Египетийн захирагч Иосефын өмнө арван нэгэн хүн сөгдөн мөргөцгөөнө. Нэгнийх нь уутнаас Иосефын мөнгөн аяга олдож, тэднийг байцаах үед эл явдал тохиов.
“Та нар юунд ийм хэрэг хийв?”
Иосеф уурсан зандрав. Харин үнэндээ энэ бүх хэргийг тэрээр өөрөө сэдсэн аж.
Олон жилийн өмнө ах нараасаа болж Египет рүү зарагдсан Иосеф Египетийн захирагч болж Египет орныг бүхэлд нь удирдах болжээ. Айхавтар өлсгөлөнгийн үеэр Иосеф улсынхаа амбаарыг нээж нөөцөлсөн үр тариагаа зарж байх зуур Канаанаас Египет рүү үр тариа авахаар зорьж ирсэн ах нартайгаа дахин уулзав.
Иосеф ах нараа ганц хараад л танилаа. Харин ах нар нь Иосефыг таньсангүй. Иосеф ах нараа туршуул гэж бодож байгаа дүр эсгэн, тэднээр Канаанд байгаа отгон дүү Бениаминыгаа авчруулахаар болов. Эцэг Иаков руугаа буцаж ирсэн ах нар нь “Иосефыг алдчихаад одоо бас отгон хүүг маань алдах гээ юү” хэмээн ихэд цөхрөн буй аавыгаа тайвшруулаад, отгон дүүгээ дагуулсаар Египетэд буцан ирлээ. Иосеф эргэж ирсэн ах нараа чин сэтгэлээсээ дайлж, тэднийг Канаан руу буцах үед нь Бениамины уутанд өөрийн мөнгөн аягыг нууцаар хийн дараа нь түүнийгээ олж байгаа мэтээр арга сэдэн, ах нарыгаа хэрэгт гүтгэв. Ийнхүү тэднийг сорьж үзэв.
“Бид юу гэж хэлэх билээ. Үнэнч шударгаа яаж батлах вэ? Цөм таны зарц болъё.”
“Үгүй. Аяга хулгайлсан хүн л миний боол болж, та нар эцэг рүүгээ буцацгаа.”
Иосеф ах нарынхаа хэлснийг үл ойшоосонд Иуда түүнд ойртон, отгон дүүгээ дагуулж ирэх хүртэлх учир байдлаа, эцгийнхээ сэтгэлийн зовнилыг нэгд нэггүй өчнө.
“Эцгийнх нь амь хүүгийнхээ амьтай холбоотой байдаг. Биднийг буцаж очиход энэ хүү байхгүйг үзээд эцэг маань үхэх болно. Намайг зарцаа болгож энэ хүүг явуулаач!”
Эцгээ энэрэн бодож, юу ч болсон отгон дүүгээ л аварчих юмсан гэж хичээх Иудаг хараад Иосефын сэтгэл уяран енгэнэтэл уйлж, эцэс сүүлд нь өөрийгөө хэн болохыг тэдэнд таниулав. Иосеф ах нартайгаа нулимстай нүдээр уулзлаа.
Аавынх нь хувьд хүү нь амь билээ. Хүүгээ алдана гэдэг түүнд хамгийн гашуун зовлон. Ах нартайгаа нийлж Иосефыг зарснаараа аавыгаа гүн гунигт автуулаад байсан Иуда эцэг нь дахин Бениаминыг алдан зовох вий гэж санасандаа юу ч болсон хамаагүй дүүгээ л хамгаалах гэв. Хожимдсон ч гэсэн эцгийнхээ сэтгэлийг ойлгож үнэхээрийн ачлалтай хандаж байгаа түүнийг Иосеф хараад сэтгэлийнх нь гүнд хуралдаад байсан үзэн ядалт замхран, тэдний гэмийг уучилжээ.
Иуда нэгэн цагт атаа хорслоосоо болж үйлдсэн гэм буруугаа үнэнээр гэмшсэн учир нь эцгийнх нь амь хүүгийнх нь амьтай холбоотойг ухаарсанд байж. Эцгээ дахиж л үр хүүхдээ алдах гашуун зовлонд унагахгүй юмсан гэсэндээ гаргасан зориг шийдвэр нь хагацаад байсан халуун ам бүлээ гайхамшигтайгаар дахин уулзалдахад хүргэсэн юм.
Биднийг л аврагдаасай гэж цаг үргэлж хүсэн суугаа тэнгэр Эцэг Эхийнхээ сэтгэлийг цөмөөрөө бодоцгооё. Тэгэх аваас бид тэнгэрт гэмшиж байгаагүйгээрээ гэмшиж, ах эгч дүү нартайгаа ч төвөггүйхэн нэгдэж чадах юм.