Элч Паулын тунхаглал

32,064 үзэлт

Итгэлийн амьдралаар амьдрахдаа хааяа бид таагүй орчин нөхцөлд сөхөрч, бууж өгснөөсөө болоод бүр илүү хүнд бэрхшээлтэй тулгарах тохиолдол гардаг. Түрхэн зуурын хэцүү бэрхийг ялж чадахгүй, тухайн байдалтай эвлэрэх үед бидний сэтгэл шаналж, итгэл доройтож, итгэлийн амьдрал маань томоохон аюулд ордог.

Ямар ч нөхцөл байдалд бэрхшээлийг даван туулж, Бурханыг гэсэн оюун ухаанаа гээлгүй, Бурханд бат итгэж авралын зар тараах хэрэгтэй.

Нөхцөл байдлаас болж ганхдаггүй жинхэнэ итгэл

Нэг эгч дүү байсан юм. Тэрээр яаралтай ажил гараад хүүхдээ түр зуур сүмийн гэр бүлд даатган үлдээгээд гадагшаа гараад ирж л дээ. Сүм дээр эргээд иртэл хүүхдийг нь харж байсан гэр бүл өөрийнхөө хүүхдэд үнэтэй чанартай жигнэмэг идүүлэн, нөгөө эгч дүүгийн хүүхдэд хямдхан амтгүй жигнэмэг идүүлж байхыг харжээ. Тэрхэн агшинд эгч дүү хүүхдэд тэгш хандсангүй гэж бодмогцоо өмнө хойдхыг ч ялгаж салгаж бодолгүй уур нь оволзов.

Үнэндээ хүүхдийг нь харж байсан гэр бүл сэтгэл гарган, хүүхдэд нь жигнэмэг худалдан аваад хувааж өгсөн ч эгч дүүгийн хүүхэд үнэтэй жигнэмгийг идэх дургүй байхаар нь л өөр жигнэмгээр сольж өгсөн аж. Гэтэл тэрхүү байдлыг харсан эгч дүү тэрхэн зуурт өөрийгөө хянаж чадалгүй, тэр үеийг хүртэл сурч, сахиж ирсэн ах дүүсэг энэрэл болон хайрын эрхэм ёс суртахуунаа эцэст нь нурааж орхижээ.

Ийм зүйл зөвхөн энэ эгч дүүд биш, бидэнд ч тохиолдож мэднэ. Сайн мэдээний замаар алхах үед заримдаа бид нүдэнд харагдах орчин нөхцөл, эргэн тойрны нөлөөнд автаж, өөрсдийгөө хянаж чаддаггүй.

Бидний сүнсэнд нөхцөл байдлыг дагаад ганхдаг итгэл шиг аюултай итгэл гэж үгүй. Тийм хүн хэзээ нэгэн цагт Сатаны тавьсан урхинд бүдрэх болно. Харин тууштай ганхдаггүй итгэлтэй, дотоод ертөнцөө байнга анхаардаг бол ямар ч нөхцөл байдалд гадны нөлөөнд огт автдаггүй.

Таатай сайхан нөхцөл байдалд л итгэлээ сахиж, тийм биш байдалтай тулгарвал шантардаг итгэл нь Бурханы хүссэн “элч Паулын тунхаглал” шиг итгэлийн оюун ухаантай байж чадахааргүй итгэл юм. Ямар ч нөхцөл байдлыг сайн мэдээний төлөөх таатай орчин болгон өөрчилж байсан Паулын итгэлийн амьдралаас суралцан, бид ч бас түүнтэй адил төлөвшсөн итгэлтэй хүмүүс болцгооё.

