Христийн шашныхан зөвхөн нэг л Бурханд итгэдэг гэсэн мөртлөө Ёхова Бурханд ч, Есүст ч, Ариун Сүнсэнд ч итгэдэг. Тэгэхээр гурван Бурхан байгаа гэсэн үг үү?

12,620 үзэлт

Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс гэсэн гурван үед хувааж үе тус бүрд өөр өөр нэрээр түүхээ гүйцэтгэсэн. Ариун Эцэгийн үед Ёхова гэдэг нэрийг, Ариун Хүүгийн үед Есүс гэдэг нэрийг ашигласан. Мөн Ариун Сүнсний үед ч өөр нэрээр түүхээ гүйцэтгэх ёстой юм.

“Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:18-20

Есүсийг ирэхээс өмнө Ёхова Бурханаас өөр Аврагч байгаагүй. Зөвхөн Ёхова гэсэн нэрээр л аврал авч байсан үеийг “Ариун Эцэгийн үе” гэж нэрлэдэг (Иса 43:11). Есүс 2000 жилийн өмнө Хүү болон ирснээс хойш бол зөвхөн Есүсийн нэрээр л аврал авч болдог байсан бөгөөд тэр үеийг “Ариун Хүүгийн үе” гэж нэрлэдэг (Үйл 4:11).

Ариун Эцэг, Ариун Хүү түүнчлэн Ариун Сүнсний нэр байгаа гэсэн нь Ариун Эцэгийн болон Ариун Хүүгийн үеэс хойш өөр нэртэй Аврагч гарч ирэх бөгөөд зөвхөн Түүний нэрээр л аврагдах боломжтой Ариун Сүнсний үе байгааг хэлж байна.

Тэгвэл Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс гээд үе тус бүрд Аврагчийн нэр өөр өөр байгаа бол гурван Бурхан байгаа гэсэн үг болох уу? Үгүй. Нэр болон дүр төрх нь л өөр болохоос Ёхова, Есүс, Ариун Сүнс нь уг мөн чанартаа нэг л Бурхан юм. Христийн шашинд үүнийг Ариун Гуравын сэнтий нэг хэмээн илэрхийлдэг.

Энэ нь Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс нь угтаа нэг л Бурхан гэсэн утгатай.

Есүс бол махан биеэр ирсэн Ёхова Бурхан

Өнөө үед христийн шашин дэлхий даяар тархсан. Тиймээс христчин хүн ч бай, биш ч бай бүгд л Есүсийг мэддэг ч олонх нь Түүний талаар сайн мэддэггүй. Тэд Есүсийг бидний нэгэн адил бүтээл гэж боддог. Зарим нь бүр Есүсийг Бурханы хүслийг гүйцээж чадаагүй, бүтэлгүй эш үзүүлэгч гэж үздэг. Гэвч Есүсийн уг мөн чанар нь Ёхова Бурхан юм.

“Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, бидэнд Хүү өгөгдсөн аж. Засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.” Иса 9:6

Библид “Эцэг” гэж Ёхова Бурханыг хэлдэг. Энэ дэлхийд Хүү болон мэндэлсэн Есүсийг Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг гэсэн нь Есүс бол Ёхова Бурхан гэсэн утгатай юм. Хэдийгээр Тэр энэ газарт төрсөн ч угтаа бол төгс хүчит Бурхан мөн.

Хуучин гэрээний Ёхова Бурхантай холбоотой зөгнөлүүд шинэ гэрээний Есүсээр биелсэн дүр зургууд нь Есүсийг Ёхова Бурхан мөн гэж баттай гэрчилж байна.

“Харагтун, өмнөх замаа бэлтгүүлэхээр Би зарлага элчээ илгээнэ. … түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.” Мал 3:1

“Хашхирагч нэгний дуу “Зэлүүд талд ЭЗЭНий замыг бэлтгэцгээ. Цөлд Бурханд маань их замыг шулуун болгогтун. … Үзэгтүн, Эзэн БУРХАН хүч чадалтайгаар ирж, мутраараа Өөрийнхөө төлөө захирна. Үзэгтүн, шагнал нь Түүнтэй, хариу нь Түүний өмнө байна. Тэр хоньчины ёсоор сүргээ хариулж, мутартаа хургануудаа цуглуулан энгэртээ тэврээд, хөхүүлийг нь зөөлөн хөтөлнө.” Иса 40:3, 10-11

Энэхүү зөгнөл нь баптисч Иохан болон Есүсээр биеллээ олсон. Баптисч Иохан нь Ёховагийн замыг бэлтгэсэн Бурханы элч бөгөөд Есүс нь баптисч Иоханы бэлтгэж тавьсан зам ёсоор хүн болж ирсэн Ёхова Бурхан юм (Мат 3:1-3, Мат 11:10-11). Тиймээс Библийн гэрчлэлд итгээд үнэнийг зөв ухаарсан элч нар Есүсийг Бурхан хэмээн тунхагласан.

“Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай. Хэдийгээр Тэрээр Бурханы дүр байсан ч, Бурхантай тэгш байхыг булаах гэсэнгүй, харин Өөрийгөө юу ч үгүй болгон боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон Тэрээр Өөрийгөө мөхөс болгож, үхэлд, загалмайн үхэлд хүртэл дуулгавартай байв.” Фил 2:5-8

“Эцгүүд ч тэднийх, Христ ч мах биеэрээ тэднээс гаралтай юм. Тэр бол бүгдийн дээр оршигч, үүрд мөнхөд магтагдах Бурхан мөн. Амен.” Ром 9:5

Хүмүүсийн нүдэнд элэг доог болж, доромжлол доог тохуу амсан, загалмайд цовдлогдсон Есүс сул дорой хүн төрхтэй харагдаж байсан ч Есүс бол тэнгэр газар, түг түмнийг бүтээж, Синаи ууланд галын дөлөөр бууж ирээд Арван тушаал тунхагласан Ёхова Бурхан юм.

