Шинэ амийн эхлэл болох метаморфоз

12,693 үзэлт

“Та нар одоо усанд амьдардаг жирийн нэг авгалдай төдийхөн ч том болж, нас бие гүйцвэл биеэс чинь гэрэлтсэн тунгалаг гоёмсог далавч гарна. Тэр далавчаараа та нар тэнгэрт дураараа нисэн, цэцэг цэцгийн хооронд чөлөөтэй аялна.”

Үлгэрт гардаг мэлхий аялж явахдаа харсан үзэсгэлэнт ертөнцийн талаар авгалдайнуудад хэлнэ. Харин авгалдайнууд төрсөн цагаасаа эхлэн үргэлж цөөрмийн усанд амьдарсан болохоор гаднах ертөнцийн талаарх мэлхийн энэ үгэнд жаахан ч итгэсэнгүй.

Гэтэл нэг өдөр нэг авгалдай өөрчлөгдөж, уснаас ил цухуйсан ургамал өөд авиран, хайрсаа тайлжээ. Мэлхийн хэлсний дагуу тэнгэрээр нисэж чадах соно төрхтэй болж, өөрчлөгдөв. Соно бусад авгалдайнууддаа энэ тухай мэдэгдэхээр амьдарч байсан цөөрмийн ус руугаа буцаж орохыг хичээсэн ч усан дотор буцаж орж чадсангүй.

Бурханд дуудагдсан хүмүүс номны “Сүнслэг ертөнцийг харцгаая” хэсгээс

Хорхой шавьжнууд хайрсаа тайлан өсдөг

Хорхой шавьж нь амьтдын ертөнцийн дөрөвний гурвыг эзлэн, дэлхий даяар тарж, олон төрөл зүйлд багтаж байдаг. Тэд ястай сээр нуруутан амьтадтай адилгүй, гадуураа ясны үүрэг гүйцэтгэдэг хатуу хайрстай байдаг байна. Тэдний гаднах хайрс хуяг дуулга шиг биеийг нь гадны механик нөлөөнөөс хамгаалдаг байна.

Шавьж хэдий жаахан ч гэлээ биеийн эзлэхүүнтэй нь харьцуулахад том гадаргуутай байна. Бүүрэг гэхэд биеийнхээ өндрөөс хэдэн арав дахин өндөр үсэрч, шоргоолжнууд гэхэд булчингийнх нь хүч бусад том амьтадтай харьцуулахад хүчтэй байдаг учраас биеийн жингээсээ хэдэн арав дахин хүнд юм зөөж чаддаг байна. Том гадаргуутай байна гэдэг нь тэр хэрээр чийгээ хурдан алддаг дутагдалтай байж болохоор. Гэвч тэдний усны хамгаалалт бүхий хайрс нь ус чийгийг нь ууршихаас хамгаалдаг.

Хөхтөн амьтад хүнтэй адилхан бие нь өсөж томрохын хэрээр арьс нь сунаж, зөөлөрдөг. Эсрэгээрээ хорхой шавьжнууд өндөгнөөс гарч, авгалдай болж, хайрсаа тайлж өсдөг. Тодорхой нэг хэмжээнд хүртлээ өссөнийхөө дараа хатуу хайрснаасаа болоод өсөж чаддаггүй учраас тухайн шавьж илүү том хайрстай болж өөрчлөгдөхийн тулд хайрсаа гуужуулах хэрэгтэй байдаг. Энэ нь үндсэндээ хуучин арьсаа тайлж, өсөж томорсон биедээ таарсан шинэ арьстай болж буй хэрэг юм.

Төрөл зүйлээсээ хамаараад хорхой шавьж дөрвөөс 27 хүртэл удаа арьсаа гуужуулдаг байна. Гуужуулах нь их хэмжээний тэжээл шаардагддаг хүнд хэцүү явц бөгөөд зөөлөн туниа муутай бие нь шинэ арьс бий болж хатуурах хүртэл ил гарах болдог тул ихээхэн аюултай явц юм.

