Сүүлийн үед Сионы баяртай мэдээнүүд өдөр тутам тасрахгүй байна. Сайн мэдээ улам бүр хурдтай тархаж, Солонгост ч сар бүр олон сүнс шинэ амийг олж, гадаад сайн мэдээ ч ид эрч хүчтэй өрнөж байна. Бурхан Сионд ерөөсөн зөгнөл ёсоор шинэ Иерусалим Эхийн яруу алдар улам хурц гэрэлтэн, Сионы ард түмэн бид ч магтаал, яруу алдар хүртээд байна.
Энэ бүхэн нь зөгнөлүүдийг яаравчлан биелүүлдэг Бурханы ивээл, Сионы гэр бүлүүдийн маань Бурханы үгэнд дуулгавартай байсны үр дүн гэж бодогдоно. Итгэгч та бүхэн Эхийн сургаалд дуулгавартай байж, гэр бүлүүд болон хөршдөө өдөр бүр инээмсэглэн хандаж ирсэн болохоор Бурхан бүр ч их инээмсэглэм, баяр хөөр зөвшөөрч өгч байгаа хэрэг.
Христийн сайн мэдээ бидний дотор баяр баясгаланг оргилуулдаг. Үргэлж баяр хөөр дотор амьдран, Бурханы хүслийг биелүүлж, бүх ертөнцийг баяр баясгалан болон аз жаргал руу хөтлөх Сионы гэр бүлүүд болохыг хүсэж байна.
Бурханы тушаалыг дагах нь Бурханы хүсэл гэдгийг бид мэддэг. Гэвч үргэлж баяртай байн, тасралтгүй залбирч, бүх зүйлд талархдаг амьдрал нь Бурханы хүсэл гэдгийг хааяа нэг мартах нь бий.
“Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархалаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн.” 1Тес 5:16-18
Баяртай байх нь ч Бурханы хүслүүдийн нэг. “Эзэн минь, Эзэн минь” гэдэг хүн бус, Бурханы хүслийг биелүүлдэг хүн тэнгэрийн хаанчлалд орно хэмээсэн болохоор “Үргэлж баяртай бай” гэсэн Бурханы хүсэлд бүрэн дуулгавартай байх ёстой (Мат 7:21).
Баяртай байвал инээд хөөр ч гарч, инээвэл баяр хөөр төрнө. Сүнслэг хоргодох хотод амьдарч байгаа нүгэлтнүүд болохоор баярлах юм байнга гардаггүй ч, цаанаасаа болохгүй бол ямар ч нөхцөлд хүчээр ч болов баяртай байх зуршилтай болох хэрэгтэй. Өөрсдийгөө итгэл сүсэгт дасгалжуулах хэрэгтэй гэж айлдсан (1Тим 4:7). Жижигхэн зүйлд ч үргэлж баяртай байх нь давтагдаад байвал тэр нь зуршил болж, зуршил нь тэр хүнийг бие хүн болгож төлөвшүүлдэг. Бурханы хүсэлд дуулгавартай байж, үргэлж баяртай байх зан чанар бүхий бие хүн болох ёстой.
Зөгнөлөөр харсан ч бид маш их инээмсэглэх ёстой хүмүүс билээ. Бурханы хүүхдүүд Исаактай адил амлалтын хүүхдүүд гэсэн (Гал 4:28). Исаак гэдэг нь “инээмсэглэл” гэсэн утгатай. Тэнгэр Эцэгийг зүйрлэсэн Абрахам болон тэнгэр Эхийг зүйрлэсэн Сарагийн цорын ганц өв залгамжлагчид өгсөн Исаак гэх нэр нь инээмсэглэл. Ингэж нэрлэснээс нь тэнгэрийн хүүхдүүдээ үргэлж баяртай байлгах гэсэн Бурханы хүслийг дахин ойлгож болно.
Инээмсэглэлийг түмэн өвчнийг анагаагч эм гэдэг. Анагаах ухааны түгээмэл онолын дагуу бол инээх нь хөгшрөлтөөс сэргийлж, янз бүрийн өвчнийг алсуураа эмчилдэг. Орчин үеийн хүмүүсийн төрөл бүрийн өвчин тусаж байгаагийн учир шалтгааныг ч мөн баяр хөөртэй амьдрал гэхээс илүү стресстэж, уур уцаартай амьдрах болсноос гарч байгаа гэж үздэг бөгөөд ямар ч өвчин баяр хөөр дотор ул мөргүй замхардаг гэлцдэг.
