Шинэ гэрээний үед Амралтын өдөр, Алгасал баяр гэх мэт хуулиуд Есүсээс хойш хүчингүй болсон тул сахих шаардлагагүй гэж үздэг хүмүүс бий. Тэдний үг хэр үндэслэлтэй вэ?

11,801 үзэлт

Хуулийн тухай ярихад олон хүн үүнийг хуучин гэрээний үед зөвхөн израильчуудад л хамаатай байсан хууль гэж ойлгодог. “Шинэ гэрээний үед Есүсийн загалмайн золиосоор бүх хүнд нигүүлсэл үнэгүйгээр өгөгдсөн тул цаашид хууль дагаж мөрдөх шаардлагагүй болсон” гэж тэд ярьдаг. Гэвч Библийн сургаал тэдний бодлоос тэс ондоо.

Мосегийн хууль ба Христийн хууль

Библид 2 төрлийн хууль байдаг. Нэг нь Мосегоор дамжуулан Бурханы өгсөн Мосегийн хууль, нөгөө нь Есүсийн тогтоосон шинэ гэрээний хууль буюу Христийн хууль. Христийн хууль нь Есүсийн төгс болгосон хууль юм. Шинэ гэрээний үе рүү шилжихэд Есүс хуучин гэрээний хуулийг шинэчилж, гүйцэлдүүлсэн юм.

“Хуулийг эсвэл эш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болгохоор Намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болгохын тулд бус, харин гүйцэлдүүлэхийн тулд Би ирсэн юм.” Мат 5:17

Мосегийн хууль нь израильчуудын махан биеийн ерөөлтэй нягт холбоотой хууль байсан бөгөөд сүнсний авралын амлалттай шинэ гэрээний хууль гарч иртэл энэ нь хүчинтэй байх юм (Гал 3:24-25). Элч Паул үүнийг ухаарсан тул Мосегийн хуулийг бус харин Христийн хуулийг дагасан байдаг.

“Иудейчүүдийг олж авахын тулд би иудейчүүдэд иудей адил, хуулийн доор байгсдыг олж авахын тулд би өөрөө хуулийн доор бус атлаа хуулийн доор байгсдад хуулийн доор байгч мэт, хуульгүйчүүдийг олж авахын тулд (хэдийгээр би Бурханы хуулиас ангид бус харин Христийн хууль дор байдаг атлаа), хуульгүйчүүдэд хуульгүй нэгэн адил,” 1Кор 9:20-21

Хуулийн доор байгсад гэсэн нь Мосегийн хуулийг дагадаг иудейчүүд юм. Паул өөрийгөө “хуулийн доор бус” гэсэн нь тэрээр Мосегийн хуулийг сахидаггүй байсан гэсэн үг. Харин тэрээр өөрийгөө “Христийн хуулийн дор байдаг” гэсэн нь Христийн хууль сахидаг байснаа өгүүлжээ.

Дээр дурдсанчлан шинэ гэрээний үед ч хууль байх нь гарцаагүй. Библид хууль хүчингүй болсон гэж байгаа бол тэр нь хуучин гэрээний хуулийг заасан болохоос бүх хууль хүчингүй болсон гэсэн үг огт биш. Мосегийн хуулийг төгс болгож гүйцэлдүүлсэн Христийн хууль нь өнөө үед бидний сахих ёстой хууль юм.

“Тахилчийн үүрэг өөрчлөгдөхөд хууль ч өөрчлөгдөх зайлшгүй байдал бий болдог.” Евр 7:12

Өөрчлөгдөх гэсэн нь “засаж шинэчлэх” гэсэн утгыг агуулж байна. Хуучин гэрээний үед Мосегийн хуулийн дагуу хурга нядалж, сахидаг байсан Амралтын өдрийн хууль нь шинэ гэрээний үед сүнсээр, үнэнээр мөргөх хэв маягтай болж өөрчлөгдсөн юм. Мөн хурга нядлахын оронд Алгасал баярын хурганы бодит болж ирсэн Есүсийн бие, үнэт цусыг бэлгэдсэн талх, дарсаар тэмдэглэдэг болсон. Ийнхүү Амралтын өдөр, Алгасал баярыг тэмдэглэх хэв маяг өөрчлөгдсөн болохоос уг хууль устаж алга болсон юм огт биш. Тиймээс эцсийн өдрүүдэд диаволыг эсэргүүцэх Бурханы ард түмэн Бурханы тушаалуудыг сахина хэмээн Библид гэрчилдэг.