Тэд нэг дор юм уу эсвэл бага багаар өөрчлөгддөг

Бусад амьтдын хувьд үр төл зулзага болон нас бие гүйцсэн амьтан байх нь хоорондоо хэмжээнээс бусдаар бол хэлбэр дүрсийн хувьд нэг их ялгаа байдаггүй. Харин хорхой шавьжнуудын тухайд авгалдай байх үеэс нь бие гүйцсэн шавьж болох үеийг нь таних аргагүй болтлоо дүр төрхийн асар том өөрчлөлт бүхий хэлбэр дүрстэй болдог. Дээрх үлгэрт гардаг сонын авгалдай шиг аливаа хорхой шавьж авгалдай байх үедээ дараалан хайрсаа гуужуулах байдлаар өсөж, тодорхой хэмжээнд хүрсэн хойноо имаго болохын тулд тусгай гуужуулалт туулах болдог. Энэ гуужих явцыг нь метаморфоз (хувирал) гэж нэрлэдэг ажээ.

Торго хийдэг хүр хорхойг харъя л даа. Мөлхөж, ялам модны навч мэрж, хэд хэдэн удаа гуужиж бага багаар өснө. Нялцгар авгалдай нь тодорхой хэмжээнд хүртэл томрох юм бол шүлсээ гадагшлуулж, түүгээрээ биеэ ороон үүр хийж, дотор нь нуугддаг. Хүр хорхойн үүрэнд байх зуураа тэд бараг хөдөлдөггүй хатуу хүүхэлдэй болж хувирдаг тул үхсэн мэт харагддаг. Ийм байдлаар авгалдай нь хүүхэлдэйн явцаар дамжуулан огт өөр дүр төрхтэй имаго болж хувирдаг байна. Үүнийг нь бүрэн метаморфоз гэж нэрлэнэ.

Гаднаасаа бол хүүхэлдэйнд ямар ч өөрчлөлт гараагүй мэт харагддаг. Бүрэн метаморфоз даван туулдаг хорхой шавьж нь авгалдай, эрвээхийтэй адилхан авгалдай байх үеэсээ имаго болж томрохоороо эрс өөр харагддаг ба хүүхэлдэйн үе шатанд авгалдайн биеэс бүрдэх эрхтнүүд нь задарч, дараа нь дахин бүрэлддэг. Энэ бол толгой нь сүүл болж өөрчлөгдөхтэй харьцуулахуйц асар том өөрчлөлт юм.

Нөгөөтэйгүүр хүүхэлдэйн үе шатыг туулалгүйгээр имаго болдог шавьж ч бий. Үүнийг нь бүрэн бус метаморфоз буюу бүрэн бус хувирал гэж нэрлэдэг. Бүрэн хувиралд орсон шавьжнууд хүүхэлдэй болох шатандаа нэг том өөрчлөлт мэдэрдэг бол бүрэн бус хувиралд орсон шавьжнууд хэд хэдэн удаа гуужиж, бага багаар имаго болж хувирдаг. Бүрэн хувиралд ордог шавьжтай харьцуулахад бүрэн бус хувиралд орсон шавьж гуужих болгондоо имаго болон авгалдай байх үеийнхтэйгээ илүү төстэй харагддаг. Бүрэн бус хувиралд ордог шавьжны төлөөлөл бол соно. Соно хэд хэдэн удаа хэцүү хайрсаа гуужуулж байгаад имаго дүртэй илүү адилхан болж, эцэст нь уснаас гарч, сүүлчийн удаа гуужуулах явцдаа далавчтай болдог байна.

