​Манай гэрийн эзэн хэн бэ?​

15,155 үзэлт

Айл гэр гэгч гэрийн эзнийхээ эрхэм чанар, хүсэл сонирхлыг бүрэн харуулж байдаг. Айлд очихоор зарим айл нь найрсаг, халуун дулаан уур амьсгалтай, зарим айл нь хүйтэн хөндий уур амьсгалтай байдаг. Тэр айлд хэдхэн хором байхад л уг айлынхан ямархуу хүмүүс вэ гэдэг нь ялгагдана. Залхуу юу, ажилсаг уу, эелдэг уриалагхан хүмүүс үү, хатуу хахир улс уу гээд юм юм нь андашгүй. Айл гэр бол гэрийн эзний дотоод сэтгэлийг яг байгаагаар нь тусган харуулдаг орон зай юм.

Тэгвэл манай гэрийн эзэн хэн бэ гэдгийг бодож үзэцгээе. Бид бол дотор маань Бурхан оршдог Ариун Сүнсний сүм (1Кор 6:19). Бурхан л бидний сүнсний эзэн, манай гэрийн эзэн, мөн манай сүмийн эзэн байх хэрэгтэй. Манай гэрийн эзэн хэн бэ гэдгийг итгэлдээ суулгаагүй цагт бид итгэлийн амьдралынхаа турш янз бүрийн сорилтонд унаж мэднэ. Эсрэгээрээ манай гэрийн эзэн хэн гэдгийг зөв зүйтэй ухаарах юм бол Бурхан бидний гарыг атгаад, гуйвшгүй бат итгэлийн замаар хөтөлж байгааг нь мэдэж болно. Энэ үнэн учрыг сэтгэл оюундаа тунгааж, Сионы ард түмний хувиар гуйвшгүй бат итгэлээр мөнхийн тэнгэрийн хаанчлалд ортлоо эрч хүчтэйгээр урагш давшлах учиртай.

Бурханд төвтэй итгэл

Бурхан “Эцэг эхээ хүндэл” гэж айлдсан байдаг (Гэт 20:12). Бурхан бидэнд махан биеийн эцэг эхээ төдийгүй сүнсний Эцэг Эхээ хүндлэх ёстойг ойлгуулж, Бурханыг хүндэтгэх ивээлтэй амьдралаар амьдрахыг бидэнд захисан.

“Өөрийгөө анхаарч, сэтгэлээ няхуур хяна. Нүдээр үзсэн бүхнээ чи мартахгүй байж, амьдралын чинь бүх өдрүүдэд тэдгээр нь зүрхнээс чинь замхрахгүй байхын тулд хөвгүүд, ач нартаа таниулж мэдүүл. … ЭЗЭН “Ард түмнийг Над уруу цуглуул, Би тэдэнд үгээ сонсгоё! Ингэснээр тэд газар дээр амьдрах бүхий л өдрүүддээ Намайг эмээн хүндэтгэхэд сурч, түүнийгээ үр хүүхдүүддээ зааж сургах юм” гэж надад айлдсан билээ.” Дэд.Хуу 4:9-10

Бурхан бол Эзэн, бүх сансар огторгуйн Эзэн. Бурханыг хүндэтгэнэ гэдэг нь Бурханыг гэсэн сүнслэг ачлалт ёсоо харуулна гэсэн үг. Учир нь бидний хувьд Бурхан Эцэг минь ч мөн, Эх минь ч мөн. Хүүхдүүд нь ачлах сэтгэлтэй айлд очихоор аав ээжийгээ ачлах гэр бүлийн соёлыг нь мэдрэх боломжтой. Түүн шиг бид бүхэн бидний гэр болон сүм дээр маань хүмүүс зочилж ирэх бүрд, бидэнтэй уулзах бүрд Бурханыг эмээн хүндэтгэх уур амьсгалаа тэдэнд мэдрүүлж, мөн ухааруулах хэрэгтэй.

Сансар огторгуйгаас бол дэлхий далайн эргийн элсний ширхэгнээс ч өчүүхэн, юу ч биш зүйл. Тийм өчүүхэн жижиг газар амьдардаг хүмүүсээр хүндлүүлэхийг хүссэндээ Бурхан Өөрийгөө эмээн хүндэтгэ гэж айлдсан гэж бодно уу? Огтхон ч үгүй. Бурханы тушаал бүр нь эцсийн эцэст бидэнд л ерөөл өгөх гэсэн гүн гүнзгий хүсэл шингэсэн байдаг юм шүү. Үүнийг ухаарч Бурханы хүүхдийн хувиар бид бүхэн насан турш Бурханаа эмээн хүндэтгэх учиртай.

