“Фило-се (φιλω σε)” гэдэг нь шинэ гэрээний Библийн эх хэл болох грекээр “Би Танд хайртай” гэсэн утгатай үг. Энэ нь Есүс амилсныхаа дараа хайртай шавь Петрээсээ “Чи Намайг хайрладаг уу?” гэж гурван удаа асуухад нь Петрийн хэлсэн хариулт юм.
Өнөө үед дэлхийн өнцөг булан бүрд гэмт хэргийн тоо ихсэж байгаа төдийгүй өнгөрсөн үетэй харьцуулахад илүү харгис хэрцгий, жихүүдэс хүрэм болжээ. Хүн чанар алдагдаж, үндсэн ёс суртахуунаа ч хүртэл гээсэн гэм нүгэл газар авч байгаа нь хүмүүсийн өөрийгөө болон бусдыг хайрлах хайр хөрсөнтэй холбоотой юм. Мөн христчүүд ч хүртэл олноороо Бурханы хайраас эргэсэн тул Бурханыг баярлуулж чадахгүй, Бурханы үгээр бүрэн төгс өөрчлөгдөж ч чадахгүй байгаа.
Тэнгэрийн оронд ч, энэ газар ч хэзээ ч авч байгаагүй тийм хайрыг зүрх сэтгэлд маань суулгаж өгөхийн төлөө л Христ энэ дэлхийд бууж ирээд, золиосоороо дамжуулан мөнхийн хайраа бидэнд илчлээд явсан. Бардам зан, дуулгаваргүй байдлаасаа болоод Бурханы эсрэг тэрслэн, тэнгэрээс хөөгдөж ирсэн биднийг аврахын төлөө Бурхан Өөрийгөө золиосолсон бол бид Петр шиг “Би Танд хайртай” гэж итгэлтэй хариулах хэмжээнд бэлэн байгаа эсэхээ нэг шалгаж үзэцгээе.
“Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс, Симон Петрт —Иоханы Симон оо, чи Намайг эднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр —Тийм ээ, Эзэн. … Танд хайртайг минь Та мэднэ гэв. [Есүс] түүнд —Хоньдыг минь тэжээ.” Иох 21:15-17
Дээрх айлдлыг судалж үзэхэд Есүс Петрээс “Чи Намайг хайрладаг уу?” хэмээн нэг асуултаа гурван удаа асуухад “Тийм ээ. Танд хайртайг минь Та мэднэ” гэж асуух бүрд нь адилхан хариулт өгдөг. Петрийн гуйвшгүй хайрыг шалгасны эцэст Есүс “Хоньдыг минь тэжээ” хэмээн хонин сүргээ түүнд даатгажээ.
Бурханыг гэх хайр байхгүй бол хэн ч хоньчин болж чадахгүй төдийгүй дүүргийн дарга, хороон дарга тэр байтугай сүмийн нэг итгэгч нь ч болж чадахгүй юм. Өнөө үед бид сайн мэдээ тунхаглах үүрэг авсан хэдий ч үүнийгээ атаа жөтөө, өрсөлдөх сэтгэл, хорсол зэрэг ивээлгүй сэтгэлээр гүйцэлдүүлж болохгүй юм. Харин Бурханыг хайрлах халуун сэтгэлтэй байж л сайн мэдээ гүйцэлдэнэ.
Петр Есүсийг хичнээн их хайрлаж байсныг Библийн олон хэсэгт харуулсан байдаг. Тэргүүн тахилчийн боолууд Есүсийг барихаар ирэх үед Петр сэлмээ сугалж, чихийг нь тастсан үйлдэл нь Есүсийг гэсэн хайраас нь л үүдэлтэй юм (Мат 26:47-53, Иох 18:1-11). Мөн Есүс Өөрийгөө загалмайн зовлон эдэлж, алуулах ёстой хэмээн айлдахад нь ч Петр Есүсийг хайрладаг байсандаа л “Ийм юм Танд хэзээ ч бүү тохиолдог” гэж хэлсэн хэрэг (Мат 16:21-23). Тэр ч бүү хэл Есүс түүнийг “Зайл, Сатан аа” хэмээн хатуу зэмлэхэд ч хүртэл Христийг гэсэн Петрийн хайр алга болоогүй юм. Харин ч итгэлээ хадан дээр босгож, Бурханыг баярлуулсан хоньчин болсон билээ.