“Луу (диавол) мөнөөх эмэгтэйд хилэгнэж, Бурханы хуулиуд болон Есүсийн гэрчлэлийг сахидаг, эмэгтэйн бусад үр удамтай нь дайтахаар явав. Тэгээд тэр тэнгисийн эргийн элсэн дээр зогслоо.” Илч 12:17

“Бурханы тушаалууд хийгээд Есүст итгэх итгэлийг сахидаг ариун хүмүүсийн тэвчээр энд байна.” Илч 14:12

Бурханы тушаалууд гэсэн нь Есүсийн өөрчилж, төгс болгож гүйцэлдүүлсэн Христийн хууль юм. Эцсийн өдрүүдэд аврал авах Бурханы жинхэнэ ард түмэн нь Христийн энэхүү хуулийг сахигчид юм.

Бурханы хууль сахигчдын авах аврал

Бурхан зүрхэнд нь Бурханы хууль байгчдыг Өөрийн ард түмнээ гэж хүлээн зөвшөөрч, авралаа амласан байдаг.

“Үнэн зөвийг мэддэг, зүрхэнд нь Миний хууль буй ард түмэн Намайг сонсогтун. Хүний зэмлэлээс бүү ай. Доромжлолоос нь бүү эмээгтүн. Учир нь дээл хувцас мэт, тэднийг хивэн эрвээхэй идэж, ноос мэт, тэднийг өт хорхой иднэ. Харин зөвт байдал минь мөнхөд, аврал минь үеийн үед байна.” Иса 51:7-8

Нөгөөтэйгүүр Бурхан хууль сахидаггүй хүмүүсийн залбирлыг жигшүүртэй гэж үздэг.

“Хуулийг үл сонсдог хүний залбирал нь ч хүртэл жигшүүртэй.” Сур.Үгс 28:9

Хууль нь аль ч цаг үед Бурханаас ерөөл авах арга хэрэгсэл байсан тул бид зайлшгүй сахих ёстой. Сатан биднийг хууль сахиулахгүй гэж Еден цэцэрлэгийн үеэс эхлээд л Бурханы хуулийг устгах гэж оролдсоор ирсэн бөгөөд одоо ч эцэс төгсгөлгүй элдэв заль мэх хэрэглэсээр байгаа.

“Тэрээр Хамгийн Дээд Нэгэний эсрэг үг хэлж, Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийг дарлан туйлдуулна. Тэрээр цаг үеүд ба хуулийг өөрчлөхийг зорих болно. Тэгээд нэг цаг үе, цаг үеүд, хагас цаг үеийн турш тэд гарт нь тушаагдана.” Дан 7:25

Бүтээгч Эзэний хүч чадлыг дурсах долоо дахь өдрийн Амралтын өдрийг МЭ 321 онд нарны бурханд мөргөх өдөр буюу ням гарагт болгон өөрчилсөн. Мөн биднийг нүглээс аварсан Аврагч Эзэний дурсгалын өдөр болох Алгасал баярыг МЭ 325 онд устгаж, нарны бурхны төрсөн өдөр буюу 12 сарын 25-ныг Христийн мэндэлсэн өдөр болгон өөрчилсөн.

Ямар ч эрх мэдлээр тогтоогдсон бай Бурханы тушаагаагүй аливаа зүйл нь ёс бус бөгөөд хүний ​​тушаал юм. Хэрэв та Бурханаас аврал авахыг хүсдэг христчин хүн мөн л бол хүний тушаалыг биш харин энэ үед төгс тушаал болгон соёрхсон Христийн хуулийг дагах ёстой.

Бурханы тушаалыг шижир алтнаас ч илүү хайрлацгаая

“Иймээс би Таны тушаалуудад алтнаас ч, шижир алтнаас ч илүүгээр хайртай юм.” Дуу 119:127

Бурхан Сатаны устгасан Христийн хуулийг сэргээхийн төлөө энэ дэлхий дээр хоёр дахиа ирсэн (Евр 9:28). Тиймээс бид үхэл хүртэл Өөрийгөө золиослон байж Бурханы сэргээсэн Христийн хуулийг, түүнд агуулагдсан Бурханы хязгааргүй их хайрыг ухаарах ёстой. Бид Бурханы хуулийг Давид шиг нандигнан хайрлаж, сахиснаараа Бурханы зөвт байдлыг дэлхий дахинд харуулах учиртай.