Сүм бол Бурханы ард түмэн Бурханыг хүндэтгэхэд сурахаар хамтдаа цугласан газар. Сүм дээр бид цаг үргэлж Бурханд мөргөж, Бурханы сургаалыг амьд байлгах ёстой. Эзэн нь өөрчлөгдвөл асуудал үүснэ. Бурханы өргөөний үйлчлэгчдийн хувьд Бурханы бидэнд даалгасан үйлчлэлийг л гүйцэтгэх хэрэгтэй. Энэ өргөөний эзэн нь Бурхан. Бурханы өргөө нь Бурханы арга замын дагуу, Бурханы таалалд нийцсэн хүслийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Бидний хийх ёстой зүйл бол Бурханы үгийг өдөр шөнөгүй тунгаан бодож, Бурханы үгэн дээр нэмж, хасалгүйгээр хэрэгжүүлэх явдал юм.

Эртний Израильд Иосеф Потифарын гэрийн даамлаар итгэмжтэй ажиллаж, үүнд нь Потифар их баяртай байжээ. Иосефын хичээл зүтгэлийн ачаар Потифарын хамаг эд хөрөнгө нэмэгдэн, тэр юунд ч санаа зовохоо больж, гэрээсээ гадуурх ажилдаа илүү их анхаарал хандуулах боломжтой болсон юм. Иосеф гэрийн бүх ажлыг эзнийхээ тааллыг олох хэмжээнд зүй зохистойгоор хариуцдаг байв. Бид ч гэсэн Бурханы мэлмийд зохистой, Бурханд бүрэн нийцэх төрх байдалтайгаар ажиллах ёстой. Бидний эзэн болсон Бурханд маань юу таалагддагийг мэдэж, юм бүхнийг Бурханы хүслийн дагуу гүйцэлдүүлцгээе.

Бурханы онцлог шинж нь хайр

Уран зураг сонирхдог хүмүүс гэртээ уран зураг тавьж, калиграф сонирхдог хүн гэртээ өөрсдийнхөө гараар бичиж хийсэн калиграф өлгөдөг. Хөгжимд дуртай хүмүүс гэртээ төгөлдөр хуур эсвэл бусад хөгжмийн зэмсэг байрлуулдаг бол автомашины үйлдвэрлэл эсвэл автомашин сонирхогчид тоглоомон машины загвараар гэрээ чимэглэдэг. Тэгвэл Бурханы өргөөг юу дүүргэдэг вэ?

“Хайртууд минь, бие биенээ хайрлацгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг таньдаг. Эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр. … Хайртууд минь, Бурхан биднийг ийнхүү хайрласан бол бид ч бие биенээ хайрлах учиртай.” 1Иох 4:7-11

“Хэрэв би хүмүүсийн болон тэнгэрэлч нарын хэлээр ярилаа ч надад хайр үгүй бол би хий нүргэлэх харанга, хангинах цан аж. Хэрэв би эш үзүүлдэг мөн бүх нууц болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч, надад хайр үгүй бол би юу ч биш. … Би хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьж, хүүхэд шиг боддог, сэтгэдэг байлаа. Би эрийн цээнд хүрээд хүүхэд зангаа орхисон юм.” 1Кор 13:1-11

Бид нэг нэгнээ хайрлах учиртай. Үүний учир нь манай гэрийн эзэн болсон Бурхан хайр шүү дээ. Ямар ч хүн гэрт маань, сүмд маань зочлох бүрд, мөн бидэнтэй уулзах бүрд бид хайр болсон Бурханыхаа оршихуйг мэдрэх боломж тэдэнд олгодог гэж би итгэдэг юм.

Өнөөг хүртэл Бурхан тэнгэрийн гэр бүлүүдээ хайраар хөтөлсөөр байгаа. Өмнө нь бид балчир хүүхэд шиг байхдаа хайрлуулахыг л хүсдэг байсан бол харин одоо бид Бурханд тааламжит хүүхдийн ёсоор нэг нэгнээ хайрладаг байх учиртай. Одоо бид сүнсээр насанд хүрээд байна. Тиймээс насанд хүрсэн хүн шиг бодож, ярьж, үйлдэх ёстой. Өнгөрсөнд бид ердөө хайрлуулахыг л хүсэн, хүүхэд шиг бодож, ярьж, авирладаг байлаа. Харин одоо хүүхэд зангаа орхиж, бусдад хайр өгөх, бусадтай хуваалцах үүргээ биелүүлэх цаг.

