“Эд нар Эзэнд хэрэгтэй” гэж хэлээрэй

19,096 үзэлт

Үнэн эгэл юмс дунд байдаг гэсэн үг бий. Зарим хүн үнэнийг ямар нэг онцгой газраас олох гэж хичээдэг. Гэвч үнэт эрдэнийг шавар саванд тавьсан хэмээх Бурханы үг байдагчлан бодит байдал дээр ч үнэн гэгч энгийн зүйлд оршдог.

Библийн бүх зөгнөл биелж буйг харвал Бурхан бүх ажлаа дэндүү эгэл жирийн байдлаар зугуухан хийж байгаа нь мэдрэгдэж байна.

Үнэндээ бол Есүс Христийн хийсэн ажлууд тэмдэг, гайхамшгаар л зөвхөн дүүрэн байсан биш. Олон ажил нь эгэл жирийн харагдах зүйлс байсан юм. Энэ мэт эгэл жирийн юмсаас сүнслэг ухаарал авсан шавь нар болон сайн мэдээний ном бичигчид тэрхүү ухаарлаараа Ариун Сүнсээр дүүрч, Библийг бичсэн. Тиймээс итгэл дотор байгаа өнөөгийн бидний сэтгэлийг хөдөлгөдөг билээ (2Пет 1:20-21). Дан ганц ертөнцийн хүмүүсийн нүдээр бол тэдгээр нь юу ч биш мэт санагдаж магадгүй.

Эзэнд илжиг хэрэгтэй гэж хэл

Би Библи уншаад тун энгийн мэт харагдах нэг зүйлээс нэг их баяр хөөр мэдэрч билээ. Бурхан надад мэдрүүлсэн тэр үг нь Есүс Христийн айлдсан ““Эд нар Эзэнд хэрэгтэй” гэж хэлээрэй” хэмээх үг л дээ.

“Тэд Иерусалимд дөхөж, Чидун уулын бэл дэх Бетфагт ирээд, Есүс хоёр шавиа илгээж тэдэнд —Эсрэг талд чинь байгаа тосгонд оч. Та нар тэр даруй уяатай илжиг дудрантайгаа байгааг олно. Тэднийг тайлаад Надад авчир. Хэрэв хэн нэгэн та нарт юм хэлбэл “Эд нар Эзэнд хэрэгтэй” гэж хэлээрэй. Тэгвэл тэр тэднийг даруй явуулна гэв. Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд билээ. Юу гэвэл «Харагтун, Хаан Эзэн чинь чам уруу даруухнаар, илжиг буюу эдэлгээний адгуусын төл, дудран унаад айсуй гэж Сион охинд дуулга» гэсэн юм. Тэгээд шавь нар явж, Есүсийн захисан ёсоор гүйцэтгэв. Тэд илжгийг дудрантай нь авчраад дээр нь дээлүүдээ тохож Есүсийг мордуулав. …” Мат 21:1-11

Есүс Иерусалимд орж ирэхдээ Библийн зөгнөл биелүүлэхийн тулд шавь нартаа нэг илжиг авчир хэмээсэн. Шавь нар нь нэлээн сандарч л дээ. Ертөнцийн эд хөрөнгө, эрх мэдэлд шуналгүй зөвхөн тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг тунхаглаж байсан Есүс болон түүний шавь нарт илжиг байсангүй. Шавь нар нь хаашаа очиж, хэний илжгийг авчрахаа мэдэхгүй сандралдахад Есүс ““Эд нар Эзэнд хэрэгтэй” гэж хэлээрэй!” гэх ганц л үг айлдсан юм.

Хэрэв огт танихгүй хүн ирээд “Эзэнд хэрэг болоод байна, илжгээ өгчих” гэвэл өгөх үү? Харин илжигний эзэн тэр ганц үгийг сонсоод л шавь нарт илжгээ уриалагхан гэгч нь үг дуугүй өгсөн. “Хаан илжиг унаж ирнэ” гэсэн Христийн ирэх зөгнөл биелэгдэхийн тулд ийм зүйл тохиожээ.

