​Эхийн сэтгэл ба сайн мэдээ​

15,030 үзэлт

Намар гингко модны навчис шаргалтан, байгалийн өнгө үзэмж бүрэлдэнэ. Моддыг сайн ажиглавал зарим модны мөчирт жимс бөнжигнөж байхад заримд нь жимс харагддаггүй. Гингко модыг эр, эмээр нь тусгаарладаг байна. Тиймд гагцхүү эм гингко мод нь жимсээ өгдөг байна.

Бүх юмсыг бүтээсэн Бурханы зүй тогтол үнэхээр гүн гүнзгий, бас нууцлаг юм (Илч 4:11). Бүх амьд биет ээжээрээ дамжуулан амь авч, үр жимс гаргадаг. Харин Сионд бол Бурхан л бидэнд сайн мэдээний үр жимс соёрхдог. Бид тэнгэр Эхийн сэтгэлээр ах эгч дүү нараа халамжлан санаа тавьж, бие сэтгэлээ зориулан, ах эгч дүү нараа Бурханы үгээр хичээнгүйлэн хооллох үед үр жимс гаргаж чадна.

Бурхан хүүхдүүдээ тэнгэр Эхийнх шиг сэтгэл оюунтай байгаасай гэж хүсдэг. Сүнслэг үр жимс их гаргахын тулд бид Эхийн сэтгэлтэй байх ёстой гэдгийг Бурхан Библиэр ч, мөн байгалийн хуулиар ч зааж өгдөг.

Үр хадгалах хамгийн сайн арга

Эрт урьд цагт гурван хүүтэй нэг хаан байсан юмсанжээ. Хаан насан өндөр болж, түшмэлүүд нь гурван хүүгийн хэн нь дараагийн хаан болоход зохистой талаар хэлэлцэв гэнэ. Бүх ханхүү авьяас чадвартай, хааны түшмэлүүд төдийгүй ард түмний итгэлийг хүлээсэн тул энэ хэлэлцээ тийм ч амар дууссангүй. Хожим нь түшмэлүүд ханхүү нарт тус бүрд нь нэгэн онцгой үүрэг даалгавар өгөхийг хаанд санал болгов. Намар болтол үр тарианы үрийг зохих ёсоор хадгалахыг ханхүү нарт үүрэг болгов. Улс орныг сайн удирдахад хамгийн хэрэгтэй чанар бол ард түмнийхээ өлсгөлөнг шийдвэрлэх чадвар гэж үздэг байв. Энэ даалгаврыг амжилттай гүйцэтгэж чадсан ханхүүг л хаан ширээ залгамжлах хамгийн чадвартай хүн гэж тооцох болж.

Хаан уг саналыг нь хүлээн авч, гурван хүүгээ дуудан хүн бүрд нэг нэг шуудай үр өгөв. Намар болтол уг үрийг хамгийн үр дүнтэй арга замаар хадгалж чадсан хүүгээ хаан болж, удам залгамжилна гэж тунхаглан зарлав. Үр авсныхаа дараа ханхүү нар хэрхэн зохих ёсоор хадгалах талаар бодоцгоон, өөр өөрсдийнхөө аргыг сонгов гэнэ.

Намрын улирал болоход хаан болон хааны зарц түшмэд гурван ханхүүг дуудаж, үр тариагаа хэрхэн хадгалсныг нь асуулаа. Анхны ханхүү нь бат бөх агуулах барьж, үрээ чийг цохиулахгүйн тулд лацтай агуулах дотор хадгалсан гэв. Тэгээд уг агуулахаас гаргаж авсан үрээ тэдэнд үзүүлэв. Хоёр дахь ханхүү үрээ зарж олсон мөнгөө тэдэнд үзүүлэв. Тэрээр намар болтол үрээ хадгалбал хулгана, бусад мал амьтан идэж, эсвэл ялзарч муудах вий гэж санаа зовж болгоомжилсондоо зарахаар шийдсэн гэлээ. Үрээ зарж олсон мөнгөөрөө захаас хэдийд бол хэдийд шинэ үр тариа худалдаж авах боломжтой гэж нэмж хэлснээрээ тэрээр гаргасан шийдвэрээ оновчтой тун ухаалаг гэгч нь тайлбарлав.