“Учир нь би бүгдээс чөлөөтэй атлаа илүү олныг олж авахын тулд өөрийгөө бүгдэд боол болгосон. Иудейчүүдийг олж авахын тулд би иудейчүүдэд иудей адил, … хуульгүйчүүдийг олж авахын тулд (хэдийгээр би Бурханы хуулиас ангид бус харин Христийн хууль дор байдаг атлаа), хуульгүйчүүдэд хуульгүй нэгэн адил, … Бүхий л аргаар заримыг нь аврахын тулд би бүгдэд бүх юм болж байлаа. Би сайнмэдээний ерөөл хуваалцагч байхын тулд үүний төлөө бүхнийг хийдэг. …” 1Кор 9:19-27

Олон хүнийг аврахын тулд ямар ч хүн байсан тухайн хүнд нь тохируулж байсан элч Паулын сайн мэдээний арга барилыг бодон, бид ч бас тус тусынхаа байр байдлаас чадлынхаа хэрээр бүх хүчээ дайчлах ёстой.

Гадаад орчин нөхцөлөөс болж итгэлдээ ганхдаггүй хүн ба ганхдаг хүн

Египетээс гарсан аян замдаа израильчууд итгэлдээ тууштай үлдэж чадаагүй юм. Тэд цөлд байхдаа Египетээс анх гарсан үеийнхээ халуун итгэл сэтгэлийг хадгалж чадалгүй, тэс өөр итгэлтэй болов. Зургаан зуун мянга гаруй цэрэг эрс дундаас цөл гэх нөхцөл байдлаас болж итгэл нь ганхаагүй үлдсэн хоёрхон хүн л итгэлээ сахиж, Бурханы амласан ёсоор Канаан нутагт орж чадсан юм. Үлдсэн бүх хүн Канаан нутагт орж чадалгүй цөлд унацгаасан.

Тэд усгүй газар шууд л Бурханы эсрэг гомдол дургүйцэл гаргаж, жаахан л хүнд хэцүү байдал гарвал Бурханд итгэх итгэлээ орхиж, нурааж байжээ. Бүх юмсыг бүтээсэн Бурхан үүлийг захиран бороо оруулж чадах бөгөөд цөлд идэх өдөр тутмын талхыг бороо мэт буулгаж чадах эрх мэдэлтэй байсан ч израиль ард түмэн Бурханд итгэх итгэлээ тууштай сахиж чадалгүй, гомдоллож дургүйцсээр байгаад эцэст нь сүйрэлд хүрсэн аж (1Кор 10:5-11).

Харин яг адилхан байдалд байсан Иошуа, Калеб хоёр “Бурхан бидэнтэй хамт байна. Бурхан биднийг тэр нутагт аваачих учраас тэднээс бүү ай. Учир нь тэд бидний хоол болно” (Тоо 14:8-9) хэмээн хашхиран, Бурханд төгс итгэж найдсан учир ерөөл хүртсэн билээ.

Элч Петр ч бас үл харагдах юмсын утга учрыг нь сайн ухаарсан хүн байсан тул нүдэнд харагдах гадаад орчин нөхцөлд огт автаагүй. Есүс Петрийг бусад шавь нараасаа ч илүү зэмлэж тэр ч байтугай тэгтлээ ноцтой зэмлүүлэх буруу зүйл үнэндээ хийгээгүй байхад нь “Сатан” гэж хүртэл дуудаж байсан юм.

“Есүс тэр цагаас эхлэн Иерусалим явахаа, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нарын зүгээс их зовлон амсах, алуулах ба гурав дахь хоног дээрээ амилах ёстойгоо шавь нартаа илэрхийлж эхлэв. Петр Түүнийг хажуу тийш аваачаад —Эзэн минь, Таныг Бурхан энэрэг. Ийм юм Танд хэзээ ч бүү тохиолдог гэж зэмлэж эхэлсэнд Тэр эргэж, Петрт —Миний араас зайл, Сатан аа! Чи Надад бүдрүүлэл болж байна. Учир нь чи Бурханы юмсыг бус, харин хүмүүний юмсыг л бодож байна гэлээ.” Мат 16:21-23

Есүс харь хүмүүст баригдан, загалмайд амьсгал хураана гэдгээ хэлсэнд итгэмжит Петр “Эзэн минь, ийм юм Танд хэзээ ч бүү тохиолдог. Хэн зүрхлэн Танд тэгэх билээ? Би ямар нэгэн юм хийнэ…” гээд уурсахад нь Есүс Петрийг магтах нь байтугай “Зайл, Сатан аа!” гэж зэмлэхэд Петр хичнээн хүнд цохилтонд орсон бол? Харин Петр хэлсэн үгэнд нь юм бодолгүй, тэр хэмжээгээр Есүс өөрт нь хайртай учраас сургамж өгч байна гэдэгт баттай итгэн, эцсээ хүртэл Есүсийг дагажээ.