Энгийн байгаагаар нь харвал Есүс илжиг унаад, Иерусалим хотод орж ирсэн нь байдаг л өчүүхэн зүйл мэт боловч сүнслэгээр харвал ““Эд нар Эзэнд хэрэгтэй” гэж хэлээрэй” гэж Есүсийн хэлсэн ёсоор бүх зам нээгдэн, Бурханы зөгнөл биелж байсан хэрэг.

Эзэнд дээд давхрын өрөө чинь хэрэгтэй гэж хэл

Алгасал баярын ариун зоогийн үед ч мөн адилхан үгийг хэлсэн байдаг. Есүс энэ газар үүргээ гүйцэтгээд, загалмайд цовдлогдохын урд орой нь Есүс шинэ гэрээ байгуулахаар шавь нараа Алгасал баярт бэлдүүлсэн. Шавь нар нь мөн л сандралд орсон. Алгасал баярт яаж бэлдэхийг нь нарийн тодорхой хэлэлгүй ердөө л “Эд нар Эзэнд хэрэгтэй” гэсэн үгийг л хэлүүлсэн. Гэтэл Есүсийн энэ үг бүх зүйлийг боломжтой болгон шийдвэрлэсэн юм.

“Исгээгүй талхны баярын эхний өдөр, Алгасалын хурга нядлах үеэр шавь нар нь —Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна вэ? гэв. Есүс шавь нараасаа хоёр хүнийг явуулж, тэдэнд —Хотод ор. Ваартай ус авч яваа хүн та нартай тааралдана. Түүнийг дага. Тэр хаашаа орно, тэр гэрийн эзэнд “Багш «Шавь нартайгаа, Алгасал баярын зоог барих зочны өрөө минь хаана байна?» гэж хэлүүлж байна” гээрэй. Тэр та нарт дээд давхрын тавилгатай, бэлэн том өрөөг үзүүлнэ. Тэнд бидэнд зоог бэлд гэж хэлэв. Шавь нар гарч явж хотод ирээд Түүний айлдсанаар бүхнийг олж, Алгасал баярын зоогийг бэлдэв.” Мар 14:12-16

Шавь нар Есүсийн айлдсанаар хот руу оров. Хотод хэнтэй таарахаа мэдэхгүй явж байсан ч яг Есүсийн хэлснээр ваартай ус авч яваа хүн тааралдаж, тэд ч түүнд “Манай Эзэнд зочны өрөө чинь хэрэгтэй гэж хэлүүлж байна” гэж үгийг нь дамжуулав. Шавь нар ердөө “Эзэнд хэрэгтэй” гэж л хэлсэн байхад нөгөө хүн баяртай гэгч нь дээд давхрын том өрөөгөө үзүүлж, Есүс болон шавь нар тэнд нь Алгасал баяр тэмдэглэсэн юм. “Эзэнд хэрэгтэй” гэдэг үгээр л яг хүлээж байсан аятай Алгасал баяр сахих зочны өрөө бэлэн болсон юм. Бүх асуудал “Эзэнд хэрэгтэй” гэсэн энэ ганц үгээр л шийдэгдсэн.

Би та нарыг хүмүүсийн загасчид болгоно

Шавь нараа үнэн рүү хөтөлж, анхны сүмийн сайн мэдээний түүхийг биелүүлж явах үедээ ч Есүс зөвхөн “Эзэнд хэрэгтэй” гэх үгээ л хэлж байлаа.

