Эхийн төрөлх чанар

12,379 үзэлт

Байгаль дахь аливаа амьд биет өөр бусад амьтанд бариулахаас айж, байгалийн дайснуудаас зугтдаг. Харин эхээс гардаг эр зориг байгалийн тэрхүү зүй тогтлыг ч сөрдөг жамтай. Анааш огтхон ч айсан шинжгүй өлссөн таван арслангийн өөдөөс тулж байгаа нь, хэрэм амиараа дэнчин тавин байж могойтой тэмцэж байгаагийн цаана нэг л учир бий. Бүгд л бяцхан үр зулзагаа хамгаалах гэсэндээ тэр юм. Дельфиний зулзага руу дайрсан аварга загас эх дельфинд нь мөргүүлж үхсэн явдал ч далайд гарч байжээ. Хахир хатуу ертөнцөд үр зулзагаа хамгаалах гэсэн ээжүүдийн тэмцэл гайхамшигтай бас сэтгэл огшоом.

Хүн ч ялгаагүй. Хэт туйлширсан зэвсэгт бүлэглэлийн гишүүнтэй хуримлана гээд гэрээ орхин одсон мунхаг охиноо өөрийн биеэр аварсан нэгэн ээж бий. Охин нь зэвсэгт бүлэглэлийнхний дунд орсондоо харамсаж, ээжээсээ тусламж хүсэж л дээ. Засгийн газар ч яаж ч чадахгүй байж. Гэвч тийм хүнд байдалд охиноо аврах гэсэндээ үхлийг сөрөн байж аврах ажиллагаа зохион байгуулсан мөнөөх ээжийн эр зориг нэн биширмээр байсан юм. Мөн хэргийн газар ээждээ тэврүүлэн амь гарсан хүүгийн тухай, ер бусын хүчээр хүүхдээ аварсан ээжийн тухай гээд л бидний эргэн тойронд хаа сайгүй эх хүний тэсвэр хатуужлыг өгүүлсэн түүх бий гэдэгтэй бүх хүн санал нийлэх болов уу.

Ээж болоход эмэгтэй хүний тархи өөрчлөгддөг

Олон ээжүүд хүүхэд төрүүлэхээрээ дахин төрсөн мэт болдог аж. Өмнө нь зүрх зориг нь хүрдэггүй байсан зүйлээ ээж болсныхоо дараа өөрийгөө хийж байхыг харсан гэлцдэг. Ээж болохоор ер нь яадаг юм бол оо?

Төрсний дараа ээжүүдийн ой тогтоолт их мууддаг. Энэ нь ургийг хэрэгтэй шим тэжээлээр нь хангахад эмэгтэй хүний тархи хэмжээгээрээ багасдагтай холбоотой юм. Гэвч тодорхой хугацааны дараа эхийн тархи урьдын байдал руугаа орж сэргэдэг бөгөөд энэ үед тархи шинээр бүрэлдэж, тархины чадвар болон анхаарал төвлөрөлт нь сайжирдаг байна.

Мэдрэлийн эмч Крэйг Кинслейгийн хэлснээр, жирэмсний хожуу үед хулгануудын тархинд задлан шинжилгээ хийж үзэхэд ой тогтоолтын төв мэдрэл болох гипокампал мэдрэлийн эсүүд төвөгтэй байдлаар дахин бүрэлдэж байсан аж. Эхийн тархи хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэхийн тулд дахин бүрэлддэг байна. Амьтны үйл хөдлөлийг судлах туршилтаар ч идэш тэжээлийн тал дээр эх хулгана залуу хулганаас хамаагүй түргэн хариу үйлдэл үзүүлдэг нь тогтоогджээ. Энэ нь эх хулганы сонсох, үнэрлэх мэдрэмж сайжирсантай холбоотой аж.

Хүн ч адилхан. Төрсний дараах хэдэн долоо хоног эрч хүчээ алдсан мэт байдаг ч түүний дараагаар мэдрэхүйн чадвар нь сайжирч, эргэн тойрны зүйлсэд сонирхолтой болж эхэлдэг. Тиймдээ ч ээжүүд хүүхдийнхээ сэрэх чимээг мэдрээд түрүүлж босох юм уу бусад хүний ялгаж мэдэхэд хэцүү байдаг хүүхэдтэй нь холбоотой ямар нэг өөрчлөлтийг шууд мэдчихдэг байна.