Гурав дахь буюу сүүлчийн ханхүү хааныг болон түшмэлүүдийг тариан талбай руу аваачив. Талбайд алтан шаргал боловсорсон үр тариа халиуран найган байв гэнэ. Үр тариаг зүй ёсоор нь хадгалах арга болгож үр тариа болгоныг нэг бүрчлэн тордон суулгатал тариан түрүү болгоноос арвин их ургац боловсорсон гэж ханхүү хэлэв гэнэ.

Мэдээж гурван ханхүүгээс гурав дахь нь хаан болон хааны түшмэлүүдийн сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөжээ. Гурав дахь ханхүү хаан ширээ залгамжлахаар сонгогдсон нь эргэлзээгүй.

Бурхан бидэнд хүн тус бүрд маань сайн мэдээний үр өгсөн. Зарим нь юу ч хийлгүй түүнийг зүгээр л хаа нэг газар хадгалаад л байж байгаа. Зарим нь өөр аргаар хадгалж байгаа. Зарим нь өгсөн үрийг нэг бүрчлэн уйгагүй суулгаж, тордон арчилж, улмаар тарьж суулгаснаасаа гуч, жар, зуу дахин их ургац авч байгаа.

Хэрэв Эцэг та нараас “Өнөөг хүртэл та нар юу хийсэн бэ? Итгэлийн амьдралынхаа туршид юу олсон бэ?” гэж асуувал юу гэж хариулах вэ? Та бүхэнтэй тооцоо хийхээр ирвэл юу үзүүлэх вэ? Хадгалсан үрээ л үзүүлэх үү? Эсвэл үрээ зараад олсон мөнгөө үзүүлэх үү? Алтанхан тариа халиуран найгах тариан талбай үзүүлбэл Эцэг “Чи тэнгэрийн орны хаан тахилч байх зохистой” гэж хэлээд авралыг чинь баталгаажуулна.

Гурав дахь ханхүү үрээ огтхон ч тордож арчлалгүй зүгээр л суулгасан бол үр тариа өөрсдөө ургаж чадах байсан болов уу? Огт үгүй. Суулгасан үрээ үр тариа ургах тохиромжтой нөхцөлөөр хангах нь чухал шүү дээ. Ханхүүгийн тухайд бороо орохгүй бол усалсан байж таараа. Үр тариа руу нь хорхой шавьж дайрвал хөөж зайлуулах гэж зүтгэсэн байж таараа. Мөн хогийн ургамалд автаад зэрлэг өвс их урган, үр тарианы ургалтанд саад болохоос хамгаалж, тариан талбайнхаа зэрлэгийг байнга зулгааж байсан байж таараа. Сүнслэг үр тариа тариалж, сайн үр жимс ургуулахын тулд биднээс ч мөн адил хүчин чармайлт, анхаарал халамж шаардана.

Бурханы хонин сүргийг тэжээж хариулах сайн мэдээний үүрэг

Эх хүний сэтгэл нэг ийм. Гэрийн хамаг ажлыг хийж, гэрийнхнийхээ эрүүл мэндэд санаа тавьж, өдөр бүр тэдэндээ хоол бэлдэнэ. Бид эхийн сэтгэлтэй байх л юм бол сайн мэдээний үр жимс аяндаа гаргах юм. Гэр бүлийнхээ аюулгүй байдлын төлөө үргэлж санаа зовж, халамжилдаг эхийн хайр, чин сэтгэл байхгүй бол үр жимс ургахгүй.

“Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс, Симон Петрт —Иоханы Симон оо, чи Намайг эднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр —Тийм ээ, Эзэн. Танд хайртайг минь Та мэднэ гэв. Есүс түүнд —Хургануудыг минь тэжээ гэлээ. Дахин Есүс хоёр дахь удаагаа түүнд —Иоханы Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэхэд тэр Түүнд —Тийм ээ, Эзэн. Танд хайртайг минь Та мэднэ гэв. Есүс түүнд —Хоньдыг минь хариул гэлээ. Есүс түүнд гурав дахь удаагаа —Иоханы Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэв. “Чи Намайг хайрладаг уу?” гэж Тэрээр гурвантаа асуусан учир Петр гуниглав. Тэр —Эзэн, Та бүх юмсыг мэддэг. Танд хайртайг минь Та мэднэ гэв. [Есүс] түүнд —Хоньдыг минь тэжээ.” Иох 21:15-17

Петрт анхны сүмийг хариуцах үүрэг даалгах үедээ Есүс ч хүртэл “Чи Намайг хайрладаг уу?” гэж асуугаад “Хургануудыг минь тэжээ”, “Хоньдыг минь хариул” гэсэн. Гэрийнхнээ хооллож ундлах, асарч тойлох нь ээж хүний гол үүрэг. “Хургануудыг минь тэжээ”, “Хоньдыг минь хариул.” Есүсийн энэ үгэнд биднийг тэнгэр Эхийн сэтгэлтэй бай гэсэн Бурханы хүсэл шингэсэн хэрэг.

“Малынхаа тэвээргийг мэд. Сүрэгтээ сэтгэл тавь.” Сур.Үгс 27:23

Сүнсээр Бурханы ард түмнийг хонин сүрэг, мал сүрэгтэй зүйрлэсэн. Бурханы сүргийг Бурханы үгээр тэжээж, нэг бүрчлэн санаа тавьж анхаарахгүй бол сүнсээр өсөж чадахгүй. Бурхан бидэнд мал сүргийнхээ нөхцөл байдлыг шалган, уйгагүй санаа тавь гэж айлдсан учир энэ. Өлсөж байгаа, өвдөж байгаа хүн байх вий гэж санаа зовон, халамжлах нь Эхийн сэтгэл. Тэнгэр Эхийнхтэй адилхан сэтгэл байхгүй бол бид Бурханы сүргийг тэжээж ч чадахгүй, зохих ёсоор санаа тавьж ч чадахгүй юм. Эхийн сэтгэлээр бид сүнсний ах эгч дүү нараа халамжлан санаа тавих нь тэнгэр Эцэг Эхийн маань хүсэл юм.

Бурханы үгээр Бурханы хоньдыг тэжээ

Эх хүн үр хүүхдүүдээ хооллож, эрүүл зөв өсөхөд нь туслах зэргээр асар их санаа тавьдаг. Бурхан биднийг ийм сэтгэлтэй байхыг дахин давтан гуйсан.

“Есүс дөхөж ирээд, тэдэнд… Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:18-20

Есүс бидэнд “Бүх үндэстнийг дагалдуулагтун” гэж айлдсан. Тэрээр бүх хүнд Бурханы амийн үнэнийг заах ёстой гэсэн утгаар бидэнд ийн хэлсэн юм. Үнэний үгийг хүмүүст зааж өгөх нь сүнсээр тэднийг тэжээж байгаа хэрэг. Паул элч сайн мэдээ тунхаглах үүргийн чухлыг ийнхүү онцолсон байдаг.

“Би, Бурханы болон амьд ба үхэгсдийг үзэгдэлт ба хаанчлалдаа шүүх Христ Есүсийн өмнө чамд чухалчлан захья. Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай. …” 2Тим 4:1-2

Энэ тушаал нь Есүсийн Матай 28-р бүлэгт байгаа захиастай тун төстэй. Эцэстээ аврал авч чадахгүй хүн бүхэн тамд мөнхийн галт нуур руу хаягдана. Ийм л өрөвдөлтэй сүнснүүдийг Эхийн сэтгэлээр харах юм бол тэднийг өрөвдөж, тэдний нэг бүрд анхаарал хандуулж, аврахын тулд амийн үгээр тэжээнэ.

Эцсийн эцэст сайн мэдээ тараана гэдэг нь бид зөвхөн Эхийн сэтгэлтэй байж байж л хийж чадах ажил юм. Библиэс ишлэл хурдан олох чадвар, мөн бусдад дамжуулах зэрэг нь бидний анхаарах ёстой зүйл биш. Эхийн сэтгэлээр ертөнцөд санаа тавихгүй бол бид одоо ч сайн мэдээний утга учрыг ойлгоогүйн нотолгоо юм. Бид Эхийн сэтгэлтэйгээр дэлхийн бүх хүнд Бурханы хайрыг дамжуулах ёстой. Үүнийг л сайн мэдээ тунхаглаж байна гэж хэлж болно.

