WATV.org is provided in English. Would you like to change to English?

Бие биеэ хайрладаг тэнгэрийн гэр бүл

392 Үзсэн тоо

Гэр бүл бол цусаар холбогдсон цусан холбоо, хайраар хэлхсэн холбоо юм. Ам бүлээрээ хамтдаа амьдардаг тэрхүү айл гэр хэмээх орон зайг хүн төрөлхтөн хайранд суралцах орчин гэдэг.

Мосегийн үед энэ газарт босгогдсон ариун газрыг тэнгэрийн ариун газрын хуулбар ба сүүдэр гэсэн байдаг (Евр 8:5). Үүн шиг газар дээрх гэр бүл нь тэнгэрийн гэр бүлийн сүүдэр юм. Тийм учраас бид Бурханыг Эцэг минь, Эх минь хэмээн дуудаж, Ариун Сүнс биднийг Бурханы хүүхдүүд хэмээн Өөрийн биеэр гэрчилдэг (Мат 6:9, Гал 4:26, Ром 8:12-16 үзэх). Тэнгэр Эцэг Эх маань бидэнд махан биеийн гэр бүлээр дамжуулан сүнслэг гэр бүл байдгийг ухааруулж, бидэнд тэнгэрийн хаанчлалын гэр бүлийн гишүүн болох эрхэм ивээл буулгасан билээ.

Тэнгэрийн хаанчлалын гэр бүлийн гишүүн болох бид тэнгэр Эцэг Эхийн хүслийг хүлээн авч, гэр бүлээсээ эхлээд бие биеэ халамжлан хайрлаж, итгэлээ авч явах ёстой. Бурхан хүн төрөлхтний төлөө амийн үнэн ба сургаалаа соёрхсон хэдий ч хэрэгжүүлдэггүй хүнд тэр бүх сургаал ямар ч ашиггүй.

Хайрын сэтгэл өвөрлөж, бие биеэ халамжлан, сүнсний авралын төлөө хичээн зүтгэдэг хайраар Сион үргэлж бялхан байхыг хүсье. Бурхан яагаад “Бие биеэ хайрлагтун” гэсэн үгийг шинэ тушаал болгон өгсөн талаар тунгаан бодоцгооё.

Хайр бялхсан эвсэг гэр бүл

Гэр бүлийн хайрыг өгүүлсэн сэдэвтэй нэг ийм түүх байдаг.

Нойр нь хулжиж, эргэж хургаж хэвтсэн нөхөр нь орноосоо босон, костьюмныхаа халааснаас үрчийж үнгэгдсэн 10000 вон (ойролцоогоор 21000 төгрөг) гарган ирж гэнэ. Эхнэрийгээ “Юун мөнгө вэ?” гэж асуухад нь “Яаралтай үедээ хэрэглэх мөнгө” гэснээ “Царай чинь цонхигор байгааг хараад санаа зовж тавгүйрхээд байна. Маргааш ганцаархнаа сэм махны буфет ороод, үхрийн мах сайн идээд ирээрэй” гээд нөгөө мөнгөө өгчээ. 10000-ын ганц дэвсгэртээ дэлгээд, гарт нь атгуулах нөхрөө харж зогссон эхнэрийнх нь нүдэнд нулимс цийлгэнээд ирэв. “Хөгшөөн, би зүгээр дээ, надад хэцүү юм алга даа.”

Урд орой нь нөхрөөсөө 10000 вон авсан эхнэр маргааш нь махны буфет явсангүй. Хэдэн өдрийн турш тамирдсан хадам аав нь л сэтгэлд нь тороод байв. Тэгээд тэрхүү 10000 воноо хормогчноосоо гаргаад, хөгшчүүлийн цугладаг газар очдог хадам аавынхаа гарт атгуулж гэнэ. “Аав аа, аравхан мянган вон шүү. Халаасны мөнгө ганц ч удаа өгч байгаагүйд уучлаарай. Бага ч гэсэн энэ мөнгөөр танд тусалж байсан найзуудтайгаа хундага юм хувааж уухгүй юу.”