Америкт үе мөчний төрлийн өвчин эмгэгээр бүх бие нь хавдаж, үе мөч нь салах мэт янгинаж байсан нэгэн хүнд өвчтөн байжээ. Хэдэн жилийн турш эмнэлэгт хэвтсэн ч, улам л өвчин нэмэгдэж, эмчилгээгүй болсон тэрээр ганцаардлын эмнэлэгт байж байгаад үхсэнээс ганц өдөр ч болов баяртай байж байгаад үхье гэж зориг шулуудаад, эмнэлгээсээ гарч, зочид буудлын өрөөнд байрлах болжээ.
Тэр үеэс эхлэн хошин шогийн видео хуурцаг прокатлаж аваад үзэж эхэлж гэнэ. Өвдөхгүй цаг гэж ганц ч байгаагүй бие нь хошин шог үзээд 10 минут орчим чангаар инээвэл 2 цаг хэртэй огт өвдөхгүй байжээ. Өдөр бүр гурав, дөрвөн видео үзээд сайтар инээвэл өдөржин өвдөхөө больж, бие нь улам л сайжраад байгааг мэдэрчээ. Тэрээр цоо эрүүл болоод, хожим нь өөрийнхөө туршлагын талаар ном бичсэн байдаг.
Дотоод сэтгэлийн баяр хөөр хорт хавдрыг хөөн зайлуулсан бодит жишээ ч байдаг. 1982 онд Америкт болсон явдал. Шон гэгч 7 настай хүү тархины хорт хавдраар бараг л үхэж байжээ.
Хиймэл амьсгалын аппарат зүүлгэж, амийг нь арай чүү тогтоон сахиж байсан хүүгийн эцэг эх нь хүүгээ улам л зовно гэдгийг гүн ойлгоод, хиймэл амьсгалын аппаратыг нь салгахаар сэтгэл шулууджээ.
Аппаратыг нь салгахын өмнө Шоны аав хаашдаа л амьсгал хураах болж байгаа хүүдээ хамгийн их баярлуулах бэлэг өгөхөөр шийдэв. Шон “Бостон Ред-сокс” бэйсболын багийн шилдэг довтлогч Стейплетоны улаан фен байжээ. Тэр өдрийн орой Шоны аав уг тамирчны байрлах газрыг хайж олоод, болсон явдлыг Стейплетонд тайлбарлаж, хүүтэйгээ уулзаж өгөхийг чухалчлан гуйжээ.
Дараагийн өдөр нь тамирчин Стейплетон Шоны тасагт эргэж очжээ. Амьсгалын аппаратаа дөнгөж салгуулж, ухаан санаа нь орж гаран, амьсгал нь давхцах Шон руу Стейплетон дөхөж очоод, гарыг нь барьж ингэж хэлжээ. “Шон, би Стейплетон байна.”
Гэтэл хүү нүдээ гялсхийн нээв. Тэгтлээ их уулзахыг хүсдэг байсан довтлогч нь гарыг нь барьж байгааг мэдсэн Шоны нүдэнд дааж давшгүй сэтгэл хөдлөл болон баяр хөөр оволзож л дээ.
Тэгээд Стейплетон маргаашийн тэмцээн дээр Шоны төлөө “хоум-ран” (Орчуулагчийн тэмдэглэл: стадион давуулж хүчтэй цохих) цохих болохоор шууд нэвтрүүлэг заавал үзэхийг гуйж, бэйсболын бөмбөг дээр гарын үсгээ зураад хүүгийн гарт атгуулжээ.
Гайхалтай нь Шон туслах төхөөрөмжийг салгасан ч, дараагийн өдөр хүртэл нь амьд байж, бэйсболын шууд дамжуулах тоглолтыг үзэв. Стейплетон амласнаараа тэмцээн дээр “хоум-ран” цохижээ. Тэр “хоум-ран” өөрийнх нь төлөө гэдэгт баттай итгэсэн Шон баяр хөөрөө дийлж чадахгүй байгаа нь царайд нь илт байлаа.
Энэ явдал үхэж байсан хүүд шинэ хүчийг бадраажээ. 5 сарын дараа Шон амьсгалын аппаратад найдахаа больж, урьдын адил амьдрах болсон төдийгүй бие нь илт сайжирч байлаа. Эмнэлэгт очоод дахин нарийн шинжилгээ хийлгэхэд тархин доторх хорт хавдрын эс ул мөргүй арилж, хэвийн байдалдаа буцаж орсон гэжээ.