Бид Петртэй адил Бурханыг туйлаас хайрлах сэтгэлгүй байх аваас хаашаа ч хөтөлсөн дагах ёстой Хургыг дагаж чадахгүй, дуулгаваргүйнхээ улмаас эцэст нь авралын ерөөл авч чадахгүй. Зуун дөчин дөрвөн мянга бол Бурханаа гэсэн туйлын хайр болон Бурханд итгэх туйлын итгэлтэй хүмүүс юм.
Сүүлчийн сайн мэдээний үед амьдарч байгаа бид Библийн 66 номын үг бүхэнд шингэсэн Бурханы хайрыг дамжуулах үүрэг хүлээсэн. Энэхүү үүргээ зүгээр нэг хайнга байдлаар, даалгавар төдийхнөөр дамжуулах бус, харин Бурханыг гэсэн сэтгэлээс ундран гарах халуун, чин үнэн хайраар дамжуулж байж л гүйцэтгэх юм.
“Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай. … үхэлд, загалмайн үхэлд хүртэл дуулгавартай байв.” Фил 2:5-8
Христийн сэтгэлийг өвөрлөхгүйгээр сайн мэдээ тунхаглах нь өөрөө зовлон юм. Харин Христийн сэтгэлтэй байвал Христ хүүхдээ хайрласны адил бид нар ч ах эгч дүүсээ чин сэтгэлээсээ хайрлаад зогсохгүй Бурханы хайрыг ч огт мартахгүй.
Сайн мэдээ тунхаглахдаа, эсвэл Бурханд мөргөл тэмдэглэхдээ, сургаал заахдаа, эсвэл Бурханы хонин сүргийг тэжээхдээ Бурханыг хайрлах сэтгэлгүй бол, өөрөөр хэлбэл Христийн сэтгэлтэй болохгүй бол тэр нь хий нүргэлэх харанга, хангинах цантай адил утгагүй, хоосон чимээнээс хэтрэхгүй.
Бурханы мөн чанар болсон Христ хэнээс болоод загалмайн зовлон эдэлсэн билээ? Тэнгэрт нүгэл үйлдээд хөөгдөж ирсэн биднийг амьдруулах гэж Өөрийн амийг нүглийн төлөөх тахилаар өргөсөн бус уу?
“Хүүхдүүд минь, Би үхэх хүртлээ та нарыг хайрласан. Загалмайн зовлон ч, бүтээлүүдээсээ авсан доромжлол ч та нарыг гэсэн Миний хайрыг болиулж чадаагүй.”
Бурханы чин сэтгэлийн энэ дуу хоолой сонсогдохгүй байна гэж үү?
Одоо бидний сэтгэлийн угт Бурханы энэхүү хайр байгаа эсэхийг, загалмайд үхэтлээ зовлон эдлэн байж жишээ үзүүлсэн хайрыг нь хэр зэрэг биелүүлж байгаагаа бодож үзэцгээе. Өчүүхэн зүйлээс болж дорхноо сульдаж, сэтгэлийн хөдлөлөө бариагүйдээ Бурханы үгнээс холдсон тохиолдол гараагүй байгаа?
Бурханыг туйлаас хайрлаж чадахгүй бол сайн мэдээн дотор эцсээ хүртэл тэвчиж чадахгүй. Хэлбэр төдий юм уу эсвэл бусдад харагдах гэж хальс шиг байсан бол салхи салхилахад хоромхон зуур хийсэн алга болчихно гэсэн үг. Бурханыг хайрлах сэтгэлээр дүүрсэн цэвэр буудай л Бурханы амласан яруу алдрын титмийг авах болно.