Хадам аав нь бэрийнхээ сэтгэлд ихэд баярласан ч нөгөө талаар хэцүүхэн амьдралаа өөд татах гээд зүтгэж яваа бэр нь өрөвдмөөр харагджээ. Тэгээд тэр 10000 воноо хэрэглэлгүй, хөгшчүүл цугладаг газарт очоод сэтгэлээ ханатал гайхуулж гэнэ. “Энийг хар л даа. Манай бэр өнөөдөр надад халаасыг минь түнтийтэл мөнгө өгөөд л…” Тэгээд тэр мөнгөө хувцасны шүүгээндээ далд хийв.

Дараа жилийнх нь цагаан сараар ач охин нь өвгөнтэй золгожээ. Алгын чинээ жаахан охин нь суга өсөөд, дараа жил сургуульд орох гэнэ. Өвгөн золгуут хийж ирсэн ач охиноо харахаар л хайр нь хүрээд байв. Золгуут хийсний дараа өвгөн урьдчилан бэлтгэсэн 10000 воноо ач охиндоо цагаан сарын бэлэг болгон өгөв.

“Баярлалаа өвөө.”

Дараа жил нь сургуульд орох хүүхдэд ганцхан хүсэл л оволзож байв. Бэлгэнд мөнгө аваад, гал тогооны өрөөнд зочдын ширээ засаж байгаа ээжийгээ дуудлаа. “Ээж ээ, хичээлийн цүнх ямар үнэтэй байдаг билээ?” Ээж нь охиныхоо бодлыг ойлгосон мэт инээмсэглэв. “Яасан? Миний охин сургуульд ормоор байна уу?” Охин өвөөгөөсөө цагаан сарын бэлгэнд авсан 10000 воноо ээждээ өглөө. “Ээж, танд хадгалуулчихъя. Дараа жил надад гоё цүнх авч өгөөрэй.”

Сүүлийн үед эр нөхрийнх нь ажил хүндхэн байгаа бололтой байв. Нүүрэн дээрээ ил гаргахгүй ч өмнө нь тэгж байгаагүй хэрнээ зүүдэндээ хүртэл ярьж байв. Өглөө ажилд явахад нь бэлдэж өгдөг өдрийнх нь хоолонд өдөр бүр хачранд нь кимчи төдийхөн л хийдэг болохоор эхнэр нь чимээгүйхэн босоод, нөхрийнхөө костьюмны халаасанд охиныхоо хадгалуулсан 10000 воныг хийж орхив. “Хөгшөөн, маргааш сайхан хоол авч идээрэй. Тэнхээтэй байна шүү” гэсэн зурвасыг ч хамтад нь үлдээжээ.

Нэг айлд 10000 вон гэр бүлийн гишүүдийн гар дамжсаар, эцэстээ хамгийн анхны эзэн нөхөрт нь буцаад ирж гэнэ. Үнэндээ бол зөвхөн 10000 вон ч биш, хайр л дамжаад байсан нь тэр аж. Эд юмс элбэг хангалуундаа тэд бие биеэ хайрлаад байсан юм биш, хэдий бага ч гэлээ нөхөр нь өөртөө зориулалгүй эхнэртээ өгч, бэр нь хадам эцэгтээ, өвөө нь ач охиндоо, охин нь ээждээ, эхнэр нь дахиад нөхөртөө… Энэ мэт бие биеэ гэсэн 10000 вон нь арван мянга, хэдэн зуун сая дахин их үнэ цэнэ бүхий хайр бялхсан халуун ам бүлийг цогцлуулаагүй байна гэж үү?

Эндээс Бурхан яагаад манай тэнгэрийн хаанчлалын гэр бүлийг ч мөн бие биеэ хайрлагтун гэсэн болохыг бүрэн ойлгож болохоор байна. Гэр бүл дэх хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хайр юм. Манай тэнгэрийн хаанчлалын гэр бүлүүдийн хооронд ч ийм хайр илүү их бялхаж, сүм дээр ч, гэртээ ч бие биеэ хайрлах хэрэгтэй. Мөн үргэлж Бурханаа хайрлаж хүндлэн, сүнслэг ач хариулах тэнгэрийн хүүхдүүд болцгооё.

