Есүс Христийн нэрээр

Үйлс 3:1-17

16,297 үзэлт

Петр, Иохан нар залбирахаар сүм рүү явж байхдаа хүмүүс төрөлхийн суунги өвчтөнг авч ирэхийг харав. Тэрээр сүмд ирэгсдээс гуйлга гуйх гэж дааман хаалганы дэргэд суудаг байжээ.

Петр, Иохан нарыг сүм рүү орох гэхэд тэр тэднээс гуйлга гуйлаа. Петр ийн хэлэв.

“Надад алт, мөнгө байхгүй. Харин өөрт байгаагаа л би чамд өгье. Назарын Есүс Христийн нэрээр босоод явагтун.”

Петр баруун гараас нь барьж өндийлгөсөнд түүний хөл, шагай тэр даруй хүч орж, зогсов. Тэр тэдэнтэй сүмд орж, цовхчин, Бурханыг магтлаа.

Үүнийг харсан хүмүүс гайхсандаа танхимд цуглажээ. Петр тэнд цуглагсдад хандан:

“Израиль эрчүүд ээ! Та нар юунд нь гайхна вэ? Бид өөрсдийнхөө хүч эсвэл сүсэг бишрэлээр түүнийг явдаг болгосон мэт ингэтлээ юунд биднийг ширтэнэ вэ? Та нарын үгүйсгэж алсан, үхэгсдээс Бурханы босгосон Есүс Христ түүнийг тэнхээтэй болгосон. Есүсээр дамжин ирдэг итгэл нь түүнийг та бүгдийн өмнө цоо эрүүл болгожээ” гэв.

Суунги өвчтөнг гараас нь барьж босгосон хүн Петр байлаа. Гэвч Петр үүнийг “Христийн ажил” гээд Бурханд магтаал өргөсөн юм.

Бурханы гайхамшиг биднээр дамжин илчлэгдэх үед бид бардамнаж мэдэх юм. Хүн гэдэг амьтан угийн л бусдаар магтуулж, бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг шүү дээ. Түүнчлэн аливаа ажлыг Бурхан хийж бүтээсэн ч энэ бүхэн нүдэнд харагддаггүй тул хүмүүс өөрсдийгөө алдаршуулах хандлага гаргадаг.

Бурханы үйлчлэгч хүний хувьд энэ нь бидний туйлын болгоомжлох ёстой зүйл юм. Бид ямар ч ажил хийлээ гэсэн өөрсдөө анхаарал татах гэсний хэрэггүй. Угаасаа тэдгээр нь бидний хийсэн ажил биш. “Миний хэрээс хэтэрсэн ажил” гэсэн үг нь шууд утгаараа миний чадвараар бус, Бурханы хүч чадлаар хийгддэг ажил гэдгийг илтгэж байна.

“Бурханыг алдаршуулбал тэр яруу алдар надад эргэж ирнэ.” Эхийн сургаалаас