
Паул, Силас хоёр залбирлын газар руугаа явах замдаа сүнстэй нэгэн шивэгчин тааралддаг. Энэ эмэгтэй шивэгчин Паул болон түүний хамтрагчдыг олон өдрийн турш дагаж, хашхирч байсан бөгөөд Паул Христийн нэрээр сүнсийг хөөн зайлуулсан. Мэргэ төлгөөр мөнгө олдог байсан шивэгчиний орлого тэр даруй зогсоход эзэд нь Паул, Силас нарыг баривчилж, буруутгаж, улмаар хоёр элчийг шоронд хийв.
Паул, Силас хоёр хөлөө дөнгөнд (хоригдлыг хөдөлгөөнгүй болгодог модон хэрэгсэл) чанга хүлж, гүн гянданд хийгдэж, шөнө дунд ч гэсэн Бурханд залбирч, магтан дуулж байлаа. Яг тэр мөчид гэнэт шоронгийн суурийг доргиосон хүчтэй газар хөдлөлт болж, даруй бүх хаалганууд нээгдэн хүн бүрийн гав дөнгө нь мултарч унажээ.
Хуяг нойрноосоо сэрээд, шоронгийн хаалганууд нээлттэй байхыг харангуутаа хоригдлуудыг оргожээ гэж бодоод өөрийгөө илдээр дүрж алахыг завдав.
“Өөрийгөө бүү хорло. Бид бүгд энд байна.”
Паулын хашгиралд чичирсэн шоронгийн хуяг бамбар авч, үсрэн орж ирээд Паул, Силас хоёрын өмнө сөгдөв.
“Багш аа, аврагдахын тулд би юу хийх ёстой вэ?”
“Эзэн Есүст итгэгтүн, Чи болон гэрийнхэн чинь ч аврагдана гэлээ.”
Паул Бурханы үгийг шоронгийн хуяг болон түүний гэрт байсан бүдэд ярьжээ.
Шөнө дунд. Шоронгийн хуяг болон бүх гэрийнхэн нь баптисм хүртсэний дараа өөрөө болон гэр бүлээрээ Бурханд итгэсэндээ хөөрөн баярлаж байлаа.
Бурханы хүсэлгүйгээр юу ч болдоггүй. Ямар нэгэн зүйл тохиолдоход бид яагаад ийм зүйл болж байгааг тэр даруй ойлгохгүй байж болох ч, хожим нь энэ бүхэн Бурханы гүн гүнзгий төлөвлөгөө болон зөвлөгөөний дагуу байсныг олж мэддэг. Хилс хэргээр баригдан Паул, Силас хоёрын хоригдож байсан тэрхүү шоронд, шөнө дунд авралын ажил өрнөнө гэдгийг энэ дэлхий дээр хэн мэдэх билээ?
Бид хаана ч байсан, юу ч тохиолдсон Бурханд бүрэн итгэж, Түүнээс эмээцгээе. Одоо бидний бэрхшээлийг туулж буй тэр газар нь авралын ажил өрнөх сайн мэдээний талбар байж болох юм. Тийм ч учраас Бурхан бидэнд “Үргэлж баяртай бай, тасралтгүй залбир, бүх зүйлд талархлаа илэрхийл” гэж айлдсан билээ.