Бурханы өгсөн хайрын тушаал

Бурхан дэлхийн суурийг тавихаас өмнө биднийг нүдний цөцгий мэт хайрласан. Үеийн үед хайрласаар л байгаа. Бидэнд шинэ гэрээ өгөхдөө ч Бурханы захисан захиас нь хайр байсан юм.

“Бие биенээ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун гэсэн шинэ тушаалыг Би та нарт өгч байна. Бие биендээ хайртай байваас та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно гэлээ.”Иох 13:34-35

Шинэ тушаалыг өөрөөр шинэ гэрээ гэж илэрхийлдэг. Бурхан шинэ гэрээгээр нэгдмэл болсон манай тэнгэрийн хаанчлалын гэр бүлүүдээс “Бие биеэ хайрлагтун” хэмээн чухалчлан гуйсан. Энэ нь тэнгэрийн хаанчлалын гэр бүлийг хөтөлж буй тэнгэр Эцэг Эхийн хамгийн агуу хүсэл билээ.

Бурхан хайрын мөн чанарыг Өөртөө агуулдаг учраас үргэлж бидэнд хайрын сэтгэл өгч, биднийг ч бас бие биеэ хайрлаасай гэж хүсдэг. Сионы гэр бүлүүд маань Бурханы захисан шинэ тушаалыг сэтгэлдээ сийлээд, бүгд бие биеэ хайрладаг болох ёстой.

Тэгвэл ямар сэтгэлээс үнэн хайр цэцэглэж, үр жимс гаргадгийг Бурханы бидэнд өгсөн өөр нэг сургаалаас нь мэдэж авцгаая.

“Хэрэв би хүмүүсийн болон тэнгэрэлч нарын хэлээр ярилаа ч надад хайр үгүй бол би хий нүргэлэх харанга, хангинах цан аж. Хэрэв би эш үзүүлдэг мөн бүх нууц болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч, надад хайр үгүй бол би юу ч биш. Хэрэв би бүх өмч хөрөнгөө тараан өгч, биеэ шатаахаар тушаасан ч надад хайр үгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм. Хайр тэвчээртэй энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр агсганадаггүй, ихэрхдэггүй, зүй бус авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй, зүй бус юманд баярладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. … Эдүгээ итгэл, найдвар, хайр гурав үлддэг ч хамгийн агуу нь хайр мөн.”1Кор 13:1-13

Бурхан хайрыг хамгийн агууд тооцсон. Итгэлээр ч өсөж, найдвараар ч тасрахгүй байх ёстой. Гэвч хамгийн агуу нь хайр юм.

Итгэлийн замаар алхахдаа энэ газарт бас хайр дотор аз жаргалтай айл гэр, ам бүл бий болгох гээд үзье. Энэ нь их эд баялгаас мэдэрдэг аз жаргалаас өөр төвшний аз жаргал юм. Тийм аз жаргалыг газар дээр ч мөн эдлээд, хүүхдүүдийнхээ төлөө Бурхан бүхнийг бэлтгэж тавьсан мөнхийн тэнгэрийн хаанчлалд бүх гэр бүл хамтдаа орохоор хичээцгээе. Мөнхийн тэнгэрийн хаанчлалын эх нутагтаа буцаад очвол газар дээр байхдаа нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй, үнэхээр гайхамшигтай зүйлс тэнд бэлтгэгдсэн байгаа (1Кор 2:9).