Үгээр илэрхийлэхийн аргагүй зовон байж хүүхэд төрүүлснийхээ дараа нялх биетэй эхчүүд нэн тайван байдлыг мэдэрдэг байна. Энэ нь окситоцин даавартай холбоотой. Окситоцин нь нялх биетэй эхчүүдийн айдас түгшүүрийг дарангуйлж, хүүхдээ хайрладаг болгодог байна. Мөн стрессийн дааврын ялгарлыг хязгаарлаж, эхийн шинж чанарыг ихэсгэн, сурах чадварыг нь ч нэмэгдүүлдэг ажээ.

Эхэнд дурдсанчлан эх хүн үр хүүхдийнхээ төлөө ямар ч аюулыг сөрөх зоригтой болж байгааг дааврын нөлөө гэж үздэг. Цаашид ч энэ талын олон судалгаа хийх шаардлагатай. Гэвч эх хүн үр хүүхэд төрүүлээд зоригтой болоход хоёр төрлийн даавар нөлөөлдөг нь тогтоогджээ. Стрессийг намжаадаг “окситоцин” болон хөхөнд сүү оруулах явцыг хурдасгадаг “пролактин” даавар нь айдас түгшүүрийг арилгадаг байна. Пролактин дааврыг судлах ажилд оролцсон Германы мэдрэлийн эмч Инга Нейман “Пролактин нь тархинд нөлөөлж, эхийг зоригтой болгодог” гэж хэлсэн байдаг. Эх хулгана хөхөнд нь сүү орох үеэрээ хавханд их ордог нь ч үр зулзаганыхаа төлөө аюултай газраар хүртэл эрэл хайгуул хийж явсантай нь холбоотой аж.

Эхийн хайрын биологийн хөтөлбөр

Амьд биетүүдийн эхийн төрөлх чанар ээжүүдийг өөрийгөө золиосолж, амь бие хайргүй зүтгэхэд хүргэдэг. Эхийн төрөлх чанараас үүдэлтэй анхаарал халамж нь нас бие гүйцээгүй байгаа зулзагануудаа аюултай нөхцөл байдлаас амь гарахад нь ч тусалдаг. Өвөл ичээндээ орж юу ч идэлгүй зулзагалсан Азийн хар баавгай өөрөө өлссөн хэр нь бамбаруушаа хөхүүлэн урт өвлийг давсан байгаа юм. Эзэнгүй тэнэмэл эмэгчин нохой болон муур үр зулзагаа эрүүл бойжуулсан явдал ч эхийн агуу чанарыг бодоход хүргэдэг юм.

Таклук, Розенблатт нарын судалгаа жам ёсны мэт үзэж байсан эхийн чанарыг шинжлэх ухааны үүднээс авч үзэхэд хүргэсэн чухал үндэс болжээ. Тэд дөнгөж төрсөн эх хулганаас 48 цагийн дотор цус авч залуу хулганад тарьжээ. Тэгмэгц мөнөөх залуу хулгана яг л эх хулгана мэт үйлдэл үзүүлж, хөхнөөс нь сүү гарахгүй байхад хүртэл гөлчгийнүүдийг хөхүүлэхийг оролдон, тэднийг асарч хамгаалж байсан аж. Энэ нь эхэд байх зуршлыг бий болгодог ямар нэг зүйл дөнгөж төрсөн эх хулганы цусанд агуулагдаж байгааг илтгэж байна.

Хожим тэр нь эхийн үйлдэлд нөлөөлдөг окситоцин даавар болох нь батлагджээ. Окситоцин нь нялх биетэй эхийг төрөхөд бэлтгэж, хөхөнд нь сүү оруулж, эхийн бие махбодыг бэлтгэдэг байна. Түүнчлэн эхийг дөнгөж төрсөн үр хүүхдээсээ хайр мэдрэхэд хүргэж, хүүхдээ харж хандахад сургадаг байна.

Эх хулганы тархинд допаминий түвшингийн өөрчлөлт ч ажиглагдсан байна. Эх хулгана гөлчгийнүүдтэйгээ ойр байх үед допаминий түвшин огцом өсжээ. Допамин нь баяр хөөр, аз жаргал мэдрүүлдэг даавар бөгөөд допаминий ялгарлыг хурдасгах юм уу идэвхжүүлэх зүйлс дунд хар тамхи ордог байна. Америкийн нэгэн судалгааны баг хар тамхины нэгэн төрөл болох кокаин болон гөлчгий хоёрын алинд нь эх хулгана татагдахыг туршжээ. Ерөнхийдөө кокаинд донтсон хулгана хоолноос илүү кокаинд дурлаж байсан бол төрөөд удаагүй эх хулганууд кокаинаас татгалзан гөлчгийнүүдээ харж хандахад ихэнх цагаа зарцуулж байжээ. Эх хулганын хувьд гөлчгийнүүдтэйгээ хамт байх нь кокаинаас ч илүү хүчтэй баяр хөөр, аз жаргал мэдрүүлдэгтэй холбоотой аж.