Баяр хөөр болон инээд нь сүнсний эрүүл мэндэд ч томоохон тус хүргэдэг нэртэй эм юм. Тиймээс бидний аюулгүй байдлын төлөө санаа зовдог Бурхан бидэнд үргэлж баяртай бай гэсэн сургаал өгсөн юм.
Би ч, Сионы гэр бүлүүд ч ялгаагүй. Үнэнийг хүлээж аваад ужиг өвчнөөсөө салсан гэр бүлүүд Сионд олон байдаг. Магадгүй Бурхан дотор оршиж, үргэлж баяртай байдаг учраас тэгсэн гэж бодож байна. Баяртайгаар амьдарвал сүнсээр ч, махан биеэр ч эрүүлжиж, өөрийнхөө төдийгүй эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралд хүртэл гэрэл гэгээ бий болгож чадна.
Сионы гэр бүлүүд Бурханаас чухалчлан ерөөл гуйдаг. Бие биенийхээ төлөө ч үргэлж ерөөл гуйж байдаг. Ерөөл их авахыг хүсвэл их инээгээд үзье. “Инээвэл ерөөл ирнэ” гэсэн үг ч бий. Махан биеэр ч ерөөл ирж, сүнсээр ч илүү их ерөөл болон баяр хөөр ирнэ гэдгийг мартаж болохгүй.
Эхийн айлдсан сургаалын дагуу Сионы гэр бүлүүд Бурхандаа баяр хөөр, талархал өргөхөөр хичээж байгаа. Ням гарагт нүдээ нээмэгц инээж, даваа гарагт даруулгагүй инээж, мягмар гарагт мяралзтал сайхан инээж, лхагва гарагт элгээ хөштөл инээж, пүрэв гарагт писхийтэл инээж, баасан гарагт болихоо мэдэхгүй инээж, бямба гарагт байж ядан дуу хадаан инээж байна.
Гэртээ байхдаа гэрийнхэндээ, сүм дотор байхдаа итгэгч нар бие биедээ баяр хөөр өгвөл тэр инээд айл хөршид ч, нийгэм даяар ч тархаж, инээмсэглэл бүхий ертөнц бий болох болно. Энэ нь Бурханы хүсэж байгаа ертөнц биш гэж үү?
Инээх зуршилтай болбол урьд өмнө зовлонтой санагдаж байсан зүйлс ч огт зовлон биш байсныг ойлгох болно. “Нүглийн хувцас өмсөөд энэ газар ирсэн хойно ингэхээс өөр яахав”, “Бидэнд тэнгэрийн хаанчлал байгаа шүү дээ”, “Энэ өчүүхэн төдий гарз хохирлоор том зүйл авна” гэх мэт ухаарал нэмэгдэж, бүхий л зүйлд Бурхантай адилхан дөлгөөн байдлаар хандаж сурна. Инээмсэглэлийн хамтаар та бүхний сүнсэнд бага багаар өөрчлөлт гарч байгаа нь мэдрэгдэх болно.
Бурханы хүүхэд гэвэл тэнгэр Эцэг, Эхийн хайрын төрхийг ч тэр чигээр нь дуурайх ёстой. Бурханыг дуурайсан төрхөөр өдөр бүр өөрчлөгдөж байгаа нь жинхэнэ инээд хөөр авчрах том ерөөл гэхээс өөр аргагүй.
“Үргэлж баяртай бай” гэсэн үгийг Сионы гэр бүлүүд нэг сэтгэлээр хэрэгжүүлж, сайн сайхан зүйл олон гарч байна. Дэлхийн өнцөг булан бүрд үнэнийг түрүүлж хүлээж авсан гадаад гэр бүлүүд сайн мэдээний эш үзүүлэгч илгээж өгөхийг нэхэн гуйж, нөгөөтэйгүүр Солонгост ч сайн мэдээ сонсохоор олон хүн өөрсдийн хүслээр Сион руу ирцгээж байна.
Сайн мэдээн дотор бидний сэтгэлд баяр хөөр, найдвар өгдөг хүчин зүйлс дүүрэн шингэсэн байдаг. Сайн мэдээ Самари ба дэлхийн хязгаар хүртэл тунхаглагдах ёстой гэсэн нь ертөнцийн хүмүүст баяр баясгалантай амьдрахаас илүү баярлаж чадахгүй цаг мөч нь илүү их байдаг болохоор тэдэнд найдвар бэлэглэх баярт мэдээ дамжуулаарай гэсэн Бурханы хүсэл ч болно.