“Тэрээр Галил нуурын эргээр явж байхдаа, нуурт тор шидэж буй ах дүү хоёрыг харжээ. Нэг нь Петр гэгддэг Симон, нөгөө нь түүний дүү Андрей байв. Тэд загасчид аж. Есүс тэдэнд —Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчид болгоно гэв. Тэд тэр даруй тороо орхиж, Түүнийг дагалаа. Тэр тэндээсээ цааш явж Зебедеен хүү Иаков, түүний дүү Иохан гэдэг бас нэгэн ах дүү хоёрыг завин дотроо эцэг Зебедеенхээ хамт тороо сэлбэж байгааг хараад дуудав. Тэд тэр даруй эцгээ завьтайгаа орхиж, Түүнийг дагалаа.” Мат 4:18-22

“Намайг дага. Та нар Надад хэрэгтэй” гэхэд Петр, Иохан, Иаков гээд хэн нь ч Түүнээс татгалзаагүй шууд дагасан. Эзэн Өөрөө “Та нар Эзэнд хэрэгтэй” гэж дуудсан болохоор л тэр шүү дээ.

Есүс тэдэнд огтхон ч Бурхан шиг харагдаагүй. Ердөө л ядуу мужаан Иосефын хүү гэж харагдсан. Хэн ч Түүнийг тэнгэрийг эрхшээж, сүр жавхлант сэнтийнээсээ мянга мянга, түм түмэн тэнгэр элчийг захирдаг хүч чадлын Бүтээгч Бурхан гэдгийг мэдээгүй.

Харин “Эзэнд хэрэгтэй” гэх үгийг сонсох л юм бол энэ газрын бүх бүтээл Бурханы хүслийг биелүүлэхэд хэзээд бэлэн байдаг юмсанж. Тийм учраас Библид “Эзэнд хэрэгтэй” гэх үед “За тэгье” гэж л хариулсан болохоос “Чадахгүй” гэж хэлсэн ганц ч тохиолдол байдаггүй. Эзэн “Надад хэрэгтэй” гэж айлдсан байхад ертөнцийн нэг ч бүтээл “Чадахгүй” гэж татгалзах юм уу үгнээс нь зөрөх эрх байхгүй шүү дээ.

Иудейн шашинд автан анхны сүмийн ариун хүмүүсийг хавчих ажлыг манлайлж байсан элч Паул үнэн дотор ирээд шашнаа өөрчлөхөд өдий төдий ариун хүмүүс айж чичирсэн хэвээр байсан юм. Харин Христ үзэгдэл дунд тэдэнд үзэгдэн “Та нар түүнээс бүү ай” хэмээдэг.

“… тэр бол харийнхан, хаад болон Израилийн хөвгүүдийн өмнө нэрийг минь авч явахаар Надад сонгогдсон сав бөгөөд” Үйл 9:15

Эзэн нэг хүнийг дуудсан бол зөрүүд, догшин ширүүн, өөр шашинд гүн автсан байсан ч хамаагүй эцсийн эцэст үнэний өмнө бүгд толгой бөхийх нь Бурханы урьдаас тогтоосон зүй тогтол юм.

Бурханд хэрэглэгдсэн хүний авах ерөөл

Одоо энэ үе нь сүнслэг намар, ургац хураалтын цаг. Өнөө үед Эзэн биднийг хэрэглэе хэмээсэн юм. Ертөнцийн зургаан тэрбум хүнээс, тэнгисийн эргийн элс мэт тэр олон хүнээс Бурхан зөвхөн та бүхнийг болон намайг л “Эзэнд та нар хэрэгтэй” хэмээн дуудсан билээ.

Бурхан Өөрөө биднийг хэрэглэнэ гэдэг хичнээн агуу ерөөл билээ? Эзэнд дуудагдан хэрэглэгдсэн хүмүүсээс буруудсан хүн байна уу? Петр шиг дорд мөхөс загасчин ч Эзэнд хэрэглэгдэн, эдүгээ дэлхийн христийн сүмийнхний бахархал болсон элч нарын элч болжээ. Үнэнийг эсэргүүцэн, ариун хүмүүсийг хавчиж байсан элч Паул ч бас Эзэн хэрэглэхээр үнэн рүү авчирсны дараа нэлээдгүй зовлон бэрхийг амсан явж, харь хүмүүс болон хаан угсаатны өмнө “Есүс бол Христ” гэж гэрчлэх болон шинэ гэрээний сайн мэдээг тунхаглахад хамаг хүчээ дайчилсан. Үр дүнд нь өнөөг хүртэл бүх христчүүдийн хүндлэлийг олсон шүү дээ. Энэ мэт Эзэнд хэрэглэгдсэн хүн бүр алдар нэр олж авсан юм.