Тэнгэр Эхийнхтэй адилхан сэтгэлээр сайн мэдээ тарааж байгаа билүү үгүй билүү гэдгээ нухацтай авч үзэцгээе. Эхийн сэтгэлээр ах эгч дүү нараа сайтар тэжээж, санаа тавьж, өөрсдийгөө даруу болгон үйлчилсэн цагт л сайн мэдээний үр жимс их гаргана гэдгийг мартаж болохгүй.

Эхийн сэтгэлээр талант олох нь

Сайн мэдээний ажлыг дуусгах эцсийн арга нь Эхийн сэтгэлийг сурах төдийгүй Эхийн сэтгэлийг тээх явдал юм. Тэгж гэмээнэ бидний хүн нэг бүр хайр дүүрэн хүн болж өөрчлөгдөн, сайн үр жимс гаргана. Есүс “Бие биенээ хайрлагтун гэсэн шинэ тушаалыг Би та нарт өгч байна” (Иох 13:34) гэж айлдсан шүү дээ.

“Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай. Хэдийгээр Тэрээр Бурханы дүр байсан ч, Бурхантай тэгш байхыг булаах гэсэнгүй, харин Өөрийгөө юу ч үгүй болгон боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон Тэрээр Өөрийгөө мөхөс болгож, үхэлд, загалмайн үхэлд хүртэл дуулгавартай байв. Тиймээс ч Бурхан үлэмжийн дээдээр Түүнийг өргөмжилсөн бөгөөд алив нэрээс дээд нэрийг Түүнд соёрхов. Энэ нь Есүсийн нэрд… бүгд өвдөг сөгдөж, Бурхан Эцэгийн алдрын төлөө Есүс Христ бол Эзэн гэж хэл бүхэн хүлээн зөвшөөрөхийн учир ажээ.” Фил 2:5-11

Мах цустай хүүхдүүдээ аврахаар Бурхан Өөрийн биеэр энэ дэлхийд ирсэн. Бүх бүтээлдээ тушаал буулгах эрх мэдэл, сүр хүчтэй Нэгэн атлаа Тэрээр Өөрийгөө мөхөс болгож, үхэлд хүртэл дуулгавартай байн, боолын дүрийг авч хүнтэй адил болсон байна. Хэн ч Түүнийг хүндлээгүй. Харин ч Тэрээр нүгэлтнүүдийн төлөө цохиулж, хатгагдан, загалмайн өргөст замаар чимээгүйхэн алхаж байсан юм (Евр 2:14-15, Иса 53:1-12 үзэх).

Христийн ийм сэтгэл нь үндсэндээ тэнгэр Эхийнхтэй адилхан юм. Христ Өөрийгөө мөхөс даруу болгон, элдэв зовлонг тэсвэрлэн байж бусдад үйлчилсэн. Энэ бүх чанар Эхийн сэтгэлд шингэсэн байдаг. Одоо бид хэрхэн Эхийн сэтгэлтэй болох талаар сурах хэрэгтэй биз дээ?

“Энэ нь холын аянд гарахдаа зарц нараа дуудаад, эзэмшилээ тэдэнд даатгаж буй нэгэн хүнтэй адил билээ. Нэгэнд нь тэр тав, нөгөөд нь хоёр, өөр нэгэнд нь нэг талантыг тусбүрд нь чадварынх нь дагуу өгчээ. Тэгээд аянд гарч гэнэ. Таван талант авсан нь тэр даруй явж, түүгээрээ худалдаа хийгээд тавыг нэмж олов. Үүний нэгэн адил хоёртой нь мөн хоёрыг нэмж олжээ. Харин нэгийг авсан нь явж, газар ухаад эзнийхээ мөнгийг нуужээ. Удаан хугацааны дараа өнөөх зарц нарын эзэн ирж, тэдэнтэй тооцоо бодож гэнэ. Таван талант авсан нь ирээд, илүү таван талант өгч… Эзэн нь түүнд “Сайн байна, итгэмжит сайн зарц минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” гэжээ. Хоёр талант авсан нь ирээд… Би хоёр талант нэмж олов” гэхэд эзэн нь түүнд “Сайн байна, итгэмжит сайн зарц минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” гэжээ.” Мат 25:14-23