Бид махан биеийн гэр бүлийн аз жаргалаар сүнслэг гэр бүлээ бас бодож үзэцгээе. Мөн сүнслэг хүүхдүүдийнхээ бүх гэм нүгэл, алдааг уучлах хүртэл золиослогдож, хичээл зүтгэл гаргасан сүнсний Эцэг Эхээ үргэлж бодоод хайр, ивээлд нь талархацгаая. Тиймээс махан биеийн гэр бүлийнхээ төлөө ч зүтгэж, сүнсний гэр бүлийнхээ хувьд ч бие биеэ хайрлан, бие биедээ хийж өгөх юм байна уу гэж анхаараад, сүнслэг тусламж үргэлж үзүүлэх хэрэгтэй юм. Өөрийн ашгийг бодож хүсэхээс илүү яавал хамтдаа илүү их ерөөл авч чадах уу гэж бодоод, сүнслэг зүйлсэд улам их сэтгэл гаргацгаая.

Бие биеэ хайрлах нь Бурханы хүсэл мөн

Тэнгэр Эцэг Эхийн мөн чанар нь хайр юм. Бид тэнгэр Эцэг Эхийн хүүхдүүд мөн л бол хайрлахыг мэддэг байх ёстой. Нүглийн ертөнцөд амьдрахдаа хайрлахыг мартаж, хувиа хичээж, өөрийгөө зөвтгөн, зөвхөн өөрийгөө л гэж амьдарч ирсэн бол одооноос бүх сүнсний гэр бүлээ боддог болох нь зүйтэй юм.

“Хайртууд минь, бие биенээ хайрлацгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг таньдаг. Эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр. Бурхан цорын ганц Хүүгээ ертөнцөд илгээсэн нь Түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурханы хайр бидэнд илчлэгдсэн юм. … Хайртууд минь, Бурхан биднийг ийнхүү хайрласан бол бид ч бие биенээ хайрлах учиртай. … Хэн нэгэн нь “Би Бурханыг хайрладаг” гэчихээд ах дүүгээ үзэн яддаг бол тэр худалч. Учир нь харсаар атлаа ах дүүгээ хайрладаггүй нь, хараагүй Бурханыг хайрлаж чадахгүй шүү дээ. Бурханыг хайрладаг нь ах дүүгээ мөн хайрлах ёстой. Бид энэ тушаалыг Түүнээс авсан билээ.”1Иох 4:7-21

“Бид ч бие биенээ хайрлах учиртай” гэсэн нь Бурханы хүсэл. Бурхан бол хайр учраас бид сэтгэл зүрхэн дэх хайраа үгүй хийвэл бидний дотор Бурхан орших газар байхгүй.

Нүгэл дотроо үхэхээс өөр аргагүй болсон хүүхдүүдээ аврахаар бидний адил хүний төрхөөр энэ газарт ирээд, өмнөөс минь нүгэл үүрч, Голготагийн толгод өөд алхалсан сүнсний Эцэг Эхээ бодохоор тэрхүү ивээл, хайраас нь урвах эрх бидэнд байхгүй. Бидний төлөө зориулсан хязгааргүй их хайранд чин сэтгэлээсээ талархаад, өчүүхэн зүйлээр ч болов хариулах хэрэгтэй юм. Эцэг Эхийнхээ хийсэнтэй адил нэг сүнсийг ч болов аврах үйлсэд бүх зүрх сэтгэлээ зориулах ёстойн учир ч мөн үүнд оршдог.

Хүмүүн гэгч ганцаар амьдардаггүй, нийгмийн амьтан. Сүнсээр ч мөн адил болов уу гэж санана. Хичнээн итгэл сайтай хүн байлаа ч үргэлж л Бурханы тусламж хэрэгтэй болдог бөгөөд эргэн тойрных нь туслалцаа хэрэг болох үе ч зайлшгүй гарна. “Харсаар атлаа ах дүүгээ хайрладаггүй нь хараагүй Бурханыг хайрлаж чадахгүй шүү дээ” хэмээн айлдсан үгийг тунгаан, сүнсний гэр бүлүүд цаг ямагт бие биеэ анхаарч байя. Тэгэхгүй бол тэнгэрийн хаанчлал өөд чиглэж байсан тэдний алхаа итгэл суларснаас болоод өөр буруу зам руу хазайчихаж мэдэх юм. Тиймд чанга гэгч нь зуураад хөтөлж өгцгөөе.