Бурханаар сургагдсан Бурханы хүүхдүүд

Манай гэрийн эзэн нь Бурхан. Бурханы онцлог шинж нь хайр. Бид бусдаар үйлчлүүлж, бусдаар өргөмжлүүлэх гэхийн оронд өөрсдөө үйлчлэх ёстой. Мөн хүмүүстэй эхлээд дотносон ойртож ярилцан, хүмүүс эхэлж мэндлэхийг нь хүлээлгүй бид эхэлж мэндлэх хэрэгтэй. Ингэж байж л хүн болгон манай гэрийн эзэн нь Бурхан мөн гэдгийг харж чадна.

“Бие биенээ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун гэсэн шинэ тушаалыг Би та нарт өгч байна. Бие биендээ хайртай байваас та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно гэлээ.” Иох 13:34-35

Шинэ тушаал нь шинэ гэрээг ч мөн заадаг. Шинэ гэрээний Алгасал баяр дотор “Бие биенээ хайрлагтун” гэсэн тушаал багтаж байдаг. Алгасал баяр бол зүгээр нэг талх, дарс иддэг ёслол биш ээ. Үнэт цусаа урсган, амийн талх болох махаа тасдан байж хүүхдүүддээ мөнх амь өгсөн Бурханы агуу хайр золиос үүнд агуулагддаг. Тиймдээ л Бурхан “Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун” гэсэн хэрэг.

Гэрийн эзэн нь хайр болсон айлд орвол тэр айлаар нэг бялхах хайрын үнэрийг л мэдэрнэ, тийм ээ? Айл гэрийн эзний онцлог шинжийг ухаарах үед бид өөрсдийнхөө тухайд юу өөрчлөх хэрэгтэйгээ ч мөн ойлгох юм.

“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Буулга минь аятай, ачаа минь хөнгөн гэв.” Мат 11:28-30

Бид бүхэн манай гэрийн эзэн болох Бурханы жинхэнэ мөн чанарыг үнэн мөнөөр нь ойлгож, үүнд суралцах хэрэгтэй. Бурхан бидэнд дөлгөөн даруугаар хандаж ирсэн. “Би чамаас болж зовж зүдэрч байна” гэж биднийг буруутгалгүй, нүглийг маань чимээгүйхэн үүрсэн.

Дөлгөөн, зүрхэндээ даруу Нэгэн рүү ирэх үед бид аяндаа юу сурах вэ? Сион бол ядарч туйлдсан, зүдэж зүтгэсэн, хүнд ачаа үүрсэн олон хүн ирж, хамаг буулгаа тайлаад амар тайван дотор амарч болох газар юм. Сион нь ирсэн зочдод дөлгөөн байдал, даруу байдал, хайрыг мэдрүүлэх газар байх ёстой. Бурханы өргөө гэрт ах эгч дүү нартайгаа хүйтэн хөндий харьцах, тэднийхээ сэтгэлийг шархлуулах зэрэг нь Бурханы үзэн яддаг зүйл. Бурхан гэгч эзэнтэй Сион нь зөвхөн Бурхан шиг дөлгөөн, даруу хүмүүс л цуглардаг газар болох ёстой. Ертөнцөд ямар ч зорилгогүй хэрэн тэнүүчилснээсээ болоод шархалж гундсан сүнснүүд хүнд ачаагаа буулгаж амрах, дуу хуур огтхон ч тасардаггүй, баяр хөөр, баяр баясгалангийн дуу үргэлж сонсогддог газар болох ёстой. Зөвхөн тэр үед л ах эгч дүү нар маань ар араасаа Сион руу эргэн ирэх болно.

Баяр хөөр, цэнгэлээр дүүрэн Сион

Бид Христийн бодол, тэнгэр Эцэг Эхийн сэтгэлээр сайн мэдээ тунхаглах үед л дэлхийн сайн мэдээний ажил гүйцэлдэнэ (Фил 2:5). Сайн мэдээг гадагш нь гүйцэлдүүлэхийн тулд эхлээд бид сайн мэдээг дотооддоо гүйцэлдүүлэх хэрэгтэй. Бидний дотор, манай гэрийн дотор, манай сүм дотроос хайр, дөлгөөн, даруу гэх мэт шинж чанартай Бурхан олдох ёстой. Эцэг Эхийн сэтгэлээр сайн мэдээ тунхаглах үед дэлхий дахины тэнгэрийн гэр бүл маань бүгд Сион руу буцан ирнэ.

