэ. Бид тэрхүү агуу түүхэнд итгэх үед Бурхан бүх хүслийг маань гүйцээх юм.

“Хамгийн өчүүхэн нь мянга болж, хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би цагт нь яаравчлуулах болно” (Иса 60:22) хэмээсэн ивээлтэй үгэнд итгэж, Бурханы амлалт биелэгдэх явцын дундах хэцүү бэрхийг ялах хэрэгтэй.

“Над дээр Эзэн БУРХАНы Сүнс байна. … Тэд ЭЗЭНий ерөөсөн үр удам гэдгийг харсан бүгд нь мэдэх болно.”Иса 61:1-9

Бурханы ерөөсөн үр удам нь хэн бэ? Бурханы амлалтанд багтсан зуун дөчин дөрвөн мянга биш гэж үү?

Эхлэлгүйгээр агуу төгсгөл гарна гэж байхгүй. Бурхан бидэнд “Эхлэл чинь бага байсан ч төгсгөл чинь агуу их болно” гэж амласан байхад бидний ирээдүй агуу байхаас ч өөр аргагүй. Түүнчлэн Бурхан “Итгэлийн чинь дагуу болог” хэмээсэн тул үр бүтээлтэй, агуу төгсгөлтэй байх хэмжээний бат итгэлтэй байх хэрэгтэй.

Бурханы ажил эхлэл нь бага байсан ч Бурхан цагт нь яаравчлуулан биелүүлж, төгсгөл нь агуу их болно гэдгийг сэтгэлдээ хоногшуулж, итгэл болон үйлсээрээ цаг ямагт Бурханы ерөөлийг авах хүүхдүүд болцгооё. Сионы гэр бүлүүд ээ! Халуун сэтгэлээр Бурханд үйлчилж, хүслийнх нь дагуу авралын сайн мэдээ илүү хичээнгүйлэн тунхаглаж, бүх ертөнцийг аварцгаая.