“Есүс Галил даяар явахдаа синагогуудад нь зааж, хаанчлалын сайнмэдээг тунхаглаж, ард олны доторх алив төрлийн өвчин эмгэгийг эдгээж байлаа.” Мат 4:23
Англи Библид сайн мэдээг “good news” гэж тэмдэглэсэн байгаа. Өөрөөр хэлбэл сайн мэдээг ерөөлтэй мэдээ, баярт мэдээ гэж болно.
Нүгэлт хорвоод цөхрөл дунд явж байсан бидний сүнснүүдэд “Христ ирсэн” гэдэг мэдээ нээрээ л хамгийн баяртай мэдээ биш гэж үү? Тиймээс сайн мэдээ нь хүмүүст баяр хөөр өгдөг мэдээ юм. Тиймээс сайн мэдээ нь хүмүүст баяр хөөр өгдөг мэдээ юм.
2000 жилийн өмнө Есүс энэ газар ирээд, олон хүнд урам зориг, итгэл найдвар, баяр хөөр өгсөн болохоор үхсэн сүнснүүд амилсан гайхамшиг гарч байсан. Шилдэг довтлогч Стейплетон үхэж байсан нэг хүүд баяр хөөр болон амьдрах зориг өгсөн бол мөнхөд үхэхээс өөр аргагүй бидэнд Христ мөнхийн баяр хөөр болон мөнх амийг өгсөн юм.
“Миний баяр баясгалан та нарт байж, та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд үүнийг Би та нарт хэлэв.” Иох 15:11
Сайн мэдээ хүлээж авсан хүний сүнс үргэлж баяр хөөрөөр дүүрэх нь Христийн хүсэл байсан юм. Христ зөвхөн “Миний баяр баясгалан та нарт байж, та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд” гэх хүсэл зорилгоор л тэнгэрээс энэхүү хатуу ширүүн ертөнцөд ирсэн билээ. Өөрийн биеийг үл хайхран, Өөрийн баяр баясгаланг хүсээгүй. Биднийг Бурханаас нүүр буруулсан тэр мөчид ч өрөвдөн үзэж, бүх нүглийг маань алга болгохоор загалмайн зовлонгийн ачааг үүрсэн.
Ийм л Христийн жишээг хүлээж авсан бол бид ч мөн баяртай сэтгэлээр сайн мэдээ тараах нь мэдээж. Хэрхэн нөгөө хүндээ баярт мэдээ өгөх вэ гэдгийг түрүүлж бодох болно. Бидний инээмсэглэл зөвхөн өөрийгөө баярлуулахаас илүү, бусад хүнд баяр хөөр өгдөг байх хэрэгтэй.
Бурхан үнэний Сион дотор оршиж байгаа ард түмнийхээ сүнсийг баяр хөөр, зугаа цэнгэлээр дүүрэн байлгахыг хүсэж байгаа.
“Ингээд ЭЗЭНээр золигдогсод буцаж, Баяртайгаар дуулан Сион уруу ирнэ. Тэргүүн дээр нь мөнхийн баяр хөөр, Тэд цэнгэл, хөөртэй байх бөгөөд Гашуудах, санаа алдах нь зугтан одно.” Иса 51:11
Энэ бол Бурханы төлөвлөж, амласан Сионы дүр төрх юм. Сион дотор гашуудах, санаа алдах нь зугтан одож, зөвхөн баяр хөөр, цэнгэл байх ёстой. Бидний Иерусалимд өргөн барих ёстой мэдээ бол ерөөлтэй баяр хөөрийн мэдээ юм (Иса 40:9, 52:7). Зөгнөлийн дагуу сайхан мэдээг Иерусалимд ихэд өргөх манаач нар болоод, гэртээ ч инээд хөөрийн дуу таслахгүй байж, Бурханд итгэхээс өмнөх үеэс ч илүү баяртай мэдээ ихтэй байгаасай гэж хүсэж байна.