Есүс ба Ариун Сүнс

Ариун Сүнс бол Бурханы Сүнс юм (Иох 4:24).

Бурханы Сүнс гэхээр хүмүүс цахилгаан долгион эсвэл энерги шиг ямар нэг хэлбэр дүрсгүй, ажиллах чадвар гэж ойлгодог. Гэсэн хэдий ч Ариун Сүнс нь биет хүний төрх бүхий Бурханыг зааж хэлсэн үг юм.

“Үүнчлэн мөн Сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй юм. Харин Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон бидний төлөө зуучлан гуйдаг.” Ром 8:26

Ариун Сүнс гомдож, ёолон залбирч, үг ч айлддаг (Ефе 4:30, Илч 2:7). Энэ бүхэн нь бодож сэтгэж чаддаг биет хүний л хийх боломжтой зүйлс.

Биет хүн болж ирсэн Ариун Сүнс Бурхан болон Есүс нь нэг Бурхан юм.

“Ялладаг нь хэн юм бэ? Христ Есүс нь үхээд, бүр амилуулагдсан, Бурханы баруун талд буй, бидний төлөө зуучлан гуйдаг Нэгэн юм.” Ром 8:34

Бидний төлөө зуучлан гуйдаг Нэгэнийг Ариун Сүнс, мөн Есүс гэсэн нь Ариун Сүнс болон Ариун Хүү Есүс нь нэг Бурхан учраас тэр юм.

“Энэхүү авралын тухайд гэвэл, та нарт ирэх нигүүлслийн тухай эш үзүүлцгээсэн эш үзүүлэгчид анхааралтай судалж, лавлан, өөрсдөд нь байсан Христийн Сүнс аль үе болон хэнийг заасныг нягталж үзжээ. Учир нь Христийн зовлон ба дараа нь ирэх алдрыг Тэр урьдаас айлдсан байжээ.” 1Пет 1:10-11

“Бичвэрийн нэг ч эш үзүүллэг эш үзүүлэгчийн өөрийнх нь тайлбараар ирээгүйг юуны түрүүнд мэдэгтүн. Учир нь нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр гарсангүй, харин Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ.” 2Пет 1:20-21

Библийн зөгнөл нэг Сүнсээр бичигдсэн. Хуучин гэрээний эш үзүүлэгчдийг хөдөлгөсөн Христ (Есүс)-ийн Сүнс нь Ариун Сүнс юм.

Энэ мэт Ариун Эцэг Ёхова болон Ариун Хүү Есүс нь нэг бөгөөд Ариун Хүү Есүс болон Ариун Сүнс Бурхан нь адилхан нэг Бурхан юм. Мэдээж Ариун Эцэг, Ариун Сүнс Бурхан нь өөр өөр Бурхан биш нэг Бурхан юм.

Ариун Сүнсний үеийн Аврагч

Ариун Сүнс Бурхан Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс хэмээх гурван үеэс сүүлчийн Ариун Сүнсний үеийн Аврагч болон гарч ирнэ.

“Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно.” Иох 14:26

Ариун Эцэг Бурхан, Ариун Хүү Бурхан үе тус бүрд Ёхова, Есүс гэсэн нэрээр авралын ажлаа гүйцэтгэсэн шиг Ариун Сүнс Бурхан ч мөн Ёхова, Есүс гэсэн нэрээр биш шинэ нэрээр ирж авралаа соёрхох юм.

“Ялагчийг Би Бурханыхаа сүмд багана болгоно. Тэр цаашид тэндээс гарахгүй. Би түүн дээр Бурханыхаа нэр, тэнгэрээс Бурханаас минь буун ирэх шинэ Иерусалим буюу Бурханыхаа хотын нэр болон Өөрийн шинэ нэрийг бичнэ.” Илч 3:12

Бид одоо Ариун Сүнсний үед амьдарч байна. 2000 жилийн өмнө Ариун Хүү Есүсийн авч ирсэн шинэ гэрээний үнэнийг өнөө үед сэргээж өгсөн Нэгэн байгаа л бол Тэр нь ямар ч дүр төрх, ямар ч нэрээр ирсэн бай Улаан тэнгисийг хуваасан хүч чадлын Ёхова Бурхан юм. Мөн бидний нүглийг уучлахын төлөө загалмайд золиослогдсон Есүс буюу энэ үед илчлэгдсэн Ариун Сүнс Бурхан гэдгийг ухаарах хэрэгтэй.

Библийг өөрсдийн бодол, өөрсдийн зарчмаар тайлбарладаг хүмүүс эцэст нь жинхэнэ Бурханыг ч ухаарч чадахгүй, Бурханы бэлдсэн авралын ерөөлийг ч авч чадахгүй. Ёхова Бурхан, Есүс, Ариун Сүнс Бурхан нь үе тус бүрд өөр өөр дүр төрх, өөр өөр нэрээр авралын түүхээ гүйцэтгэсэн ч уг мөн чанар нь нэг л Бурхан юм. Бурханы тухайд үнэн зөв мэдлэгтэй, бас итгэлтэй болоод энэ үед бидний авралын төлөө илчлэгдсэн Аврагчийг хүлээн авах хэрэгтэй юм.