Шөнийн дөрөвдүгээр манааны үед Есүс нууран дээгүүр алхаж явахыг хараад бусад шавь нар нь бүгд хий үзэгдэл байна гэж айн чичирч байхад Петр зоригтойгоор “Эзэн, хэрэв Та мөн юм бол, намайг усан дээгүүр алхаж очихыг зөвшөөрөөч” гэж хэлж байв. Есүс зөвшөөрч, тэрээр усан дээгүүр алхаж байгаад салхи хараад айн, живж эхлэв. Тэгэхэд нь Есүс “Итгэл чинь арван хоёр шавь дундаа хамгийн сайн нь байлаа” гэж урмын үг хэлэхийн оронд харин ч бүр түүнийг “Өчүүхэн итгэлт минь ээ, чи юунд эргэлзэв” хэмээн зэмлэжээ (Мат 8:23-26).

Есүсээс бид нар тийм үг сонссон гэж бодъё. Нэг пастораас ийм үг сонссон ч урам хугарах нь мэдээж. Тэгвэл тэр тусмаа бид тэр үгийг Есүсээс шууд сонсвол яах бол оо? Петр тэр үгийг Есүсээс сонссон. Гэвч тэрээр нүдэнд харагдах гадаад нөхцөл байдалд автаагүй учир тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг авч, сүмийн тулгуур чулуу болох ерөөлийг ч хүртэж чадсан юм.

“Би мөн чамд хэлье. Чи Петр. Энэ хадан дээр Би чуулганаа босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй. Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно гээд,” Мат 16:18-19

Одоо сүнсэнд маань сайнаар нөлөөлөх зүйлсийг хүлээн авч, сүнсэнд маань ашиггүй юмсаас татгалздаг байхын тулд уулыг ч нүүлгэж чадах агуу итгэл бидэнд хэрэгтэй. Итгэлээ уначих вий гэж үргэлж өөрийгөө ташуурдан, Христийг дуулгавартай дагаж байсан элч Паулын итгэлээс жишээ аваад, бид ч мөн итгэлийн амьдралаа Бурханд төвлөрүүлэх ёстой.

Итгэлийн замаар алхаж байгаа хүмүүсийн ихэнх нь анхандаа сайн мэдээ тараахад нааштай, халуун сэтгэлээр ханддаг. Искариотын Иудас ч, Израилийн анхны хаан асан Саул ч бас эхэндээ Бурханд итгэх итгэл нь агуу байсныг санаарай. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр яваандаа нүдэнд харагдах хүчин зүйлсэд автаад бүгд унасан шүү дээ.

Ямар ч орчин нөхцөл, уур амьсгалд байсан Христийн хамтран зүтгэгчийн хувиар алдагдсан ах эгч дүү нараа олж цуглуулах үүрэг хүлээсэн гэдгээ битгий мартаарай. Нүдэнд харагдах орчин нөхцөл өөрчлөгдөж болох ч Бурханыг гэсэн итгэл сэтгэлээ хэрхэвч өөрчилж болохгүй. Мөн анх эхэлж байх үеийнхээ халуун сэтгэлийг тэр хэвээр нь байлгаж гэмээнэ мөнхийн тэнгэрийн хаанчлалд бид заавал орох юм.

Итгэлээрээ боломж, нөхцөлийг бий болгодог хүн

Элч Паул ямар ч нөхцөл байдалд байсан тэр нөхцөлийг тунхаглалын талбар болгож байсантай адил бид ч мөн санаанд оромгүй байдалтай тулгарсан ч ертөнцийн хүмүүст сайн мэдээ тараадаг байх учиртай.