“Учир нь ЭЗЭН Сионыг сонгож, орших газраа хэмээн түүнийг хүсэв. “Мөнхөд амрах газар минь энэ болой. Үүнийг хүссэн тул Би энд амьдран сууна. Би хоол хүнсийг нь элбэгээр ерөөж, гачигдагсдыг нь талхаар хангана. Бас тахилч нарыг нь Би авралаар хувцаслах бөгөөд бишрэлтнүүд нь баярлан чангаар дуулна.” Дуу 132:13-16

Сион нь Бурханы орших газраа болгон сонгосон Бурханы өргөө гэр юм. Бид бүхэн Сионоо Сионы эзэн болсон Бурханд тааламжит газар болгохын тулд хичээл зүтгэл гаргах ёстой. Бурханы өргөө гэр байсаар байтал Сионоос Бурханы үнэр үнэртэхгүй бол яах бол? Бурханы хүүхдүүд бүгд орхин явна шүү дээ. Бурханы гэр зөвхөн Христийн үнэрээр дүүрэх үед л Бурханы хүүхдүүд энд зочлон ирнэ.

“Үнэхээр ЭЗЭН Сионыг тайвшруулж, хоосорсон газар бүхнийг нь тайтгаруулна. Зэлүүд талыг нь Еден шиг, цөлийг нь ЭЗЭНий цэцэрлэг мэт болгоно, Тэр. Тэндээс баясгалан, цэнгэл, талархал, дуу хуур олдох юм.” Иса 51:3

Бурханы гэрт үргэлж баяр хөөр, баяр баясгалан, талархал, дуу хуур бялхаж байх учиртай. Баяр хөөр, баяр баясгалангийн дуун хэзээ ч тасрахгүй байх нь л Бурханы гэрийн уур амьсгал юм.

“Ингээд ЭЗЭНээр золигдогсод буцаж, баяртайгаар дуулан Сион уруу ирнэ. Тэргүүн дээр нь мөнхийн баяр хөөр, тэд цэнгэл, хөөртэй байх бөгөөд гашуудах, санаа алдах нь зугтан одно.” Иса 51:11

Бурханаар золигдсон хүмүүс мөнхийн баяр хөөр, цэнгэл, хөөртэй гашуудах, санаа алдах нь зугтан одох газар болох Сион руу орно. Дээрэмчин мэтийн хорон муу хүмүүсийн гэр огтхон ч халуун дулаан хайрын уур амьсгалаар дүүрэхгүй. Үүний учир бол Сион нь баяр хөөр, баяр баясгалан, талархал, дуу хуур огтхон ч тасардаггүй Бурханы өргөө гэр болохоор тэр.

Бурханы гэр болох Сионд бид шинэ гэрээний сайн мэдээний үйлчлэгч болох үүрэг хүлээсэн билээ. Бурханы үйлчлэгчийн хувиар бид бүхэн ямар нэг буруу юм хийж, гэрийнхээ уур амьсгалыг эвдэх ёсгүй. Бид өөрсдийнхөө дуртай эсвэл хувийн сонирхолдоо суурилсан уур амьсгал бүрдүүлэх гэхийн оронд Бурханы уур амьсгалыг л Сионд авчрах ёстой.

Бурханы бурхан чанараар дахин төрсөн цагт гүйцэлдэх сайн мэдээ

Энэ ертөнцөд амьдрах явцад маань зарим үед бидний бодож хүлээж байснаар болохгүй, эсвэл бидний хэвшмэл үзэл бодолд нийцэхгүй зүйлс тулгарах нь бий. Ингэх үед бид уураа илэрхийлэх эсвэл сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөө харуулах ёсгүй. Харин тэрний оронд биднийг амьдруулах үүднээс Бурханы соёрхсон хайр гэх үндсэн зарчмыг санаад, өөрсдийнхөө мөн чанарыг өөрчлөхийн төлөө хичээх хэрэгтэй. Манай гэрийн эзэн нь ч Бурхан, бидний сүнсний эзэн нь ч Бурхан. Бурхан биднийг хэрхэн зааварчилж байгааг л авч үзэх ёстой.

