“Одоо харж байгаагаа” л мэдэж байна

Иохан 9:1-38

11,626 үзэлт

Есүс явж өнгөрөхдөө төрөлхийн сохор хүнийг харжээ.

“Энэ бол Бурханы үйлсийг түүгээр харуулахын тулд юм.”

Ингэж хэлээд, Тэр газар нулимж, шүлсээрээ шавар зуурч, сохрын нүдийг шавраар шаваад “Яв. Силоамын цөөрөмд угаа” гэв.

Өнөөх хүн Есүсийн хэлснээр Силоам руу явж, угаагаад хараатай болоод эргэж иржээ. Урьд нь гуйлга гуйж суудаг хүн хэрхэн хараа орсныг хүмүүс гайхан түүнээс асуув.

Тэр “Есүс гэдэг хүн шавар зуурч, нүдийг минь шаваад, надад “Силоам уруу яваад, угаа” гэж айлдсан. Тэгээд би явж, угаагаад хараатай болсон” гэж хариулав.

Фарисайчууд болон иудейчүүд хараа орсон хүний үгэнд итгээгүй тул эцэг эхийг нь хүртэл дуудан лавлажээ. Тэдний нүгэлтэн хэмээн тооцон, доромжилж басамжилдаг байсан Хүн нь ийм гайхмаар тэмдэг үйлдсэнд тэд огт итгэж чадахгүй байлаа. Сохор байсан хүн тэдний энэ байдалд харин бүр ч гайхав.

“Би та нарт хэдийнээ хэлсэн. Түүний нүгэлтэн эсэхийг би мэдэхгүй. Би нэг л юмыг, сохор байснаа, одоо харж байгаагаа л мэдэж байна. Төрөлхийн сохор хүний нүдийг нээснийг цаг хугацааны эхлэлээс хойш хэн ч сонсоогүй. Энэ хүн Бурханаас ирээгүй юм бол Тэр юу ч хийж чадахгүй байх байсан.”

Энэ үгэнд нь фарисайчууд ихэд уурсан, түүнийг хөөж явуулав. Дараа нь сохор байсан хүн Есүстэй тааралдаад Түүнд итгэдэг болсноо хэлж, бөхийн мөргөв.

Сохор хүн өөрт нь тохиолдсон гайхамшиг нь Бурханы ажил гэдгийг мэдэж байлаа. Тиймээс өөрийг нь хараа оруулсан Есүсийг Бурханаас ирсэн Нэгэн гэдэгт огт эргэлзэлгүй итгэсэн юм. Харин Есүсийг нүгэлтэнд тооцож, болсон явдлыг бодит гэдэгт итгэхгүй хүмүүс л түүний нүдэнд хачин харагдаж байсан юм. Тэр нэг л юмыг, урьд нь сохор байснаа “Одоо харж байгаагаа” л мэдэж, Есүсийн үйлсийг, бурханлаг мөн чанарыг нь эцсээ хүртэл гэрчилжээ.

Түнэр харанхуй дунд сүнсээр сохор байсан бид Елохим Бурхантай уулзсан болохоор үнэнийг ялган харж, тэнгэрийн орныг хүсэн хүлээх болсон билээ. Тэнгэр Эцэг Эх бол бидний Аврагч гэсэн баримтыг бид үнэндээ “одоо харж байгаа” учраас л авралын замыг мэдэж, тэнгэр элчийн ертөнцөд найдан, төсөөлж чадахтайгаа болсон шүү дээ.

Тиймээс Ариун Сүнсний үеийн Аврагчаа бид ч мөн гуйвшгүй бат итгэлээр гэрчилцгээе. Өнөө үед Елохим Бурхандаа хандах бидний сэтгэл Есүст хандан “Эзэн, би итгэж байна” гэж хэлж байсан тэр сохор хүнийхтэй адилхан байх хэрэгтэй.