Нэгэн эгч дүү баяраар хадмындаа хоол бэлтгэж байгаад “Үүнийг нэг идээд үз” гэж хадам дүүгийнхээ эхнэрийн аманд нь хийж өгсөн нь авралын зар тараах боломж болж, үр жимс гаргасан гэнэ билээ. Тийм нөхцөлд Библи нээгээд, Бурханы үг заах амаргүй тул эгч дүү тийм аргаар сайн мэдээ тарааж л дээ. Үүнтэй адил хүн тус бүр байгаа нөхцөл байдалдаа тохируулан авралын зар тараавал сайн үр дүнд хүрэх болно. Орчин нөхцөл таагүй байдалд байсан ч сайн мэдээ тараахад үргэлж бэлтгэх аваас тэрхүү сайнгүй нөхцөлийг бид авралын зарын талбар болгож сайнаар харна.

Нэгэн томоохон компанийн захирал машиндаа суугаад цонхоор харж явтал гудамжин дахь бүх юм мөнгө болж харагдсан гэнэ. Тэгээд тэрээр “Энд тэндгүй л мөнгө болчихоор юмс дүүрэн байхад хүмүүс яагаад олж авахгүй байгаа юм бол, сонин юм даа” гэж бодсон гэнэ. Түүний дотор “Яавал үүгээр илүү ашиг олох уу? Ингэвэл яадаг бол?” гэх мэт бодол дүүрэн эргэлдэж байсан тул зах зээл дээр хуруу даран тоологдох тийм том компанийн захирал болсон биш гэж үү?

Итгэлийн амьдралаар амьдарч буй манай бүх гэр бүл сайн мэдээг гэсэн билгийн нүдтэй байгаарай. Тэгж байж л замаар явахдаа гудамжинд яваа хүн бүрийг хараад “Авралын зар тараах субьект” гэх үг аяндаа гарна. Библид сайн мэдээг ертөнцийн хамаг бүтээлд тунхагла гэж айлдсан учир бүгд л бидний авралын зар тараах хүмүүс биш гэж үү? Орчин нөхцөлөө шалтаг болголгүй, өөрсдийнхөө орчинг бүрдүүлж чаддаг хүүхдүүд болоосой гэж хүсэх байна.

Армид алба хааж буй манай ах дүү нар авралын зар тараах халуун сэтгэлтэй гэж жигтэйхэн гэнэ. Чөлөөгөөр гадагш гарахдаа ч Бурхан руу олон сүнс хөтөлдөг гэнэ. Ахлах түрүүч нь сайн мэдээ тараалаа гэж буруутгахад тэд энэ нөхцөл байдлыг харин ч авралын зар тараах сайхан боломж болгон эргүүлж, олон цэрэг үнэнийг хүлээн авдаг аж.

“Болохгүй, бүтэхгүй” гэсэн сөрөг бодлоор Бурханы сайн мэдээг хааж байсан бол одооноос эхлэн Паултай адил ямар ч орчин нөхцөлд чөлөөтэй тарааж чаддаг болох хэрэгтэй. “Тэр газарт сайн мэдээ тараагаад сайн үр дүн гардаггүй” гэх мэт бодол нь тогтсон үзэл төдий юм. Бодлоо л өөрчилчих юм бол бүгд боломжтой. Эдүгээ сайн мэдээ буддын шашинтай улсад ч, лалын оронд ч, түүгээр зогсохгүй коммунист тогтолцоотой улс оронд ч улам бүр тархаж байна.

Күнзийн сургаалд итгэдэг, буддын шашинтай гээд ямар ч хүн байсан бүгдийг чадагч Бурхан бүгдийнх нь сэтгэлийг Өөртөө эргүүлж чаддаг гэдгийг битгий мартаарай. Өөрийн хүчээр эргүүлэх гэж, өөртөө найдаж авралын зар тараах гэвэл гаднах нөхцөл байдлаас эмээж, “болохгүй, бүтэхгүй” гэсэн бодолдоо хүлэгдэнэ.