Биенээсээ том толгой, толгойноосоо том нүд, мойтгор гар хөл, булцгар бие хаа, түүртэнгүй хөдөлгөөн… Нялх амьтдад байдаг энэ мэт нийтлэг онцлог үнэхээрийн хайр татам. Амьтдын зан авир судлаач мэргэжилтэн Лоренц амьтдын өхөөрдөм, өөрийгөө хамгаалах төрөлх зөнг илэрхийлдэг зулзаган амьтдын онцлогийг “baby schema (хүүхдийн схем)” гэж тодорхойлсон байдаг ба энэ нь эх болон бусад насанд хүрэгчдийн анхаарал халамж тавих зан үйлийг өдөөдөг.

Үүгээр зогсохгүй хүүхдийн төрөлх үйлдэл ээжийг нь хүүхдээ хайрлахгүй байх аргагүй болгодог. Төрөөд сар орчим болоход хүүхэд өөрийг нь асарч хамгаалдаг хүнтэй дуу авиагаар ярилцаж, инээдэг. Хүүхдийнх нь инээх царай төрх ээжийнх нь тархинд допамин ялгаруулж аз жаргалтай болгодог гэсэн судалгааны үр дүн ч бий. Энэ үед ээж хүн хүүхдээсээ бүр ч их хайр мэдэрдэг байна. Алганд нь хүрсэн зүйлийг чанга атгах рефлекс, цочсон үедээ хэн нэгэн рүү тэмүүлэн тэврүүлэх гэх рефлекс, хацарт нь хүрсэн зүйлийг дагуулан харж хөхөө хайх рефлекс, аманд нь хүрсэн зүйлийг хөхөх рефлекс гэх мэт хүүхдийн төрөлх үйлдэл нь эх үр хоёрт сэтгэл хөдлөлийн дотно мэдрэмжийг төрүүлдэг аж. Үнэндээ хүүхдийн төрөлх үйлдэл эхийгээ гэсэн онцгой хайр биш л дээ. Харин дөнгөж төрсөн эх хүн хүүхдээрээ дамжуулан эхийн төрөлх чанарыг мэдэрч, хүүхдийнхээ дэргэд хамаг цагаа өнгөрөөдөг. Тиймдээ ч хүүхдийнх нь төрөлх үйлдэл аяндаа эх рүүгээ чиглэх болж, хүүхдээ гэх эхийн хайр бүр ч лавширдаг байна. Мэндлээд 6 сарын дараагаас хүүхэд ээждээ дасаж эхэлдэг. Энэ бүхэн эх үр хоёрыг нэгнээ хайрладаг болгох зайлшгүй харилцаа юм.

“Эмэгтэй хүн сул дорой. Харин эх хүн хүчирхэг.”

Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс сул дорой байж мэдэх юм. Харин “ээж” гэж дуудуулж эхлэхээрээ үр хүүхдийнхээ төлөө л бол хэн хүнээс илүү хүчирхэг болчихдог. Эхийн төрөлх чанар хүн төрөлхтний амийг оршин тогтноох хүчний эх ундарга юм. Ээжийн ээж, бүр ээжийн ээжийн ээжээс уламжлагдаж ирсэн эхийн төрөлх чанар. Энэхүү чанар чухам хаанаас эхтэй юм бол оо?

Эх сурвалж
“Амьтдын зан авир” (Марк Бекофф)
“Хүмүүнлэг үзэлтэй амьтан судлал” (Витус Б.Дрюшир)
“Эхийн тархи” (Кэтрин Эллисон)
Ган Сог Ги, “Ээж болохоор тархи бүр ч их хөгждөг”, Шинжлэх ухааны Дунг-а сонин (2012.9 сарын дугаар)
Ким Хён Гын, “Эмэгтэй хүн сул дорой. Харин эх хүн хүчирхэг”, Чусон өдөр тутмын сонин (2009.6.4)