“… Тэрээр хүмүүст жигшигдэж, орхигдсон, … Үнэхээр Тэр бидний сул дорой байдлыг тээж өвчин зовлонг маань үүрчээ, … Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан, хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэрчээ. …” Иса 53:1-12
Эрхэм дээд Бурхан үхэх нүгэлтэн бидэнд амар амгалан, баяр баясгалан, мөнх амь гээд бүхий л ерөөлийг өгөхийн тулд хичнээн их зовлон амсаж, шаналж байсныг дээрх ишлэл бидэнд нэгд нэггүй харуулж байна. Тэнгэрийн оронд биднийг аваачих гэсэндээ өнгөрсөн үед бидний үйлдсэн муухай нүгэл болоод хорон муу үйлдлийг угаахаар шинэ гэрээ Алгасал баяраар махаа таслан идүүлж, цусаа урсган уулгаснаар бидний хоосорсон сүнсэнд Христийн сэтгэл нахиалан ургах болсон билээ. Шинэ гэрээ Алгасал баярыг санаж сахиваас бид Христийн дотор үлдэж, Христ ч бидний дотор орших юм. Тэгж чадваас амьдрах секунд, минут, цаг тутамдаа бид Христтэй адил сэтгэлээр Христийн зовлонгийн замаар явж, тэрхүү хайрыг нь хэрэгжүүлж чадах юм.
Одоо Бурханыг хайрлах бидний ээлж. Өнөөг хүртэл Бурхан ямар ч болзолгүйгээр агуу хайраа хязгааргүй соёрхсон бол одооноос бид Бурханыг чиглэн “Фило-се” гэж хашхиран сайн мэдээ тунхаглах хэрэгтэй.
Дээдийн дээд Бурханы хайраас үлгэр дуурайл авч, өөрсдийгөө золиослон, бусдыг эхлээд хайрлахын зэрэгцээ Бурханыг баярлуулах зүйлсийг ялгаж салган ухаарч, сайн мэдээний ажлыг хийх учиртай. Бурхан биднээс сайн мэдээ тунхаглаарай хэмээн хүсэхдээ өөр ямар нэг болзол тавиагүй юм. Ганцхан “Чи Намайг хайрладаг уу?” гэж л асуусан билээ. “Фило-се (Би Танд хайртай)” хэмээн баттай хариулж л чадвал сайн мэдээний үр жимс их гаргах эш үзүүлэгчийн үүргээ бид гарамгай гүйцэтгэж чадна.
Дутуу дулимаг, ядмаг дорой биднийг Бурхан хэр их хайрладгийг нь судалж үзье.
“Гэвч Сион «ЭЗЭН намайг хаясан. … «Эх хүн хөхүүл хүүхдээ мартаж, хэвлийнхээ хөвгүүнийг энэрэхгүй байх уу? Хэдийгээр тэд мартаж болох ч Би чамайг мартахгүй. …” Иса 49:14-18
Уулын хөндий, далайн эрэг гээд хүүхдүүд нь хаана ч байсан Эцэг маань хүүхэд нь л тэнд байгаа бол гурван өдөр гурван шөнө явган алхаад ч болов хайж явсан сан. Сатаны мэхлэлтээр нүглийн гивлүүр зүүж, сүнсний Эцэг Эхээ танихгүй болсон хүүхдүүдийнхээ сүнсний нүдийг мах цусаараа нээж, тэнгэрийн өв залгамжлах эрх соёрхсон шүү дээ. Бурханы тэрхүү хайранд яаж бид хариулах ёстой вэ? Биднээс өмнө сайн мэдээний замыг туулсан итгэлийн өвөг дээдсийн үйлсийг судалж, итгэлийнхээ байдлыг шалган үзэцгээе.
“Итгэлээр Мосе, эрийн цээнд хүрээд Фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалзав. Нүглийн цаг зуурын зугаанаас Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг тэр сонгосон юм. Христийн төлөө буруутгагдах нь Египетийн эрдэнэсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагналыг харж байлаа.” Евр 11:24-26
“Тэд итгэлээр, хаанчлалуудыг эзэлж, … Тэд чулуугаар шидүүлэн, соригдож, тас хөрөөдөгдөн, илдэнд хөнөөгдөж, … Тэдний хувьд дэлхий зохисгүй байжээ.” Евр 11:33-38
Анхны сүмийн үед сургаалынхаа төлөө амиа золиослогсод чулуугаар шидүүлж, хөрөөдүүлж, харгис хэрцгийгээр яллуулан, амиа алдсан ч Бурханыг гэсэн хүчтэй хайраа нандигнаж байсан учир Ариун Сүнс тэдэнтэй үргэлж хамт байсан юм. Түүний үр дүнд тэнгэрийн тэнгэр элч нар ч атаархдаг итгэлийн үзэсгэлэнтэй ул мөр үлдээсэн нь мэдээжийн хэрэг бөгөөд сүүлчийн сайн мэдээний үеийг чимэглэх зуун дөчин дөрвөн мянган хүнд итгэлийн гайхамшигтай үлгэр дуурайл болсон билээ.