Сайн мэдээ тунхаглах Паул элчийн сэтгэл

Одоо элч Паул сайн мэдээ тунхаглахдаа ямар сэтгэлтэй байсныг судалж үзэцгээе.

“… Үзтүгэй, эдүгээ би Иерусалим уруу Сүнсээр хүлүүлэн явж байхдаа ч надад тэнд юу тохиолдохыг мэдэхгүй. Зөвхөн хүлээс болон зовлон намайг хот бүрд хүлээж байгаа гэдгийг Ариун Сүнс надад гэрчилдэг. Гэвч би Бурханы нигүүлслийн сайнмэдээг гэрчилж, Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн.” Үйл 20:20-24

Сайн мэдээ тунхаглах Паул элчийн сэтгэл ийм байсан учраас Бурхан баярлан, үр жимс өгч, очсон газар бүрд олон сүм байгуулахад нь тусалсан юм. Тэрээр хаашаа ч явсан, очсон газрын орчин нөхцөл ямар байсан ч тэндээ авралын зар тараах орчныг бий болгож байсан юм. Хүлүүлж, шоронд хоригдох зэргээ тэр мэдээжийн хэрэг л гэж бодож байлаа. Шоронд хоригдож байхдаа хуяг болон хоригдлуудад авралын зар тарааж, тэднийг гэмшүүлж байв.

Шоронд хоригдлуудын өмнө, хаан болон хааны угсааныхны өмнө зогсохдоо тэдний өөдөөс хэзээ ч хаана ч хамаагүй Паулын амнаас Христийн талаарх үг зоригтойгоор урсан гарч байлаа. Диавол Паулыг авралын зар тараахад хичнээн саад учруулах гэсэн ч тэрээр хөдөлшгүй бат итгэлтэй байв. Шоронд хорьсон ч Паулын амыг хааж чадаагүй. Энэ нь шоронд хүртэл эрх чөлөөтэй байж чаддаг Паулын итгэл ба ухаантай нь холбоотой аж. Паул энэ ертөнцийн ямар ч газрыг авралын зарын талбар, бүх хүнийг сонсогч гэж боддог байсан учраас ямар ч нөхцөл байдлыг авралын зар тараах боломж болгон өөрчилж чадсан юм.

Тийм учраас элч Паул хэнтэй ч уулзсан авралын зар тараадаг байсан. Иудей хүнтэй таарвал иудейчүүдийн бодол, байр суурийг эргэцүүлэн бодоод сайн мэдээ тараан христчин болгож, харь хүнтэй таарвал харь хүний онцлог, орчин байдлыг сайн мэдээ тараах орчин болгон өөрчилж христчин болгож байв. “Иудейчүүд хуульд баригдсан хүмүүс тул хүлээж авахгүй байх”, “Харь хүмүүс шүтээн шүтэгч, өөр шашинтай учраас сонсохгүй байх” гэх мэт сөрөг бодол элч Паулын сэтгэлд огтхон ч байгаагүй юм.

Паулын энэ мэт тунхаглалын талаар бид сайн ойлгох хэрэгтэй. Элч Паулын арга барилаар авралын зар тараах ёстой гэсэн чинь зарим гэр бүл тунхаглалын үндсэн аргаас илүү ертөнцийн хүмүүсийн сонирхдог, зугаа цэнгэл тоглоом наадмын газар очиж ертөнцийн хүмүүстэй нийлэн авралын зар тараана гэсэн гэнэ. Энэ нь жинхэнэ элч Паулын авралын зар тараах аргаас хол зөрүүтэй хэрэг. Харин жирийн үед авралын зар тарааж чадахгүй байсан хүн гэрийнхэн юм уу хамт ажилладаг хүнээсээ болоод тийм газар очихоор болж, тийм нөхцөлд ч авралын зар тараах нь л элч Паулын үзүүлсэн авралын зарын жишээ болох юм.