“Амнаас чинь ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулах тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлсэл өгнө. Бурханы Ариун Сүнсийг бүү гомдоо. Золилтын өдрийн төлөө та нар Түүгээр тамгалуулсан юм шүү. Аливаа хорсол, уур, хилэн, хашхираан, гүтгэлэг нь бүх муу муухайн хамт та нараас зайлаг. Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биенээ уучлан, нэг нэгнээ энэрч аядуу зөөлөн сэтгэлээр ханд.” Ефе 4:29-32

Бидний эзэн Бурхан биднийг үргэлж ивээлтэй сайхан үгээр ярь гэж айлдсан. “Аливаа хорсол, уур, хилэн, хашхираан, гүтгэлэг гээд бүх муу муухайг зайлуулж, үнэн зөв амьдралаар амьдран, нэг нэгнээ энэр” гэсэн нь Эцэг Эхийн маань сургаал.

Бурханы гэр нь тэнгэр Эцэг Эхийн сургаалыг өдөр тутмынхаа амьдралд үргэлж тусган харуулдаг газар байх ёстой. Тиймээс бид дөлгөөн, даруу байж, хайраар дахин төрөх ёстой. Манай гэрээс, манай сүмээс, мөн биднээс ч Бурханы хайрын уур амьсгал мэдрэгдэж, Эцэг Эхийн соёрхон өгсөн найдвар дунд баяр хөөр, дуу хуураар огтхон ч тасрахгүй байх учиртай. Сион нь мөнх амийн үнэнээр дүүрэн газар байх ёстой. Сүнсээр цангасан бүхэн Сионд ирж, амийн ус болох Бурханы үгийг үнэгүйгээр, бүрэн дүүрэн хүлээн авах боломжтой газар байх ёстой. Тэнгэр Эцэг, Эхийн маань хамгийн их таалдаг зүйл энэ, тийм байх аа?

Бурхан бол манай гэрийн эзэн. Бурхан бол манай сүмийн эзэн. Бурхан бол бидний сүнсний эзэн. Бурханыг эзнээ болгосон цагт ямар ерөөл буудгийг харцгаая.

“Одоо түүнийг таньж, түүнтэй эвтэй байгтун. Тэгвэл чамд сайн нь ирэх болно. Түүний амнаас зааврыг хүлээн авч, Түүний үгсийг зүрхэндээ үндэслүүлээч. Хэрэв чи төгс хүчит Нэгэн уруу эргэвэл, чи дахин сэргэнэ. Хэрэв чи шударга бус байдлыг майхнаасаа хол зайлуулаад, алтыг шороонд булж, офирын алтыг горхины чулуудын дунд орхих аваас төгс хүчит Нэгэн чиний алт болон шилмэл мөнгө болох болно. Учир нь тэгэх аваас чи төгс хүчит Нэгэний таалалд оршиж, нүүрээ Бурхан өөд өргөх болно. Чи Түүнд залбирах бөгөөд Тэр чамайг сонсох болно. Чи ам өчгөө ч биелүүлэх болно. Чи ямар нэг хэрэг таслахад тэр нь чиний төлөө бүтэмжтэй байж, зам дээр чинь гэрэл гийх болно. …” Иов 22:21-30

Бид өөрийн гэсэн эрдэнэстэй байгаа цагт Бурханы гэрийг зохих хэлбэрт нь оруулж чадахгүй. Үүний учир нь Бурханы гэрээс Бурханы эрхэм чанар, Бурханы онцлог шинж харагдах ёстой байтал Бурханы өргөөг засаж чимэх гээд бид буруу эрдэнэс ашиглахыг оролддогт байгаа юм.

Бурхан бидний эзэн байгаа цагт бидний царай баяр хөөрөөр гэрэлтэж, сэтгэл зүрх үргэлж баяр хөөрөөр дүүрэн байна. Бид Бурханыг гэрийнхээ эзэн, сүмийнхээ эзэн, сүнснийхээ эзэн болгосон цагт л сайн мэдээний талаарх зорилго төлөвлөгөө маань саадгүй биелэх болно. Сионыхон маань Бурханы өргөө болохынхоо хувьд төгс болж өөрчлөгдмөгц мөнхийн тэнгэрийн хаанчлал ирнэ гэдэгт итгэж байна. Сайн мэдээ Самари, дэлхийн хязгаар хүртэл тунхаглагдах хүртэл тэнгэрийн гэр бүл бид бүхэн Иосефоос ч илүү үнэнч шударга байж шинэ гэрээний үйлчлэгчийнхээ хувьд Бурханаа алдаршуулцгаая. Тийнхүү тэнгэрийн эх нутагтаа буцаж очоод Бурханаар магтуулж “Сайн байна” гэх үг сонсохыг хүсэх байна.