Эдүгээ Эзэн биднийг хэрэглэж байгаа учраас тэнгэр элч нар ч бидний гүйцэтгэж буй ажил үүрэгт атаархдаг. Энэ ертөнц тэнгэрээс дээр биш шүү дээ. Тэгтэл энэ газарт хийж буй сүүлчийн шинэ гэрээний сайн мэдээний ажилд маань тэнгэрийн тэнгэр элч нар ч атаархдаг хэмээсэн (1Пет 1:10-12).

Одоо Бурханы яруу алдарт түүх бүгд биелэгдэх үе ирсэн. Бурхан биднийг дуудахад нь алгуурлаж болохгүй. Эзэн Петр, Иохан, Иаковыг дуудах үед тэд алгуурлалгүй Христийн яруу алдарт түүхийн араас дагасан шиг бид нар ч бас Бурханы дуудлаганд тээнэгэлзэж алгуурлаж болохгүй.

Хэдийгээр тэдний амьдралд хүнд хэцүү зүйл их, туйлдан ядарч, хавчлага саад гээд зам нь дардан байгаагүй ч Эзэн хэрэглэе гэсэн үед нь дуулгавартай сэтгэлээр тэд дагасан юм. Эргэн тойрны нөхцөл байдлаа ч хараагүй. Бурханд хэрэглэгдэх үнэ цэнэтэй сав болохын төлөө л зөвхөн хамаг хүчээ дайчилж байв.

“Бос, гэрэлт. Учир нь гэрэл чинь ирж, ЭЗЭНий алдар чиний дээр мандаж байна. Үзэгтүн, газрыг харанхуй, хүмүүсийг гүн харанхуй бүрхэнэ. Гэвч ЭЗЭН чиний дээр мандаж, алдар нь чиний дээр үзэгдэнэ. Үндэстнүүд гэрэл уруу чинь, хаад мандах туяа уруу чинь ирнэ. Хараагаа өргөн эргэн тойрноо харагтун. Тэд бүгд цуглан чам дээр ирж байна. Хөвгүүд чинь алс холоос ирнэ. Хажууд нь охид чинь тэврүүлэн ирнэ. Чи харж, сүрдэн гэрэлтэх бөгөөд далайн баялаг чинийх болж, үндэстнүүдийн хөрөнгө чамд ирэх учир зүрх чинь чичрэн баясна. … Үүл мэт, үүрэндээ буцах тагтаанууд мэт нисэж буй тэд хэн бэ? … Намайг алдаршуулахын тулд Миний тарьсан мөчир, мутрын минь бүтээл болох Чиний ард түмэн бүгд зөвт болж, газрыг мөнхөд эзэмшинэ. Хамгийн өчүүхэн нь мянга болж, хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би цагт нь яаравчлуулах болно.” Иса 60:1-22

Эзэн “Би үүнийг хийнэ” л гэсэн бол бүх түүх тэр ёсоор биелэгдэнэ. Эзэн хэрэглэнэ гэсэн л бол биелэхгүй зүйл байхгүй. Тиймээс шавь нар Эзэнд илжиг хэрэгтэй гэхэд нь явж авчран, Эзэнд хэрэгтэй гэсэн үгэнд нэг ч бүтээл татгалзаагүй. Бүгд л зөвхөн Эзэнд хэрэглэгдэхийг хүлээж байсан.

Хэдийгээр ганц илжиг байсан ч Эзэнд хэрэгтэй гэсэн тул илжигний эзэн хаа хамаагүй хүнд илжгээ өгөөд явуулчихдаг. Тэгвэл яагаад ийм энгийн мэт харагдах зүйл сайн мэдээний номонд тэмдэглэгдсэнийг бид сайн судлах хэрэгтэй.