Паул элч тэр үед ажил хийдэг байсан. Ажлын шугамаар уулзсан хүн бүрдээ Бурханы үг тарааж байсан юм. Бид ямар ч газар, ямар ч байр сууринд байсан ажлаа итгэмжтэй хийхийн хажуугаар авралын зар тарааж болно. Ажил дээрээ, сургууль дээрээ, цэрэгт гээд хаана ч байсан нэг сүнсийг ч болов аврах гэсэн халуун сэтгэлээр тунхаглах болон ямар ч нөхцөлд цаг ямагт тараах нь элч Паулын тунхаглал гэж болох юм.

Иудейчүүдтэй уулзвал иудейчүүдийн байранд өөрийгөө тавин, тэднийг аврал руу хөтөлж, харь хүмүүстэй уулзвал тэдэнтэй адил болж харь хүмүүсийг аврал руу хөтөлж байсан. Тэглээ гээд Паул харь хүмүүсийн тахилд оролцож, шүтээнд өргөсөн юмсаас идэнгээ тунхаглаж байсан юм биш. Иудейчүүд болон харь хүмүүстэй уулзаж байсан зорилго нь зөвхөн сайн мэдээ тараахын тулд л байсан юм. Олон хүн түүний авралын зар тараах ажилд нь саад хийж, алахыг ч хүртэл санаархаж байсан. Нүдэнд харагдах тийм аюултай нөхцөл байдлыг ч юман чинээ тоолгүй, харин үргэлж Бурханд анхаарал нь төвлөрч байсан учраас зоригтойгоор сайн мэдээ тарааж чаджээ.

“Тэр бидэн дээр орж ирснээ Паулын бүсийг авч хөл гараа хүлээд —Ариун Сүнс надад “Иерусалим дахь иудейчүүд энэ бүсний эзнийг ийн хүлээд харийнхны гарт тушаана” гэж айлдаж байна гэв. Үүнийг сонсоод бид болон нутгийн хүмүүс Иерусалим уруу явахгүй байхыг түүнээс гуйлаа. Харин Паул —Юунд та нар уйлж зүрхийг минь өвтгөнө вэ? Би Эзэн Есүсийн нэрийн төлөө хүлүүлэх нь байтугай Иерусалимд үхэхэд ч бэлэн байна гэлээ.” Үйл 21:11-13

Одоо бидний хувьд элч Паул шиг тунхаглах ёстой үе. Өнөөг хүртэл нэгэн хэвээр авралын зар тарааж байсан бол дэлхийн өнцөг булан бүрээс үй олон хүн Сионд цуглаж байгаа тул бид ёс, соёлыг нь ойлгож байж сайн мэдээ тараах хэрэгтэй.

Тийм л учраас өнөө үед “Элч Паулын тунхаглалын хэв маяг” шаардлагатай байгаа юм. Бурхан бидэнд үр дүнг нь хэдийнээ харуулчихсан шүү дээ. Бурхан бүх зүйлийг биелүүлсэн болохоор бидэнд сүүлчийн зөгнөлийн биелэлтийг гэрчлэх ажил л үлдсэн. Бурханы урьдчилан тогтоосон төлөвлөгөөний дагуу амьдран, Бурханы ерөөлийг их хүртэхийг хүсдэг хүн нь одоо сэтгэлийн хөдлөл болон санаа бодол, өөрийн бүх итгэлийн төрх байдлаа өөрчлөх гэж хичээн, Бурханы хүсэж буй ертөнцийг аврах ажилд оролцож байгаа эсэхээ эргэн нэг бодох хэрэгтэй.

Элч Паулын тунхаглал ба зөв байдлын титэм

Сайн мэдээ тараах ажил нь Бурханы бидэнд даалгасан хамгийн эрхэм үүрэг юм. Бид өдөр бүр сүм дээр очихгүй байсан ч сайн мэдээ тараах боломжтой. Сурагчид сургууль дээрээ, ажилчид ажлын газраа, бизнес эрхлэгч нь бизнесийн талбар дээрээ хүссэнээрээ тунхаглаж болно. Хаана ч, цагаа олсон ч, олоогүй ч үргэлж тунхаглалд хүчээ зориулах нь л бидний энэ дэлхий дээр биелүүлэх ёстой хамгийн агуу үүрэг мөн.