Гуужих, хайрсаа тайлахын зовлонтой болон аюултай явц

Бүх хүүхэлдэйнд далавчтай имаго болох боломж байдаг юм биш. Шимэгч зөгий удахгүй төрөх өндөгнүүдээ амьдруулах гэж махлаг, булцгар эрвээхийн авгалдайг илүүд үздэг. Улмаар боломж отож байгаад эрвээхийний авгалдай юм уу дөнгөж үүссэн хүүхэлдэйнд өндгөө суулгаж, тэндээ хэдэн арав өндөглөдөг байна. Шимэгч зөгийний авгалдай эрвээхийний хүүхэлдэйнүүдийн арьсаар хооллосоор улмаар имаго болж, хүүхэлдэйг зад татан ертөнцөд гарч ирдэг. Харамсалтай нь эрвээхийн хүүхэлдэй яг шинэ амьдрал эхлэхийн өмнөхөн үхэлтэй тулгарна. Өөрчлөлтийн тэр явцад эрвээхий болж чадалгүй байгальдаа буцдаг авгалдай эсвэл хүүхэлдэй нэлээн байдаг байна.

Модны мөчир дээр эсвэл зүлгэн дээр авгалдайны үлдээсэн хүүхэлдэй юм уу хайрстай бишгүй таардаг хэрнээ харин авгалдайны урт удаан амьдралаа дууссаны дараа сүүлчийн хальсаа гуужуулах мөчтэй барагтай бол таардаггүй. Их эрсдэл дагуулдаг болохоор шавьжны метаморфоз хүн бүрийн унтаж байдаг шөнө аажуу цагаар эхэлдэг. Аливаа шавьж урт удаан хугацаанд тэмцэн тэмцэн гарч ирэхийг харах зүрх шимшрэм.

Метаморфоз нь уушги сэмэрч урагдахтай зүйрлэж болохуйц зүрх өвтгөм, хүнд хэцүү явц. Сүүлчийнхээ хамгийн төвөгтэй хүнд хальснаасаа дөнгөж гарч ирэх үедээ имаго ерөнхийдөө бүдэг өнгөтэй, далавч нь нойтон, нүд нь фокусгүй гэмээр байдаг байна. Далавч нь хатаж, бат бөх болоход нэлээн хугацаа шаардагдана. Метаморфозын дөнгөж дараа бие нь зөөлөн, сул дорой байдгаас нь болоод дайснууд аюул учруулна. Энэ нь байгалийн дайсанд баригдвал үхэх аюултай мөч юм. Гэвч тэд жаахан л тэвчиж чадах юм бол үүр цайх үед гоёмсог далавчаа дэвэн нисэн дүүлэх боломжтой.

Өт авгалдай газраар эсвэл модон дээгүүр мөлхөж байхдаа байнга иддэг аж. Авгалдайг хичнээн ойртож харлаа ч эрвээхий төстэй юм ганц ч байхгүй. Үзэшгүй муухай голио царцааны авгалдай хэдэн жил газар доогуур хэрэн хэсүүчилнэ. Авгалдай гэж нэрлэгддэг сонын авгалдай ч усны амьтадтай яг адилхан харагддаг байна. Харин зовлон зүдгүүр, бэрхшээлийг даван туулж чадвал модон дээгүүр мөлхөж байсан тэр арвагар өт гоёмсог хөөрхөн эрвээхий болж хувиран, тэр бүдүүн голионы авгалдай хөх тэнгэрээр нисэн буун, царгих царцаа болж хувиран, заламгайгаараа амьсгалдаг байсан авгалдайнууд мөнгөлөг далавчит соно болон хувирдаг. Хорхой шавьжны хувьд метаморфоз нь амьдрал тэтгэх чухал үйл явц төдийгүй шинэ амьдралын эхлэл болох нэн чухал гарц юм. Хорхой шавьжны энэ асар том өөрчлөлт үнэхээрийн гайхалтай, ер бусын нууцлаг билээ.

“Харагтун, би та нарт нэгэн нууцыг хэлье. Бид бүгдээрээ нойрсохгүй, харин бүгдээрээ өөрчлөгдөх болно. Ингэхдээ нүд ирмэхийн зуур, нэг агшинд, сүүлчийн бүрээнээр. Учир нь бүрээ дуугарч, үхэгсэд үл муудахаар амилуулагдаж, бид өөрчлөгдөнө.” 1Кор 15:51-52