“Эзэнд хэрэгтэй” гэхэд нь Эзэн рүү хөтлөөд ирсэн илжгийг бодож үзэцгээе. Израильд өөр илжиг маш олон байсан ч “Эзэнд хэрэгтэй” гээд хөтөлж ирсэн тэр илжиг л хаадын Хаан, эздийн Эзэнийг дээрээ залж, Иерусалим хотод орох яруу алдрыг олсон. Жирийн л нэг амьтан ч гэлээ хичнээн ерөөлтэй илжиг вэ? Бурхан зөгнөлөө биелүүлэхийн төлөө сонгосон тэр илжиг 2000 жил өнгөрчихөөд байхад хүртэл одоо ч бидний дунд ам дамжин яригдсаар л байна.

Маркийн дээд давхрын өрөө ч мөн адил. “Эзэнд хэрэгтэй” хэмээсэн тул гэрийн эзэн Марк ивээлтэйгээр өрөөгөө бэлтгэсэн. 2000 жил өнгөрчихөөд байхад ч өнөөг хүртэл ертөнцөд дурсагдаж буй цорын ганц дээд давхрын өрөө тэр биш гэж үү? Эзэн хэрэглэвэл юу ч бай, хэн ч бай алдаршина. Тухайн оршихуйн яруу алдар үүрд мөнхөд гялалзана.

Ертөнцийн ихэнх хүмүүс өөрийгөө яагаад төрснөө ч мэдэхгүй амьдардаг. Харин Бурхан бидэнд тэнгэрийн яруу алдрыг харуулсан.

Дэлхийн зургаан тэрбум хүнээс “Эзэнд хэрэгтэй” гэж сонгогдсон нь зөвхөн зуун дөчин дөрвөн мянга юм. Зөгнөлөө гүйцээхээр өдий төдий илжгэн дундаас нэгийг л сонгож, тухайн үед Израилийн үй олон зочны өрөөнөөс Маркийн дээд давхрын өрөөг л сонгосон шиг Бурхан өнөө үед зуун дөчин дөрвөн мянга болох биднийг сонгож, энэ ертөнцийн төгсгөлд анх боловсорсон үр жимс болгон, Бурхан ба Хурганы харьяат ард түмэн болгон дуудсан билээ.

Ертөнцөд өндөр боловсрол мэдлэгтэй, ярианы чадвар сайтай хүн олон ч Бурхан тэднийг биш, биднийг дуудаж хэрэглэх гэсэн юм. Бурхан хэрэглэнэ хэмээн дуудах үед “Амен” гэж хэлбэл хэн ч бай бид бүгд Бурханы яруу алдрын төлөөх зөгнөлийн баатар болж чадна.

Яв, бүх үндэстнийг дагалдуулагтун

Одоо бидний хийх ёстой зүйл нь Бурханы дуудлагыг даган, Бурханд хэрэглэгдэх явдал.

“Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:18-20

Бурхан “Эзэнд хэрэгтэй” хэмээсэн хүмүүстэйгээ үеийн төгсгөл хүртэл хамт байна. Дэлхийн зургаан тэрбум хүн дундаас Бурхан хэнтэй нь үргэлж хамт байж, нандигнан хайрлаж байгаа билээ? “Эзэнд хэрэгтэй” гээд дуудагдсан бидэнтэй биш гэж үү?

Грекийн гүн ухаанч Сократ “Өөрийгөө таньж мэд” гэдэг үгээрээ алдартай хэдий ч үнэндээ Сократ ч, буддын шашныг үндэслэгч Шагжамүни ч өөрийгөө хэн болохыг таньж мэдээгүй. Харин Бурхан яагаад бид энэ газарт ирснийг, яагаад хүнд хэцүү амьдарч байгааг мэдүүлсэн. Тиймээс бид орхиод ирсэн газраа ч, хожим очих ёстой газраа ч мэдэх болсон шүү дээ.