Талантны сургаалт зүйрлэлд Есүс “түүгээрээ худалдаа хийгээд” гэж илэрхийлсэн байна. Бизнес нь амжилттай яваа хүн ямар хандлагатай байдаг билээ? Мөн ээжүүд ер нь хүүхэд нь зочлон ирэхэд хөл хөөр болон угтдаг. Өөрийгөө л дорд даруу болгон бусдыг нэн түрүүнд тавьдаг шүү дээ.

Нэг дэлгүүр хөгжлөө гэхэд дэлгүүрийн эзэн нь өөрийгөө даруу болгож, үйлчлүүлэгч нартаа санаа тавин, эхийн сэтгэлээр анхаарал халамж тавьж байгаагаа харуулах нь эргэлзээгүй. Хөгжиж дэвжсэн дэлгүүрийн эзэн үйлчлүүлэгчдээ ирэх болгонд үргэлж найр тавин баяртайгаар угтана. Аль л болох тав тухтай байлгах гэж хичээн, бараа авахад нь нэмэлтээр ямар нэг бараа үнэгүй дагалдуулж өгнө. Бизнес эрхэлдэг хүн өөрийгөө өргөмжилж, эрх мэдлээ дөвийлгөөд байвал бизнес нь амжилтанд хүрэхгүй. Ертөнцийн бизнес эрхэлдэг хүмүүс ажилтнуудаа “Үйлчлүүлэгч бол хаан” гэсэн уриан дор сургаж байхтай байнга таардаг юм. Энэ нь тэд өөрсдийгөө даруу болгож, үйлчлүүлэгчиддээ хаан мэт үйлчилнэ гэдгээ харуулж байгаа хэрэг. Бизнесээ хэрхэн амжилттай явуулахыг үнэхээр мэддэг хүн л бол дэлгүүрт нь орж ирсэн янз бүрийн хүмүүст үйлчилж, үйлчлүүлэгч нар нь бүр бяцхан хүүхэд шиг авирласан ч тэднийг хаан мэт үзэн харьцаж чаддаг хүмүүс юм.

Эхийн сэтгэлээр гүйцэлдэх хайр

Сүнсээр ч мөн ялгаагүй. Бид өөрсдийгөө даруу болгон, Эхийн сэтгэлээр бусдыг өргөмжлөх юм бол илүү их талант олно. Талантны тухай сургаалт зүйрлэлд хоёр ба таван талант олсон хүн нь Эхийн сэтгэлээр эргэн тойрныхноо халамжлан санаа тавьдаг хүмүүс юм.

“Учир нь өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв.” Лук 14:11

“Тиймээс Бурханд захирагдагтун. Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна. Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно. … Эзэний өмнө өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно.” Иак 4:7-10

Өөрсдийгөө даруу болгоно гэдэг нь Эхийн сэтгэлтэй байхыг хэлж байна. Ээж хүн гэдэг гэр бүлдээ бол доод байр суурьтай нэгэн ер биш хэрнээ гэрийн хамаг л ажлыг хийдэг. Хүүхдийнхээ хувцас хунарыг угааж, хоол унд бэлдэнэ. Ийм маягаар өөрсдийгөө даруу болгон, ах эгч дүү нартаа нэг бүрчлэн санаа тавьж халамжилбал бид дэлхийн сайн мэдээг гүйцэлдүүлж, бидэнд байх ёстой итгэлийн тосоо дүүргэж чадна.