Итгэлийн өвөг дээдэс амиа хүртэл орхин Бурханыг хайрлаж, Христийн замыг дагасан хэдий ч амьдаараа өөрчлөгдөх яруу алдрыг бидэнд л бэлдсэн тул бид Бурханыг гэсэн хайраа бүр ч илүү харуулах ёстой биш үү? Сайн мэдээний зам хүнд хэцүү байсан ч хамаагүй элсний ширхэг мэт ертөнцийн үй түмэн хүн дундаас дутуу дулимаг бидэнд сайн мэдээ тунхаглах ажлыг даалгасных нь төлөө Бурхандаа талархаж, тэрхүү сайн мэдээгээ баяртай сэтгэлээр, хичээнгүйлэн тунхаглах хэрэгтэй.
Яавал Бурханы хүслийг ивээлтэйгээр тараах уу? Тэнгэрт хагацаж, ертөнцөд тарж бутарсан гэр бүлээ олохын төлөө юу хийж Бурханыг баярлуулах бол гээд энэ мэт хайрын сэтгэлээр сайн мэдээ тунхаглавал өдөр хоногууд хөгжилтэй, аз жаргалтай болох буй заа. Харин хайрлах сэтгэлээр бус, байдаг л нэг үүрэг даалгавар мэтээр бодож сайн мэдээ тунхаглавал Бурханыг баярлуулж чадалгүй, золгүй төгсгөлтэй ч учирч мэднэ. Бурханыг гэсэн хайраа харуулж байх нь итгэлийн амьдралын маань бүх асуудлыг шийдэх түлхүүр юм.
Бурханыг гэсэн гал халуун хайр байгаа цагт бидний итгэл хэзээ ч хөрөхгүй. Ах эгч дүү нартаа ивээлгүй үг ч хэлэхгүй. “Бие биеэ хайрлаарай” хэмээсэн Бурханы үгийг ч зөрчихгүйгээр үл барам авралын зар тараахаас ч татгалзаж чадахгүй юм. Хайртай Бурхан маань тэнгэрт одохоосоо өмнө тэгтлээ эелдэг гуйчихаад явсан байхад хэрхэн бид татгалзах билээ? Бурханаа гэсэн бидний хайр өсөхийн хэрээр бидний итгэл улам бүр төгс болдог гэдгийг битгий мартаарай.
Христийн үнэрийг бүх ертөнцөд анхилуулсан анхны сүмийн ариун хүмүүсийн Бурханыг гэсэн хайр нь хичнээн их байсан болоод “Тэдний хувьд дэлхий зохисгүй байжээ” хэмээн тэмдэглэснийг бодоод үзээрэй. Хичнээн ивээлтэй итгэл вэ!
Тэр үеэс долоо дахин илүү хүчтэй Ариун Сүнсийг хүлээн авч буй бид амийн ус өгөгч Сүнс ба Сүйт бүсгүйг хайрладаг. Тиймээс миррийн үнэртэй адил итгэлээр Бурханыг дагаж байгаа.
Итгэлийн өвөг дээдэс маань үхлээс ч айлгүй Христийг хайрласан шүү дээ. Зуун дөчин дөрвөн мянган ариун хүмүүс бид тэднээс ч илүү Бурханыг хайрлаж, үүнийгээ амьдралд хэрэгжүүлэх учиртай. “Хоньдыг минь тэжээ” хэмээсэн Бурханы хүсэлтэнд сэтгэлийнхээ гүнээс, цаг үргэлж “Фило-се” гэж хашхиран биелүүлцгээе. Сион ууланд Хургатай хамт зуун дөчин дөрвөн мянган хүн зогсох тэр өдөр холгүй байна. Бүгдээрээ “Фило-се!” хашхирцгаая.