1Иохан, 1Коринт номонд бичигдсэн хайрын тухай сургаалууд бүгд л бидний хэрэгжүүлж байх учиртай амийн үнэн юм. Тийм байтал хайр хамгийн агуу гэдгийг мэддэг мөртлөө сайн хэрэгжүүлэхгүй, ичээд илэрхийлж чаддаггүй, сэтгэлдээ л тээгээд явах тохиолдол байдаг бололтой. Жирийн хүмүүст хэцүү байж болно. Харин хайр болсон Бурханы хүүхдүүд чадах учраас л Бурхан бидэнд бие биеэ хайрлагтун хэмээн тушаасан биш үү?

Төгс хайранд хүрэх үед л бурхан чанарыг хуваалцагч болж чадна. Бие биедээ урам хайрлаж, аргадан тайвшруулж, тэрхүү хайрынхаа хүчээр мөнхийн тэнгэрийн хаанчлалд бүгд цугтаа хангалттай орох тэнгэрийн гэр бүл болцгооё (2Пет 1:4-11).

Хайр дагуулах урмын үг

Нэг удаа хүүхдүүдийн дунд “Аав ээжээсээ хамгийн их хүсдэг зүйл нь юу вэ?” гэсэн санал асуулга явуулжээ. Уг санал асуулгын үр дүнгээс харахад хамгийн их хариулт авсан нь үнэтэй тоглоом, гадуур хооллох, парк дээр тоглуулах биш, харин эцэг эхийн халуун дулаан урмын үг байсан гэдэг.

Үр хүүхдүүддээ “урам хайрлах” гэгч бэлгийг их өгч байгаарай. Эцэг эхдээ ч мөн адил. Эр нөхөрт тань урам хэрэгтэй. Эхнэрт тань ч урам хэрэгтэй. Дээр өгүүлсэн бяцхан түүхэнд ч мөн эхнэрээ гэсэн нөхрийн урам байсан шүү дээ. Бусдын адил хангалуун амьдруулж чадаагүйдээ сэтгэл нь зовнин, хүнд мэдэгдэлгүй эхнэртээ урам өгсөн байв. 10000 воноор амттай хоол хангалттай авч идэж чадахгүй ч халуун сэтгэлээрээ урам хайрласан байна. Тэр сэтгэл нь л талархмаар зүйл байсан болохоос тэр мөнгөнд утга учир байсангүй. Эхнэрийнх нь авсан урам толгой гудайн явдаг хадам аавд дахиад л ихээхэн урам болжээ. Хадам аав ч мөн бэрийнхээ өгсөн урманд хүч орж, тэр мөнгийг нь хамаагүй үрсэнгүй. Тэгээд бүх гэр бүлээрээ бие биедээ урам өгөхөд нэгдмэл сэтгэлтэй, хүчтэй болцгоосон байна.

Сионы гэр бүлүүд бас үүнтэй адил хэдий ертөнцийн хүмүүсийн нүдээр тийм ч хээнцэр тансаг, ая тухтай амьдарч харагдахгүй ч Бурханы дотор үнэхээр сайн сайхан амьдарцгаая. Одооноос ар гэрийнхнээ дахин нэг анхаарч хараарай. Эцэг эх, үр хүүхэд, эхнэр нөхөр бие биеэ халамжлан, урмын үгээр хайраа илэрхийлээд, махан биед нь болон сүнсэнд нь хүч өгдөг ивээлтэй, аз жаргалтай гэр бүлийг хамтдаа цогцлооё. Түүнчлэн бусдад, мөн итгэгчдэд Бурханы хайрыг үргэлж хэрэгжүүлэх ёстой тэнгэрийн гэр бүлийн нэг гишүүний хувиар Самари болон дэлхийн хязгаар хүртэл хайрын үнэр анхилуулан түгээж, дэлхийн бүх хүнд хайр түгээгч хайрын элч нар болоорой гэж хүсэх байна.