“… адил сэтгэж, адил хайртай байж, нэгдэн, нэгэн бодолтой байж, баярыг минь гүйцээ. Юуг ч аминч санаархал эсвэл ихэрхэг зангаар бүү хий. Харин даруугаар бие биенээ өөрөөсөө дээр гэж үзэж, хүн бүр өөрийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар.” Фил 2:1-4

Дээрх ишлэл ч мөн биднийг Эхийн сэтгэлтэй байх ёстойг хэлж байна. Сургаалт зүйрлэлд ч бай, энгийн бодит сургаалд ч бай Библиэр дамжуулаад Бурхан биднийг Эхийн сэтгэлтэй бай гэж айлдаж байна. Одоо Сионы ард түмэн Эхийн сэтгэлээр, мөн хайраар төгс болж өөрчлөгдсөөр байгаа.

“Хайртууд минь, бие биенээ хайрлацгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг таньдаг. Эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр. Бурхан цорын ганц Хүүгээ ертөнцөд илгээсэн нь Түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. … Хайртууд минь, Бурхан биднийг ийнхүү хайрласан бол бид ч бие биенээ хайрлах учиртай. Хэн ч, хэзээ ч Бурханыг хараагүй. Хэрэв бид бие биенээ хайрлавал, Бурхан бидний дотор байж, Түүний хайр бидний дотор төгс болно. … Бурхан, биднийг хайрладаг хайрыг бид мэдэж, итгэдэг. Бурхан бол хайр мөн. Хайр дор байгч нь Бурханы дотор байж, Бурхан түүний дотор байна. … Хэн нэгэн нь “Би Бурханыг хайрладаг” гэж хэлчихээд, ах дүүгээ үзэн яддаг бол тэр худалч. Учир нь харсаар атлаа ах дүүгээ хайрладаггүй нь, хараагүй Бурханыг хайрлаж чадахгүй шүү дээ. Бурханыг хайрладаг нь ах дүүгээ мөн хайрлах ёстой. Бид энэ тушаалыг Түүнээс авсан билээ.” 1Иох 4:7-21

Бүх хайраас хамгийн агуу хайр нь тэнгэр Эхийн хайр. Бурхан биднийг тэнгэр Эхийнх шиг хайрын түвшинд хүргэхийн тулд л шинээр бүтээж байгаа. Тэрээр бидэнд тунхаглалаар дамжуулан зарим үед биднийг өөрсдийгөө даруу болгож, бусдыг өргөмжлөхөд сургадаг. Ингэснээр хэрхэн Эхийн сэтгэлтэй болохыг сурах боломж бидэнд олгодог. Эхийн сэтгэлтэй байх арга нь бусдыг өөрөөсөө дээр гэж үзэн, баяр хөөр, хайр халамж дүүрэн сэтгэлээр сайн мэдээний төлөөх бүх үүргээ биелүүлэх явдал юм.

Самари, дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээ тунхаглахын тулд бид зүрх сэтгэлээ Эхийн сэтгэлтэй адилхан болгож өөрчлөх учиртай. Урьд өмнө нь бид үйлчлүүлэхийг хүсэн, бусдаар аргадуулах гэдэг байсан ч одоо бол авах биш өгөх сэтгэл болох Эхийн сэтгэлтэй болох ёстой. Эмэгтэй хүн жаахан охин байхдаа хайрлуулахыг хүсдэг байсан ч ээж болохоороо бусадтай хуваалцан, бусдад үйлчлэн, хайр өгөхийг л хүсдэг. Эмэгтэй хүн сул дорой, эх хүн хүчтэй гэдэг биз дээ?

Хэрвээ бид тэнгэр Эхийн сэтгэлээр зүрх сэтгэлээ дахин шинэчилбэл Бурхан биднээс хүсдэг тэнгэрийн төгс оршихуй болж дэлхийн сайн мэдээг гүйцэлдүүлнэ. “Итгэл сүсэгт өөрсдийгөө дасгалжуул” гэж Библид айлдсанчлан Эхийн сэтгэл өвөрлөн хэрэгжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийцгээе. Сионы ах эгч дүү нар аа, өөрийгөө даруу болгон бусдыг өргөмжлөн, сүнслэг аюулгүй байдлын төлөө нэг нэгнээ хайрлан халамжилцгаая. Тийнхүү Бурханы даалгасан ажил үүргийг гүйцэлдүүлж, гар гараасаа барин тэнгэрийн хаанчлалд орохыг хүсье.