“Би, Бурханы болон амьд ба үхэгсдийг үзэгдэлт ба хаанчлалдаа шүүх Христ Есүсийн өмнө чамд чухалчлан захья. Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай. … Харин чи бүгдэд саруул ухаантай бай, хэцүүг тэвч, сайнмэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцэтгэ. Учир нь би хэдийнээ ундаан өргөл мэт асгагдаад, явах цаг минь иржээ. Би сайн тэмцлээр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан. Урьд минь зөв байдлын титэм надад зэхэгдсэн байна. Зөвт Шүүгч Эзэн намайг тэр өдөр, зөвхөн намайг ч биш, Түүний үзэгдэхийг хүсэгч бүгдийг бас түүгээр шагнах болно.” 2Тим 4:1-8

Элч Паулын хүсэж байсан зөв байдлын титэм болон тэнгэрийн яруу алдрыг харцгаая. Бид эргэн тойрныхоо нөхцөл байдалд автаж хэрхэвч болохгүй. Үхсэн загас урсгал уруудан хөвдөг бол амьд загас урсгал сөрөн амьдардаг. Бид ертөнцийн давалгаанд автан урсгал даган урсах биш, харин ч зөв байдлыг дагаж мөрдөн, итгэлээ сахих учиртай юм шүү.

Бүх хүн эргэн тойрныхоо байдалд автаж байсан ч Библи дэх “зөв шударга Ноа”, “зөв шударга Лот” нар тэгэлгүй, эцсээ хүртэл Бурханаас эмээн, Библид магтагдсан итгэлийн өвөг болсон билээ. Содом ба Гоморра хотын гоё тансаг амьдрал дунд Бурханыг мартан ганхаж байсан хүмүүс дунд Лот Бурханыг мартаагүй. Нүдэнд харагдах гаднах нөхцөл байдал Бурханд найдах итгэлийг нь үймүүлж, сүйтгэж чадаагүй юм. Паул ч, Петр ч мөн тийм байсан.

Бүгдээрээ Бурханы мэргэн ухаантай итгэлтэй хүүхдүүдийн хувиар тэдний жишээг даган, ямар ч хүнд нөхцөл байдлыг ухаалгаар ялан гарцгаая. Хэрвээ бидний итгэл зөвт төдийгүй Бурханд чиглэсэн байх аваас бид Даниелтай адил олзлогдогсдын амьдралаас ч хүндлэл, нэр хүнд олж авна. Хэрвээ бидний зүрх сэтгэл Бурханд бат чиглэхгүй бол тухайн нөхцөл байдалд итгэлээсээ урваж, Искариотын Иудас шиг нүдэнд харагдах нөхцөл байдалд амархан автан, тэнгэрийн яруу алдраа алдах өрөвдөлтэй сүнс болох юм. Зуун дөчин дөрвөн мянган ариун хүмүүс нүдэнд харагдах ямар ч нөхцөл байдалд автах ёсгүй. Наранцэцэг цаг үргэлж нарыг чиглэн ургадаг шиг бид Бурханыг хаашаа ч явсан дагах хэрэгтэй.

Эргэн тойрноо хараарай. Бөмбөрцөг дэлхий дээр эдүгээ зургаан тэрбум хүн байна. Тэд бүгдээрээ бидний авралын мэдээ дуулгах ёстой улс. Дэлхий ертөнц бүхлээрээ сайн мэдээний асар том талбар юм. Бидэнд өгсөн талантаараа дэлхий даяарх алдагдсан ах эгч дүү нараа аль болох хурдан хайж олохын төлөө бүхий л хүчээ дайчилцгаая. Хаашаа ч явсан Паул элчтэй адил бүх хүнд тунхаглацгаая.