Үг чухал

34,267 үзэлт

“Ганц үгээр мянган өр төлнө” гэдэг солонгос хэлц үг бий. Нэг үг бүр мянган өр төлөхүйц тийм чухал гэсэн утгатай үг л дээ. Бурхан ч мөн Библийн олон хэсэгт үгийн чухлыг сургамжилсан байдаг.

Библиэр дамжуулан үгийн чухлыг судалж үзэцгээе.

1. Үг нь бидний сэтгэлийн тольтой адилхан юм.

Мод сайн аваас үр жимс нь сайн, мод муу аваас үр жимс нь муу. Учир нь мод үр жимсээрээ танигдана. Хорт могойн удам аа! Та нар ёрын муу атлаа сайныг ярьж яаж чадна вэ? Учир нь зүрхнийхээ бялхалаар ам ярьдаг. Сайн хүн сайн баялгаасаа сайныг гаргадаг, муу хүн муу баялгаасаа муу муухайг л гаргадаг. Мат 12:33-35

Есүс айлдахдаа сайн хүн сайныг ярьж, муу хүн мууг ярьдаг гэсэн байдаг. Бурханлаг чанарыг дуурайсан эелдэг дөлгөөн, сайн хүн цаг ямагт Бурханд талархал, яруу алдар өргөж, ойр тойрныхондоо ч эелдэг сайхан үг хэлдэг. Харин тийм биш хүн нь Бурханыг харахад зохисгүй, зүй бус, муу муухай үгээр хэлж ярьдаг. Хүн сэтгэл нь юугаар бялхаж байгаагаа л өгүүлдэг гэсэн Библийн сургаалыг санаж, Бурханы сайхан чанарыг дуурайхын төлөө хичээж, ивээлтэй сайхан үгээр ярих гэж мэрийцгээе.

2. Ивээлгүй үг нь зүй бус үр дагаврыг авчирдаг.

Учир нь бид цөмөөрөө олон юман дээр бүдэрдэг. Үгэн дээрээ бүдэрдэггүй нэгэн байваас, тэрээр бүх биеэ хазаарлах чадвартай төгс хүн болой. … Мөн усан онгоцуудыг хар. Тэдгээр нь хэдийгээр агуу том болоод зогсохгүй хүчит салхинд туугддаг боловч жижигхэн залуураар залуурчийн хүссэнээр жолоодогддог. Түүнчлэн хэл ч гэсэн биеийн жижиг эрхтэн атлаа агуу том зүйлсээр сайрхдаг ажээ. Харагтун, өчүүхэн гал ч ямар их ой модыг түймэрддэг билээ. Хэл бол гал бөгөөд зүй бусын ертөнц аж. Хэл нь бидний эрхтнүүдийн дунд байж бүх биеийг бузарладаг. Хэл бидний амьдралын хүрдийг галдан шатаадаг бөгөөд өөрөө тамаар асаж байдаг. Иак 3:2-6

“Хэл бол гал” гэсэн байна. Өчүүхэн гал ой модыг түймэрдэж, уулыг бүхэлд нь шатаадаг шиг юу ч биш ганц үг асар том нүгэл үйлдүүлж ч мэднэ. Мөн тийм үг эргэн тойрны хүмүүсийнхээ итгэлийг ч хүртэл алдахад хүргэж, зүй бусын үр дагавар авчирдаг. Тиймээс бид хэлэх үгэн дээрээ бүдрэхгүй байхын төлөө цаг ямагт анхаарч, Бурханы мэлмийд төгс хүн болох ёстой юм.

3. Үгээр Бурханы яруу алдрыг гаргаж ч, халхалж ч болно.

Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг. Мат 5:16

Бурханд итгэдэггүй хүмүүс Бурханы хүүхэд болсон бидний үг үйлдлээс Бурханыг ухаарах боломжтой юм. Бидний хэлсэн ганц ивээлтэй үг Бурханы яруу алдрыг гаргаж болно. Түүнчлэн бид муу муухай, зүй бус ганц үгээрээ Бурханы яруу алдрыг халхалж ч мэднэ. Бид хэзээ ч хаана ч үргэлж л Бурханы хүүхэд шиг сайхан үгээр ярьж Бурханд итгэдэггүй хүмүүст үлгэр дуурайл үзүүлэн, тэднийг ч бас Бурханыг алдаршуулдаг болгохын төлөө хичээх ёстой.

Дээр хэлсэнчлэн Бурхан үгийн чухлыг дахин дахин онцолсон байдаг. Бид Бурханы алдрын төлөө бүтээгдсэн хүмүүс (Иса 43:7). Цаг ямагт ивээлтэй сайхан үгээр ярьж, Бурханаа алдаршуулан Бурханд баяр баясгалан өргөх Бурханы хүүхдүүд болоорой.

Тунгаах зүйлс
Бурханлаг чанарыг дуурайсан дөлгөөн, сайн сайхан хүн ямар үг хэлдэг вэ?
“Хэл бол гал” гэсэн нь ямар утгатай вэ?
Үг үнэхээр чухал юм байна гэдгийг ухаарсан тийм хором мөч танд байсан эсэхээ бодож нэг үзээрэй.