Жил бүр сайн мэдээг тайлагнаж, сүм бүр хэр зэрэг ивээлтэй сайн мэдээ тараасныг хянаж үзвэл Эцэг, Эхийн сургаалыг сэтгэлдээ сийлж, тууштай хэрэгжүүлсэн сүмүүдэд сайн мэдээний үр жимс дүүрэн байдгийг олж харж болно. Зорилгоосоо хэд дахин олон үр жимс гаргасан сүмийг харвал тэдгээр сүмүүдийн гэр бүл бүгд л инээд хуваалцах, инээд дамжуулагчийн үүргээ биелүүлсэн байдаг. Амьдрал л юм болохоор зовж шаналах зүйл, таагүй зүйлс гарна. Гэвч Эцэг, Эхийн оршиж байгаа ивээлийн газар ирсэн юм чинь хөмсгөө зангидаж болохгүй юм байна гэж бодоод, Сионд л ирвэл гэр бүлүүд сэтгэл нь баяр хөөрөөр бялхаж, нүүр царай нь гэрэлтэж харагддаг.
Анхандаа ичмээр, хиймэл юм шиг санагддаг байх л даа. Гэвч сайн мэдээн дотор жинхэнэ баяр хөөрөө илэрхийлж, бүх зүйлд талархсан учраас одоо инээхгүй бол илүү сонин санагдана. Сүмд анх ирсэн хүн “Ертөнцөд зовлон зөндөө байхад энэ сүмийн хүмүүс яаж ингэж дандаа гэрэлтэйгээр инээмсэглэж байдаг байна аа” гэж гайхаад, инээдийг нь өөртөө халдаах гэж хүсээд, үнэнийг маань хүлээн авах болсон гэсэн ивээлтэй яриа байн байн л сонсогддог юм.
Энэ мэт Бурханы хүслийн дагуу баяр хөөр бүхий амьдралаар амьдарвал инээмсэглэлийн цэцэг дэлгэрсэн газар бүрд үзэсгэлэнтэй Ариун Сүнсний үр жимс гарах болно. “Миний баяр баясгалан та нарын дотор байж, та нарын баяр баясгалан дүүрэн болох нь Миний хүсэл” гэсэн Христийн сургаалыг сэтгэлдээ гүн сийлээд, үргэлж инээцгээе.
“Бүү мэхлэгд. Бурхан элэг доог болохгүй. Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг. Учир нь махбоддоо таригч нь махбодоосоо ялзралыг хурааж авна. Харин Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна.” Гал 6:7-8
Юу тарьснаа л хурааж авна гэсэн. Уур уцаар тарих юм бол уурлах зүйлс гарч, инээд хөөр тарих юм бол инээд хөөр хурааж авна. Бурхан үргэлж баяртай байгаа хүнд баяр хөөрийн үр жимс дүүрэн хурааж авах хэмжээний тийм баяр хөөртэй зүйлс илүү их зөвшөөрч өгнө.
Хэн хүнгүй л өөрийг нь хэн нэгэн инээмсэглэсэн царайгаар хүлээн авахыг, нэг ч болов халуун дулаан үг сонсохыг хүсдэг. Тэгвэл бид хүссэн зүйлийг нь тарих ёстой. Баяр хөөр тарих аваас баяр хөөрийн үр дүн ирнэ гэсэн болохоор мөнхийн тэнгэрийн хаанчлал хүртэл баяр баясгалантайгаар гүйж орох хүүхдүүд болцгооё.
“Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайн сэтгэл, итгэмж, дөлгөөн зан, өөрийгөө захирахуй нь юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй.” Гал 5:22-23
Хайр, баяр баясгалан, өөрөөр хэлбэл инээд хөөр байгаа газар үр жимс гардаг. Хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэмж, дөлгөөн зан, өөрийгөө захирахуйд Ариун Сүнсний үр жимс гардаг юм. Хэнтэй ч баяртай, инээмсэглэн харьцвал Ариун Сүнсний үр жимс дүүрэн хурааж авна гэдэгт итгэж байна.
Та өнөөдөр инээмсэглэж, инээж хөхөрсөн үү? Инээх боломж байхгүй байсан ч тийм боломжийг бий болгоорой. Анхандаа жаахан эвгүй ч Бурханы хүсэл юм чинь баяртайгаар хүлээн авч, заавал дуулгавартай дагадаг хүүхдүүд болох ёстой.
Үнэн дотор үргэлж баяртай байж, ертөнцийн хүмүүст ч баяр хөөрөө хуваалцдаг, инээмсэглэл дамжуулагч нар болохыг бүгдээс нь хүсэж байна. Сионы гэр бүлүүд маань “Үргэлж баяртай бай” гэсэн Бурханы хүслийг марталгүй, баяр хөөр дунд амьдарч, нэг нь ч үлдэлгүй бүгдээрээ тэнгэрийн хаанчлалд орохыг дахин хүсэх байна.