Мөнхийн тэнгэрийн хаанчлал биднийг хүлээж байгаа болохоор цагийг энэ газрын хий дэмий хоосон ажилд үрэлгүй, зөвхөн Эзэнд хэрэгтэй гэсэн ажилд илүү итгэмжтэй байх учиртай. Тэглээ гээд махан биеийн үүрэг хариуцлагаа, амьдралаа бүү анхаар гэсэн үг огт биш. Энэ газрын амьдралдаа ч итгэмжтэй, зүтгэлтэй байж, тэнгэрийн мөнх амьдралынхаа төлөө ч одоо энэ мөчид улам бүр ивээлтэй амьдраарай гэж хүсэх байна.

2000 жилийн өмнөх тэр илжиг хаадын Хаан, эздийн Эзэн болсон Христийг Иерусалим хүртэл залж явах үүрэгтэй, 2000 жилийн өмнөх Маркийн дээд давхрын өрөө шинэ гэрээ байгуулах Есүс Христийн сүүлчийн Алгасал баярын төлөө бэлтгэгдсэн байсан бол өнөө үед тэр илжиг, тэр дээд давхрын өрөөтэй харьцуулшгүй том үүргийг бид хүлээсэн хүмүүс.

Биднийг хэрэглэх гэсэн Эзэн захин айлдахдаа “Яв, бүх үндэстнийг дагалдуулагтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа” хэмээсэн. Энэ үүргийн төлөө л Бурхан биднийг дуудсан.

Хэдийн Эзэн тийнхүү хийнэ хэмээсэн бол явж дагалдуулахад л болно. Үнэний талаар эргэлзэж тээнэгэлздэг хүнд “Та Эзэнд хэрэгтэй” гэж дамжуулаарай. Тэгвэл тэр хүн алгуурлалгүй ирэх болно.

Итгээд ажиллавал Бурхан бүх юманд тусална. Бурхан бидний итгэлийг харж байдаг. Есүс бас бүх хүч чадлаа тэр даруй шууд ашиглалгүй, хүүхдүүд нь 100% итгэх үед л хүч чадлаа харуулж байсан юм. Үүнтэй адил Бурхан бидний итгэлийг төгс болох хүртэл хүлээж байгаа юм шүү.

Бурхан биднийг “Эзэнд хэрэгтэй” хэмээсэн. Бурхан ертөнцөд мөхөс дорой биднийг дуудаж, сүүлчийн шашин шинэчлэлийн агуу үүрэг даалгасан билээ.

Бурхан Сүнс болон Сүйт бүсгүй болж ирээд, сайн мэдээ тунхаглах үүргийг даалган, биднийг хэрэглэнэ хэмээсэн болохоор юутай талархууштай хэрэг вэ. Бурхан биднийг хэрэгтэй хэмээгээд түүхээ гүйцэлдүүлье гэж байгаа тул сүүлчийн шашин шинэчлэлийн үйл хэрэг үтэр түргэн гүйцэлдэх нь лавтай. Бидний хувьд хийх ганц зүйл үлдсэн нь Бурханы хүслийг л бүрэн төгс дагах юм.

Сул дорой, мөхөс байсан ч Бурхан биднийг хэрэглэж байгаа тул одоо хэнтэй ч уулзсан “Эзэнд та хэрэгтэй. Хурдан ирээрэй гэж байна”, “Эзэн таныг дагуулаад ирээрэй гэсэн”, “Эзэн таныг хэрэглэнэ гэж байна” гэх зэргээр итгэлтэйгээр тунхаглацгаая. Бид Эзэнд хэрэглэгдэж буйн хувьд Ариун Сүнсний хүчийг цаашид улам илүү аваад, сүүлчийн энэ үеийн сайн мэдээний үүргээ бүрэн дүүрэн биелүүлцгээе.